Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 149/ШШ2021/00148

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, Цахар овогт Жаргалсайханы *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: * тоотод оршин суух, 1982 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 39 настай, Их сартуул овогт Сеченовын *******д /РД:*******/ холбогдох

3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь С.*******тай 2006 онд танилцаад 2007 онд гэр бүл болсон. 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр том хүү Т.*******, 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дунд хүү Т.*******, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бага хүү Т.******* нарыг төрүүлсэн. Хоорондын таарамжгүй нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулснаас хойш 3 хүү маань миний асрамжинд амьдарч байна. Иймд 3 хүүхдийн миний асрамжинд хэвээр үлдээж хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Харин би цаашид Улаанбаатар хот явж амьдрах хүсэлтэй байгаа тул амьдарч байгаа байраа авмаар байна гэв.

Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан. Сая шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг сонслоо. Хүүхдүүд маань ээжийнхээ асрамжинд байгаа нь үнэн. Би хүүхдүүдээ халамжлах үүргээс татгалзахгүй. Би ер нь хүүхдүүддээ юу өгөх ёстой түүнийг өгнө тэтгэлэг төлхөөс татгалзахгүй. Үүнийг хуулийн хүрээнд дэмжинэ. Би 3 хүүхдээ хооронд нь салгахыг бодоогүй. Гурван хүүхэд маань гурвуулаа ээж дээрээ хамт байх нь зөв зүйтэй гэж бодож байгаа учраас тэтгэлгийн талаар маргах зүйлгүй зөвшөөрч байна. Байрны хувьд бол энэ амьдарч байгаа байраа зараад ипүтекийн зээлээ төлөөд үлдсэн мөнгөөр нь өөр байр авч болох юм гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******ас 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө, маргах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч С.******* нар нь 2006 онд анх танилцаж үерхэж дотно харилцаатай болж 2007 онд нэг гэрт орж 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ.

Гэрлэгчдийн дундаас 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүү Их сартуул овогт Тулгын *******, 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Их сартуул овогт Тулгын *******, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Их сартуул овогт Тулгын ******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас шүүхэд хандаж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 513 дугаартай шийдвэрээр С.*******, Ж.******* нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн байна.

Үүнээс хойш гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч Ж.*******гийн асрамжинд хүү Т.*******, Т.*******, Т.******* нар амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, Т.******* 12 настай, эрэгтэй, Т.******* 10 настай, эрэгтэй, Т.******* 06 настай, эрэгтэй, эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Ачит өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү Т.*******, Т.*******, Т.******* нарыг салгахгүйгээр эх Ж.*******гийн асрамжинд хамт үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлж тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөхөө дэмжиж оролцсоныг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.*******гийн хүү Т.*******, Т.*******, Т.******* нарыг өөрийн асрамжинд хэвээр үлдээж, хариуцагч С.*******ас сар бүр тэтгэлэг гаргуулж гурван хүүхдээ тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Ж.******* нь шүүх хуралдаанд ипотекийн зээлээр худалдаж аваад төлбөрийг нь бүрэн төлж дуусгаагүй одоо хүүхдүүдийн хамт амьдарч байгаа байраа авмаар байна гэсэн шаардлага гаргасан нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй тул шүүх энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь ипотекийн зээлээр худалдан авсан, төлбөр нь бүрэн төлөгдөөгүй байрынхаа талаар маргаантай асуудал гарвал шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч С.*******ас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч С.*******ас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 48665 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон Тогтоох нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Их сартуул овогт Тулгын *******, 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Их сартуул овогт Тулгын *******, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Их сартуул овогт Тулгын ******* нарыг төрсөн эх Ж.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.*******, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.******* нарыг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Т.*******, 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.*******, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.******* нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 насанд/ хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.*******ас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь эд хөрөнгийн маргааны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******ас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 48665 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөө хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг ерөнхий шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.