| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/01045/и |
| Дугаар | 142/шш/2020/01183 |
| Огноо | 2020-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 142/шш/2020/01183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХК -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С овгийн Н.А -д холбогдох 6 872 719 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“Т” ХК-иас илүү төлсөн 1 583 397 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Г.Э, И.Ө, хариуцагч Н.А хариуцагчийн өмгөөлөгч Я.Э, гэрч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Н.А нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс тус компанийн Орхон аймаг салбар хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 16 936 568 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд уг өр төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Өр төлбөрөөс 10 455 249 төгрөгийг төлж 6 481 318 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс няраваар ажиллаж байх хугацаандаа 124 000 төгрөгийг барааны дутагдал, 45 сагс буюу 765 000 төгрөгийн дутагдал гаргаж, 889 000 төгрөгийн төлбөрөөс 447 600 төгрөгийг төлж, 391 400 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
Бүсийн менежер болон няраваар ажиллаж байх хугацаандаа нийт 6 872 719 төгрөгийн өр төлбөр гаргаад ажлаа орхиж явсан. Одоогоор ажлаас гарсан тушаал гараагүй, тооцоогоо дуусгаагүй болно.
Н.А нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад 6 872 719 төгрөгийн хохирол учруулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2., Хөдөлмөрийн гэрээний 5 1.-д заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй болно. Иймд компанид учруулсан хохирлын 6 872 719 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.А нь “Т” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд дурдсан 6 872 719 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний бие тус компанид учруулсан хохирол байхгүй бөгөөд харин ч тус компанийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаа болон дарамт шахалтаас болж баримт нотолгоогүйгээр илтэд миний буруу болгон гаргаж ирсэн их хэмжээний өрийг төлсөн байдаг ба өнөөдрийг хүртэл нийт 19 119 965 төгрөгийг тус компанид төлсөн байдаг.
Дээрх илтэд үндэслэлгүй төлүүлсэн 19 119 965 төгрөгийн асуудлаар миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд уг хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа болно.Тус компани энэ асуудлаар дахин дахин нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Н.Ат холбогдуулан 6 872 719 төгрөг гаргуулах, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан илүү төлсөн 1 583 397 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
Зохигчид хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргаж байгаа.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.А нь бүсийн менежер болон няраваар ажиллаж байхдаа өр төлбөр үүсгэсэн.Тооцоо нтйлсэн актаар 16 936 568 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд ун өр төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан.Энэ төлбөрөөс 10 455 249 төгрөг төлсөн.Үлдэх 6 481 319 төгрөг, үүн дээр 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс няраваар ажиллаж байх хугацаандаа 124 000 төгрөгийн барааны дутагдал, 45 сагс буюу 765 000 төгрөгийн дутагдал гаргаж, 889 000 төгрөгийн төлбөр төлөх ёстойгоос 447 600 төгрөгийг төлсөн тул үлдэх 391 400 төгрөгийг, нийт байгууллагад 6 872 719 төгрөгийн хохирол учруулсныг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж,
хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг “...Миний бие тус компанид учруулсан хохирол байхгүй бөгөөд харин ч тус компанийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаа болон дарамт шахалтаас болж баримт нотолгоогүйгээр илтэд миний буруу болгон гаргаж ирсэн их хэмжээний өрийг төлсөн байдаг” гэж тус тус тайлбарлаж байгаа.
Н.А нь 2017 оны 01 дүгээр сараас “Т” ХК-ийн Орхон аймаг дахь салбар хариуцсан менежерээр, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс “Т” ХК-ийн няраваар тус тус ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээнүүдээр тогтоогдож байна.
Хариуцагч нь ажиллаж байх хугацаандаа барааны үнэ дутагдуулж 16 936 568 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаан дээр хариуцагч шүүх хуралдаанд 16 936 568 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Дээрхи өр төлбөрөөс хариуцагчийн төлсөн 10 455 249 төгрөгийг хасаад үлдэх 6 481 319 төгрөгийг нэхэмжлэгч шаардаж байгаа.
Нэхэмжлэгч хариуцагчийг “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс няраваар ажиллаж байх хугацаандаа 124 000 төгрөгийг барааны дутагдал, 45 сагс буюу 765 000 төгрөгийн дутагдал гаргасан. Энэ төлбөрийн үлдэгдэл 391 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж маргаж байгаа боловч тэрээр дээрхи нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хариуцагч Н.А 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс няраваар ажиллаж байх хугацаандаа 124 000 төгрөгийг барааны дутагдал, 45 сагс буюу 765 000 төгрөгийн дутагдал гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.
Харин эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зохицуулсан байна.
Ажил олгогч Н.А нарын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БА хөдөлмөрийн гэрээний 5.1-д эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ гэж заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдийг ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон; хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан; дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй; эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн; согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан гэж тодорхойлсон.
Мөн 135 дугаар зүйлийн 135.4.-д Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан байна.
Н.А 16 936 568 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, энэ нь актаар тогтоогдсон боловч тухайн үед түүнтэй эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагын гэрээ байгуулсан байх тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.-д зааснаар 1 сарын дундаж цалин хөлснөөс нь хэтрэхгүй хэмжээгээр хариуцлага хүлээлгэхээр байна.
Н.Аийн 1 сарын цалин хөлс 700 000 төгрөг байсан нь хариуцагчийн тайлбар, ажилд томилсон 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалын хавсралтаар тогтоогдож байх тул хариуцагч Н.Аээс 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 172 719 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Н.Аийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 1 583 397 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндэслэл нь Н.А Т ХК-д төлөх ёсгүй 1 583 397 төгрөгийг илүү төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн хугацаанд хийгдсэн өр төлбөрөө барааны үнийн орлогоос хэрхэн ялгаж тодорхойлсон болох нь тодорхойгүй, түүнчлэн тэрээр Т ХК-д холбогдуулан тус компанид үндэслэлгүйгээр илүү төлсөн 19 119 965 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 635 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг ба нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтаа ирүүлээгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 914 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 40 290 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1., 133 дугаар зүйлийн 133.1., 135 дугаар зүйлийн 135.4.-д заасныг баримтлан хариуцагч Н.Аээс 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 172 719 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Н.Аийн нэхэмжлэгч “Т” ХК-д холбогдуулан гаргасан 1 583 397 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 914 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 40 290 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.Ү