| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0074/э |
| Дугаар | 00091 |
| Огноо | 2017-04-07 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Э-ийн А-од холбогдох Эрүүгийн 201714000132 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
1. Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, охины хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил 9 сар 19 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ч овгийн Э-ийн А- /хх******/.
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн ** дүгээр байранд байрлах Оргил бичиг хэргийн дэлгүүрээс иргэн Г.Г-ийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :
1. Шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Оргил бичиг хэргийн дэлгүүр рүү цаас авахаар орсон. Би цаасаар юм хийдэг. Тэгээд Оргил бичиг хэргийн дэлгүүрт материалаа авахаар ороод ширээн дээр нь ил утас байхаар нь авч гараад ломбарданд 250 000 төгрөгөөр тавьсан. Хохирлоо бүгдийг нь төлсөн. Би хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хулгайн үйлдэл дээрээ маргахгүй гэв.
2. Хохирогч Г.Г-ийн...2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд Оргил бичиг хэргийн дэлгүүр дээр эх бэлтгэх ажлаа хийгээд өөрийн ******* дугаартай Самсунг Жи-7 маркийн гар утсаа комьпютерийн ширээн доороо тавьсан байсан. Өөр комьпютерээс юм хэвлэх гээд боссон. Удаагүй ширээн дээрээ суухад гар утас минь алга болсон байсан. Утсаа хайгаад залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Дэлгүүр доторх хяналтын камерийг шүүж үзэхэд дэлгүүрт үйлчлүүлэхээр зогсож байсан үл таних эрэгтэй хүн миний утсыг аваад гарч байгаа нь харагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р талд/
3. Гэрч Т.Д-гийн... 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим манай дэлгүүрийн эх бэлтгэгч Г.Г- гар утсаа алдчихлаа, хяналтын камер шалгаад өгөөч гэсэн. Хяналтын камер шүүж үзэхэд зүс таних эрэгтэй хүн Г.Г-ийн гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд миний ******** дугаараас залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/
4. Иргэний нэхэмжлэгч М.Д-ын ... Э.А- гэх хүн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15-16 цагийн орчим орж ирж Самсунг Жи-7 маркийн гар утсыг ломбарданд тавих гэсэн юм. Хүнсний лангуутай бараа авах гэсэн чинь мөнгө дутчихлаа гэж орж ирсэн. Хэдэн төгрөгөнд тавих вэ? гэж асуусан чинь 250 000 төгрөг гэсэн. Би 250 000 төгрөг үнэтэй байна гэж хэлээд тухайн өдрөөс 250 000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан. Дуусах хугацаа нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байсан. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор ирэхгүй бол утсыг зарна гэж хэлж байсан. Надад өгсөн ******** дугаарын утсаар холбогдох гэсэн боловч уг дугаар холбогдохгүй байсан. Хугацаа дуусч 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүн гар утас зарах уу гэж асууж орж ирэхээр нь 270 000 төгрөгөөр зарсан. Хоёр оюутан бололтой залуу байсан. Тэдгээр хүмүүсийг танихгүй. Уг утсыг хулгайд алдагдсан утас гэдгийг мэдээд танидаг хүмүүсээрээ дамжуулан олж авсан. Одоо надад утас нь байна. Э.А- нь 250 000 төгрөг авсан тэр мөнгөө авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 29 талд/,
5. Гэрч П.С-ий...2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед нөхөр А-той үйлчилгээний төв дээр уулзсан. Тэгээд ломбард ороод гар утас тавиад шууд гэртээ харьсан. Яагаад гар утас ломбарданд тавьж байгааг асуухад энэ утсыг бариад яах юм бэ? гэж хэлсэн. Надад Самсунг Жи-7 маркийн гар утастай боллоо гэж хэлсэн өөр юм яриагүй гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27 тал/
6. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
7. Найдвар-Од аудит ХХК-ний шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай, Самсунг ЖИ-7 маркийн гар утас 600 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/
8. Эд зүйл хураан авсан болон үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, / хх-ийн 18 тал/
9. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-14 дүгээр байранд байрлах Оргил бичиг хэргийн дэлгүүрээс иргэн Г.Г-ийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Г-, гэрч Т.Д-, П.С-э, иргэний нэхэмжлэгч М.Д- нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөв баримт гэж үзэв.
Шүүгдэгч Э.А-од холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.А- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаартай захирамжаар 2 жил 9 сар 19 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа 2017 оны 02 дугаар 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-14 дүгээр байранд байрлах Оргил бичиг хэргийн дэлгүүрээс иргэн Г.Г-ийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д заасныг баримтлан ял оногдуулсан болно.
Хохирогч Г.Г-, иргэний нэхэмжлэгч М.Д- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэлгүүрийн камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Чонос овгийн Э-ийн А-ыг /хх*********/ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Э.А-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар шүүгдэгч Э.А-од энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын баривчлах ял дээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 19 хоногийн ялын заримыг буюу 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж түүнийг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Э.А-од оногдуулсан 3 /гурав/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.А- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэлгүүрийн камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.