Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/95

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Б-өд холбогдох эрүүгийн 201722000172 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-,

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух иргэн Д.Ц-тай хэрүүл маргаан үүсгэн улмаар хаалгаар савж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух иргэн Д.Ц-ыг хувийн маргааны улмаас зодож түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б-ийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Амарсанааг өмөөрч эхнэр Д.Ц-ад хандаж чи яахаараа дандаа Санааг дээрлэхэж байдаг юм гэж хэлснээс болж маргалдаад гэрээс гарахдаа таабарын хаалгыг нь хүчтэй саваад хаасан чинь араас Д.Ц- гарч  ирж таараад би гарыг нь хаалгаар цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Ц-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манайд Б.Б- халамцуу орж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ гарсан. Б.Б- араас дагаж гарж ирээд доромжлоод байхаар нь эхнэр Нэргүйрүү утсаар ярьсан. Би зугтаагаад гэрлүүгээ орох гэхэд Б.Б- хүрч ирээд хаалгаар намайг савсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 220 тоот дүгнэлтэд:

1. Д.Ц-ын биед гэмтэл тогтоогдлоо

2. Д.Ц-ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/,

Хохирогч Д.Ц- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 23 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Ц- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Эрүүгийн 201722000172 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Б-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Б-өд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000172 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР