| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01573/и |
| Дугаар | 142/ШШ2021/00098 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2021/00098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.х.х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г. С холбогдох,
"5 788 125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Манай ******* ХХК /РД:*******/ нь барилгын хэв хашмал, тулаас, дагалдах хэрэгсэл түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ганбаатар овогтой С нь Биндэр-Өргөө ХХК-ийн барьж байсан барилгад ашиглахаар хэв хашмалын түрээсийн гэрээг байгуулсан. Уг түрээсийн гэрээгээр 26 000 000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг барилгын хэв хашмал, тулаасыг 1 ширхэг тутмыг 1 өдрийн 250 төгрөгөөр буюу 25 хоног 3 125 000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэхээр харилцан тохиролцсон боловч түрээслэгч ******* нь түрээсийн гэрээний дагуу хэв хашмал, тулаасыг хүлээн авахдаа нэмж 56 ширхэг пум түрээслэх хүсэлт гаргасны дагуу түүнд хүлээлгэн өгснөөр нийт 556 ширхэг хэв хашмалыг түрээслүүлсэн юм. Түрээслэгч нь түрээсийн гэрээний дагуу 556 ширхэг*250 төгрөг*25хоног=3 475 000 төгрөгийг төлөхийн зэрэгцээ барьцаа 2 000 000 төгрөгийг түрээсийн зүйлийг буцааж өгөх баталгаа болгон үлдээх ёстой байсан боловч түрээсийн үндсэн төлбөрийг удахгүй төлнө гээд 2 000 000 төгрөгийг барьцаанд шилжүүлсэн. Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход түрээслэгч нь түрээсийн зүйлийг буцааж өгөлгүй дахин 25 хоног буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн түрээсэлье гэж мэдэгдсэн. Мөн уг хугацаа болоход түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөлгүй 2019 оны 12 сарын 19-ны өдрийг хүртэл түрээсийн хугацааг сунгасан. Ийнхүү 2019 оны 10 сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 сарын 19-ны өдрийг хүртэлх 55 хоногийн түрээсийн төлбөр нь 556 ширхэг*250 төгрөг*55хоног=7 645 000 төгрөг болсон. Түрээслэгч нь 2019 оны 12-р сарын 19-ний өдөр 497 ширхэг хэв хашмалыг буцааж өгсөн ба үлдэх 59 ширхэг пунг 2019 оны 12 сарын 25 өдөр хүртэл 5 хоногоор үргэлжлүүлэн түрээслэж, хүлээлгэж өгөхөөр болсон. Уг 5 хоногийн түрээсийн төлбөр 73.750 төгрөг болсон. Ингээд түрээслэгч нь дээр дурдсаны дагуу түрээсийн төлбөрт нийт 11,193,750 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Түрээслэгч нь 19 ширхэг пум дутааж, үрэгдүүлсний төлбөрт 988,000 төгрөг, түрээсийн зүйлийг эвдэлж, гэмтээсний засварын зардалд 2,802,000 төгрөг төлөх үүргийг түрээсийн төлбөр 11,193,750 төгрөг дээр нэмж төлөх буюу нийт 14,983,750 төгрөг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд, үрэгдүүлсэн болон засварын зардлын дүнг хүлээн зөвшөөрч, бараа хүлээлгэж өгсөн орлогын баримтад гарын үсэг зурсан болно. Түрээслэгч нь дээр дурдсаны дагуу нийт 14,983,750 төгрөг төлөхөөс гэрээ байгуулахдаа 3,125,000 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг нийт 11,125,000 төгрөгийг төлж 3,858,750 төгрөгийг төлнө гэсэн боловч өнөөг хүртэл төлөхгүй чирэгдүүлж байна. Түрээсийн гэрээний 7.2 дугаар зүйлд 0,3%-ийн алданги тооцохоор заасан тул түрээсийн зүйлийн үлдэгдлийг хүлээлгэн өгсөн 2019 оны 12 сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл алданги тооцож, Иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50%-иар тооцож, 1,929,375 төгрөгийг алдангид нэхэмжилнэ.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэн Ганбаатар овогтой с түрээсийн гэрээний үүрэг болох 5,788,125 /таван сая долоон зуун наян найман мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нэхэмжлэгч тал болох ******* ХХК-ийн нэхэмжилж буй 5 788 125 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүйг мэдэгдэж байна. Учир нь *******-тай хийсэн гэрээг Биндэр өргөө ХХК-г төлөөлж би хийсэн болно. Тухайн үед надад компанийн гэрчилгээ яваагүй, мөн яаралтай пум түрээслэх шаардлагатай байсан учир өөрийн иргэний үнэмлэхээр гэрээ хийсэн болно. Гэвч бүх орлого, зарлага, бараа хүлээж авсан баримт Биндэр өргөө ХХК-ийн нэр падаан тамгатай хийгдсэн билээ. *******-ын захирлууд ч гэсэн намайг компанийн нэрийн өмнөөс ажил гүйцэтгэж явж буйг мэдэж байсан болно. Иймд энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь *******д холбогдуулан 5 788 125 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* ХХК нь барилгын хэв хашмал, тулаас, дагалдах хэрэгсэл түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* нь Биндэр-Өргөө ХХК-ийн барьж байсан барилгад ашиглахаар 500 ширхэг хэв хашмал, тулаасыг 1 ширхэгийг өдрийн 250 төгрөгөөр 25 хоногт түрээслэн авч 3 125 000 төгрөг, мөн барьцаанд 2,0 сая төгрөгийг төлсөн. Дээр нь мөн 56 ширхэгийг нэмж авсан. Гэрээний хугацаа дуусахад түрээслэгч гэрээг 25 хоног сунгая гээд 2019 оны 12 сарын 19-ны өдрийг хүртэл сунгасан. Ингээд 55 хоногийн түрээсийн төлбөр 7 645 000 төгрөг болсон. Түрээслэгч нь 2019 оны 12-р сарын 19-ний өдөр 497 ширхэг хэв хашмалыг буцааж өгсөн, үлдэх 59 ширхэг пунг 2019 оны 12 сарын 25 өдөр хүртэл 5 хоногоор үргэлжлүүлэн түрээсэлсэн төлбөр 73 750 төгрөг болсон. Ингээд түрээслэгч нь нийт 11 193 750 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Түрээслэгч нь 19 ширхэг пум дутааж 988 000 төгрөг, түрээсийн зүйлийг эвдэлж, гэмтээсний засварын зардал 2 802 000 төгрөгийг нэмж нийт 14 983 750 төгрөг төлөхөөс 11 125 000 төгрөгийг төлсөн учир үлдэх 3 858 750 төгрөг дээр Түрээсийн гэрээний 7.2-т зааснаар 0,3%-ийн алданги 1 929 375 төгрөгийг нэмж /2019 оны 12 сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл/ нийт 5 788 125 төгрөг нэхэмжилнэ... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...******* ХХК-тай хийсэн гэрээг Биндэр өргөө ХХК-г төлөөлж би хийсэн. Тухайн үед надад компанийн гэрчилгээ яваагүй, мөн яаралтай пум түрээслэх шаардлагатай байсан учир захирал над руу яриад очоод гэрээ хийгээд аваатах гэсэн. Захирал өөрөө түрүүлээд ярьсан байсан. Надад *******-ын захиралын утасны дугаарыг өгөөд би утсаар нь яриад очсон. Бүх орлого, зарлага, бараа хүлээж авсан баримт Биндэр өргөө ХХК-ийн нэрээр хийгдсэн. *******-ын захирлууд ч намайг Биндэр өргөө ХХК-ийн өмнөөс ажил гүйцэтгэж явааг мэдэж байсан... гэсэн.
2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай Түрээсийн гэрээ-нд нэг талаас ******* ХХК, нөгөө талаас Биндэр өргөө ХХК-ийг төлөөлж ******* гэрээ байгуулжээ.
Түрээсийн гэрээний агуулгаас үзэхэд ******* ХХК нь Биндэр өргөө ХХК-тай гэрээ байгуулсан гэж үзэхээр байх ба иргэн ******* ******* ХХК-тай өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулаагүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн орлогын баримтууд, мөн Бараа түрээслэх №97 гэсэн баримтууд дээр бэлтгэн нийлүүлэгч гэж Биндэр өргөө ХХК-ийг бичжээ.
Нэхэмжлэгч нь нийт 11 125 000 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд, энэ төлбөрөө Г.с хүлээж авсан гэж тайлбарлаагүй, *******онгуулийн ярь гэсэн хүнтэй ярьж авч байсан тухай хэлдэг.
Дээрх байдлуудаас дүгнэхэд *******, ******* ХХК-ийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь ******* ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй, хариуцагч нь өөрийн нэрийн өмнөөс, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Г.с 5 788 125 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 560 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан Г.с 5 788 125төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107 560 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.