| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-04-22 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
2024 04 22 ....
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ...настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-н Э /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь нөхөр Б.М-ыг З.Ч-тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгааны улмаас хардаж 2023 оны 11 сарын 14-нөөс 2023 оны 11 сарын 15-нд шилжих шөнө “...” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж З.Чын ашигладаг “...” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаас зургийг нь авч “... хамгийн том зар, мэдээлэл”, “... ачаа тээвэр-такси-бараа хүргэлт”, “... замын ажилчдын нэгдсэн групп”, “... нэгдсэн зар, мэдээлэл” гэх нэртэй фейсбүүкийн зарын группүүдэд “Exnertei huuhedtei xvntei zawaar ch ger bvl salgahaa bol buzraa” /эхнэртэй хүүхэдтэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа/ гэж бичиж зургийг нь тавьж нэг төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 билүү 07 дугаар сард нөхөр М-ны утсаар нөхрийнхөө ... гэх фейсбүүк хаягаар санаандгүй байдлаар ортол манай нөхөр “...” гэсэн хаягтай эмэгтэй хүнтэй харилцсан байсан бөгөөд тэгээд би тухайн юм бодолгүй орхисон байсан. Тэгээд тэр хүүхэн нөхөр хоёроо ажиглаад байтал тэр хүүхэн манай нөхрийн бүх зураг дээр нь зүрх дараад манай нөхөр мөн тэр хүүхний зураг бичлэг дээр тогтмол зүрх дарсан байсан. Тэгээд би аргаа бараад 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийнхөө “...” гэх фейсбүүк хаягаас тэр хүүхний “..” гэх хаяг руу “Би чамд сануулъя гэр бүлтэй хүнтэй ярьж уулзахаа бол булайг чинь дэлгэнэ шүү” гэсэн утгатай чат бичсэн. Тэгтэл тэр хүүхэн над руу “та хүн андуураад байна уу” гэж бичингүүтээ удалгүй “та М ахыг хэлж байна уу?” гэж хэлээд бид хоёр хэсэг маргалдаж байгаад больсон. Тэгээд би тэр Ч гэх хүүхнээс болж нөхөр М-тай маргалдаад нөхөр маань хот руу яваад буцаж ирэхгүй 10 гаран хоносон тул миний уур хүрээд өөрийнхөө гар утас дээр шинээр “....” гэх хуурамч хаяг нээж байгаад тэр хүүхний зургийг фейсбүүкээс нь татаж аваад ... зарын группд “эхнэртэй хүүхэдтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа" гэж пост 2023 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө байрлуулсан. Би өөрийн гаргасан гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна гэжээ. /хх-ийн 46-47/
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 онд М-тай хамт явсан байсан юм. Манай нөхөртэй яваад байна гэдгийг би хүмүүсээс сонсож байсан боловч манай нөхөрөөр үйлчлүүлдэг хүн байх гэж бодсон юм. Тэгээд нэг өдөр ахтайгаа утсаар ярих гээд нөхрийн утсыг оролцож байтал манай нөхөр Ч-тай харилцаатай байсан. Манай нөхөр шорлог идэх үү, Ч бас шорлог идэх үү гэх зүйлийг бичсэн, мөн бие биенийхээ зураг дээр лайк, зүрх дарах, шейр хийх зэрэг үйлдлийг хийсэн байсан. Би Ч, нөхөр хоёртой энэ харилцаагаа боль гэж хэлэхэд огт тоохгүй байгаад байсан болохоор нь уур хүрээд цахим сүлжээнд тавьсан юм. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа, хохирлыг төлж барагдуулна гэв.
Хохирогч З.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал 17 цаг 10 минутын үед “...” гэх фейсбүүк хаягаас миний “...” гэх хаяг руу “Би чамд сануулъя гэр бүлтэй хүнтэй мессеж бичиж ярьж уулзахаа болчихвол зүгээр эсвэл булайг чинь дэлгээд өгнө шүү мэдээ сануулсан шүү" гэсэн чат ирсэн би хариуд нь “сайн байна уу ойлгосонгүй та хүн андуураад байгаа юм биш үү, би өөрөө гэр бүлтэй хүн тэгж хүний амьдралд оролцдоггүй бас хэнтэй уулзсан гэж, тэгсэн ч надад хүн амьтантай уулзаад яваад байх зав байхгүй гэж бичсэн" тэгээд би тухайн фейсбүүк хаяг руу ороод хартал тэр хаяг миний таньдаг таксинд явдаг М гэх ахтай найзууд байсан тэгээд би М гэх ахтай утсаар яриад “...” гэх хаягтай хүнийг таних уу” гээд асуутал “манай эхнэр байгаа юмаа эхнэр бид хоёр бага зэрэг асуудалтай байгаа, манай хүн намайг чамтай хардаад байгаа юмаа ах нь чамтай ямар ч харилцаа холбоогүй гэдгээ хэлсэн боловч ойлгохгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд дахин “...” гэх хаяг руу “та М ахын эхнэр юм уу бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байгүй шүү” гэж хэлсэн боловч намайг огт хүлээж аваагүй. Тэгээд би ажилтай байсан тул энэ хүнийг фейсбүүк хаягийг блоклоод орхичихсон. Тэгтэл 2023 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн үед манай дүү Д миний гар утас руу залгаад “та чатаа хардаа” гэж хэлсэн тэгээд би чатаа хартал ... нэгдсэн зар мэдээлэл гэх зарын групп дээр “...” гэх хаягаас миний фейсбүүк дээр байсан зургийг татаж дээр нь “Эхнэртэй хүүхэдтэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа” гээд зар оруулсан байсан тэгээд удалгүй манай нөхөр бас энэ зарыг над руу явуулсан байсан. Тухайн үед би “...” гэх хаяг руу орж үзтэл хуурамч хаяг байсан. Тэгээд би тухайн постыг хуулж аваад “...” гэх хаяг руу явуулаад “та энэ постыг тавьсан уу” гэж асуутал над руу хариу бичээгүй тэгээд маргааш өглөө нь “...” гэх хаягаас “завхайрсан чинь үнэн биздээ” гэж бичсэн байсан тэгээд М гэх хүнтэй яриад “танай эхнэр арай дэндлээ та надад эхнэрийнхээ утасны дугаарыг өг” гэж хэлээд дугаарыг нь нэртэй нь аваад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би анх 2022 онд Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу ажилтай болоод унаа хайж байтал над руу нэг үл таних дугаараас залгаад Улаанбаатар хот явах юм уу би одоо шууд гарлаа гэж хэлсэн би 2 хүүхдээ дагуулаад тэр хүний машинд суугаад гарч байсан. Тухайн үед тэр хүний нэр усыг мэдээгүй сүүлд Улаанбаатар хот Замын-Үүд чиглэлд олон удаа явах ажилтай болсон байсан тул тухайн хүний гар утсаар холбогдож хэд хэдэн удаа Улаанбаатар Замын-Үүд чиглэлд зорчин явсан тэр үед М гэх нэрийг нь мэдэж авсан бөгөөд мэндтэй устай явдаг болсон. Би тэр хүнтэй танилын төдий л мэндтэй устай байдаг. Би тэр М ахын эхнэр Э гэх хүнийг тавьсан байх гэж бодож байна. Тухайн зарын группд миний талаар пост оруулахаас хэд хоногийн өмнө тэр М гэх ахын эхнэр өөрийн “...” гэх хаягаас миний “.”.. хаяг руу нөхөртэйгөө хардаж янз бүрийн чат бичиж байсан тул би энэ хүнийг хуурамч хаягаас тийм зүйл бичсэн гэж бодож байна. Би тэр М ахыг эхнэр хүүхэдтэй гэж мэднэ тэр ах манай нөхрийг бас таньдаг гэж хэлж байсан. Тухайн зарын группд одоо миний зурагтай пост байхгүй устсан байна. Би маш их гомдолтой байна гэжээ. /хх-ийн 06-08/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 онд 3.Ч миний машинаар нэг ч Улаанбаатар хот руу зорчиж яваагүй. Өмнө нь буюу 2020 билүү 2021 онд 1 удаа миний машинаар үйлчлүүлж Улаанбаатар хот руу явж байсан. Тэр үед танилцаад фейсбүүкээр найз болж зарим үед над руу чат бичиж юм асуудаг байсан. Ч тухайн үед Улаанбаатар хотод надаар хүргүүлээд буусан бөгөөд би тэр үед хүмүүсээ буулгачхаад маргааш өглөө нь буцаад хүмүүс ачаад Замын-Үүд суманд ирээд дахин нэг хоноод буцаад Улаанбаатар хот руу хүн ачаад хөдөлсөн тэгтэл Чанцалдулам миний гар утас руу залгаад ахаа би буцаад Замын-Үүд сум руу 3 хүүхдээ аваад явах гэсэн юмаа гэж хэлсэн тэгээд би буцаад Замын-Үүд сум руу явахдаа Ч-ыг 2 хүүхдийн хамт аваад ирсэн. Би 3.Ч-ыг Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу ганцхан удаа тээвэрлэж хүргэж өгч байсан тэр үедээ Улаанбаатар хотод орой очоод очсон өдрөө хоноод маргааш өдөр дахин хүмүүс ачаад Замын-Үүд суманд ирж байсан гэжээ. /хх-ийн 15-16/
- ...Манай эхнэр Б.Э айлын бага охин бөгөөд ер нь их төлөв даруу зан ааштай хүн бөгөөд сүүлийн үед ааш авир нь их өөрчлөгдөж намайг хардаж байнгын хэрүүл уруул хийдэг болсон. Миний хувьд өөрийн машинаар Замын-Үүд Улаанбаатар хоёрын хооронд хүн тээвэр хийдэг бөгөөд банкинд их хэмжээний өртэй тул өр ширээ барагдуулахын тулд зарим тохиолдолд гэртээ харилгүй олон хоногоор явах тохиолдол бий эхнэр маань энэ байдлыг ойлгохгүй хий хардах тохиолдол сүүлийн үед их гарч байна. Манай эхнэр сүүлийн үед миний гар утсыг нууцаар үздэг болсон бөгөөд би өөрийнхөө фейсбүүкээр таньдаг эмэгтэй хүмүүсийн нүүр зураг болон бусад зураг нь дээр лайк дарах эсвэл зүрх дарсан байхыг харчхаад хардаад байх болсон тэр хардаад байгаа хүн нь “...” гэсэн фейсбүүктэй эмэгтэйтэй хардах болсон. Тэр “...” гэх фейсбүүк нь Ч гэх эмэгтэйн хаяг байгаа юмаа. Тэр эмэгтэй 2019 онд анх надаар үйлчлүүлж Улаанбаатар хот руу зорчин явж байсан. Тэр цагаас хойш тэр эмэгтэй Улаанбаатар хот руу явах болон бусад үед надтай холбогдож мэндтэй устай явдаг болсон. Би тэр Ч гэх эмэгтэйтэй ямар нэгэн дотно харилцаа холбоогүй харин тэр эмэгтэй Улаанбаатар хот явах унаа хэрэгтэй болсон үедээ миний гар утас руу залгадаг эсвэл миний “...” гэх хаяг руу өөрийн “...” гэх хаягаас чат бичиж асуудаг байсан мөн тэр байдлыг манай эхнэр хараад хардах болсон байх гэжээ. /хх-ийн 32-33/
Гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би ажлын байран дээрээ байж байгаад гар утсаараа фейсбүүк ортол Замын-Үүд нэгдсэн зар мэдээлэл гэсэн зарын групп дээр “...” гэх хаягаас манай эгч 3.Ч-ын зургийг байршуулж байгаад "эхнэртэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа” гэх пост оруулсан байсан тэгээд би тэрийг нь харчхаад хуулж аваад шууд эгчийнхээ чат руу явуулсан. Миний бодож байгаагаар айл гэр үймүүлэхээ боль гэсэн пост оруулсан байсан тул би айлын нөхөртэй явалдсан гэсэн утгатай байна гэж тэр постыг бодсон. Манай эгч 3.Ч нь Замын-Үүд сумын ... ажилладаг бөгөөд нөхөр Н болон 3 хүүхдийн хамт Замын-Үүд суманд амьдардаг. Нөхөр Н нь том тэрэгний жолооч тул хувийнхаа том тэргээр тээвэр хийгээд хөдөө гадаагаар явж байдаг юмаа. Манай эгч 3.Ч нь 2023 оны 07 дугаар сар хүртэл нөхөр хүүхдийн хамт ээж болон надтай хамт нэг гэрт амьдардаг байж байгаад тусдаа гарсан мөн бид хоёр их ойр дотно байдаг тул бие биедээ илэн далангүй бүх зүйлээ ярьдаг ийм учраас би 3.Ч-ын айлын нөхөртэй явалдах хүн биш гэж маш сайн мэдэж байна гэжээ. /хх-ийн 19-20/
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлын байран дээрээ байж байтал 3.Ч надтай уулзаад миний талаар цахим орчин худал мэдээлэл нийтэлсэн байсан өөр янз бүрийн групп дээр тавигдсан байх юм бол надад хэлээрэй би цагдаагийн байгууллагад хандана гэж хэлж байсан. Тэгээд би удалгүй гар утсаараа фейсбүүк ортол ... замын ажилчдын нэгдсэн групп дээр “...” гэх хаягаас 3.Ч-ын зургийг байршуулж байгаад "эхнэртэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа” гэх пост оруулсан байсан тэгээд би тэрийг нь харчхаад хуулж аваад шууд 3.Ч-ын “...” гэх чат руу явуулсан. Надад өмнө 3.Ч өөрөө тайлбарлаж хэлсэн байсан тул би постыг хараад янз бүрийн юм бодолгүй шууд хуулж аваад 3.Ч руу явуулсан. Манай найз 3.Ч нь Замын-Үүд сумын ... ажилладаг бөгөөд нөхөр Н болон 3 хүүхдийн хамт Замын-Үүд суманд амьдардаг нөхөр Н нь том тэрэгний жолооч тул хувийнхаа том тэргээр тээвэр хийгээд хөдөө гадаагаар явж байдаг юмаа гэжээ. /хх-ийн 23-24/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 34/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прозурорын тогтоол /хх-ийн 36-37/
Хохирогчийн гомдол /хх-ийн 40/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прозурорын тогтоолыг хүчингүй болгох тухай 2024 оны 01 сарын 04-ний өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 42-43/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн...дугаартай тогтоол /хх-ийн 51-53/
Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч, хохирогч нарын фейсбүүкээр харьцсан мессеж /хх-ийн 62-75/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46-77/
Самсунг галакси С8 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 82-84/
Шинжээчийн 2024 оны 03 сарын 10-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.2.З-н Ч-ын сэтгэцэд 2023 оны 11 сарын 14-15-нд шилжих шөнийн гэмт хэргийн улмаас сэтгэл түгшитлийн хариу урвалын шинжүүд илэрч байна. 3.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 4.Шинжилгээний явцад мөрдөгчийн тавьсан асуултын хүрээнд багтаагүй боловч хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэхүйц ач холбогдол бүхий зүйл нэмэлтээр илэрээгүй. /хх-ийн 87-89/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 96-97/
Замын-Үүд сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу 2024 оны 03 сарын 04-нөөс 05-нд, 05-наас 06-нд явсан вагоны 105,100 төгрөгийн тасалбар /хх-ийн 130/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Э нь нөхөр Б.М-ыг З.Ч-тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгааны улмаас хардаж 2023 оны 11 сарын 14-нөөс 2023 оны 11 сарын 15-нд шилжих шөнө “...” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж З.Ч-ын ашигладаг “...” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаас зургийг нь авч “... хамгийн том зар, мэдээлэл”, “... ачаа тээвэр-такси-бараа хүргэлт”, “... ажилчдын нэгдсэн групп”, “... нэгдсэн зар, мэдээлэл” гэх нэртэй фейсбүүкийн зарын группүүдэд “Exnertei huuhedtei xvntei zawaar ch ger bvl salgahaa bol buzraa” /эхнэртэй хүүхэдтэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа/ гэж бичиж зургийг нь тавьж нэг төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.Ч-ын “...2023 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн үед манай дүү Д миний гар утас руу залгаад “та чатаа хардаа” гэж хэлсэн тэгээд би чатаа хартал ... нэгдсэн зар мэдээлэл гэх зарын групп дээр “...” гэх хаягаас миний фейсбүүк дээр байсан зургийг татаж дээр нь “Эхнэртэй хүүхэдтэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа” гээд зар оруулсан байсан тэгээд удалгүй манай нөхөр бас энэ зарыг над руу явуулсан байсан. Тухайн үед би “...” гэх хаяг руу орж үзтэл хуурамч хаяг байсан. Тэгээд би тухайн постыг хуулж аваад “...” гэх хаяг руу явуулаад “та энэ постыг тавьсан уу” гэж асуутал над руу хариу бичээгүй тэгээд маргааш өглөө нь “...” гэх хаягаас “завхайрсан чинь үнэн биз дээ” гэж бичсэн байсан тэгээд М гэх хүнтэй яриад “танай эхнэр арай дэндлээ та надад эхнэрийнхээ утасны дугаарыг өг” гэж хэлээд дугаарыг нь нэртэй нь аваад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.” /хх-ийн 06-08/ гэх мэдүүлэг, гэрч Б.М-ны “...Манай эхнэр сүүлийн үед миний гар утсыг нууцаар үздэг болсон бөгөөд би өөрийнхөө фейсбүүкээр таньдаг эмэгтэй хүмүүсийн нүүр зураг болон бусад зураг нь дээр лайк дарах эсвэл зүрх дарсан байхыг харчхаад хардаад байх болсон тэр хардаад байгаа хүн нь “Uka Queen” гэсэн фейсбүүктэй эмэгтэйтэй хардах болсон.” /хх-ийн 32-33/ гэх мэдүүлэг, гэрч З.Д-ийн “... зар мэдээлэл гэсэн зарын групп дээр “...” гэх хаягаас манай эгч 3.Ч-ын зургийг байршуулж байгаад "эхнэртэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа гэх" пост оруулсан байсан тэгээд би тэрийг нь харчхаад хуулж аваад шууд эгчийнхээ чат руу явуулсан. Миний бодож байгаагаар айл гэр үймүүлэхээ боль гэсэн пост оруулсан байсан тул би айлын нөхөртэй явалдсан гэсэн утгатай байна гэж тэр постыг бодсон. Манай эгч 3.Ч нь ... сумын .... ажилладаг бөгөөд нөхөр Н болон 3 хүүхдийн хамт ... суманд амьдардаг.” /хх-ийн 19-20/, гэрч Б.Д-ийн “...Солонго Соко” гэх хаягаас 3.Ч-ын зургийг байршуулж байгаад “эхнэртэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа” гэх пост оруулсан байсан тэгээд би тэрийг нь харчхаад хуулж аваад шууд 3.-ын “...” гэх чат руу явуулсан. Надад өмнө 3.Ч өөрөө тайлбарлаж хэлсэн байсан тул би постыг хараад янз бүрийн юм бодолгүй шууд хуулж аваад 3.Ч руу явуулсан. Манай найз 3.Ч нь ... сумын ... ажилладаг” /хх-ийн 23-24/ гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч, хохирогч нарын фейсбүүкээр харьцсан мессеж /хх-ийн 62-75/, Самсунг галакси С8 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 82-84/, шинжээчийн 2024 оны 03 сарын 10-ны өдрийн.... дугаартай дүгнэлт /хх-ийн 87-89/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” үүргээр хязгаарлагдана.
“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.
“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.
Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гэмт этгээд нь хохирогч руу шууд чиглэн түүний хувийн болон ёс зүй, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан илт худал мэдээллийг санаатайгаар олон нийт буюу бусдад тарааж ярьснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.
Шүүгдэгч Б.Э нь “...” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж хохирогч З.Ч-ын ашигладаг “...” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаас зургийг нь авч “...”, “...”, “...”, “...” гэх нэртэй фейсбүүкийн зарын группүүдэд “Exnertei huuhedtei xvntei zawaar ch ger bvl salgahaa bol buzraa” /эхнэртэй хүүхэдтэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа/ гэсэн илт худал мэдээллийг тавьж түүний зургийн хамт тавьснаар хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.
Шүүгдэгч Б.Э-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж гэм буруутайд тооцов.
Хохирлын хувьд:
Хохирогч З.Ч-ын сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд хамаарахаар шинжээчийн 2024 оны 03 сарын 10-ны өдрийн ....дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 сарын 31-ны өдрийн... ..., . дугаартай тушаал, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн ... дугаартай тогтоолын хавсралтад зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /550,000х4,99/ тэнцэх хэмжээний буюу 2,744,500 төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 сарын 01-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хөдөлмөр хөлсний доод хэмжээг сард 550,000 төгрөг байхаар тогтоосон болно. Сэтгэцэд учирсан хор уршийг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож гаргах нь зүйтэй байна.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээлгээнд хамрагдах үүднээс хохирогч З.Ч нь Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу 2024 оны 03 сарын 04-нөөс 05-нд, Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу 2024 оны 05-наас 06-нд явсан болох нь вагоны тасалбараар тогтоогдож байх тул шүүгдэгчээр тасалбарын үнэ 105,100 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчид учруулсан хор уршийг харгалзан үзээд шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ялыг оногдуулсан болно. Шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, цалин орлогыг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Э-с /2,744,500+105,100/ 2,849,600 төгрөгийг гаргуулж хохирогч З.Ч-д олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б