Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Г.Мөнхнасан,

хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Х.Болортуяа нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Болортуяад холбогдох эрүүгийн 2415000000042 дугаартай 163/2024/0081/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Мижид овогт Хүрэлийн Болортуяа, Булган аймгийн Могод суманд 1968 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ам бүл 2, нөхрийн хамт Булган аймгийн Могод сумын * дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, 56 настай, эмэгтэй, РД: ГЕ68070109.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Болортуяа нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Мөнхнасантай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000042 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Болортуяа нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт оршин суух Д.Мөнхнасангийн /Г.Мөнхнасангийн хадам ээж/ гэрт Г.Мөнхнасантай “хадам дүү Баасангийн малыг нь авч идчихээд өөрийг нь асрахгүй байна гэх Мөнхнасангийн үгийг үгүйсгэж” хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдсаны улмаас Г.Мөнхнасангийн биед доод уруулд шарх, зулгаралт, 3 шүд булгарал, эрүү, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Болортуяагийн өгсөн: Зээгийнхээ үсийг аваад бага зэргийн найр хийсэн. Тэр үед Мөнхнасан согтуу орж ирсэн. Тэгэхэд манай гэрт хүргэн, охидууд байсан ба Мөнхнасан нь зүгээр байхгүй, манай хүргэн охидуудыг хараалын үг хэлж доромжлоод салаавч гаргаад агсамнаад байсан. Тэгснээ ахтайгаа уулзана гээд байсхийгээд манай нөхрийг гэрээс дагуулж гарчихаад байсан. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь ахыгаа гэртээ аваачиж байгаад архи өгнө, тэгээд бие муутай дүүг нь харуулна гээд байхаар нь за тэгье гээд Мөнхнасангийн гэрт очсон. Гэрт нь ороход Мөнхнасангийн эхнэр оёдлын машин дээр юм оёод сууж байсан. Тэгээд Мөнхнасан эхнэрээсээ архи нэхсэн. Тэгсэн чинь эхнэр нь нөхөр бид хоёрыг архи нэхүүллээ гэж буруугаар ойлгосон ба манайд юу байдаг юм гэж уурлаад байсан. Тэгээд Г.Мөнхнасан нь гэнэт чангаар уйлж байснаа над руу хараад намайг доромжлоод “новшийн авгай, балай авгай, гичий” гэж доромжлоод салавч гаргасан. Тэгэхээр нь би юу гээд байгаа юм бэ? чи, яаж байгаа юм бэ? гээд босоод ирсэн чинь хүмүүс зүгээр орхи гэхээр нь суугаад цай уусан. Хэсэг байж байгаад дахиад л намайг янз бүрийн үгээр доромжлоод байхаар нь доош нь тонгойлгож байгаад нуруун дээр нь алгадаад босоод ирэхээр нь унт чи гэж хэлээд цээжнээс нь бариад цаашаа түлхсэн. Мөнхнасан ар дагзаараа авдар саваад ойчсон. Тэгэнгүүтээ би гэрээс гарсан юм. Манай нөхөр надтай зөрөөд гэрт ороод гарч ирээд Мөнхнасан зүгээр л сууж байна шүү дээ, цус гарсан шинжгүй л байна гэж надад хэлсэн. Түүнээс биш би тэгж айхтар зодсон зүйл огт болоогүй. Тухайн үед авгай нь болохоор цус садартал зодсон, уруул ам нь цоорсон гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед цус гарсан зүйл огт байгаагүй. Нөхөр бид хоёр машин дотор сууж байсан чинь эхнэр нь хүүхэдтэйгээ гарч ирээд цагдаа дуудна гээд байсан ба нөхөр бид хоёр хэсэг зогсож байгаад яваад өгсөн. Би нөхрийн хамт Г.Мөнхнасантай ярилцаад хоёулаа ярилцъя, эвлэрье гээд яваад очиход ерөөсөө юм дуугарахгүй, маск зүүчихээд хэвтээд байсан. Энэ хүн цагдаа мөрдөгч нарт огт худлаа яриад байна. Цагдаа надаас мэдүүлэг авахдаа миний нүүр рүү огт харахгүй доошоо тонгойгоод компьютер рүүгээ ширтээд байхаар нь та нар чинь одоо ямар янзын юм бэ?, хүний нүүр рүү хараад мэдүүлэг авч чадахгүй гээд хэлж байсан. Мэдүүлэг өгөх гээд цагдаа руу ороод сайн байна уу? гээд мэндэлсэн чинь өө нөгөө аварга уу? гээд хүнд гаруудтай харьцаж байгаа мэт ярихаар нь хүнтэй ч аятайхан мэндэлчихэж чадахгүй гээд загнах маягтай хэлсэн. Мөнхнасан нь цагдаа мөрдөгч нарт худлаа хэлээд байсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мөнхнасангийн өгсөн: 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Болортуяагийн ач хүүгийн үсний сэвлэг үргээх найр болсон. Тэгээд би хүүхдийнх нь үсний найран дээр очоод Болороо эгч, Бат ах хоёрт хандан “та нар малыг нь аваад идэж уусан юм бол Баасан ахыг хэд хоног ч болтугай асарч болдоггүй юм уу?, би 7-8 жил асарч байна” гэж хэлсэн урдаас битгий хуц гэж хэлсэн. Тэгэхэд эдний охидууд нь над руу дайраад байсан. Дайраад байхаар нь манай найз намайг хүргээд өгье гэж байтал Бат ах, эхнэр Болортуяа, Мөнхтуяа нарын хамт хүргэж өгнө гээд манай гэрт ирцгээсэн. Тэгээд орж ирээд цай уугаад сууж байхад нь би та нар ахын малыг нь идсэн юм бол Баасан ахыг харж хандалдаа гэж хэлсэн чинь битгий хуц хүүрээ гэсэн. Тэгээд намайг босож ирээд нүдсэн. Тэр үед манай гэрт ээж, эхнэр, хүүхдүүд байсан. Зодож байгаад түлхээд унагахад авдар мөргөөд унасан. Энэ үед Болортуяа байж л байсан. Тэгээд цагдаа дуудна гэж хэлэхэд тэр чигээрээ гараад алга болсон. Цагдаа ирээд намайг эмнэлэг рүү дагуулж яваад үзүүлэхэд нэг шүд нь хугараад ойчсон, нөгөө хоёр нь булраад унасан байсан. Түүнээс биш би энэ хүнийг хэл амаар доромжлоогүй, май гээд салавч гаргаагүй, худлаа яриад байна. Тухайн үед би өөрийгөө авч явах чадвар, ухаантай байсан. Болортуяа эгч өмнө нь хүрч ирээд уучлалт гуйгаад эгч нь шүдийг нь янзлуулаад өгье гэсэн бол би энэ шат хүртэл явахгүй л байх байсан. Болортуяа урьд нь бас аяга шидэж миний толгойг хагалж байсан. Тухайн үед нь би юу ч яриагүй, зүгээр өнгөрөөж байсан. Ер нь Болортуяа нь манай тэрүүгээр байнга л хүн амьтан зодож явдаг хүн дээ. Би гомдолтой байна. Би нааш цааш явсан замын зардал, шүд хийлгэх эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, өмгөөллийн хөлс, эм тарианы мөнгө зэрэг нийт 9 сая гаруй төгрөгийг нэхэмжилж байна. Шүдийг нь эмчлүүлээд өгье гэж хэлэхэд үгүй гээд байсан гэж байна. Тэр үед Болортуяа эгч өөрөө манай гэрт орж ирээгүй, Бат ах орж ирээд чи аймаг явах юм уу? гэж асуухад нь хонь мал төллөөд завгүй байна, явж чадахгүй гэж хэлсэн. Түүнээс биш Болортуяа орж ирээд уучлалт гуйгаад шүдийг нь эмчлүүлээд өгье гэж хэлээгүй. Хэрвээ хэлсэн бол би аймаг яваад шүдээ эмчлүүлчих байсан. Ингээд худлаа яриад байгаа байхгүй юу гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Г.Мөнхнасангийн өгсөн: 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Болортуяа эгчийн охин Ангирын хүүхдийн үсний найранд орсон. ...Манай гэрт ороод цай ууж байгаад Болортуяа эгчид хэлмээр санагдаад байхаар дахиад “та нар Баасан ахыг гэртээ авч асар, хамаг малыг нь та нар авч идчихээд” гэж хэлсэн. Тэгтэл Болортуяа уурлаад “битгий хуц” гэж хэлээд босож ирээд миний ууц нуруу хэсэг рүү гараараа цохиж байснаа мангасдаад хойш нь түлхсэн. Тэгтэл би хойшоо авдрын булан мөргөөд унасан. Би унахдаа баруун талын эрүү хэсгээрээ унасан, унаад босоод иртэл нэг шүд хугарч унасан. Хоёр шүд унахад бэлэн болсон байсан. Болортуяа намайг түлхсэний дараа миний ам хэсгээс цус гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,

Түүний 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хохирогчоор дахин өгсөн: ...Би эхнэрийнхээ хамтаар Баасан ахыг сүүлийн 7 жил асарч байгаа юм. Баасан ах хоёр удаа харвасан бие муутай хэвтэрт байдаг юм. Эхнэр бид хоёр дандаа асардаг болохоор бусад ах дүү нараа хэсэг ч гэсэн хараад өгдөггүй юм байхдаа гэж бодож явдаг юм. Тэгээд жаахан юм уусан үедээ энэ талаар хэлмээр санагдаад хэлтэл маргаан болж Болортуяа шууд уурлаад намайг цохиж эхэлсэн.  ...Тухайн үйл явдлаас болж миний эрүүл 3 шүд унасан, тагнайтай хиймэл шүд хугарсан, мөн эмчилгээ, эм тарианы мөнгө болон замын зардлыг нэхэмжилнэ. Би шүдний эмнэлэгт очиж асуухад 1 шүдний имплант 2,500,000 төгрөг нийт 3 шүднийх 7,500,000 төгрөг, хиймэл шүд 400,000 төгрөг болно гэж хэлсэн. Би Булган аймгийн цагдаагийн газарт өмнө нэг ирж мэдүүлэг өгсөн. Мөн шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх гэж нэг удаа ирсэн. Тэгээд энэ удаа ирсэнтэй нийлээд гурван удаа ирсэн байх тул нийт 422,800 төгрөгийн зардал гарсан. Мөн эм тарианд 59,930 төгрөг. Өмгөөлөгчийн хөлсөнд 800,000 төгрөг гэх зардал гарсан байна. Тийм учир би нийт 9,182,730 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах замын зардал зэргийн нэхэмжлэх болно. Би сэтгэл санааны хохиролтой байна. Болортуяа эгч надаас уучлалт гуйгаагүй. Мөн эмчилгээний төлбөрт одоогийн байдлаар ямар мөнгө өгөөгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

2. Гэрч Г.Булганы өгсөн: ...Болортуяа нь нутгийнхаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг зодоод байдаг гэж нутгийн хүмүүс ярьдаг. Хүний бие, эрх чөлөөнд халдсан үйлдэлдээ огт гэмшдэггүй, дандаа өөрийгөө зөвтгөж ярьдаг хүн. Архаг хууч өвчин байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3. Гэрч Д.Мөнхтуяагийн өгсөн: ...Тухайн үед Мөнхнасан бид хэдийг гэрээрээ ороод гар гэж хэлсэн. Тэгээд Мөнхнасангийнд ороход Цогзолмаа эгч байсан. Бид нар Мөнхнасангийн ороод байж байтал Бат ах удахгүй гараад явсан. Батыг гарч явсны дараа Мөнхнасан Болортуяа эгчийг балай авгай минь гэх мэтээр доромжлоод байсан. Тэгтэл Болортуяа эгч чимээгүй цайгаа ууж байснаа уурлаад Мөнхнасанг гараараа хойш нь түлхсэн чинь Мөнхнасан толгой хэсгээрээ авдрын нүүр мөргөөд унасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

4. Гэрч Д.Цогзолмаагийн өгсөн: 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал гаднаас манай нөхөр Мөнхнасан, миний төрсөн ах Бат, түүний эхнэр Болортуяа, хамаатан Мөнхтуяа нар орж ирсэн. Ирэхдээ үсний найрнаас ирлээ гээд бүгд согтуу байсан. Манай нөхөр Мөнхнасан Болортуяад хандаж “та нар Баасангийн хамаг малыг нь идчихээд одоо наад хүнээ асар” гэж хэлтэл Тэгтэл Болортуяа “чи юу хуцаад байгаа юм бэ?” гээд босч ирээд Мөнхнасанг гараа атгаж байгаад нуруу хэсэг рүү нь 3 удаа цохиод, хумсаараа маажсан.  Тухайн үед манай нөхөр согтуу байсан учраас нүүр лүү нь хойш нь түлхсэн. Тэгтэл Мөнхнасан толгой хэсэг, баруун хацар шанаа хэсгээрээ авдрын булан мөргөөд унасан. Мөнхнасан газраас босохдоо уруул хэсэг нь язарсан, хиймэл шүд нь хугарч унасан, нэг шүд нь унасан, хоёр шүд нь хөдөлсөн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

5. Гэрч Д.Должинсүрэнгийн өгсөн: 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед Бат, Болортуяа, Мөнхтуяа, Мөнхнасан нар бөөндөө манай гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд удаагүй байж байтал манай хүргэн Мөнхнасан Болортуяад хандаж Баасан ахын хамаг малыг идчихээд гэр орондоо авч очоод асарч болдоггүй юм уу гэхэд Болортуяа “чи юу хуцаад байгаа юм бэ? гэж хэлээд босоод Мөнхнасантай зууралдаад авсан. Зууралдаж байгаад Болортуяа Мөнхнасангийн нуруу хэсэг рүү 2-3 удаа цохисон. Ингээд гараараа хоолой хэсэг рүү нь хойш түлхээд унагаасан. Мөнхнасан хойш унахдаа эрүү хэсгээрээ авдрын булан мөргөж унасан. Авдар мөргөж унаж босч ирэхдээ ам хэсгээс нь цус гарсан, нэг шүд нь унасан байдалтай байсан. Тэгээд манай охин Цогзолмаа цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

6. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаартай: Магадлуулагч Г.Мөнхнасангийн биед доод уруулд шарх, зулгаралт, 3 шүд булгарал, эрүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3 шүд булгарал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

7. Яллагдагч Х.Болортуяагийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: Тухайн хэрүүл маргаан болдог өдөр манай зээ охин Ангирмаагийн үсний найр болсон. Найр дуусч нөхөр болон дүү Туяагийн хамтаар Мөнхнасанг гэр лүү нь хүргэж өгөхөөр явсан. Тэдний гэрт ороод цай уугаад сууж байтал Мөнхнасан намайг хэл амаар доромжлоод байсан юм. Тэгэхээр нь би босоод юу гээд байгаа юм чи гэж хэлтэл хажууд байсан хүмүүс суу, суу согтуу хүнтэй юу ярьдаг юм гээд байсан. Тэгээд намайг ахиад хэл амаар доромжлоод байхаар нь би тэсгэл алдаж босоод хэрүүл маргаан хийж байгаад түүний нуруу хэсэг рүү нэг алгадаж цохиод, нэг удаа базаад түлхчихсэн юм. Тэгээд ахиад босоод ирэхээр нь цааш нь түлхээд авдар луу унагаачихсан. Тухайн үед Мөнхнасан авдар луу толгой орчим хэсгээрээ унаж байгаа харагдсан. Би тэр үед түлхчихээд гараад явчихсан болохоор яг яаж унасныг нь сайн мэдэхгүй байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Мөнхнасан, гэрч Г.Булган, Д.Мөнхтуяа, Д.Цогзолмаа, Д.Должинсүрэн нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Х.Болортуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Х.Болортуяа нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хадам дүү Баасангийн малыг нь авч идчихээд өөрийг нь асрахгүй байна гэх Мөнхнасангийн үгийг үгүйсгэж” хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдаж Г.Мөнхнасанг гэрийн хойморт байх авдар руу түлхэж унагаасны улмаас түүний биед доод уруулд шарх, зулгаралт, 3 шүд булгарал, эрүү, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Болортуяагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мөнхнасангийн эрүүл мэндэд доод уруулд шарх, зулгаралт, 3 шүд булгарал, эрүү, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 48 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Монгол Улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Гэм буруу гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан өөрийн гэмт зан үйл, гэмт ажиллагаа болох нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршгийг хэрхэн ойлгож ухамсарласан сэтгэхүйн харьцааг хэлдэг бөгөөд оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас хамаарч санаатай болон болгоомжгүй гэсэн хэлбэрт ангилдаг байна.

Гэм буруугийн санаатай хэлбэрийг гэмт этгээдийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршигт хэрхэн харьцаж байгаа оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас шалтгаалан гэм буруугийн шууд ба шууд санаа гэсэн хоёр төрөлд ангилдаг.

Гэм буруугийн шууд санаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, учрах боломжтойг мэдсэн атлаа тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн байхыг хэлэх бол шууд бус санаа гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой, учирч болохыг урьдаас мэдсэн, тийм хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй боловч тэр хор уршигт өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байхыг ойлгоно.

Иймд шүүгдэгч Х.Болортуяагийн уурлаж бухимдсан үедээ Г.Мөнхнасантай маргалдаж улмаар биед нь халдаж түүнийг түлхэхэд хохирол хор уршиг учрах боломжтойг оюун санааны хувьд урьдаас мэдэх хэдий ч гэмтэл учруулахыг хүсээгүй, хохирогчтой маргалдах явцдаа түүнийг хойш түлхэн унагаасны улмаас хохирогч авдар мөргөн унахдаа түүний доод уруулд шарх, зулгаралт, 3 шүд булгарал, эрүү, нуруунд зулгаралт гэмтэл учирсан бөгөөд энэ нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Болортуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Х.Болортуяагийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршигт хохирогч Г.Мөнхнасан нь сэтгэцэд учирсан хохиролд 5,940,000 төгрөг, эм тариа, шатахууны зардалд 739,230 төгрөг, өмгөөллийн хөлс 800,000 төгрөг, имплант 3 шүд хийх 7,500,000 төгрөг, хиймэл шүд хийлгэх 400,000 төгрөг, нийт 15,379,230 төгрөг нэхэмжилсэн ба шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөгийг, эм тариа, шатахууны зардлаас цаг хугацааны хувьд тухайн хэрэгт хамааралтай нь тогтоогдохгүй үндэслэлээр 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 50.000₮, 03 дугаар сарын 30-ны өдрийн 20.000₮, 04 дүгээр сарын 08-ны өдрийн 75.800₮, 04 дүгээр сарын 15-ны өдрийн 37.000₮ бензиний үнэ нийт 182.800 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 556.430 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан  “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...” эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон иргэний эрх зүйн харилцаанд орж өмгөөлөгч талаас үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч талаас өмгөөлөгчид тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 800.000 төгрөг нь хуульд заасан зайлшгүй гаргах шууд хохиролд хамаарахгүй төдийгүй хохирогч өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан бөгөөд энэхүү өмгөөлөгчийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосон болно.

Түүнчлэн имплант 3 шүд хийлгэх төлбөр 7,500,000 төгрөг, хиймэл шүд хийлгэх 400,000 төгрөг, нийт 7,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Харин сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд: 
           Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах” тухай тогтоолоор батлагдсан нөхөн төлбөрийн жишиг аргачлалын дагуу мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар хөнгөн гэмтэл учирсан хохирогчид сэтгэцийн хор уршгийг 2-р зэрэглэлд тооцохоор заасныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. 
           Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон байх тул хор уршиг учрах үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлэн 3,960,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Х.Болортуяагаас эм тариа, эмчилгээний болон бензин шатахуун замын зардалд 556.430 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.960.000 төгрөг нийт 4,516,430 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мөнхнасанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн саналыг дэмжиж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Х.Болортуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Х.Болортуяагийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Болортуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 37, 53-56 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.Болортуяа нь нөхрийн хамт Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Болортуяагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Х.Болортуяаг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Болортуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Болортуяагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мижид овогт Хүрэлийн Болортуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Болортуяаг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Болортуяа нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Болортуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Болортуяагаас эм тарианы болон шатахууны зардалд 556,430 (таван зуун тавин зургаа мянга дөрвөн зуун гуч) төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,960,000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөг нийт 4,516,430 (дөрвөн сая таван зуун арван зургаа мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутагт оршин суух хаягтай Г.Мөнхнасан /РД:ТЗ76021411/-д олгож, хохирогч Г.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагаас гурван имплант шүд хийлгэх 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөг болон хиймэл шүдний үнэ 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг нийт 7,900,000 (долоон сая есөн зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 982,800 (есөн зуун наян хоёр мянга найман зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ