Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, 

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,

шүүгдэгч Т.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ын Н-д холбогдох эрүүгийн 2413000000107 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын .....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н- суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Н- сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Т-ын Н-, регистрийн дугаар; Б3...........;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Нартай нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед 06- 85 БӨҮ улсын дугаартай "Ниссан" загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Баян-Өлгий аймгийн Н- сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нур” хүнсний дэлгүүрийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”. Мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар тухайн мотоциклийн жолооч Х.М-ын эрүүл мэндэд баруун дунд чөмгөний гандангийн доод 1/3 бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэхүү хэргийн улмаас хохирогч Х.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Тухайн хохирлоос үүдэлтэй хор уршгийг хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн. Эмчилгээнд 1,400,000 төгрөг, өвс хадах ажилтай байсан гэдгээ дурдсан. Эрүүл мэнддээ гэмтэл аваагүй байсан бол 6,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт олох ёстой орлого нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч тухайн цаг хугацаанд тус аймгийн Н- сумаас аймагт ирж, очих унааны зардал, эмийн сангаас авсан эм, зам тээврийн осолд өртсөн эвдрэлийн хохирол зэрэг нийтдээ 1,260,150 төгрөгийн хор уршиг учирсан. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нийтдээ 1,350,000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогчид учирсан бодит хор уршгийг төлж барагдуулсан. Шийтгэл тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол төлбөр байхгүй. Хохирогч нь таягтай явж байна. Хагалгаанд орсон нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч олох ёстой орлогын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Хохирогчийн зүгээс өөрт учирсан бусад хор уршиг болон олох ёстой байсан орлогоо иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна.” гэв.

 

2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогчтой бид хоёр нэг нутгийн иргэд. Миний буруу уучлалт гуйж байна. Хохирлын хувьд 1100000 төгрөгийг төлж өгсөн ба би хохирогчоос авах 250000 төгрөгийн авлагатай юм. Түүнийг авахгүй байхаар бид хоёр тохирсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна, цаашид эрүүл мэндээ эмчлүүлбэл, эдийн засгийн туслалцаа үзүүлэх болно”  гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Осол гарсны дараа эмнэлэгт үзүүлж, боолт хийлгэж, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хохирлыг төлж өгч шүүгдэгч тусалж байсан. Анх CD бичлэгийг үзээгүй шүүгдэгч өөрийгөө гэм буруугүй гэж бодож байсан нөхцөл байдал гарсан. CD бичлэгийг үзэхэд шүүгдэгч буруутай болох нь тогтоогдсон. Хохирлыг төлж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

4. Хохирогчоос шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Болгоомжгүй явдлаас болж ийм осол гарсан. Миний хөл хугарсны дараа 10 хоногийн дараа шүүгдэгч ирсэн. Тэрэнд нь гомдож хуулийн байгууллагад хандсан. Одоо гомдол саналгүй. Цаашид гарах хохирлоо төлж өгвөл болно. Нийтдээ 1,350,000 төгрөг авсан”  гэв.

 

Эрүүгийн 2413000000107 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

 

6. 06-85 БӨҮ улсын дугаартай “Nissan not” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

 

7. “Нур” хүнсний дэлгүүрийн гадна байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

8. Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,

 

9. Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

10. Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

11. Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

13. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргаж өгсөн өвчний түүх /хавтаст хэргийн 57-82 дахь тал/,

 

14. “Ашид Билгүүн” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-24-0077 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 116-119 дэх тал/,

 

15. Мөрдөгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 122- 123 дахь тал/,

 

16. Яллагдагч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 139 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

17. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

18. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

19. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Н-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

20. Шүүгдэгч Нартай нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед 06- 85 БӨҮ улсын дугаартай "Ниссан" загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Баян-Өлгий аймгийн Н- сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нур” хүнсний дэлгүүрийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”. Мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар тухайн мотоциклийн жолооч Х.М-ын эрүүл мэндэд баруун дунд чөмгөний гандангийн доод 1/3 бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

21. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

 

22. 06-85 БӨҮ улсын дугаартай “Nissan not” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

 

23. “Нур” хүнсний дэлгүүрийн гадна байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

24. Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тус өдөр өдрийн 12 цагийн үед өөрийн эзэмшлийн "Мустанг-5" маркийн мотоциклоор хадлангийн талбайд очиж шар өвс хадсан юм. Би өвс хадаж дууссаны дараа буцаж гэр лүүгээ оройн 19 цагийн үед сумын 4 зам өнгөрөөд “Нур” хүнсний дэлгүүрийн урд хар замаар явж байхад миний урдаас ирж байсан “Nissan note” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж гарч ирээд намайг мөргөсөн. Тухайн үед би уг тээврийн хэрэгслийн копутанд гарч ирээд унасан. Тэр үед миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан. Миний жолоодож явсан мотоциклийн урд дугуйны обут хугарч, арам нь мурийсан. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч Т.Н- намайг гэрт хүргэсэн. Би гэрт ирсний дараа сумын эмнэлгийн их эмч О.Ж- ирж анхны тусламж үзүүлж боолт хийж намайг сумын түргэний машинаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хүргэж, хэвтүүлсэн. Би рентген зураг авхуулахад миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан байсан. Миний урдаас гарч ирсэн тээврийн хэрэгсэл ямар нэгэн эргэх дохио өгөөгүй. Намайг энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Нур” хүнсний дэлгүүрийн замд мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,

 

25. Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...би анх хагалгаанд орж гарсны дараа Т.Н- ирж надаас уучлалт гуйж, надад бэлэн 300,000 төгрөг өгсөн. Би аймаг очиж ирэх тээврийн хэрэгслийн бензин болон эмчилгээнд нийт 1,400,000 төгрөг гарсан. Миний хөл хугарснаас болж өвс хадаж аваагүй. Би шар өвс хадсан бол 6,000.000 төгрөг олох байсан. Тийм учраас нийт 7,400,000 төгрөг нэхэмжлэх болно. Би эмчилгээ хийлгэсэн газраас ямар нэгэн хохирлын баримт аваагүй, надад одоо хохирлын баримт байхгүй. Харин бензин авсан баримт аймагт үлдсэн дараа нь хүргэж өгье.'’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

26. Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би биллиард тоглоомын газраас оройн 17 цагийн үед үүдэнд гарч тамхи татаж зогсож байхад сумын төвд хар замд суудлын тээврийн хэрэгсэлтэй мотоцикл мөргөлдсөн. Тухайн үед очиж үзэхэд уг суудлын тээврийн хэрэгсэл 2 эгнээтэй замын гол хэсэгт зогссон байсан. Харин урдаас ирсэн мотоцикл уг тээврийн хэрэгслийн урдаас чигээрээ ирж мөргөж тухайн газарт мотоциклын хамт унасан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн урд буфер нь хугарсан. Харин мотоциклийн жолооч Х.М-ын баруун хөлийн гутал нь тайлагдсан байсан. Тухайн суудлын тээврийн хэрэгсэл сумын хар замаас 4 зам руу доошоо явж байсан, уг мотоцикл нь сумын 4 замаас дээшээ явж байхад уг тээврийн хэрэгсэл нь зүүн тийшээгээ эргэх шиг болсон. Тэр үед урдаас ирж яваа мотоцикл уг тээврийн хэрэгслийг чигээрээ мөргөж тухайн газарт мотоциклийн хамт унасан.” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

27. Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие тус сумын эрүүл мэндийн газарт 6 дахь жилдээ ажиллаж байна. Би тус өдөр ажилд байхад оройн 19 цагийн үед тус сумын “иргэн Х.М-ын хөл нь хугарсан байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Х.М-ын гэрт очиход Х.М-ын баруун хөл нь дунд чөмөг хэсгээс хугарсан байдалтай байсан. Би Х.М-ын баруун хөлийн дунд чөмгийг ороож боолт хийж, өвчин намдаах тариа тарьж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн юм. Би эмчилгээ хийсний дараа мэдрэлийн эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн юм. Би эмчилгээ хийсний дараа мэдрэлийн их эмч Т.Айнур түргэний тээврийн хэрэгслээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, гэмтлийн тасагт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

28. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай “Х.М-ын биед баруун дунд чөмгөний гандангийн доод 1/3 бяцарсан хугарал, баруун гуяны гадна доод хэсэгт хагалгааны дараах сорвитой гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

29. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргаж өгсөн “Х.М-ын 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн” гэх өвчний түүх /хавтаст хэргийн 57-82 дахь тал/,

 

30. “Ашид Билгүүн” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-24- 0077 дугаартай “Мустанг-150 маркийн мотоциклийн эвдэрсэн солих шаардлагатай эд ангийн үнэлгээ нийт 90,000 /ерэн мянган/ төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 116-119 дэх тал/,

 

31. Мөрдөгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “А.Улсын дугааргүй "Мустанг-150" маркийн мотоциклыг жолоодож явсан Б379072514 тоот регистрийн дугаартай, С- овгийн Х-н М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийг доор дурдсанаар ангилна “А” мотоцикл жолоодох мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно; а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу ... түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох; гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Мөн дүрмийн 3.4. заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: ...в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Б.06-85 БӨҮ улсын дугаартай “Ниссан” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б391082215 тоот регистрийн дугаартай, Хыстаубай овгийн Табигат Нартай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн дүрмийн 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон.” гэх магадалгаа /хавтаст хэргийн 122- 123 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт.

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

 

33. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг онцлогтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

34. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.

 

35. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Т.Н- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

 

36. Шүүгдэгч Т.Н- нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Н-гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Х.М-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

37. Хохирогч Х.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33-3, 40-41 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэргийг үндэслэн Х.М-ын биед баруун дунд чөмгөний гандангийн доод 1/3 бяцарсан хугарал, баруун гуяны гадна доод хэсэгт хагалгааны дараах сорвитой гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзлээ.

 

38. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

39. Гэмт хэрэг гарахад хайхрамжгүй, хариуцлагагүй байдал, Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах,  уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 

41. Шүүгдэгч Т.Н-гийн замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.М-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

42. Шүүгдэгч Т.Н- нь уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.М-ад хохирол 1.350.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

43. Хохирогч Х.М- нь “...Миний хөл хугарснаас болж өвс хадаж аваагүй. Би шар өвс хадсан бол 6,000.000 төгрөг олох байсан...” гэж нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь, гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийн ирээдүйд олох хөдөлмөр эрхэлж олох байсан орлогыг хийсвэрээр тооцоолж гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул хохирогч Х.М-ын нэхэмжилсэн 6.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогч нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

44. Шүүгдэгч Т.Н-гаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

45. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “..Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

 

46. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь сумд амьдардаг тул зундаа нүүж явдаг. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй тул 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Мөн жолоодох эрхийг нь хасахгүй байхыг хүсье” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

47. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Н-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

48. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

49. Шүүгдэгч Т.Н- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 145 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

50. Шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

 

51. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, учруулсан нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан болон шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж,  8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

52. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

 

53. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

 

54. Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 8 /найм/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Н- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, шүүгдэгч  Т.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 8 /найм/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Н- суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

 

55. Хэрэв шүүгдэгч Т.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй

 

56. Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг тогтоож, мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ....” гэж өөрчлөн найруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч нь сумд амьдардаг тул зундаа нүүж явдаг. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй тул 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Мөн жолоодох эрхийг нь хасахгүй байхыг хүсье” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

57. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Н-гийн эзэмшил, өмчлөлийн саарал өнгийн 0.-8- БӨТ улсын дугаартай “Nissan note” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

58. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 1 ширхэг, СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

 

56. Шүүгдэгч Т.Н-д урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Т-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Н- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н- нь хохирогч Х.М-ад 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөг төлснийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Х.М- нь олох байсан орлого 6.000.000 төгрөг болон эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Н-гийн эзэмшил, өмчлөлийн саарал өнгийн 0.-8- БӨТ улсын дугаартай “Nissan note” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 1 ширхэг, СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалсугай.

 

10. Шүүгдэгч Т.Н-д урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК