Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 149/ШШ2021/00102

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *, 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, Боржигон овогт Даваагийн *******ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: * тоотод оршин суух, 1995 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Баргачин овогт Төмөрбаатарын *******д /РД:*******/ холбогдох

хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 07 дугаар сард Т.*******тай танилцаж үерхэж байгаад 2018 оны 10 дугаар сараас эхлэн нэг гэрт тусдаа хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сараас эхэлж Т.******* архи их ууж тэр хавийн дэлгүүрт манай ээжийн нэрийг барьж өр тавьж мөн манай ах дүү хамаатан садны хүмүүсээс эд зүйлийг нь хэлэхгүй авах зэрэг үйлдэл гаргаад байсан тул бид хоёр маргалдаад Т.******* нь 2019 оны 01 дүгээр сараас саллаа гээд явсан. Үүнээс хойш тусдаа амьдарч байна. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Б.*******ийг төрүүлсэн. Хүүхдээ төрөхөд нэг удаа ирсэн. Үүнээс хойш нэгч удаа ирээгүй. Одоо бол цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд охин Б.*******ийн эцгээр Т.*******ийг тогтоож хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.******* 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төмөрбаатар овогтой ******* нь Д.*******ийн нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй хүлээн авлаа.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан охин Б.*******ийн эцгээр Т.*******ийг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Т.******* нар нь 2018 оны 07 дугаар сард танилцаад 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нэг гэрт хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Боржигон овогт *******ийн ******* төрсөн, эх Д.*******ийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, № 4322000317 гэсэн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Б.******* 01 нас 06 сартай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Т.******* нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулаагүй учир охин Б.*******ийн төрсний гэрчилгээг авахдаа өөрөөрөө буюу эх Д.*******ээр овоглон авсан байна.

Мөн хариуцагч Т.******* нь охин Б.*******ийн эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д .... Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Т.*******ийг охин Б.*******ийн эцгээр тогтоолгох, Т.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Б.*******ийг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 702000 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгох, мөн хариуцагч Т.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч Т.*******т шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр хүрэлцэн ирээгүй ба мөн нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.*******ийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч Т.*******ийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Боржигон овогт *******ийн *******ийн эцгээр Төмөрбаатарын *******ийг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.*******ийг 11-16 нас /суралцаж буй бол 18 насанд/ хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөө хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.