Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 778

 

 

 

 

 

                        

  2020             6               16                                         2020/ДШМ/778

 

 

Ш.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Чын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2009005000274 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Ш-ийн Ч, 1988 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “....” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ... дугаар баг, ... гэдэг газарт оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух, /РД:........................../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр торгуулийн ялыг биелүүлсэн;

 

Шүүгдэгч Ш.Ч нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран плаза” төвд иргэн Б.Баярсайхантай “мөнгө задал гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Анчин овгийн Шинжээгийн Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шинжээгийн Чыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чод оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ш.Чоос 138.000 төгрөг гаргуулан, хохирогч Б.Баярсайханд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг, шүүгдэгч Ш.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ч давж заалдах гомдолдоо: “Миний хувьд ямар ч гэмт хэрэг үйлдээгүй ба хэрэгт авагдсан баримтуудаар бусдыг зодож, биед нь хөнгөн гэмтэл огт учруулаагүй байхад 2020 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн Б.Баярсайханы биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байна.

Би тухайн өдөр Б.Баярсайханыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй гэдгийг хэргийн газар байсан ажилчид гэрчилнэ. Шүүх үнэн зөвийг тогтоох байх гэж итгэж найдан хүлээсэн боловч хэргийг шийдвэрлэсэн шүүх хэт нэг талыг барьж, шинжээчийн дүгнэлт болон Б.Баярсайханы худал мэдүүлгийг гол үндэслэл болгон шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх ба шүүгч шүүх хуралд хохирогчийн эрх ашгийг хэт хамгаалан, миний эрх ашгийг үл тоон, эрх зүйн байдлыг маань илт дордуулсан гэж үзэж байна. Хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Энэ талаар манай өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гээд буцаахгүйгээр шийдвэрлэсэн.

Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор шийдвэрлэхгүйгээр надад торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд надад холбогдох тус хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нарыг оролцуулсан. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Ш.Ч нь Б.Баярсайхантай “Наран плаза” төвийн 1 дүгээр давхарт маргалдаж, чирч гараад гадаа камергүй газар зодчихоод буцаж орж ирсэн. Орж ирэхдээ Б.Баярсайханы хамар, ам нь цус болчихсон, Ш.Ч зодсон байдалтай орж ирсэн болох нь камерын бичлэгээс харагддаг. Хохирогч Б.Баярсайхан анх Ш.Чтой маргалдах үедээ зүгээр байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ш.Ч мэдүүлэхдээ “би түлхэж унагахад Б.Баярсайхан гэмтэж, шүд нь хугарсан байх. Түүнээс би санаатайгаар зодоогүй” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгчийн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддоггүй. Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурдагдсан мэдүүлгүүдийг үндэслэж Ш.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Уг шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Ч нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” төв дотор иргэн Б.Баярсайхантай “мөнгө задал гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт шарх, баруун ташаанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Баярсайханы "... 2020 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим дуудлагын жолооч дуудах гээд “Наран плаза” орсон. Намайг ороход слесерь Ч сууж байсан. Би 20.000 төгрөг задлаад өгөөч гэхэд чи ямар овоо пизда вэ гээд намайг тус төвөөс дагуулж гараад гражийн үүдэнд тонгорч унагаад, миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. ..." /хх 13-16/,

 

гэрч Э.Нямцэрэнгийн “...”Наран плаза” төв рүү Баярсайханы хамт орсон ба тухайн үед манай эхнэр залгахаар нь Баярсайханаас 10 минут холдсон. Удалгүй Баярсайхан хүнд зодуулсан байдалтай ороод ирэхээр нь хэнд зодуулсан талаар асуухад Баярсайхан “намайг хэдэн сантехникч зодчихлоо” гэхээр нь би цагдаа дуудсан. ...” /хх 5/,

 

гэрч Б.Даваа-Очирын "...Би 2020 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цаг 30 минутад Наран плаза төвийн шугам бөглөрсөн байна гээд дуудагдаж ажилласан юм. ...ажлаа хийж байгаад “Наран”плаза” төвийн хаалгаар ороход ресепшиний хажуу талын ариун цэврийн өрөөнд Ч, хохирогч гээд байгаа үсчин хийдэг залуу, түүний найз гэх залуучууд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд Болдбаатар бид 2 ороод Чыг ариун цэврийн өрөөний үүднээс холдуулсан. Болдбаатар бид хоёрыг ороход хохирогч гээд байгаа залуугийн нүүр нь цус болчихсон байсан. ..." /хх 17/,

 

гэрч Ч.Болдбаатарын "2020 оны 1 дүгээр сарын 24-ний 00 цагийн үед “Наран плаза” төв рүү ороход ариун цэврийн өрөөнд Ч хохирогч гээд байгаа үсчин хийдэг залуу, түүний найз гэх залуучууд хоорондоо маргалдаж байсан. Тухайн үед хохирогч гээд байгаа Баярсайхан гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хацар, нүүр хэсэг нь цус болчихсон зогсож байсан. ..." /хх 18/ гэх мэдүүлгүүд,

 

“Б.Баярсайханы биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт шарх, баруун ташаанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1933 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ш.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Чын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий тайлбар хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Ш.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Чын “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1933 дугаартай дүгнэлт зэргээр хохирогч Б.Баярсайханы биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ш.Чын цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заажээ.

Харин шүүх, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ш.Чод торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврыг заагаагүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, Ш.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Чод мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ