Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Н.Нямсүрэн,   М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Я.Амаржаргал,

Хохирогч Э.Э-,

Шүүгдэгч С.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 201622000508 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.А-,

Шүүгдэгч С.А- нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг Шувуутын хөндлөн толгой гэх газар иргэн Б.Б-тай хадлангийн газраас болж маргалдах явцдаа иргэн Э.Э-ийн толгойн тус газар лапатик төмрөөр цохиж бие махбодид нь зүүн дух яснаас чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух хэсэгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А- нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг Шувуутын хөндлөн толгой гэх газар иргэн Б.Б-тай хадлангийн газраас болж маргалдах явцдаа иргэн Э.Э-ийн толгойн тус газар лапатик төмрөөр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч  шүүгдэгч С.А-ийн хохирогч Э.Э-ийн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэл нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Э.Э-ийн биед зүүн дух яснаас чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух хэсэгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1521 тоот дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн шүүх комиссын “…2016.08.11-ний ГСҮТ-ийн КТГ-ийн хариунд байгаа цөмөрсөн хугарал нь олон жил болсон хуучин хугарал болно. Нэгдсэн эмнэлгийн 2016.08.04-ний өдрийн КТГ-т оношлосон духны цууралт нь шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь шинэ гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байх тул шүүх эрүүгийн хэрэгт хамаарА- бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч С.А-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар Нэгдсэн эмнэлгийн шүүх комиссын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтийг үнэлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгч С.А- нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг Шувуутын хөндлөн толгой гэх газар иргэн Б.Б-тай хадлангийн газраас болж маргалдах явцдаа иргэн Э.Э-ийн толгойн тус газар лапатик төмрөөр цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.А-ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  "…2016 оны 8 дугаар сарын 03-ны орой бүрэнхий болж байхад Б.Б-а, Р-, Д-, Э.Э- нар согтуу мотоцикльтой хүрч ирээд хоёр банди минь хүрээд ир гэсэн. Би Э.Э-ийг таныг танихгүй юм байна, юу яриад байгаа юм бэ, танд хамаагүй бид нар хоорондоо зохицчихно гэхэд, надад хамаатай би Б.Б-а, Энхсайхан нарын хамаатан байна гээд автомашины хажууд байсан лапатик төмөр шүүрч аваад миний нуруу руу цохихоор нь булааж авсан. Тэгээд байж байтал чулуу шүүрч авахаар нь чулуу руу нь цохих гэсэн боловч ийм зүйл болсон...Би хохирогчид хүнд гэмтэл учруулаагүй...Хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгийг зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ харамсч байна. Хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "…Би 2008 онд япон улсад ажиллаж байхдаа хоёр давхарын шатнаас унаж толгойн ар дагцны хэсэгт хүнд гэмтэл авч байсан...С.А- тухайн үед цохиулчихсан, мөргүүлчихсэн мэтээр ярьж байгааг үгүйсгэж байна. Урд нь Б.Б-атай муудалцаж байсан учраас бид нарыг олуулаа очсон учраас цохих болсон байх. Надад зодоон хийх санаа зорилго байгаагүй. Сүүлд гэмшиж байгаагаа илэрхийлж уучлалт гуйсан. Би С.А-тэй тохиролцсон. Одоо гомдол саналгүй...Тухайн үед лапатикаа дээш өргөж барьчихаад ухраад байсан. Би тэгэхээр нь та нар нэгнийгээ аллаа ш дээ, эв зүйгээр ярь гээд наанаас нь дөхөж очиж байтал далайсан тэр чигтээ гар хүрэх зайнд очиход цохисон. Урд би Япон улсад ажиллаж байгаад дагзныхаа ар талд гэмтэл авсан байгаа. Япон улсад жил гаруй хугацаанд уг компанийн зардлаар эмчилгээ хийлгэж байсан...Тухайн үед хүндэвтэр гэмтлийн зэрэг гарчихаад байхад дахин дүгнэлт гаргуулахад миний хувьд чирэгдэлтэй байсан..." гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Д-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Манай хадамын урд талд хадлан авдаг газарт машинтай хүн байхаар нь хагарсан дугуйгаа янзлах санаатай нөхөөс цавуу асуух гээд машинтай хүмүүс дээр очсон. Машинтай хүмүүс дээр очоод байж байтал Э.Э-, Б.Б-а хоёр миний араас хүрээд ирсэн. Тэгээд Э.Э-, Б.Б-а бид гурав мотоциклиосоо буугаад иртэл тэнд байсан хоёр залуу Б.Б-а руу ямар ч зүйл хэлэхгүй сүх лоом бариад дайраад байсан. Урд өдөр нь Б.Б-а тэр хоёр дээр очиж хадлан өвсний талаар хэрүүл хийж маргалдсан юм билээ. Тэгээд бид нарыг бүлэглэж ирж зодох гэж ирлээ гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд Б.Б-ыг цохиж алчих гээд байхаар нь би одоо та нар больцгоо гээд дүү Алтангэрэлийн цамцнаас нь бариад татаад зогсоосон. Э.Э- Агвааныг аваад одоо боль хөгшөөн гээд аваад явж байсан. Алтангэрэл гартаа сүх, Агваан нь лапатик төмөр барьчихсан байсан...Би Алтангэрэлийг Б.Б-аас салгаж аваад явж байгаад эргээд хартал С.А- нь Э.Э-ийг лапатикаар толгойн тус газарт нь цохисон... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-33 дугаар хуудас/,

Гэрч Д.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Би тухайн өдөр сумын төврүү хүүхдийнхээ мөнгийг авах ажлаар орчихоод буцаж яваад хүмүүс байхаар нь давхиад очтол Д-, Б.Б-а, А-, А- нэг танихгүй залуу гээд 5 хүн зодолдоод байж байсан. Намайг сумын төврүү явахад А-, А- хоёр хадлан хадаж байсан юм. Би тухайн үед тэд нар дээр очиход харанхуй арай болоогүй гэгээтэй байсан. Дөнгөж нар жаргаж байсан юм. Намайг очиход Б.Б-ыг А-, А- хоёр сүх лоом барьчихсан хөөгөөд байсан. Би юунаас болсоныг мэдээгүй намайг очиход л А-, А- хоёр Б.Б-а руу дайраад салахаа больчихсон байсан. Тэгээд Б.Б-а бид хоёр ярилцаад зогсож байсан нөгөө танихгүй залуу А-гийн лапатиктай гарнаас нь барьсан байж байгаад гарнаас нь тавьсан чинь А- нөгөө залуугийн толгой хэсэгт нь лапатикаар цохиод унагасан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-37 дугаар хуудас/,

Гэрч Ч.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…2016 оны 08-р сарын 03-ны өдөр манай хүү Алтангэрэл, С.А- нарыг хадлан дээр байж байхад нь согтуу нөхдүүд ирээд Э.Э- гэдэг нөхөр нэг пиво барьчихсан бууж ирээд пиво уу гэхээр нь уухгүй гэсэн чинь хоёр бандийг одоо ална гээд лапатик барьж аваад С.А-ийг цохисон гэсэн. Тэгэхээр нь С.А- лапатикийг нь булааж авсан гэсэн. Тэгтэл гал түлэх гээд тавьсан байсан нэг чулууг нь барьж аваад та нарыг нэг цохиод ална гээд хөөж байгаад С.А-ийн барьж байсан лапатик руу мөргөчихсөн юм гэсэн. Би үүнийг бол өөрөө хараагүй манай хоёр хүүхэд надад ингэж хэлсэн...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Д- дугуйгаа нөхөх гээд А-, Агваан хоёр дээр яваад очтол над руу А-, Агваан хоёр дайраад дундуур нь ортол энэ ахыг Агваан цохьчихлоо гэсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Д- дугуйгаа янзлах гээд очиход үг сүггүй сүх, лапатик барьж дайрж байгаад Д-тай хамт явсан Төрөөгийн толгой руу нь цохисон гээд цус нөж болсон залуу манай гэрт авч ирсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-49 дүгээр хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүх комиссын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 81 дүгээр хуудас/,

      Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 5 дугаар хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 6 дугаар хуудас/,

      Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол  /ХХ-ийн 194 дүгээр хуудас/,

      Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,

     Хохирогч Э.Э-тэй 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201622000508 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамаарА-, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 150 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Э.Э- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 7, эцэг ,эх, эгч , дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000508 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт чулуу 1 ширхэг, лоомон лапатик 1 ширхэг, сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч С.А-д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч С.А-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч                 С.А-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

      6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар С.А-ийн тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн 201622000508 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхэг, лоомон лапатик 1 ширхэг, сүх 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

     9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР

                                         ШҮҮГЧИД                         Н.НЯМСҮРЭН

                                                                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР