Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2021/00114

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, Боржигон овогт Баатархүүгийн *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын Засаг дарга

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах, хэрэв боломжгүй бол их эмчийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан бол 4767981 төгрөг, их эмчээр ажиллаж байсан бол 3836145 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг дарга Р.Батжаргал, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвд 2006 оноос эхэлж бага эмчээр ажилласан. 2013 оноос эхэлж их эмчээр, 2017 оноос эхлэн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байна. Тухайн албыг хашихдаа ямар ч зөрчилгүй ажиллаж байсан. 2018 оноос эхлэн тархины киста /уйланхай/ өвчнөөр өвчилсөн. 2018 онд ажил дээрээ ухаан алдаж унасан. Үүнээс хойш эмнэлгээр байнга явж байгаа. Мөн гэртээ байхдаа нэг удаа ухаан алдаж унаад эмнэлэг дуудаж байсан. Би 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлэхэд намайг ажлын ачааллаа бууруул гэсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол сумын засаг дарга С.Ариунбатад албан ёсоор биеийн байдлаа танилцуулаад Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас түр хугацаагаар чөлөөлж өгөөч гэж хүссэн. Түр чөлөөлөх хугацаанд биеэ эмчлүүлэх зорилготой байсан. Тэгээд сумын засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 тоот захирамж гарч намайг намайг Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас түр чөлөөлсөн. Энэ хугацаанд орон нутгийн сонгууль болсон учир Р.Батжаргал дарга намайг нэр дэвшээч гэдэг санал тавьсан. Тийм учраас би орон нутгийн сонгуульд оролцож ялалт байгуулсан. Төрийн албаны зөвлөл рүү ямар гомдол явсан, Төрийн албаны зөвлөлөөс ямар хариу ирсэн талаар надад огт мэдэгдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 тоот сумын засаг даргын захирамж гарч намайг эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас бүр мөсөн чөлөөлсөн. Энэ захирамжийг надад одоо болтол гардуулж өгөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би М.******* эмчтэй уулзсан. Тэгтэл намайг их эмчээр ажилла гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс их эмчээр ажиллах тушаалыг М.******* гаргасан. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны хооронд би өвчтэй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа очиход таныг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн. Р.Батжаргал дарга таныг битгий ав гэж хэлсэн гэж байсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 тоот сумын засаг даргын захирамжаар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 тоот захирамжийг хүчингүй болгож намайг ажлаас чөлөөлсөн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/63 тоот тушаалаар Эрүүл мэндийн төвийн дарга М.******* нь их эмчийн ажлаас чөлөөлсөн. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг барьсан нь би өөрөө ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад Хдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/1882 тоот албан бичгийг надад танилцуулаагүй. Иймд шалтгаангүйгээр ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилох, хэрэв боломжгүй бол их эмчийн ажилд эргүүлэн томилох, 2020 оны 11 дүгээр сараас хойш 2021 оны 03 дугаар сар хүртэл эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан бол 4767981 төгрөг, их эмчээр бол 3836145 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 6 дугаар хэсгийн задгайд оршин суух, 1973 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг дарга ажилтай, Боржигон овогт Раднаагийн Батжаргалаас /РД:МА73080714/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Орон нутгийн сонгуульд нэр дэвших талаар би Б.*******д санал тавиагүй. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би *******тай ярихад Архангайд явж байна гээд утсаа салгасан. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ардчилсан намын байранд нэр дэвшигч 27 хүнтэй цуглаад уулзаад байж байхад Б.******* нэр дэвшинэ гээд орж ирсэн. Тэгэхээр нь би чи төрийн албан тушаалтан учир ажлаасаа чөлөөлөгд гэхэд би Ариунбаттай ярьчихсан гэсэн. Би *******г үнэн юм ярь гэж хэлмээр байна. Засаг дарга С.Ариунбатад ажлаасаа түр чөлөөлөгдөх өргөдөл өгөхдөө албан ёсоор өгөөгүй гэж үзэж байгаа. Энэ нь ******* болон засаг дарга С.Ариунбат нарын алдаа юм. Б.*******г 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөөд оронд нь Х.Урангэрэлийг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хавсран гүйцэтгэгчээр томилсон байсан. Томилогдсон Х.Урангэрэл эмч нь ажлаа хийхгүй алга болсон. Төрийн албаны зөвлөлөөс албан бичиг ирсэн учир сумын засаг дарга С.Ариунбат 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б/27 тоот захирамж гаргаж ажлаас нь бүр мөсөн чөлөөлсөн. Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас түр чөлөөлөгдсөн мөртлөө 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл цалингаа аваад явсан байна лээ. Энэ нь хууль зөрчиж цалин авсан гэсэн үг. Ер нь бол Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 2 дугаар байр, № 02 тоотод оршин суух, 1992 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч, Чулуут бэлх овогт Мягмаржавын *******өөс /РД:*******/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.******* эмч 2018 оноос эхэлж тархины уйланхайтай болсон гэж ярьж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр анх өвчний түүхтэй нь танилцаж мэдсэн. 06 сарын дараа хагалгаанд орох ёстой байсан юм бол одоо хугацаа нь өнгөрчихөөд байна. Иймд өвчний улмаас түр чөлөө авсан гэж үзэхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.*******г Баянгол сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд аваад 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/63 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт болон холбогдох баримт бичиг, чанарын багийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Би 2019 онд Анагаах ухааны их сургууль төгсөөд ажилд орсон. Миний гаргасан тушаал үндэслэлтэй учир Б.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах, хэрэв боломжгүй бол их эмчийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан бол 4767981 төгрөг, их эмчээр ажиллаж байсан бол 3836145 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг дарга Р.Батжаргал, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч М.******* нар нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн № Б/25 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжаар Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс томилогдон ажилласан ба 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг дарга С.Ариунбатад хандан эрүүл мэндийн шалтгаанаар 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түр хугацаагаар Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд ажиллах хүсэлт гаргасныг үндэслэн Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн № Б/20 дугаартай захирамжаар Б.*******г Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар чөлөөлжээ.

Хариуцагч М.*******өөс гаргаж өгсөн нотлох баримтанд Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн № Б/18 дугаартай албан даалгавраар Эрүүл мэндийн төвийн их эмч Х.Урангэрэлийг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилсон тухай /Хх-н 35 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Урангэрэлийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн № Б/40 дугаартай тушаалаар Б.*******г Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд тоүр томилсон тухай /Хх-н 36 дугаар хуудас/ баримтууд байгаа боловч уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хасч тооцсон тул шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг дарга Р.Батжаргалын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № Б/30 дугаартай захирамжаар М.*******ийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад М.******* нь ажилд хүн томилох чөлөөлөх эрхгүй үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № Б/62 дугаартай тушаалаар Б.*******г Эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс томилоод 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр № Б/63 дугаартай тушаалаар Б.*******гийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон байх тул шүүх үнэлэлт өгч Б.*******гийн Эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3836145 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг дарга байсан С.Ариунбат нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн № Б/27 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******г 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж өөрийн гаргасан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн № Б/20 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нь хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтан өөрөө санаачилснаар цуцалж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул хуульд нийцээгүй, ажилтны эрх ашгийг илт хохироосон шийдвэр гаргасан гэж үзэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Мөн Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг дарга нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн № Б/27 дугаартай Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг нэхэмжлэгч Б.*******д өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Б.*******гийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах, хэрэв боломжгүй бол их эмчийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан бол 4767981 төгрөг, их эмчээр ажиллаж байсан бол 3836145 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3836145 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлан хавтаст хэрэгт нотлох баримтаар өгөөгүйгээс ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоог хийх боломжгүй байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.*******гийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалыншимтгэлийг авч байсан цалингийн хэмжээнээс хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70200 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 91240 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир хариуцагч Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******г Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргад даалгаж, нэхэмжлэлээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3836145 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилгүй байсан хугацааны цалингаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70200 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 91240 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.