| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/00023/И |
| Дугаар | 149/ШШ2021/00102 |
| Огноо | 2021-03-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 149/ШШ2021/00102
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *, 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, Боржигон овогт Даваагийн Батцэцэгийн /РД:МР95110708/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоотод оршин суух, 1995 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Баргачин овогт Төмөрбаатарын Одонгаригд /РД:ГМ95062611/ холбогдох
хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 07 дугаар сард Т.Одонгаригтай танилцаж үерхэж байгаад 2018 оны 10 дугаар сараас эхлэн нэг гэрт тусдаа хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сараас эхэлж Т.Одонгариг архи их ууж тэр хавийн дэлгүүрт манай ээжийн нэрийг барьж өр тавьж мөн манай ах дүү хамаатан садны хүмүүсээс эд зүйлийг нь хэлэхгүй авах зэрэг үйлдэл гаргаад байсан тул бид хоёр маргалдаад Т.Одонгариг нь 2019 оны 01 дүгээр сараас саллаа гээд явсан. Үүнээс хойш тусдаа амьдарч байна. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Гэрэлцэцэгийг төрүүлсэн. Хүүхдээ төрөхөд нэг удаа ирсэн. Үүнээс хойш нэгч удаа ирээгүй. Одоо бол цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд охин Б.Гэрэлцэцэгийн эцгээр Т.Одонгаригийг тогтоож хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Одонгариг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төмөрбаатар овогтой Одонгариг нь Д.Батцэцэгийн нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй хүлээн авлаа.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Батцэцэг нь хариуцагч Т.Одонгаригт холбогдуулан охин Б.Гэрэлцэцэгийн эцгээр Т.Одонгаригийг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Одонгариг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Д.Батцэцэг хариуцагч Т.Одонгариг нар нь 2018 оны 07 дугаар сард танилцаад 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нэг гэрт хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Боржигон овогт Батцэцэгийн Гэрэлцэцэг төрсөн, эх Д.Батцэцэгийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, № 4322000317 гэсэн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Б.Гэрэлцэцэг 01 нас 06 сартай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Батцэцэг, хариуцагч Т.Одонгариг нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулаагүй учир охин Б.Гэрэлцэцэгийн төрсний гэрчилгээг авахдаа өөрөөрөө буюу эх Д.Батцэцэгээр овоглон авсан байна.
Мөн хариуцагч Т.Одонгариг нь охин Б.Гэрэлцэцэгийн эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д .... Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Д.Батцэцэгийн хариуцагч Т.Одонгаригийг охин Б.Гэрэлцэцэгийн эцгээр тогтоолгох, Т.Одонгаригаас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Б.Гэрэлцэцэгийг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 702000 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Т.Одонгаригаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэцэгт олгох, мөн хариуцагч Т.Одонгаригаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Т.Одонгаригт шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр хүрэлцэн ирээгүй ба мөн нэхэмжлэгч Д.Батцэцэг нь хариуцагч Т.Одонгаригийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч Т.Одонгаригийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Боржигон овогт Батцэцэгийн Гэрэлцэцэгийн эцгээр Төмөрбаатарын Одонгаригийг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Гэрэлцэцэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Гэрэлцэцэгийг 11-16 нас /суралцаж буй бол 18 насанд/ хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Одонгаригаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Одонгаригаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэцэгт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Одонгаригаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөө хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.