| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0105/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | М.П |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П-,
Шүүгдэгч С.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.т овогт С-ы Т-т холбогдох эрүүгийн 2413000000137 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны ...... дугаар сарын .......-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н-- суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Н-- сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.т овогт С-ы Т-, регистрийн дугаар: Б383032010;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Н-- сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийнхөө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.А-ийг хэл амаар доромжилж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд бүсэлхийн хэсгийн битүү няцарсан зөөлөн эдийн гэмтэлтэй, бүсэлхийн нугалмын L1, L2, L3 дугаар нугалмуудын хөндлөн сэртэн хугарсан, баруун сарвууны 2-р хурууны L2, L3 дугаар нугалмуудын хөндлөн сэртэн хугарсан, баруун сарвууны 2-р хурууны 3-р шивнүүрийн проксимал хэсгийг сэлтэрсэн хугаралт, баруун сарвууны хавантай, хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокурор шүүх хуралдаанд: “Шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж уг хүсэлтийг нь прокурорын зүгээс хангаж шийдвэрлэсэн. Ялын саналтай тохиролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хохирлын ямар нэгэн маргаан байхгүй. Хохирогчийн зүгээс хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч бичгээр хүсэлтээ гаргасан.” гэв.
2. Шүүгдэгч шүүх хуралдаанд: “Болгоомжгүй болсон зүйл. Дахиж ийм зүйл хийхгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.
3. Шүүгдэгч С.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Н-- сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийнхөө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.А-ийг хэл амаар доромжилж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд бүсэлхийн хэсгийн битүү няцарсан зөөлөн эдийн гэмтэлтэй, бүсэлхийн нугалмын L1, L2, L3 дугаар нугалмуудын хөндлөн сэртэн хугарсан, баруун сарвууны 2-р хурууны L2, L3 дугаар нугалмуудын хөндлөн сэртэн хугарсан, баруун сарвууны 2-р хурууны 3-р шивнүүрийн проксимал хэсгийг сэлтэрсэн хугаралт, баруун сарвууны хавантай, хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/, гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Т.К-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 34-37 дахь тал/, “Бриллиант” нэртэй эмнэлгийн шинжилгээний баримтууд болон эмнэлгийн магадлагаа /хавтаст хэргийн 38-42 дахь тал/, яллагдагч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
6. Шүүгдэгч С.Т- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Хохирогч А.А-ийн “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, нөхрийгөө уучилсан, хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/ гэх мэдүүлгийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Т-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Иймд шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Шүүгдэгч С.Т-т тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
12. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Т- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
13. Шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.т овогт С-ы Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Т-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 2 (хоёр) жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК