| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0103/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч С.Е- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.н овогт С-ийн Е-д холбогдох эрүүгийн 2413000000129 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны .... дугаар сарын .....-ны өдөр ...... аймгийн Е.... суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам аав, нөхөр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ...... сумын .........дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х.н овогт С-ийн Е-, регистрийн дугаар: МЕ...........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Е- нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн өөрийн төрсөн охин болох Е.Б-ийг 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан байхад Е.Б-ийг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2011 оны 7 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.647.00 төгрөгийг, мөн Коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг Е.Б-ийн нэрээр тус тус хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 6.947.000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас төрд 6.947.000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгчээс 6.947.000 төгрөгийг гаргуулж Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын холбогдох дансанд шилжүүлж, хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна.” гэв.
2. Шүүгдэгч мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж байна. Мөн хохиролтой холбоотой маргаан байхгүй. Учирсан хохирлын хувьд нөхөн төлөгдөөгүй. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000000129 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал, 82 дахь тал/,
7. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
8. Гэрч С.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
9. Гэрч Б.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
10. Гэрч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
11. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
12. Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
13. Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
14. Гэрч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
15. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/,
16. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 33 дахь тал/,
17. Төрийн банканд байрших Е- Б- гэх эзэмшигчтэй 290700082178 дугаартай дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 36-46 дахь тал/,
18. Е- Б- гэх нэртэй төрсний гэрчилгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, уг төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
19. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ээс баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан материал /хавтаст хэргийн 53 дахь тал/,
20. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/233 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
21. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
22. Яллагдагч С.Е-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/,
23. Яллагдагч С.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
24. Иргэн Т.Е-, яллагдагч С.Е- нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/,
25. Эд мөрийн баримтаар хураан авсан Е- Б- гэх нэртэй төрсний гэрчилгээ /1 ширхэг/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
26. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
27.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
28. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Е-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
29. Шүүгдэгч С.Е- нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн өөрийн төрсөн охин болох Е.Б-ийг 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан байхад Е.Б-ийг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2011 оны 7 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 07- ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.647.00 төгрөгийг, мөн Коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг Е.Б-ийн нэрээр тус тус хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 6.947.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
30. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/,
31. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Д- сумын 4 дүгээр багийн иргэн Т.Е- гэх хүнийг огт танихгүй, түүний хүүхэд болох Е.Б-ийн талаар мэдэхгүй. Би цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу Е.Б- гэх хүүхдийн халамжийн сангаас халамж, үйлчилгээ төрөөс авч байсан эсэхийг шалгахад Е.Б- нь зөвхөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан байна. Е.Б- гэх хүүхэд 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн байх ба манай Е-Halamj цахим мэдээллийн сангаас 2019 оны 01 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл сар нийт 5,000,000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан байна. Манай мэдээллийн сангаас анх олгож эхэлсэн цагаас хойших авсан олголтын түүх нь бүрэн гарах бөгөөд тухайн хүүхэд нь яагаад 2010 онд төрсөн атлаа 2019 оноос хүүхдийн мөнгө авч эхэлснийг гайхаж байна. Тухайн Е.Б- гэх хүүхдэд 2019 оноос хойш хүүхдийн мөнгө олгосон, эсхүл мэдээллийн сангаас дутуу мэдээлэл гарсан буюу 2019 оноос өмнөх олголт харагдахгүй байж болох юм. Уг Е.Б- гэх хүүхдийн мөнгө олгосон дансны хуулгыг анх нээлгэсэн цагаас нь хойш шүүж үзвэл тодорхой болно. Хэрэв 2019 оноос өмнө хүүхдийн мөнгө олгосон дансанд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдсон байвал манай халамжийн сангаас мэдээлэл дутуу гарсан үг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
32. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Тухайн гүйлгээнүүд нь хүний хөгжлийн сан буюу тухайн үеийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мөнгө юм. Тухайн үед хүүхдийн мөнгийг хүний хөгжлийн сангаас сар бүр 21,000 төгрөгөөр олгодог байсан. Харин 2012 оны 10 дугаар сараас эхлэн нийгмийн халамжийн сангаас олгодог болсон юм. Гэхдээ тухайн хүний хөгжлийн сан нь хүүхдийн мөнгөн тэтгэмж тул манай байгууллагын сангаас олгогдсон мөнгө гэсэн үг юм. Тухайн дансны хуулганд 2011 оны 9 дүгээр сард олгогдсон 238,650 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 69,650 төгрөг нь өмнөх саруудын хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нөхөж олгосон гүйлгээ юм. Харин 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон 90,650 төгрөгийн гүйлгээ нь тухайн үед шинэ төрсөн хүүхдэд нэг удаа олгох тэтгэмж байна. Түүнээс хойш 2021 оны 11, 12 дугаар сарууд болон 2012 оны 01 дүгээр сард тус тус олгогдсон 20,650 төгрөгийн гүйлгээ нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн гүйлгээ байна. Тухайн Е.Б- нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барсан бол манай байгууллагад нийт 6,647,000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тооцоолсон. Үүнийг задалж үзвэл 2010 онд 3 удаа нийт 63,000 төгрөг авсан /тухайн үед хүүхэд амьд байсан тул нэхэмжлэхгүй. 2011 онд 12 удаа нийт 252,000 төгрөг /Хүүхэд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барсан тул 2011 оны 7 дугаар сараас 12 сарын хоорондох 6 удаагийн 126,000 төгрөг нэхэмжилнэ. Түүнээс хойш хүүхэд нас барсан байх тул 2012 оны 01 сард 21,000 төгрөг, 10, 11, 12 саруудад хүүхдийн мөнгө олгогдсон тул 81,000 төгрөг, 2013 оноос 2020 оны 3 дугаар сарыг дуустал 87 удаа 20,000 төгрөгөөр нийт 1,740,000 төгрөг 2020 оны 4 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал 100,000 төгрөгөөр 47 удаа 4,700,000 төгрөг зэрэг нийт 6,647,000 төгрөгийн хохирол хүүхдийн мөнгөн тэтгэмжийн халамжийн санд учирсан гэж тооцоолсон...
...2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 300,000 төгрөгийг нэг удаагийн дэмжлэгээр өгсөн, энэ нь тухайн үед Монгол Улсад ковид цар тахлын үетэй холбоотой иргэдэд үзүүлсэн дэмжлэг байсан. Энэ нь халамжийн сангийн мөнгөнд хамаарах тул би уг 300,000 төгрөгийг нэхэмжлэх болно, ...нийтдээ 6,947,000 төгрөгийг С.Е-гөөс нэхэмжилнэ, ...өөр нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал, 82 дахь тал/,
33. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Т.Е-ыг танина, нэг сумын залуугийн хувьд танина. Хамаатан садангийн холбоогүй, мэнд устай явдаг байсан залуу юм. Одоо Т.Е- нь манай Д- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ажилтай юм. Би Т.Е-тай өс хонзонгийн болон өр авлагын харилцаа байхгүй. Би энэ талаар Д- сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Х- гэх залуугаас сонсож байсан. Х.Х- нь надад Т.Е-ын охин Е.Б- нь 2010 онд төрсөн охин байгаа юм. Уг Е.Б- гэдэг охин 2012 онд нас барсан ба тухайн охины нэр дээр өнөөг хүртэл Т.Е- нь хүүхдийн мөнгө авч байгаа гэж сонссон. Түүнээс өөр мэдэх зүйл алга. Би сонссон болохоос биш уг охины ажилд явдалд оролцоод явсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
34. Гэрч С.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний санаж байгаагаар Т.Е- нь хүүхэд нас барсан гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн зүйл байхгүй. Е.Б- гэх охин нас барсан талаар бүртгүүлээгүй. Уг охин байдаг эсэх болон нас барсан талаар огт мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
35. Гэрч Б.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Д- сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалтай. Уг албан тушаалд 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Хөдөлмөр, халамжийн чиглэлээр хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн иргэдэд үйлчилж ажиллаж байгаа. Уг Е.Б- гэх охин нас барсан талаар мэдэхгүй байна. Хэрэв нас барсан нь улсын бүртгэлд авагдсан байвал авч байгаа мөнгөн тэтгэмж нь автоматаар программаас хасагдана. Уг охиныг би өмнө нь харж байгаагүй, уулзаж байгаагүй тул амьд эсэх, нас барсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
36. Гэрч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг Е.Б- гэх охины талаар мэднэ. Т.Е-ын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн охин байгаа юм. Миний мэдэж байгаагаар 2011 онд төрсөн гэж бодож байна. Т.Е- нь 3 хүүхэдтэй байсан. Е.Б- нь төрөөд 1 жилийн дараа буюу 1 настай байхдаа өөд болсон. Түүнээс хойш Т.Е- нь уг охиныг нас барсны бүртгэлд огт бүртгүүлээгүй юм. Энэ талаар манай багийн иргэд бүгд мэднэ. Би уг охиныг нас барсныг мэдээд хүн амын тооллогод хасаж оруулсан байсан. Харин уг охиныг иргэний бүртгэлийн мэдээлэлд хасаж оруулаагүй байсан. Тухайн Е.Б- нь нас барсан атлаа одоо мэдээллийн санд амьд байгаа мэтээр бүртгэгдэж байгаа хүүхэд юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
37. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өмнө нь би уг асуудлыг манай сумын иргэн Бадел гэх хүнээс сонссон, надад хэлж байсан. Тэр үед нь юу ч хэлээгүй ба хүмүүсийн аман яриа тул тоогоогүй орхисон. Уг Бадел гэх хүн нэлээд заргач хүн байдаг ба надад “танай төлөөлөгч Т.Е- нь нас барсан хүүхдийнхээ нэр дээр халамж авдаг” гэж хэлж байсан. Тухайн явдлыг би 2023 онд болсон гэж бодож байна. Тэр үед би үнэн, худал гэдгийг нь мэдээгүй тул хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавиагүй. Гэхдээ уг Е.Б- гэдэг амьд байгаа эсхүл нас барсан гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
38. Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Е-ын эхнэр С.Е- гэх эмэгтэй байгаа. Т.Е- нь эхнэр 2 хүүхэд болон өөрийнхөө аав Т- гэх өвгөнтэй хамт амьдардаг юм. Миний мэдэж байгаагаар Т.Е-ад Е.Б- гэх охин байгаа талаар мэдэхгүй юм байна. Би хэд хэдэн удаа дуудлагаар болон албан ажлаар очиж байсан. Тэр үед үргэлж 2 эрэгтэй хүүхэд харагддаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
39. Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн Е.Б- гэдэг охинтой байсныг мэдэж байгаа. Уг охин хэзээ төрөөд хэзээ нас барсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ нас барсан гэдгийг нь сонсож байсан. Миний сонссоноор нэг нас хүрэхгүйгээр нас барсан. Тухайн үед буяны ажилд нь оролцсон талаар мэдэхгүй байна. Одоо Т.Е- нь эхнэр 2 хүүхэд болон аавтайгаа хамт амьдарч байгаа. Тухайн 2 хүүхэд нь хоёулаа эрэгтэй. Т.Е-ад одоогоор охин байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
40. Гэрч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Д- сумын 4 дүгээр багт амьдардаг бөгөөд эхнэр болох С.Е-тэй гэр бүл болоод 15 гаруй жил болж байгаа. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй болсон ба Е.Б- гэх охин манай 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Уг Е.Б- гэх охин 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэндэлсэн бөгөөд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр томуу хүрч, өвчний улмаас гэртээ буюу Д- сумын 4 дүгээр багт нас барсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
41. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/,
42. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 33 дахь тал/,
43. Төрийн банканд байрших Е- Б- гэх эзэмшигчтэй ................. дугаартай дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 36-46 дахь тал/,
44. Е- Б- гэх нэртэй төрсний гэрчилгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, уг төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
45. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ээс баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан материал /хавтаст хэргийн 53 дахь тал/,
46. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/233 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
47. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
48. Яллагдагч С.Е-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/,
49. Яллагдагч С.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
50. Иргэн Т.Е-, яллагдагч С.Е- нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/,
51. Эд мөрийн баримтаар хураан авсан Е- Б- гэх нэртэй төрсний гэрчилгээ /1 ширхэг/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
52. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
53. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй” гэж нийгмийн халамжийн хамрах хүрээг тодорхойлж, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд багтаан тус тус хуульчилжээ.
54. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор 2012 оны 10 дугаар сараас эхлэн 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20.000 төгрөг /2020 оны 05 дугаар сараас эхлэн 100.000 төгрөг/ олгохоор шийдвэрлэж, Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ыг баталжээ. Уг журмын 3.8-д “Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн бол эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) нь энэ тухай сонгосон арилжааны банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, ажилтанд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байна.
55. Шүүгдэгч С.Е- нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн өөрийн төрсөн охин Е.Б-ийг 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан байхад Е.Б-ийг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2011 оны 7 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.647.00 төгрөгийг, мөн Коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг Е.Б-ийн нэрээр тус тус хууль бусаар авч байсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.
56. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ын 4.1.2 дахь заалтад “хүүхэд нас барсан” тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоохоор зохицуулсан буюу хүүхэд нас барсан тохиолдолд хүүхдийн мөнгийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь тус тус авах эрхгүй юм.
57. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3. “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Е- нь бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж болох хүүхдийн мөнгийг 2011 оны 7 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй авч, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авснаар хүүхдийн мөнгийг авах боломжгүй болж гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзнэ.
58. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
59. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Е-гийн хүүхдийн мөнгийг сар бүр авах шунахайн сэдэлт, холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
60. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
61. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
62. Нийгмийн халамжийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна” гэж, мөн зүйлийн 5.1.2-т “нийгмийн халамжийн тэтгэмж” гэж, мөн хуулийн 13.1 дүгээр зүйлд “Нийгмийн халамжийн тэтгэмж дараах төрөлтэй байна” гэж, мөн зүйлийн 13.1.6-т “хүүхдийн мөнгөн тэтгэмж” гэж тус тус заажээ.
63. Шүүгдэгч С.Е-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд 6.947.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Е- нь 2011 оны 7 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6.647.000 төгрөгийн хүүхдийн тэтгэмж, мөн мөн Коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь уг 6.947.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Е-гөөс 6.947.000 төгрөгийг гаргуулж, Нийгмийн халамжийн сан /хүүхдийн мөнгөн тэтгэмж/-д шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Тодруулбал, улсын яллагчийн яллах дүгнэлтээр уг гарсан хохирлыг Баян-Өлгий аймгийн Халамж үйлчилгээний газрын дансанд оруулах талаар гаргасан саналыг хүлээн авах шаардлагагүй ба энэхүү мөнгөн нь хууль бусаар Нийгмийн халамжийн сангийн төрийн данснаас гарсан байх тул Нийгмийн халамжийн сан /хүүхдийн мөнгөн тэтгэмж/-д оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
64. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
65. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг тус Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
66. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Е-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
67. Шүүгдэгч С.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
68. Шүүгдэгч С.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
69. Шүүгдэгч С.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж хууль бусаар авч “Хуул бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг төлж өгөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
70. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
71. Шүүгдэгч С.Е- нь Баян-Өлгий аймгийн Д- сумын 4 дүгээр /Чихэртэй/ багт бүртгэлтэй боловч шүүгдэгчийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг. Цаашид аймагт оршин суудаг. Хөдөө оршин сууж магадгүй гэж өөрчлөөгүй. Хадам аав маань өвчтэй тул аймагт нүүж ирсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгч С.Е-д оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал, шүүгдэгч С.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
72. Хэрэв шүүгдэгч С.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй
73. Энэ хэрэгт шүүгдэгч С.Е- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
74. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төрсний гэрчилгээг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
75. Шүүгдэгч С.Е-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харахас назар овогт Сейлийн Өрөөг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Е-д 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Е-д оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-гөөс 6.947.000 төгрөгийг гаргуулж, Нийгмийн халамжийн сан /хүүхдийн мөнгөн тэтгэмж/-д шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төрсний гэрчилгээг хэргийн хамт хадгалсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч С.Е- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч С.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК