Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2021/00055/И |
Дугаар | 149/ШШ2021/00149 |
Огноо | 2021-04-14 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 149/ШШ2021/00149
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, Вандан овогт Цогтбаатарын *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: С* тоотод оршин суух, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Борлууд овогт Баттулгын *******д /РД:*******/ / холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* бид хоёр 2015 оноос эхэлж үерхэж байгаад 2019 онд гэр бүл болоод гэрлэлтээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр батлуулсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Г.*******г төрүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж бид хоёр үе үе хэрэлдэх болсон. Хэрэлдэх үед Б.******* нь гарч яваад хоногоор алга болдог. Мөн хэрүүл маргаан хийхдээ намайг зайл чамтай амьдармааргүй байна гэж байнга хөөдөг. Хааяа цохиж зоддог. 2020 оны 06 дугаар сарын 01-нээс хойш тус тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүү Г.*******г миний асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2015 онд танилцаад үерхэж байгаад хамтран амьдарч 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Г.******* төрж улмаар 2019 ондоо гэрлэлтээ батлуулан 2020 оны 06 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Би Цагдаагийн байгууллагад ажилладаг хааяа цаг наргүй ажиллах тохиолдол гардаг. Миний ажил байдлыг ойлгохгүй эхнэр маань байнга араас уиасдаж хэл ам хийдэг ба намайг өөр хүнтэй хардах асуудал ч гардаг үүнээс болж бид хоорондоо маргаж тусдаа маьдраад 9 сар болж байна. Нэгэнт таарч тохирохгүй байгаа тул Ц.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Асуудлыг хуулийн дагуу шийдэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан бичгийн хүсэлтдээ: Хариуцагч Б.******* миний бие иргэний шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.
Улс орон даяар Ковид өвчин гарсантай холбогдуулан хорио цээр тогтоосон ба миний бие Мандал сумын нутаг Түнхэл тосгоны хамар даваа гэх газар хяналтын постонд гарч ажиллаж байгаа ба байнга Мандал сумандаа ирэх боломжгүй байна.
Иймд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул надыг оролцуулахгүйгээр хуралдааныг хийж өгнө үү. Хуралдааныг надыг оролцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй бөгөөд ямар нэгэн гомдол санал маргаан гаргахгүй болно. Миний бие нэхэмжлэлийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******оос гэрлэлтээ цуцлуулах, хүү Г.*******г өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн өзвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.******* нар нь 2015 оноос эхлэн үерхэж байгаад 2019 онд гэр бүл болж 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Борлууд овогт *******ын ******* төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүү Г.*******гийн № 4322000465 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Г.******* 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 01 нас 06 сартай, одоо эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянбаг өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд Б.******* нь эхнэр Ц.*******тай хэрүүл маргаан хийх үедээ цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж Сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Захиргааны удирдлагын хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Амарсанаагийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн № 12/2-113 дугаартай хариу мэдэгдэх тухай албан бичгээр тогтоогдож байх ба энэ нь гэр бүл, үр хүүхдийн амьдрал, хүмүүжилд муугаар нөлөөлдөг, мөн Ц.*******, Б.******* нарын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул Б.*******, Ц.******* нарт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүйгээр гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй цуцлах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан хүү Г.*******г төрсөн эх Ц.*******гийн асрамжинд үлдээж, эцэг Б.*******оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч Б.*******оос гэрлэлтээ цуцлуулах, хүү Г.*******г өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Б.*******оос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 29836 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ шүүхэд бичгээр мэдэгдэж өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийхийг зөвшөөрсөн ба нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******ыг заавал оролцуулах шаардлагагүй гэсэн тул хариуцагч Б.*******ыг оролцуулахгүй шүүх хуралдаан хийснийг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Борлууд овогт Баттулгын *******, Вандан овогт Цогтбаатарын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Борлууд овогт *******ын *******г төрсөн эх Ц.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Г.*******г 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Г.*******г 11-16 нас /суралцаж буй бол 18 насанд/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******оос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.