Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/446

 

 

 

 

 

 

 

    2024           04           11                                          2024/ШЦТ/446

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Б.Батаа, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Н.Ундрах,

иргэдийн төлөөлөгч Ү.Даваажаргал,

шүүгдэгч ***, өмгөөлөгч С.Тэгшжаргал, С.Чинзориг,

хохирогчийн ёсны төлөөлөгч ***, ***, өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 заалтад заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Хэргийн товч утга: *** нь 2003 оны 7 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоот гэртээ төрсөн эх ***, өөрийн ихэр *** нарыг хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 755 дугаартай яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Э.Лувсансамбуу, Н.Пүрэвсүрэн, н.Даваасүрэн, Б.Манлайбаяр нарын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Р.Гансүхийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 923, 924 дугаар акт, шинжээчийн 2411, 2427, 2540, 2448, 2412, 13 дугаартай дүгнэлт, Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 367 дугаар акт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4174 дугаар акт, 2003 оны 07-р сарын 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, талийгаач ***, *** нарын цогцсоос үсний дээж авсан тэмдэглэл, үс, хумс хураан авсан тэмдэглэл, гэрч ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, ***ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 2-6, 22-23, 25-26, 28-33, 56-62, 63-64, 70, 72-75, 77, 79, 81, 85, 134-136, 156-166, 168, 176-178, 203-206, 214-215, 219-223, 225, 246-249 дугаар хуудас); Хэргийн материалаар шүүх эмнэлгийн хамтарсан давтан магадалгаа явуулсан 36 дугаар дүгнэлт, Биологийн шинжилгээний 1799 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2412/13 дугаар дүгнэлт, гэрч ***, *** нарын мэдүүлэг, шинжээч ***ын мэдүүлэг, ***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 5-8, 118-119, 129, 134, 191-192, 216, 230-234 дугаар хуудас); Хохирогч ***ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, ***ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, (3 дугаар хавтаст хэргийн 9-11, 77-78 дугаар хуудас); Хохирогч ***гийн мэдүүлэг, гэрч ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, шинжээч ***ын мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 184-185, 191-192, 194-195, 197-198, 200-201, 206-207, 210-211, 213-215, 224-225, 245-247 дугаар хуудас), ***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас),

- өмгөөлөгч С.Тэгшжаргал, С.Чинзориг нараас “Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4174 дугаар акт, Цагдаагийн ерөнхий газрын шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2427, 2540 дугаар дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн ишгүй хутганы байдлыг харуулсан гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, эмч нарын зөвлөгөө авах бичиг, насанд хүрээгүй яллагдагч ***ын мэдүүлэг, яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 2-6, 24, 42, 45-48, 75, 79, 82-83, 134, 144, 155-162, 169, 205-207 дугаар хуудас); гэрч ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6491(3290) дугаар акт, шинжээч эмч ***г байцаасан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 5-6, 7-8, 23-25, 127, 189 дүгээр хуудас); полиграфи ашиглаж асуулга явуулсан дүнгийн тухай магадалгаа (3 хавтаст хэрэг 77-78 дугаар тал); ***ын сонсгол сэргэх төвд үзүүлсэн шинжилгээний хариу, хүсэлт (6 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас)”;

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгчөөс “шүүх эмнэлийн задлан шинжилгээний 923, 924 дугаар акт, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, насанд хүрээгүй этгээдийг сэжигтнээр тооцох тогтоол, мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, насанд хүрээгүй яллагдагчийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61, 63-64, 134, 156-162, 164-165, 166 дугаар хуудас); хэргийн материалаар шүүх эмнэлгийн хамтарсан давтан магадалгаа явуулсан 367 дугаар акт (2 дугаар хавтаст хэргийн 118-119, 232-234 дүгээр хуудас)”;

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

Хоёр. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***ыг төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгөнөөс хулгайлах зорилгоор шунахай сэдэлтээр 2003 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гудамж *** тоотод өөрийн төрсөн эх ***, төрсөн дүү *** нарын унтаж байсан өрөөнд хутгатай нэвтрэн орж, мөнгийг хулгайлах явцад ээж *** мэдэж, улмаар амь хохирогчийн чи “мөнгө хулгайлсан, хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас өөр гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, нуун далдлах зорилгоор, маргалдаж, ноцолдож, амь хохирогч ***ыг цээжин тус газарт 3 удаа хутгалсан, мөн өөрийн төрсөн дүү ***ыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж хоёр хүнийг алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүнд холбогдох хэргийг  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг.

2.1. Прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцуулах яллах талын нотлох баримт (яллах дүгнэлтэд тусгагдсан) буюу хохирогч ***ийн шүүх хуралдаанд өгсөн “...үсний шинжилгээгээр гурвуулаа ноцолдсон юм шиг байгаа юм, алахын зорилго мөнгө байсан байх гэж бодож байна, мөнгөнөөс болсон байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг (3 хавтас 9-11 хуудас)

- гэрч ***ийн “...Эрэгтэй хүүхэд нь нээх тийм хүмүүжил муу зан зуршил байхгүй, харин эмэгтэй хүүхдээ жаахан хүмүүжил муу гэж талийгаач надад хэлж байсан, охиноо загнахаар 2-3 хоногоор гэртээ ирэхгүй алга болчихлоо гээд уйлаад байсан,  *** ээжийнхээ мөнгийг хулгайлж байдаг, талийгаач надад хэлэхдээ ***ыг дэрлээд унтсан хувцсан дотор нь нуусан мөнгөнөөс нь хулгайлаад авчих юм гээд байсан, тэгээд гэртээ *** бид хоёр байхад л мөнгө алга болоод байдаг юм аа гэж талийгаач хэлж байсан, 2003 оны 7 дугаар сарын 21-ний өдөр талийгаач хүүтэйгээ намайг байхад ямар ч байсан хэрэлдээгүй, тэгээд л би талийгаачаас арай түрүүлээд явчихсан, харин ***ыг чи дандаа миний угаасан хувцсыг өмсчих юм өөрийнхөө хувцсыг өмсөхгүй гээд загнаж байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 219-220 хуудас),

- гэрч  ***гийн “...Охин нь дураараа байнга мөнгө төгрөг нэхдэг байсан, талийгаач мөнгөө нуугаад унтахад мөнгө авчхаад байх юм гэж надад хэлсэн, тэр өдөр охин нь ирээд талийгаачаас мөнгө нэхээд жаахан маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 221-223 хуудас),

- гэрч ***гийн “...*** охиноо л жаахан буруу хүмүүжилтэй болчихлоо гэж байдаг, учир нь дэрэн доор нь хийсэн 5000 төгрөг мөн өөр мөнгөн төгрөг алга болчих юмаа тэгээд манай охин л авчихдаг юм гэсэн заримдаа үг хэлэхээр уцаарлаад уурлаад хэрэлдээд байдаг болчихжээ гэдэг, мөн та ***тай нээх нийлээд намайг тоохгүй байгаад байгаарай ***адаа юм авч өгчхөөд надад юм авч өгөхгүй гэдэг байсан юм л бол манай охин надаас юм авч өг гэдэг байсан,...эмэгтэй хүүхэд нь их эвгүй зантай гэсэн тэгээд л оройны цай хоолоо хий гэхэд манай охин уурлаад л хийхгүй гараад явчихдаг юм аа гэсэн...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 225 хуудас),

- гэрч ***ийн “...Талийгаач ***ыг маш их тэнээд байх юм, эмэгтэй хүүхэд байж ээжийгээ ойлгохгүй юм, гэр орны ажилд нэмэр болохгүй юм, гэрээс мөнгө алга болоод байна хэн аваад байгааг нь мэдэхгүй юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 246-249 хуудас)-үүд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн 2004 онд болсон шүүх хуралд оролцохдоо өөрийн бодол таамаглалаа хэлсэн гэж үзэхээр буюу ээж, охин хоёрын хооронд “...мөнгөний асуудал гардаг байсан, ээжийнхээ ажил дээр очиж мөнгө нэхдэг байсан, ***ын талаар амь хохирогч ***ын хэлж ярьж байсан” мэдүүлэгт үндэслэж ***ыг хулгай хийх зорилгоор хүн алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

2.2. Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Лувсансамбуугийн 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “хаалганд үзлэг хийхэд замган цоожтой, мөн дор нь далд нууц цоож байх ба цоожны хэл нь далд хаалганд ямар нэгэн эвдрэл хэмхрэлгүй, ...харин шалан дээр 4 хэсэг газар цусан мөр байсан ба тодорхой хэлбэр дүрсгүй байв, зүүн хананд дэлгэсэн диван байх ба түүн дээр бөөгнөрүүлэн хөнжил, дэлгэсэн орны дэвсгэр даавуу, дэр зэрэг зүйлс хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байсан тул хураан авав, эрэгтэй хүний баруун өгзгөн дээрх үсийг шинжилгээнд авав, эмэгтэйн зүүн гарын дотор талд алганаас 1 ширхэг үс илрүүлж хурааж авав, Ширээний баруун талын сандал дээрх шар өнгийн цэцгэн хээтэй бүтээлгэ, цагаан өнгийн хоолойтой цамц, хөндлөн /хүрэн улаан цэнхэр өнгийн/ судалтай майк, /чийгтэй/-нүүд нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан тул хурааж авав, Эрэгтэй цогцосны толгойн дээд хэсэгт, тоос сорогчийн баруун талд, шалан дээр хар өнгийн, унждаг, 5 см урттай ээмэг нэг ширхэг байсныг эд мөрийн баримтаар хурааж авав. Эр цогцсыг эргүүлэхэд мөн хар өнгийн, унждаг, 5 см урттай нэг ширхэг ээмэг илэрснийг хурааж авав. Өрөөнд байсан өлгөөтэй (хэцэнд) байсан хувцаснуудын хажууд өлгөөтэй байсан саарал өнгийн нойтон, хүрэн өнгийн толботой пиджакийг хураан авав, эмэгтэйн цогцост цагаан өнгийн футболкийг дээш нь сөхсөн байдалтай байсан бөгөөд хүйсний дээд хэсэгт футболкны доторх хар өнгийн хувцасны мөр (тууш судалтай) үүссэн байсныг протоколд тэмдэглэв, баруун өрөөний диваны хажууд хар өнгийн жийнсэн өмд, хар өнгийн эм хүний цаа гутал байсан бөгөөд өмд нь нойтон, гутал нь шавар болсон байсан болно” гэсэн тэмдэглэл  (1 хавтас 2-6 хуудас)

- Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвсүхийн 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоот хашаа нь *** гудамжны зүүн талаасаа 4 дэх хашаа байлаа, уг хашааны хойд талын гол хэсэгт үүдний таамбар бүхий өвлийн шавар амбаартай, зүүн талдаа нүүрсний амбаар, зүүн талдаа жижиг амбаартай байв, үзлэг хийж буй зуны амбаар нь өвлийн байшингийн баруун талд 1.5 метрийн зайтай байрлах ба амбаарын хаалга нь амбаарын урд талын зүүн хэсэгт байрлах ба хаалганаас баруун тийш 2 ширхэг цонхтой байв, амбаарын хаалга нь гаднаа шаргал өнгийн зүүдэг ил цоожоор цоожилсон байв, цоожийг түлхүүрээр нь онгойлгож орж үзлэгийг хаалганаас эхлэн нар зөв эргүүлж үзлэгийг явуулав, ...амбаарын зүүн хойд буланд цагаан саарал өнгийн хүүхдийн тэрэг байх ба дотор нь хуучин хувцас, хөвөн зэрэг зүйлийг хийсэн байв” гэсэн тэмдэглэл (1 хавтас 22-23 хуудас),

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Р.Гансүхийн 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “Уг хашааны гадна орчин  зүүн, баруун, хойд талуудаар үзлэг самналт хийхэд хойд талд зуны байшингийн харалдаа хашаанаас хойш 2 метр зайд байсан цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн мэт зүйлийг тэмдэглэлд тусган эд мөрийн баримтаар хураан авав” гэсэн тэмдэглэл, схем зураг (1 хавтас 25-26 хуудас),

- Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Даваасүрэнгийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “Үүдний амбаарыг шалгахад баруун урд талын буланд 3 давхар тавиур бүхий тавцангийн зүүн хойд өнцөгт түрий хэсгийг тайрсан хар өнгийн шилэн оймсны өмсгөл хэсэг 1 хос байсныг хураан авч тэмдэглэв, уг өрөөний голын модон баганаас баруун талд байрлах өрөөний хаалга хүртэл татсан хэц дээр хар хөх өнгийн зузаан даавуун трико байсныг хураан авав,” гэсэн тэмдэглэл, (1 хавтас 28-31 хуудас),

- Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Манлайбаярын 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “Уг Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гудамжны *** тоот хашааны хаалгаар орж цагаан шавар өнгийн байшингийн хаалгыг онгойлгоход  уг хаалга нь *** гэсэн дугаарын лацаар лацдаж битүүмжилсэн байсныг хөндлөнгийн гэрч нарт хөндөгдөөгүй байсныг харуулж лацыг авч хаалгыг нь онгойлгон  дотогш орлоо. Дотогш орж гэмт хэрэгт ач холбогдол бүхий  эд мөрийн баримтыг олж илрүүлэх зорилгоор үүдний амбаараас эхлэн цагийн зүүний дагуу явуулахад тамбарын хаалганы замган түгжээ нь дотор талдаа байх ба түгжихэд хаалгыг дээш өргөж түгжих ба түгжигдсэн байхад гаднаас ямар нэгэн байдлаар онгох боломжгүй байв, хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв, Уг өрөөний зүүн хананд дэлгэн байрлуулсан диван ор байх ба уг диваны баруун хойд өнцгөөс  20 см зайд  шалан дээр норж бохирлогдоогүй, хар өнгийн зангилаа тасалдал байхгүй 1 метр орчим уртай гутлын үдээс байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авав, баруун талын өрөө рүү ордог хаалгыг түгжээ байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн түгжээ байхгүй, хаалгыг хаасан тохиолдолд хаалга рамтайгаа зууралдаж онгойхгүй биеийн хүч их шаардагдах байдалтай байв, уг баруун талын өрөөнд ороход өрөөний зүүн хойд талд байрлах шар өнгийн модон авдар байх ба уг авдрын таг нь онгорхой байх ба хувцаснууд замбараагүй тавьсан байсны дээр цайвар шаргал өнгийн дотор талын салтаа хэсэгт бохирлогдсон эмэгтэй хүний дотоож байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авлаа,” гэсэн тэмдэглэл (1-р хавтас 32-33 хуудас) зэргээс дүгнэхэд хэргийн газрын үзлэгээр “том өрөөний шалан дээр байх цагаан өмдний халаасан дотроос 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 108 ширхэг, 5,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 27 ширхэг 20 төгрөг 1 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг, шаргал өнгийн бөгж 1 ширхэг, шаргал өнгийн ээмэг нэг хос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 227)-ээр болон талийгаачийн ээмэг, бөгж хэргийн газарт үлдсэн зэргээр мөнгийг нь авах зорилгоор үйлдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа.

            Тус хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд *** орондоо биш өөр газарт амь үрэгдсэн, мөн зөвхөн хутгалуулах биш харин түүний хүзүү хоолойг боох, ам, хамрыг таглах гэсэн оролдлого хийгдсэн, хүзүү хоолой бооход “хурц шөвгөр үзүүртэй зүйлсээр гүн хатгагдаж боогдсон мэт ул мөр үлдсэн” зэрэг үйл баримт тогтоогдсон байх тул унтаж сэрмэгц нь цээжин тус газарт 2 удаа хутгалж, үдээсээр боож алсан гэдэг нь нотлогдоогүй гэж үзнэ.  

            Түүнчлэн эрэгтэй хүүхдийн цогцсын зураг болох 1-р хавтаст хэргийн 14 дүгээр хуудасны ар талын 35 дугаартай гэрэл зургийг энгийн нүдээр харахад боох оролдлогын улмаас үүссэн гэх шарх /шинжээчийн дүгнэлтэд тусгасан үг болно/ нь гутлын үдээсээр үүсгэгдсэн гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр, энэ талаар шинжээч нараас яг ямар хүчин зүйлээр үүсгэгдсэн болохыг нарийвчлан асууж тодруулаагүй, дүгнэлтэд тусгагдаагүй орхигдсон байна.  

***ыг өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн бөгөөд энэ гэмт хэргээс өмнө өөр ямар гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нуух ямар оролдлого хийсэн талаар нотолж тогтоосон ажиллагаа огт хийгдээгүй байна.

            Мөн ***ын гэх трико дээр хүний цус илэрсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Шинжээчийн 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2540 дугаартай “...ХГҮ-р олдсон трикон дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.  Оймснууд дээр цус илрээгүй...” гэсэн дүгнэлт (1-р хавтас 79 хуудас), Шинжээч ***ын “Цус энгийн нүдэнд харагдахгүй, цус илрүүлэгч шингэнээр тодорч гарч ирсэн цусны илэрсэн байрлал нь триконы урд талын дээд хэсэг буюу уг триконы хэвлийн орчмын резинтэй хэсгийн захны доод хэсгээр цус арчигдсан түрхэц маягтай илэрсэн байна, триконы бусад хэсэгт цус илрээгүй,...уг трикон дээр илэрсэн цус нь хүний цус байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтас 191 хуудас) зэргээс үзэхэд “трико дээрх хүний цус нь гагцхүү хэний цус болох”-ыг тогтоогоогүй байх тул “***ын гэх трико дээр хүний цус илэрсэн” нь нотолгооны чадваргүй юм.

            Хэргийн газраас олдсон хөлийн мөр хэнийх болохыг тогтоож чадаагүй, уг мөр шинжилгээнд тэнцэхгүй учир нь харьцуулан шинжилгээ хийх боломжгүй мөр байгаа. Шинжээч өвдөг ч юм уу, тохой ч юм уу гаргасан мөрний толбо байж магадгүй, ямар ч байсан 2 талийгч болон ***ын хөлийн мөртэй харьцуулах ямар ч боломж байхгүй гэж шинжээч дүгнэжээ.

            “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөвөн дээр цус илэрсэн, энэ нь А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлтээр тус цусыг шууд амь хохирогч ***ын цус гэж үзэх үндэслэлгүйгээс гадна *** нь ***ыг хутгалаад хутганыхаа цусыг арчиж хаясан гэж таамаглах боломжгүй.

            Цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн олдсон боловч уг хөвөнгүүдээс илэрсэн цус тус хэрэгт сэжиглэгдсэн нэр бүхий хүмүүсийнх эсхүл зөвхөн ***ынх гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр нарийвчлан тогтоогоогүй, түүнчлэн уг хөвөнгөөс *** уг гэмт хэргийг үйлдсэн гэх ул мөр илрээгүй байх тул *** 2 хүнийг алсан гэмт хэргийн шууд бөгөөд эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.    

            Нөгөөтээгүүр Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Лувсансамбуугийн хэргийн газрын үзлэг хийсэн “хар өнгийн эм хүний цаа гутал байсан бөгөөд өмд нь нойтон, гутал нь шавар болсон байсан болно” гэсэн тэмдэглэл (1 хавтас 2-6 хуудас)-д үндэслэж хэргийн газар болох гэрт цаа гутал шавар болсон, эмэгтэй хүний өмд чийгтэй байсан бөгөөд өмдөө өмсөж гарч хутгаа хаясан гэх үйл баримт тогтоогдсон, цаа гутлыг *** өмсөж гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх прокурорын дүгнэлт нь хэт хийсвэр таамаглалд үндэслэсэн гэж үзнэ.

            Хэрвээ тухайн гутлыг *** өмссөн гэж үзэхийн тулд эд мөрийн баримтаар ч хураан аваагүй, гутлын шавар нь хутга хаясан гэх газрын шавартай бүтэц, найрлага бусад шинжээр таарч байгаа эсэхийг шинжилгээнд өгч тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан газар нь ***ын амьдарч байгаа гэр орон тул гутал, хувцас гэртээ байх нь зүй ёсны асуудал төдийгүй гэр бүлийн гишүүдээс хэн нь ч өмсөж гарсан байх бүрэн боломжтой бөгөөд эдгээрийг шалгаж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байна.

            Хэргийн газар дээрээс болон цогцос орчмоос үс хурааж авсан, уг үс нь шинжилгээгээр хүний үс болохыг тогтоосон гэх боловч чухам хэний үс болохыг нарийвчилсан шинжилгээгээр тогтоогоогүй, хэргийн газраас олдсон гэх үсний өнгө ба шүүгдэгчийн үсний өнгө зөрүүтэй, мөн үсний шинжилгээ хийхэд 5 хэсэг газраас авсан үсийг харьцуулан шинжлэх журмын шалгуур, шаардлага хангагдаагүй, үсний шинжилгээ хийдэг өндөр мэдрэмж бүхий нарийн техник, тоног төхөөрөмж болон тусгайлан бэлтгэгдсэн үсний мэргэжилтэн байхгүй байсаар атал зөвхөн өөрийн бодол, төсөөллөөр “төсөөтэй” гэж дүгнэсэн, мэдүүлсэн байх тул үсний талаарх шинжээчийн дүгнэлт /1хх-77/, мэдүүлгийг нотолгооны чадваргүй гэж үзнэ. 

            Тус шинжээчийн дүгнэлт өөрөө “манай лаборатори нь үсний шинжилгээ хийдэг өндөр мэдрэмж бүхий нарийн техник, тоног төхөөрөмж болон тусгайлан бэлтгэгдсэн үсний мэргэжилтэн байхгүй тул энэхүү дүгнэлт нь учир дутагдалтай байж болно” гэж дүгнэсэн /1хх-77/ буюу тухайн дүгнэлт нотлох баримт болохгүй гэдгээ бодитой илэрхийлсэн.

            Мөн *** шинжээчийн 4 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар хуудаст өгсөн мэдүүлгээр бол 5 хэсэг газраас авсан үсийг харьцуулан шинжлэх журамтай байх боловч тус үснүүдийг харьцуулан шинжлэхэд тус шаардлагад нийцүүлж хийсэн гэх үндэслэл, баримтгүйгээс гадна өнгөний хувьд хэргийн газраас хураан авсан үс нь хар, ***ын үс нь шаргал өнгөтэй байсаар атал “хүний толгойд хар болон шаргал өнгийн үс байх боломжтой” гэх нь тусгай мэдлэгийн шинжилгээ, үндэслэл, шалгуургүй байх тул таамаглалд хамаарна гэж үзнэ.

            Түүнчлэн хэргийн газар дээрээс буюу цогцос орчмоос үс хурааж авсан тус хэрэгт сэжиглэгдсэн нэр бүхий хүмүүсийнх эсхүл зөвхөн ***ынх гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр нарийвчлан тогтоогоогүй байх тул хийсвэр бодол, төсөөллийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг нотолгооны чадвартай гэж үзэхгүй болно.

            Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Манлайбаярын хэргийн газрын үзлэг хийсэн “баруун талын өрөөнд ороход өрөөний зүүн хойд талд байрлах шар өнгийн модон авдар байх ба уг авдрын таг нь онгорхой байх ба хувцаснууд замбараагүй тавьсан байсны дээр цайвар шаргал өнгийн дотор талын салтаа хэсэгт бохирлогдсон эмэгтэй хүний дотоож байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авлаа...” гэсэн тэмдэглэл (1-р хавтас 32-33 хуудас) нь амь хохирогч *** нь хэрэг гарах үед тухайн дотуур хувцсыг өмсөж байсныг эхний ээлжид нотолж тогтоосон байх ёстой төдийгүй талийгаач уг дотоожийг өмсөж байсан юм бол урагдсан татаж чангаасан, мөн цус болон бусад ул мөр илрэх магадлал өндөр байх ёстой, гэтэл бохирлогдсон дотоожийг хэд хоногийн дараа ирж хувцасны хайрцгаас хурааж авсан гэх тэмдэглэл үйлдсэнээс өөр ажиллагаа хийгдээгүй.

            Уг гэмт хэрэг гарсан газар нь талийгаач болон шүүгдэгч нарын амьдардаг орон гэр бөгөөд ээж, охины хувцас нэг саванд холилдож болох, мөн угааж цэвэрлэхээр хамт хийсэн зэргийг үгүйсгэх боломжгүйгээс гадна уг дотоожноос гэмт хэргийн ул мөр илрээгүй, хэд хоногийн дараа гэрийн хайрцгаас  нөхөн үзлэгээр дотоож илрүүлсэн уг дотоож  тухайн үед өмсөж байсан дотоож мөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, шинжилгээнд өгөөгүй гэх мэт уг хэрэг хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн гүйцэд хийгдээгүй, ***ын бие мах бодь, хувцас, хэрэглэл зэрэгт гэмт хэргийн шинжтэй гэх ул мөр огт илрээгүй болох нь тогтоогдсон.

            Мөн гэрч ***гийн “Хэрэг үйлдэгдсэн газарт очоод тухайн үед цагдаагийн байгууллагад дадлагажих ажилтнаар ажиллаж байсан залуугийн хамтаар зогсож байхад цагдаагийн алба хаагч нь намайг хэргийн газрын үзлэгийг хийх явцдаа хажуудаа авч яваад болж байгаа үйл явцын талаар болон эд зүйлийг хурааж авч байхдаа надад болон цуг байсан залуу бид хоёрт харуулаад ажиллагааг нэлээн удаан өдөржингөө хийж гүйцэтгээд бид хоёрт хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг уншуулж танилцуулж энд гарын үсэг зураарай гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. Тухайн хэргийн газрын үзлэгийн явцад мөрдөн байцаагч нь тухайн  хэрэг үйлдэгдсэн гэх байшин дотор орж үзлэгийг явуулахад талийгаач *** болон хүү *** нар нь газраар бүхэлдээ цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд үзлэгийг явуулж байх явцдаа мөрдөн байцаагч нь яг хаанаас гэдгийг одоо сайн санахгүй байсан миний санаж байгаагаар бол газрын гэрчилгээ болон 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ орчим төгрөгийг гаргаж ирж хураан авч байсан мөн Хараа нэртэй архины тал шилээс бага зэрэг доогуур хэмжээтэй архийг хоёр талийгаач байсан өрөөний сандлын хажуугаас авч байсан. Тэгээд үзлэгийг цааш явуулахад гэрийн том өрөөнд бүхэлдээ цусаар бохирлогдсон байсан болохоор цустай хувцас эд зүйлүүдийг хурааж авч байсан. Үзлэгийг явуулж байхдаа талийгаач ***ын нуруун доороос нь эмэгтэй хүний өрөөсөн унждаг ээмэг 1 ширхэг гарч ирж байсныг мөн адил хурааж авч байсан. Миний санаж байгаагаар бол тухайн үзлэгийн явцад ийм ийм эд зүйл хураан авч байсныг санаж байна. Тэгээд үзлэгийн явцад тухайн байшин дотор бүхэлдээ цус болоод дотор эвгүй оргиод сэтгэл санаа тавгүй болохоор нь би байшингаас гарч гадаа гарч хэсэг байж байгаад орж ирсэн. Тэгээд үзлэгийг байшин дотор явуулж дуусгасан. Энэ үед *** гэж дууддаг талийгаач ***ын охин нь байшингийн гадаа зогсоод цагдаагийн алба хаагч нар түүнээс юм асуугаад байсан....Тухайн үзлэгийг явуулаад дуусаж байхад хажуу талын зуны байшинд үзлэгийг өөр нэг мөрдөн байцаагч хийж байхад анх хөндлөнгийн гэрчээр оролцож байсан залуу бид хоёр дахин зуны амбаарт хийсэн үзлэгт дахин хөндлөнгийн гэрчээр оролцсон. Үзлэгийг явуулахад зуны амбаарт угаасан хувцас тохдог хэц дээр зөндөө олон хувцас угаагаад тохсон байдалтай бүх хувцаснууд дохисон байсан. Тэгээд мөрдөн байцаагчийн зүгээс ***аас тэдгээр хувцаснуудыг хэн хэзээ угаасан талаар асуухад *** нь би өөрөө шөнө бороо ороод бороонд норж ирээд хувцаснуудыг өөрөө угаасан гэж хэлж байсан. Мөрдөн байцаагчийн зүгээс тухайн хувцаснуудыг хурааж авсан тухайн үед ямар ямар хувцаснуудыг ямар байдалтай байхад нь хурааж авч байгаа талаар мөрдөн байцаагч нь надад болон цуг байсан залуу бид хоёрт харуулаад хурааж авч байсан. Одоо бол яг ямар ямар хувцаснуудыг ямар ямар байдалтай хурааж авсан талаар сайн хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (4-р хавтас 191-192 хуудас),

- Гэрч ***гийн “Би 2003 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дагалдангаар ажиллаж байсан. Дагалдангийн ажлыг Баянхошууны цагдаагийн тасагт үүргийг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр ажлаа хийгээд байж байхад тухайн үеийн *** хороо *** гудамж *** тоотод хүн амины хэрэг гарсан гэх дуудлага мэдээлэл ирэхэд жижүүрийн цагдаагийн алба хаагчдын хамтаар хэргийн газарт очиж ажилласан. Тухайн хэргийн газарт очиход тухайн айлын ээж, хүү хоёр нь бусдад хутгалагдаж нас барсан байдалтай гэр дотор нь бүхэлдээ цус болсон байдалтай байсныг хэргийн газрын үзлэгийг явуулсан мөрдөн  байцаагч хийж гүйцэтгэхэд хөндлөнгийн гэрчээр оролцохдоо харсан. Тухайн асуудал нь 2003 онд болсон үйл явдал учраас мөрдөн байцаагч нь хэргийн газрын үзлэгийг явуулахдаа хажууд дагаад хийж байгаа үйл явдал болон эд зүйлийг хурааж авч байгаа байдлыг хараад хараад яваарай гэж хэлэхээр нь би хажууд нь хараад явж байсан. Яг ямар ямар эд зүйлийг хаана хаанаас авч байсан талаар одоо санахгүй байна. Ямар ч байсан хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр одоо нэрийг нь мэдэхгүй хэсгийн ахлагч эмэгтэйн хамтаар оролцсон. ...Тухайн хэргийн газарт буюу өвлийн байшин, зуны амбаарт үзлэгийг хоёр өөр мөрдөн байцаагч явуулсан. Тэгэхэд нь тус хорооны хэсгийн ахлагч эмэгтэйн хамтаар оролцсон. Оролцохдоо мөрдөн байцаагчийн хийж байгаа үйл явцыг ажиглаж, эд зүйлс хураан авсан талаар хараад зогсож байсан” гэсэн мэдүүлэг (4-р хавтас 194-195 хуудас),

- Гэрч ***ын “...Би 2003 оны 7-р сарын 24-ний өдөр буюу Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гудамж *** тоотод гарсан хэргийн газрын нөхөн үзлэгт оролцох үед миний бие Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст 8 дугаар хороо хариуцсан хороон цагдаагаар ажиллаж байсан ба Л.Лхагвадорж нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн жолоочоор ажиллаж байсан алба хаагч байсан юм. Тухайн хэрэгт мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Манлайбаяр нь Криминалистикийн шинжээчийн хамтаар хэргийн газрын нөхөн үзлэгийг явуулахад хөндлөнгийн гэрчээр оролцоход тухайн өдөр анх удаа хэргийн газарт очиж ажиллах болсон юм. Тэгэхэд *** хороо *** гудамж *** тоот хаяг болон улаан өнгийн оохордсон модон хашаатай *** ногоон өнгийн дааман хаалгатай хашаан дотроо зуны амбаар болон цагаан өнгийн өвлийн шавар байшинтай айл байсан. Тухайн байшин руу явж ороход байшинд хэн ч байгаагүй эзэнгүй гадна хаалгыг цоожилж лацадсан байдалтай байхыг мөрдөн байцаагч лацыг Л.Лхагвадорж бид хоёрт үзүүлж дотогш явж ороход байшингийн том өрөөний шалан дээрх цус нь хатсан байдалтай байсан ба үзлэгээр мөрдөн байцаагч нь хар өнгийн гутлын үдээсийг хурааж авч тухайн өрөөнөөс билүү хажуу талын өрөөнөөс эмэгтэй хүний хэд хэдэн ширхэг хувцаснуудыг хурааж аваад үзлэгийг явц байдлыг танилцуулж хурааж авч байгаа зүйлийг талаар хэлж байсан...Тухайн байшин доторх үзлэгийг дуусгаж хажуу талын зуны амбаар болох байшинтай залгаа шахуу модон амбаарт орж үзлэгийг явуулсан тэгэхэд тухайн амбаарын хаалганы цоожийг мөн айл лацадсан байсныг бид хоёр харуулж дотор үзлэгийг явуулаад шинжээч гэрэл зураг авч байсан тухайн амбаараас юм хурааж авсан эсэхийг бол одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (4-р хавтас 197-198 хуудас),

-  Гэрч  ***ын “Тухайн хэрэг үйлдэгдсэн гэх газар хашаа байшин нь манай гэрийн яг ард талд буюу нэг гудамжны зайтай айлын хашаа байсан. Манай гэр уг хашаа байшингийн хоорондох зай нь 100 метрийн зайтай байсан. Тухайн өдөр хэргийн газрын нөхөн үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон...Уг хэрэг нь тухайн үед нэлээд дуулиан шуугиан болсон хэрэг болж байсан Уг ***гийн гэх тодотголтой дэлгүүрийн хашаанд нь биллиардтай, үүдэндээ сагсан бөмбөгийн шийдтэй байдаг байсан болохоор ойр орчмын хүүхэд, залуучууд цуглаж тоглодог байсан болохоор хүмүүсийн ам дамжсан яриагаар уг тоот хашаанд байдаг айлын эмэгтэй хүүхэд нь ээж болон ахынхаа амь насыг хохироосон гэж яригдаж байсан...” гэсэн мэдүүлэг (4-р хавтас 200-201 хуудас) зэрэг мэдүүлгүүд нь тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдсан талаар мэдүүлсэн болохоос ***ыг тухайн гэмт хэргийн үйлдсэн гэж нотолсон хууль ёсны баримт биш юм.

            2.3. Шүүх эмнэлгийн 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаартай задлан шинжилгээний актын “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1.Цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины булчингууд, үнхэлцэг, зүрх хаван гарч өвчүүг хугалсан шарх, 2. Цээжний хоёр талын хөндий дэх нийтдээ 1500 мл орчим нөжирсөн ба шингэн цус, дотор эрхтнүүд эрс цус багадалт, 3. Хүзүү, хоолой, эрүү чихний доорх зөөлөн эдүүд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гээд ДҮГНЭЛТ: 1. Талийгаач ***ын цогцост дээрх оношинд тогтоогдсон гэмтлүүд тогтоогдлоо, 2. Эдгээрээс цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь хурц ир, үзүүртэй зүйлээр хүзүү хоолой дахь зүйл нь мохоо зүйлээр үүсжээ. 3. Цусны бүлэг нь АВО-ийн системээр II бүлгийнх болно. 4. ***ын биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй, 5. Нас барсан шалтгаан нь цээжний хөндий рүү дотуур цус алдсан явдал юм. 6.***ын хүзүү хоолойг боох, ам, хамрыг таглах гэсэн оролдлого хийсэн байна гэж үзэв...” гэсэн дүгнэлт (1-р хавтас 60-61 хуудас),

Мөн 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 924 дугаартай задлан шинжилгээний актын “...Шүүх эмнэлгийн онош: 1. Цээжний хөндий рүү нэвтэрч зүүн гол судасны уруудах хэсэг рүү болон уушги руу нэвтэрсэн хатгагдсан шарх. 2. Цээжний хоёр талд тус бүр 150 мл үнхэлцэгийн хөндийд 150,0 мл орчим бүлэгнэсэн цус, голтын цус хуралт. Дотор эрхтнүүдийн цочмог цусгүйдэл, 3. Хоолой дахь өнгөц зүсэгдсэн шарх. Тархины судасны хатуурал IY үе. Бөөр тэвшинцэрийн архаг үрэвсэл. ДҮГНЭЛТ:1. ***ын цээжинд 3 ширхэг хатгагдсан хоолойд зүсэгдсэн шарх байна. Эдгээр хурц ир, үзүүртэй зүйлээр үүссэн бөгөөд зүрх гол судсыг гэмтээснээр дотор цус алдуулж нас барахад хүргэжээ, 2. Хурьцал үйлдсэн нь батлагдахгүй байна, 3. Цусны бүлэг нь АВО-ийн системээр III бүлгийнх болно, 4.Талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. 5. *** нь бөөрний архаг үрэвсэл тархины судасны хатууралтай байжээ” гэсэн дүгнэлт (1-р хавтас 63-64 хуудас)-ийг авагдсан ба 2003 оны 7-р сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ***, *** нарын амь нас хохирсон болохыг тогтоосон болохоос ***ыг тэдгээр хүмүүсийг алсан гэх хангалттай нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

            2.4. 2003 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл(1хх134)-д уг ажиллагаанд 18 насанд хүрээгүй ***ыг оролцуулсан гэх бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх шийтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Дор дурдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна” гэж, мөн хуулийн 40.1.2.  “насанд хүрээгүй” гэж заажээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153.2 “Энэ хуулийн 153.1-д заасан ажиллагааны үед мэдүүлгээ шалгуулж байгаа этгээд “... хутга хаясан газрын байрлал, ямар онцлог шинж тэмдэгтэй болох, хутга нь иштэй, ишгүй байсан, ямар хэлбэр хийцтэй байсан талаар” дэлгэрүүлэн тайлбарлана гэх боломжийг олгоогүй, мөн хуулийн  153.7-д заасан мэдүүлгээ шалгуулж байгаа этгээдээс эхэлж чөлөөтэй ярьж үйлдлээ үзүүлсний дараа асуулт тавих, 153.8....гэрэл зураг авах соронзон болон дүрс бичлэг, зураглал, хэмжилт хийж тэмдэглэлд тусгаж болно, 153.9.Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу тэмдэглэл үйлдэнэ гэснийг төдийгүй уг ажиллагаанд мэдүүлгээ шалгуулж буй этгээд болох *** оролцсон талаар болон түүний гарын үсэг огт байхгүй зэргээс үзэхэд мэдүүлэг газар дээр нь шалгах, хутга хураан авсан ажиллагаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчсөн тул нотолгооны чадваргүй буюу нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломжгүй, гэрч ***ын “...сэжигтэн *** нь хутга хаясан газрыг хэрэг үйлдэгдсэн гэх айлаас холгүй байдаг гудамжинд байгаа гэж заасны дагуу тухайн бусад алба хаагчдын хамтаар явж уг хутга олдсон гэх Сонгинохайрхан дүүрэг *** хороо *** гудамж *** тоот хашаанаас ертөнцийн зүгээр 18 метр зайны газарт, жалганы баруун эргээс, баруун тийш 4 метр зайд хагас налуу ногоон зүлгэн дотроос ишгүй цагаан өнгийн хутга байсныг *** нь заахдаа уг газарт очоод энд гэж заасны дагуу хэсэг газарт самналтыг хийхэд ишгүй цагаан өнгийн тэмдэглэлд тусгасан хутгыг гаргаж ирснийг тэмдэглэл үйлдэж хурааж авсан. Хөндлөнгийн гэрч нар нь хутга олдсон газрын ойр орчмын хаягтай байгаагаас харахад тухайн үед ажиллагааг явуулж байхад гудамжаар алхаж байсан олон айлын хаалга цохиж дуудаж гаргаж ирүүлж хийж гүйцэтгэсэн ажиллагаанд хууль сануулж оролцуулсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (4-р хавтас 224-225 хуудас)-ээр дээрх хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

            1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудасны ар талд шинжилгээнд ирүүлсэн гэх  “ишгүй хутга” гэх бичвэртэй зураг авагдсан байх боловч уг зураг дахь хутга мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хурааж авахдаа хутганы зургийг бэхжүүлээгүй, хутганы онцлог шинж тэмдэг, хутганы хэмжээ зэргийн талаар мэдээлэл тэмдэглэлд тусгагдаагүй орхигдсон төдийгүй уг хутгаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон “...***ын цээжинд 3 ширхэг хатгагдсан хоолойд зүсэгдсэн шарх...”, “***ын цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины булчингууд, үнхэлцэг, зүрх хаван гарч өвчүүг хугалсан шарх гэмтэл...” учруулсан гэж үзэхэд эргэлзээ үүсгэсэн.

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний төвийн шинжээчийн 2003 оны 08-р сарын 06-ны өдрийн 2448 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр цооролт байна. Цагаан өнгийн футболк дээрх 3 ширхэг цооролт, хар өнгийн майк дээрх 2 ширхэг цооролт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үйлдэгдсэн байж болно...” гэх дүгнэлт (1хх81)-ээс үзэхэд ***ын өмсөж байсан гэх дээрх хувцас дээр үүссэн цооролтуудын хэмжээ, байрлал  нь уг хутгаар үйлдэгдсэн байж болно гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шинжилгээнд ирүүлсэн хутганы хэмжээ /нийт 10,5 см урттай, ажлын хэсэг нь 8.5 см урттай, бариул хэсэг нь байхгүй зураг-9/ нь зурагт заагдсан хэмжээнээс зөрүүтэй байдлаар тусгагдсан, хэрэг учрал үйлдэгдсэн гэх орон байранд өөр төрлийн хутга байдаг эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалгаагүй болох нь тогтоогдсон.

            Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан “*** нь төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгийг хулгайлах явцад ээж *** мэдэж, улмаар амь хохирогчийн “Чи мөнгө хулгайлсан, хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэн...маргалдаж” гэх үйл баримтыг ямар нотлох баримтаар тогтоосон нь эргэлзээтэй, мөн “ноцолдож амь хохирогч ***ын цээжин тус газарт 3 удаа хутгалсан” гэх боловч Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2003 оны 07-р сарын 27-ны өдрийн 4174 дугаартай актын “Болсон хэргийн товч утга 2003.07.21-нд бусдад зодуулсан байж болзошгүй”  нүцгэн биеийн үзлэгээр баруун өвдгөнд 1.5х0.7 см тав тогтсон хуучин зулгаралттай, үүнийг урьд нь хуучин байсан гэв гэж тэмдэглээд ***ын биед одоогоор ямар нэг гэмтэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт (1 хавтас 74-75 хуудас)-ээр үгүйсгэгдэн няцаагдсан, дээрх хутгаар амь хохирогч нарт учруулсан шархыг учруулан алсан гэж үзэхэд эргэлзээ бүхий,  мөн “өөрийн ихэр ***ыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж” гэсэн боловч тухайн нөхцөл байдалд амь хохирогч *** унтаж байсан эсхүл сэрсэн гэх үйл баримтыг ямар нотлох баримтыг үндэслэн хэргийн нөхцөл байдал, нэгдсэн дүгнэлтэд хүрсэн нь ойлгомжгүй, хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн баримтуудын хоорондын уялдаа, харилцан хамааралгүй байна.

2.5. Улсын яллагчийн яллах талын нотлох баримт буюу гэрч ***гийн “...***ын сэтгэцийн хувьд ер нь сэтгэц нь өөрчлөлттэй байж магадгүй, яагаад гэвэл тэрээр өөрийгөө хамгаалж гарахын тулд худлаа ярьдаг, мэдэн будилах зэрэг асуудал гаргадаг, гэмт хэрэгт холбогдож болох хүүхдүүдийн судалгааг авахад ангиасаа эмэгтэй хүүхдүүдээс нь бүртгэлд өгч байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтас 203-204 хуудас),

- Гэрч ***гийн “2003 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг 40 минутын үед ***ын хашааны хаалгыг тогшиход хаалга нь онгорхой хүн гарч ирэхгүй байсан болохоор нь би шууд хашаанд нь ороод байшингийнх нь хамгийн зүүн урд талынх цонхон дээр нь очоод  цонхоор нь өндийгөөд  хартал толгой нь үүд рүүгээ харсан  нүцгэн эмэгтэй хүн хэвтэж байсан, тэгээд тухайн үед тухайн эмэгтэйг үхчихсэн байна гэж бодоод  маш их цочирдож айгаад шууд эргээд хартал манай канистр буюу усны сав байхаар саваа аваад  шууд хашаанаас гараад  өөрийнхөө хашаанд ороод нөгөө усныхаа савыг тавиад буцаад  гудамжинд гараад ямар аймар юм бэ хэнд хэлнэ гээд зогсож байтал манай баруун талд байдаг *** өвөө хашаанаас гараад ирэхээр нь шууд очоод ***гийн /***/ хашаанд ороод цонхоор нь харахад нүцгэн эмэгтэй хүн хэвтэж байсан гэж хэлээд би буцаж хашааны үүдэнд буцаж очоод зогсож байтал *** нимгэн оймсгүй хар трико өмсчихсөн, дээгүүрээ цагаан фудволктой үс нь арзайсан хашаанаасаа гүйж гарч ирсэн” гэсэн мэдүүлэг (1-р хавтас 205-206 хуудас),

- Насанд хүрээгүй гэрч *** “...Хэрэг гарсны дараа ***тай таараад цагдаа ахад байцаалт өгч байхад нь *** “Надад  тэр хүн алсан хутгаа надад хадгалуулсан” гэж худлаа хэлж байсан би их гайхаж байсан ба надад тийм хутга *** өгөөгүй гэж хэлэхэд *** бас ***ад тэр хутгыг өгөөгүй юм аа гэж худлаа хэлснээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтас 214-215 хуудас),

- Гэрч  ***ийн   “...Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод хэрэг гарсан айлын ертөнцийн зүгээр урд талын хашаанд манай гэр байдаг байсан ба тухайн үед хойд айлын ***, *** нар өөрийн хашаандаа байх цагаан өнгийн байшин дотор нь алсан гэж манай өвөө *** хэлсэн юм. Би ***ын охин ***тай /***а/ хамт ус, модонд явдаг дотно нийлдэг найзууд байсан тухайн үед ***а ээж ***аас үе үе бэлэн мөнгө хулгай хийж авдаг байсан тэр мөнгөөр нь бид хоёр ойр зуурын чихэр, боов авч иддэг өөр архи, пиво авч ууж байгаагүй өөр нийлдэг найз бараг байхгүй хажуу айлынхаа нэрийг нь санахгүй махлаг охинтой намайг байхгүй үед нийлж гарч ордог байсан санагдаж байна,...Хэрэг гарснаас хойш сайн санахгүй байна ямар ч байсан нэгдүгээр эмнэлэгт таарсан тэр үед ***а эгч дээр ажиллаж байгаа утасны нэгж зарж байсан дотор нэг удаа тэрнээс хойш 2020 оны 6 дугаар сарын үед *** дүүрэг *** автобусны буудал орчимд таарч уулзаж бид 2 утасны дугааруудаа өгч авсан. ***тай хэд хэдэн удаа уулзаж хамт архи, пиво ууж хонож байсан, надтай хамт архи ууж байх үедээ хэргийн талаар ярих дургүй санагдсан, нэг удаа ээж ***ын ах, эгч нараас мөнгө авах гэж очсон чинь ээжийнх нь эгч юм уу дүү ***г “Хоёрын хоёр хүнээ алсан бид нартай дахиж битгий холбоо барь одоо бид нар хөгшин настай болсон хүмүүс” гэж хэлсэн тухайгаа надтай ярьж байсан” гэсэн мэдүүлэг (4-р хавтас 210-211 хуудас),

- Гэрч ***ийн “...Тухайн хэрэг явдлын талаар би яг хэрэг үйлдэгдсэний дараагаар эгч *** хүү *** нар нь хоёулаа алуулсан байна. Охин *** нь амьд байна гээд бид нарт нарийн зүйлийг хэлэхгүй байсан. Сүүлд аавын яриан дундаас охин ***ыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Хүү ***ын хүзүүнээс нь нарийн хар уяагаар боож алсан байсан. Хөөрхий ээжийгээ өмөөрч хамгаалсан байх, та нар гэрийнхээ хутга шөвгийг байнга далд хийж унтаж байгаарай. Битгий ил тавьж байгаарай гэж байнга захидаг болсон. Тэр яриа нь уг хэрэгтээ холбогдуулж захих болсон гэж бодож байна...Би ***ыг цагдан хорих байрнаас гарч ирснээс хойш хэсэг хугацааны дараагаар манай аав *** нь ***ыг ганцаараа, өнчин өрөөсөн үлдсэн болохоор нь өөрийнхөө хажууд авч байлгах гэж гэртээ байлгасан боловч цөөн хэд хоног байж байгаад тэр найз, энэ найз гэж хэлээд гэрээс нь хоногоор гарч явсаар байгаад аавтай цуг байхгүй гэж хэлээд явсан, тэрнээс хойш сураг тасарсан гэж ярьдаг байсан. Цагдан хорих байрнаас гараад яг хаана байсан талаар мэдэхгүй байна. Манай эгч ***, *** нар нь хажуудаа байлгах гэж оролдож гэр гэртээ байлгахад 1-2 хоног болоод тогтохгүй яваад өгдөг байсан гэж сонссон. Би тухайн үед ааваасаа тусдаа гэр бүл зохиогоод гарсан байсан, хааяа нэг гэрт нь очихдоо ***тай таарч байсан. Очиход *** дуугүй, юм ярьдаггүй эмэгтэй байдаг байсан. Угаасаа нэг их дотно байгаагүй болохоор хэргийн талаар нь ярьж, асууж байгаагүй. Би ч гэсэн дотроо эмзэглээд айгаад асууж үзэж байгаагүй. Ер нь бол ***тай огт холбоо байдаггүй. Аав ***ийн гэрт байдаг байхад нь л таарч байсан, гэрээс нь явснаас хойш огт сураг чимээ, холбоогoй байгаа...” гэсэн мэдүүлэг (4-р хавтас 213-215 хуудас),

- Гэрч ***ын “...Хэрэг болсон айл манай өөдөөс харсан нүүрний зүүн хойд талд байдаг хашаа юм. Тэгээд 2003 оны 7 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед эхнэр ***гийн хамт ирээд зурагт харж байгаад арай нэвтрүүлэг дуусаагүй байхад унтахаар хэвтсэн, Бид хоёрыг ирэхэд зөөлөн бороо орж байсан, эхнэр бид хоёр шүхэр барьж ирсэн, тэгээд унтахаар хэвтэхэд зөөлөн бороо орж байсан юм, унтах гээд нойр хүрэхгүй хөрвөөгөөд зүүрмэглээд хэвтэж байсан, хэсэг хугацааны дараа буюу 01-02 цагийн л орчим байх гэж бодож байна тухайн үед бороо зогсчихсон зүүн хойд айлд дүнгэр дүнгэр дуугараад хүмүүс хоорондоо юм яриад яг нэг дороо л байгаад байсан ийшээ тийшээ явсан чимээ гаралгүй нэг дороо л байсан, яг тэр хүн дуугарч байсан зүүн хойд зүгт манай нохой хуцаад байсан,  дүнгэр дүнгэр гэх яриа 10 орчим минут үргэлжлээд чимээгүй болсон, тухайн үед орилж хашхирсан аврал эрсэн айхтар дуу чимээ бол гараагүй” гэсэн мэдүүлэг (1-р хавтас 5-6 хуудас),

- Гэрч ***гийн “Манай зүүн хойд зүгт ямар нэгэн хүн орилох хашхирах чимээ гараагүй” гэсэн мэдүүлэг (2-р хавтас 7-8 хуудас) зэргээс үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй талаарх дам байдлаар сонссон яриа, өгүүлэмж, таамаглах байдлаар гэмт хэргийг *** үйлдсэн гэж шууд яллах үндэслэл болохгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрчийн этгээд гэж үздэг бөгөөд дээрх мэдүүлгээр тухайн хэргийг үйлдсэн этгээд гэж үзэж, гэм буруутайд тооцох үндэслэлгүй болно.

2.6. Улсын яллагчаас тус хэрэгт ***ыг оролцуулан явуулсан  полиграфийг мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд хийгдсэн хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагаа буюу нотлох баримт цуглуулах арга, ажиллагааны хэрэгсэл гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

            Полиграфийн шинжилгээ нь тусгай техник хэрэгслийн тусламжтайгаар оролцогч этгээдийн физиологийн хариу үйлдлээр буюу сэтгэл зүйн хэмнэлээр худал ярьж байгаа эсэхийг тодорхойлдог шинжлэх ухааны арга юм. Харин Гүйцэтгэх ажлын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ” гэж тодорхойлсон ба полиграфийн шинжилгээ нь гүйцэтгэх ажилд хамаарахгүй юм.

            2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд нотлох баримтын талаар заасан бөгөөд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх хуульд заасан журмыг баримтлах, энэ журмыг зөрчсөн нь нотлох чадвараа алдах тухай заасан. Мөн зүйлийн 79.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж заасан.

            Полиграфи бол мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хийгддэг хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримт цуглуулах арга, ажиллагааны хэрэгсэл биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 16.8 дугаар зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болно.   

            2.7. Тухайн хэргийн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын 2005 оны 02-р сарын 17-ны өдрийн 218 дугаартай тогтоол /3хх163/-оор түдгэлзүүлээд, 2014 оны 12-р сарын 18-ны өдрийн 2068 дугаартай тогтоол /4хх4/-оор сэргээсэн, мөн яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр 2015 оны 02-р сарын 02-ны өдрийн 249 дугаартай тогтоол /4хх108/-оор түдгэлзүүлээд, 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн 1184 дугаартай тогтоол /4хх109/-оор тус тус сэргээсэн боловч энэ цаг хугацаанд шинээр нэмж нотлох баримт цугларч, бэхжүүлэгдээгүй байхад ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй юм.  

            2.8. *** нь нийт 18 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хамт өгсөн 3 удаагийн мэдүүлэгтээ “өөрийн ихэр ***ыг  хутгалж, хоолойг нь боож алсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, уг хэргийг үйлдсэн шалтгаан, хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга болон гутлын үдээс, хутга хаясан газар болон хэргийн бусад үйл баримтын талаар тодорхой мэдүүлгүүд өгсөн, харин зарим мэдүүлэгтээ өмнөх хэргээ хүлээсэн мэдүүлгүүдээ үгүйсгэж, өөр агуулга бүхий мэдүүлгүүд өгсөн байдаг.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, давхар өөр бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тохиолдолд нотолгоо болох учиртай. Түүнчлэн, мөн зүйлийн 8 дахь хэсэг, 8.3 дахь заалтаас үзвэл хэргээ хүлээсэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар хууль тогтоогч хоёрдмол утгагүйгээр нэг мөр тодорхой хуульчилжээ.

            Энэхүү хуулийн зохицуулалт нь хэрэгт холбогдсон хэн ч бай дуугүй байх эрх /right to be silent/-ээс урган гарсан бөгөөд хэн нэгэн хүн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тухайн этгээд өөрөө нотлох үүрэггүй, эсрэгээрээ төр буюу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нотлон тогтоох үүрэгтэй шууд холбоотой билээ.

            Хэрэгт холбогдсон хүний мэдүүлгийг яллах үндэслэл болгодог, тухайн хүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг чухал ач холбогдолтой нотлох баримт хэмээн үзэг ЗХУ-ын Ерөнхий прокурор асан А.Я.Вишинськийн үзэл санаа манай улсад хүчтэй үйлчилж байсан нь орчин цагт нэгэнтээ үгүйсгэгдэж, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор уг үзэл баримтлал, хандлага, нотолгооны арга барилыг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзэх болсон юм. Иймд тус хэргийн шүүгдэгч ***ын “хэрэг хүлээсэн” зарим мэдүүлэгт үндэслэн түүнийг яллах нь Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг зөрчсөн хэрэг явдал болно.

            Үүнээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй бол тухайн ажиллагааны хүрээнд цугларсан бүх нотлох баримт нотолгооны хүчин чадлаа алддаг. Энэ нь зөвхөн манай улсын эрх зүйн зохицуулалт биш бөгөөд олон улс болон дэлхийн бусад оронд “Due process” буюу зүй зохистой процессын зарчим гэж томьёолон нотолгооны стандартад удирдлага болгодог. Ийм учраас, уг хэрэгт хууль зөрчиж явуулсан тодорхой ажиллагааны үр дүнд цугларсан баримтыг шүүх нотлох баримтаар тооцож огтхон ч болохгүйн дээр шүүх өөрийн дотоод итгэл үнэмшилдээ ч харгалзан үзэх нь хууль бус юм.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар *** нь төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгөнөөс хулгайлах зорилгоор шунахай сэдэлтээр 2003 оны 7 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гудамж *** тоотод өөрийн төрсөн эх хохирогч ***, өөрийн ихэр *** нарын унтаж байсан өрөөнд хутгатай нэвтрэн орж, мөнгийг хулгайлах явцад ээж *** мэдэж, улмаар амь хохирогчийн “Чи мөнгө хулгайлсан, хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас өөр гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, нуун далдлах зорилгоор, маргалдаж, ноцолдож, амь хохирогч ***ын цээжин тус газарт 3 удаа хутгалсан, мөн ***ыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж хоёр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэх боловч тус нөхцөл байдлууд улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 43 нотлох баримтаас нэг ч  шууд нотлох баримтгүй болох нь тогтоогдсон, эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бодитой бөгөөд хангалттай нотолж чадаагүй, эргэлзээтэй, тодорхойгүй нөхцөл байдлууд илэрсэн, тус эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд хангалттай, бодит эргэлзээ гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй, гэм буруутайд тооцох үндэслэл, нотлох баримтгүй гэж шүүх бүрэлдэхүүн дээрх хууль зүйн дүгнэлтийг өгч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тухай шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад заасан ***д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түнийг цагаатгаж, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн *** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, *** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв. 

 

            Бусад асуудал.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *** нь энэ хэрэгт 560 хоног цагдан хоригдсон, иргэний журмаар хэлэлцүүлэхээр гаргасан хохирол, төлбөргүй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ***д хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудсыг жич хүргүүлж, ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “саарал өнгийн хоолойтой Свитер цамц, цайвар шаргал өнгийн эмэгтэй майк 1 ширхэг, эмэгтэй хүний шилэн оймсны тасархай 1 ширхэг, саарал өнгийн энгэртээ 6ш товчтой хүрэм 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн судалтай эрээн майк 1 ширхэг, Jingpin гэх бичиглэлтэй саарал өнгийн урт шорт 1 ширхэг, Fengxing  гэх бичиглэлтэй эрэгтэй хүний хөх өнгийн дотоож 1 ширхэг,  хөх өнгийн цэцэгтэй цайвар шаргал өнгийн бүтээлэг даавуу 1 ширхэг, шар өнгийн тортой хөвөн мэт зүйл 1 хэсэг, эрэгтэй хүний саарал өнгийн SHUPAO гэх бичиглэлтэй сандал 1 хос, эмэгтэй хүний хар өнгийн зуны гутал 1 хос, эмэгтэй хүний үсний шор төмөр 4 ширхэг, хар өнгийн үсний боолт 1ш зэргийг хэргийн хамт хүргүүлэх нь зүйтэй юм.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6-д зааснаар ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “2022 оны 05 сарын 11-ний өдрийн *** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, *** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ***д урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох, “хувийн баталгаа гаргах” таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “саарал өнгийн хоолойтой Свитер цамц, цайвар шаргал өнгийн эмэгтэй майк 1 ширхэг, эмэгтэй хүний шилэн оймсны тасархай 1ш, саарал өнгийн энгэртээ 6ш товчтой хүрэм 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн судалтай эрээн майк 1 ширхэг, Jingpin гэх бичиглэлтэй саарал өнгийн урт шорт 1 ширхэг, Fengxing  гэх бичиглэлтэй эрэгтэй хүний хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн цэцэгтэй цайвар шаргал өнгийн бүтээлэг даавуу 1 ширхэг, шар өнгийн тортой хөвөн мэт зүйл 1 хэсэг, эрэгтэй хүний саарал өнгийн shupao гэх бичиглэлтэй сандал 1 хос, эмэгтэй хүний хар өнгийн зуны гутал 1 хос, эмэгтэй хүний үсний шор төмөр 4 ширхэг, хар өнгийн үсний боолт 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *** энэ хэрэгт 560 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний журмаар хэлэлцүүлэхээр гаргасан хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *** нь хохирол арилгуулах эрх үүсэхийг тусгасугай.

 

7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.БЯМБААБААТАР

 

 

                                             ШҮҮГЧ                                         Б.БАТАА

 

 

                                 ШҮҮГЧ                                         С.СЭРЖМЯДАГ