Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

                        

  2020             6              9                                          2020/ДШМ/743

 

 

Н.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дуламсүрэн,                            

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Тт холбогдох 1806049830202 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Н-ын Т, 1997 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймгийн ................... сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн;

 

1. Н.Т нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэг” худалдааны төвийн 1 давхрын комиссын барааны лангуунаас иргэн Г.Дагиймаагийн цүнхтэй “Эл Жи” загварын гар утас, цагаан өнгийн түрийвч бэлнээр 54.000 төгрөг, 13 ам.доллар, 1000 вонн, 5 юань бичиг баримт зэрэг зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 565.300 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Амгалан" худалдааны төвийн 204 дүгээр лангуу түрээслэгч иргэн Г.Дашдолгорын эзэмшлийн “Самсунг Жи-7" загварын Прайме загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 630.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Монгол" хотхоны орчим үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехээс иргэн Б.Хандсүрэнгийн “Хувай” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 522.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Д.Төмөрхуягийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4 дүгээр хэсгийн 1517 тоотод хашаанаас төвд эр, эм банхар нохойг хулгайлсан гэдгийг мэдсээр байж иргэн Г.Ганбаатарт өөрийн эзэмшлийн нохой гэж худлаа хэлэн 1.000.000 төгрөгөөр зарсан,

5. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х-Апартмент хотхоны гэр ахуйн барааны дэлгүүрийн лангуунаас Ж.Бямбын эзэмшлийн “Самсунг Жи-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 349.140 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хул" нэртэй дэлгүүрийн лангууны араас иргэн Ц.Нарангэрэлийн “Iрhone-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 392.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Sunshine” нэртэй хотхонд байрлах эмийн сангийн лангуун доороос иргэн Г.Гэрэлчимэгийн эзэмшлийн “Iрhone-Х” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хур" дэлгүүрийн лангууны араас иргэн Я.Ганхуягийн "Самсунг Эджэ” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Ө.Нямдоржтой бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг "Жаргалант" хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн С.Саранцэцэгийн ягаан өнгөтэй “Iphone-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Алтандагва" хадгаламж зээлийн хоршоон дотор байрлах өрөөнөөс иргэн У.Анхжаргалын Хувай-6” загварын гар утсыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43а байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг "Жамц" нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн З.Энхбаярын “Самсунг Галакси Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хурд" хорооллын "Америк Солонгос" хүнсний дэлгүүрээс насанд хүрээгүй О.Энхжингийн “Iphone-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Арвайн Үндэс" ХХК-ийн үйлчилгээний зориулалттай байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Монос" эмийн сангаас иргэн Б.Баасандуламын эзэмшлийн “Iphone-Х” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Н.Тт холбогдох эрүүгийн 1806 04983 0202 дугаартай хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Дуламсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

“2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 1517 тоот хашаанаас иргэн Д.Төмөрхуягийн эзэмшлийн эр, эм хоёр төвд банхар хулгайд алдагдсан” гэх гомдол мэдээлэлд 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 180604758 дугаартай хэрэгт бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад У.Эрдэнэбат нь төвд банхар нохойг хулгайлсан, Н.Т нь уг төвд банхар нохойнуудыг У.Эрдэнэбат хулгайлсан болохыг мэдсээр байж авч, иргэн Г.Ганбаатарт худалдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 1806047580377 дугаартай хэрэгт өсвөр насны яллагдагч У.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 1806047580377 дугаартай хэрэгт яллагдагч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Т нь эрүүгийн 1806049830202 дугаартай хэрэгт шалгагдаж байсан тул Н.Т, У.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн 1806047580377 дугаартай хэргийг Н.Тт холбогдох эрүүгийн хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 114 дугаартай прокурорын тогтоолоор нэгтгэсэн.

Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан гэрч У.Эрдэнэбатын мэдүүлэг Н.Тийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Н.Т нь өсвөр насны яллагдагч У.Эрдэнэбаттай бүлэглэн төвд банхар нохойнуудыг хулгайлсан болох нь тогтоогдоогүй, харин тус тусдаа бие даасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу болон хохирлын хувьд маргаангүй болох нь тогтоогдсон тул өсвөр насны яллагдагч У.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 1806047580377 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хэргийг тусгаарлаж, У.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 1806094490887 дугаартай хэрэгт нэгтгэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс иргэн Ж.Бямбын гар утсыг хулгайлахад цуг явсан эмэгтэй гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, нохой хулгайлахад шүүгдэгч хамт оролцсон эсэхийг шалгуулах тухай асуудлын хувьд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч “түүнтэй цуг явсан эмэгтэйтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, тухайн эмэгтэй түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдээгүй, У.Эрдэнэбаттай хамт нохой хулгайлаагүй, хулгайлсан нохойг нь зарсан” гэдгээ тогтвортой мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад дээрх мэдүүлгүүдээсээ буцаж цуг явсан эмэгтэйтэй бүлэглэж иргэн Ж.Бямбын гар утас хулгайлсан, тухайн эмэгтэй түүний хулгай хийхийг мэдэж байсан, мөн У.Эрдэнэбаттай бүлэглэж нохой хулгайлсан гэж мэдүүлж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулах зорилготой гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хэрэгт шүүгдэгч Н.Т нь хамт явсан эмэгтэйтэй бүлэглэж иргэн Ж.Бямбын гар утас хулгайлсан, өсвөр насны яллагдагч У.Эрдэнэбаттай бүлэглэж иргэн Д.Төмөрхуягийн төвд банхар нохойнуудыг хулгайлсан болохыг нотлох баримт байхгүй, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үед хамт явсан эмэгтэйгийн хувьд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж байгааг хараагүй, харах боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харагдаж байгаагаас гадна гэмт хэрэг үйлдэх үед хамт байсан нь тухайн хүнийг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Тт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Н.Тт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд “...шүүгчийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн улсын яллагчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Н.Тт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Тт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ