| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Э.Мөнх-Оргил
Шүүгдэгч Б.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э. /цахимаар/
Хохирогчийн өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.......-д холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ....... сумын ...... баг, .... .... 1-7 тоотод тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... овогт .....-ийн ......, /регистрийн дугаар: ........../
Шүүгдэгч Б....... нь 2024 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 06 цагийн үед Завхан аймгийн ....... сумын ....... багт байх хохирогч Л.-ийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Л.-ийн толгой хэсэгт шургуулгын тагаар 1 удаа цохиж, түүний биед зүүн чамархай хэсэгт гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Л.....-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч ..... овогт ....-ийн М нь 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн ...... сумын .......... багийн ........... хэсгийн 104 тоотод байх хохирогч Л.-ийн гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Л.-ийн толгой хэсэгт шүүгээний шургуулгаар 1 удаа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Б.-д зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Л.-ийн “...Би 2024 оны 3 дугаар сарын 09-ний 06 цагийн үед ... гэртээ ... Б.-тай маргалдаж, М намайг манай гэрт байсан тавилгын модон шургуулгаар толгой руу нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлгээр,
Б. Л.-г цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн тухайн үед хамт байсан гэрч Ё.-ын “... Г, Л., М, Г. бид 5 Л.-ийн гэрт бөөнөөрөө өглөө 05 цаг өнгөрч байхад очсон. Гэрт нь ирэхэд Л.-ийн эхнэр Ц 1 эмэгтэй хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Тэгсэн Л. 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Тэгээд тухайн архийг Г, Л., М, Г. бид 5 уугаад талдаа орж байх үед М, Л. нар морь ярьж байгаад хоорондоо маргасан. Тэгээд тэр 2 хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. Тухайн үед Г, Г. бид 3 дундуур нь ороод салгасан. Ц цагдаа дуудаад Г бид 2 М, Г. 2-ыг гаргаж явуулаад Л.-ийн толгойноос цус их гараад байхаар нь цусыг нь тогтоох гээд байж байх үед эмч, цагдаа нар ирсэн... Уг асуудал болох үед Г, Г., М, Л, түүний эхнэр Ц бид 6 байсан. . Л.Л-ийн гэрт байсан гутлын 3 нүдтэй түмбүүшигний дээд нүд нь галын ойролцоо унасан байдалтай байсан. Яг тухайн түмбүүшигний тагаар цохисон эсэхийг би бол хараагүй. Гэхдээ түмбүүшигний нүүр хэсэгтэй цус болсон байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Э.-ийн “...Ц, Г., М, Л. бид нар Л-ийн гэрт бөөнөөрөө өглөө 05 цаг өнгөрч байхад ирсэн. ...М, Л нар морь ярьж, байгаад хоорондоо маргасан. Удаагүй маргаан ширүүсээд тэр 2 хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. Тухайн үед Ц, Г.Л бид 3 дундуур нь ороод салгасан. Нэг мэдэхэд Л.-ийн толгойноос цус их гараад эхнэр Ц нь цагдаа дуудаад Ц бид 2 М, Г.Л хоёрыг гаргаж явуулаад Л-ийн цусыг тогтоох гээд байж байх үед эмч цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Г.-ийн “...Тэгээд Л.-ийн гэрт Г, Б, М, Л., эхнэр Ц бид нар юм ярьж байгаад Л. 1 шил архи задлаад ууцгаасан. Тэр үед бид нар хоорондоо баяр наадам, хурдан морины талаар ярилцаж байсан юм. Тэгтэл юунаас болсон юм бүү мэд, нэг харсан чинь Л. очоод М-ын толгой хэсэг рүү хуванцар сандлаар цохиод авсан юм. Тэгээд хажууд нь байсан болохоор бид хэд босоод Л., М нарыг салгатал тэрхэн хооронд л М, Л.-ийн шанаа хэсэг рүү нь 2 удаа цохичих шиг болсон. Тэгтэл Л-ийн толгойноос цус гараад эхэлсэн. Хамт байсан хүмүүс цусыг нь тогтоох гэж байх хооронд би М-ыг аваад гэрээс нь гарч явсан. Би яг юугаар цохисныг нь хараагүй, гараараа цохисон байх, би тэр хоёрын дундуур орчихсон Л. рүү харсан байдалтай салгаж байх үед М миний хажуугаар цохичих шиг болсон...” гэсэн мэдүүлгээр,
гэрч О.Ц-ийн “...Л.Л, М 2 наадам, хурдан морины тухай ярьж байгаад хоорондоо маргалдаад М манай нөхрийг чи гэж хэлэхэд, манай нөхөр намайг чи гэж дуудлаа манайхаас зайл гэж хэлсэн. Тэгтэл М уурлаад орон дээрээс босож ирээд орны доор байсан модон тавилгын шургуулгыг татаж гаргаад, шургуулгаар нөхөр Л.Л-ийн толгой хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед яах ийхийн зуургүй тийм юм болоод өнгөрсөн. Шургуулгаар цохисны дараа тэр шургуулга нь хэдэн хэсэг салаад манай нөхөр газар байсан. Ширээн дээгүүр даваад газар унаад толгойноос цус маш их гарч эхэлсэн. М манай нөхрийг цохисны дараа шургуулга нь хэдэн хэсэг салаад шургуулгын таг бариултайгаа гарт нь үлдсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.М-ын үйлдлийн улмаас хохирогч Л.Л-ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай “... 1. Л.Л-ийн зүүн чамархай хэсэгт гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлд цохигдох үед үүснэ. 3. Тухайн гэмтлүүд нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. 4. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Л.Л-ийн зүүн чамархай хэсэгт гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Шүүгдэгч нь хохирогчийн толгой хэсэгт эд зүйлээр цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.М хохирогч Л.Л-ийн толгой хэсэгт шүүгээний шургуулгаар 1 удаа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Б.М нь хохирогчийн толгой хэсэгт шулгуургаар 1 удаа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Б.М нь Л.Л-ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохиж зодсон үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогчийн “миний эмчилгээ хийлгэсэн зардал төлбөрийг бүрэн барагдуулсан тул хохирол, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч нь хохирогчийн цаашид эмчлүүлэхтэй холбогдох гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17.5*4 см хэмжээтэй гол хэсэгтээ бариултай, цагаан өнгөтэй, шахмал модон түмбүүшигний шургуулганы нүүр 1 ширхгийг устгаж, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт ...-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.М-д 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17.5*4 см хэмжээтэй гол хэсэгтээ бариултай, цагаан өнгөтэй, шахмал модон түмбүүшигний шургуулганы нүүр 1 ширхгийг устгахыг Шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ