Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00093

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбян,

Улсын яллагч П.Итгэл ,

Шүүгдэгч Л.Дорждэрэм нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Лхагва-Очирын Дорждэрэмд холбогдох эрүүгийн 201722000158 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржгон Лхагва-Очирын Дорждэрэм, 1978 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЮ78112014 дугаартай,

Шүүгдэгч Л.Дорждэрэм нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Батдэлгэртэй маргалдсаны улмаас хашаа руу түлхэж унаган бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Дорждэрэм нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Батдэлгэрийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Дорждэрэмийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хажуугаар нэг зэлуу өнгөрөхдөө хөл дээр гишгэчихээр нь хөөе яаж байна гэсэн чинь яасан ч юмгүй гээд яваад өгсөн. Би мөрөөрөө түлхчихсэн чинь намайг заамдаад авсан. Тэгээд намайг доромжлоод байхаар нь заамдаж аваад нэг цохьчихсон. Тэгээд намайг мөргөх гээд байхаар нь би барьж аваад хашаа руу түлхэж хаячихаад яваад өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Батдэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Дорждэрэм намайг мөрлөөд авахаар нь та яаж байна гэтэл ах захаа мэдэхгүй том бацаан шүү гэхээр нь томорсон юм алга холд гээд түлхээд өнгөрөх гэтэл намайг заамдаж аваад цохисон. Босоод ирэхэд хашааруу хүчтэй түлхэж унагаагаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Ням-Осорын  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190 тоот дүгнэлтэд:

1. Д.Батдэлгэрийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.

2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

Хохирогч Д.Батдэлгэр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 26 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Дорждэрэм нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Л.Дорждэрэмд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Батдэлгэр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

     Эрүүгийн 201722000158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржгон Лхагва-Очирын Дорждэрэмийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Л.Дорждэрэмд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Л.Дорждэрэмийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000158 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дорждэрэмд урьд цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР