Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

                              

   2024        05         06                                  ...

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Ц-ийн А-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... суманд төрсөн, яс үндэс ..., ... настай, ..., ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... оршин суудаг, Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Е овгийн Ц-ийн А /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ц.М-ын баруун шанаан тус газарт гараараа цохиж, газарт унасан байхад нь хоолойг нь боож баруун гарт нь байсан түүний эзэмшлийн nokia-3330 маркийн 40,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 сарын 21-ний өдөр М, түүний эхнэрийн хамт манай гэрт архи хамт уучихаад нэлээн согтоод явсан. Би ч нилээн согтсон байсан. Тэгээд 2023 оны 08 сарын 22-ны өдөр 2 шил 0,75 литрийн архи уучихаад М-ын гэрт 200 гр архитай очтол М, эхнэрийн хамт согтуу байсан. Би ч мөн нилээн согтуу байж байгаад 200 гр архиа М-тай хувааж уучихаад байж байгаад би тасарчихсан. Юу болсон талаар санахгүй байна. Тэгээд өглөө нь гэртээ сэрсэн. Яаж гэртээ ирсэн талаар санахгүй байна. Тэгээд намайг сэрчихээд байж байтал 8-9 цагийн орчим М эхнэртэйгээ ирээд өчигдөр гар утас аваад явсан утсаа авъя гэсэн. Тэгэхээр нь би миний халаас, наад хавиараа үзээ би яаснаа санахгүй байна гэсэн. Тэгээд утсаа хайгаад олоогүй. Би М-ын гар утсыг авсан талаар санахгүй байна. Нилээн дээр үеийн нокиа маркийн гар утас байсан гэжээ. /хх-ийн 49-50/

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Урд өдөр нь манайд архи уусан юм. Маргааш нь тэд нарын шарыг тайлах гэж тэднийд очсон юм. Боож унгасан гээд байгаа юм, тэрийг би мэдэхгүй байна. Тэр хоёр байнга л архи уугаад хоорондоо зодолдож байдаг хоёр. П, М хоёр. Тэр хоёр архи уух болохоороо л манайд ирдэг. Би П-ийн уруулыг цохиогүй. Намайг очиход П, М хоёр шал согтуу байсан. Тэгтэл мэдүүлэгтээ хонинд явсан гэж мэдүүлсэн байсан. М-г түлхэж унагасан нь миний буруу гэв. 

Хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2023 оны 08 сарын 21-ний өдөр оройхон нар шингэх үед би хонио эргүүлчихээд гэртээ иртэл А ганцаараа мотоциколтой манайд ирсэн ба 3 шил 100 гр-ийн архитай ирээд тэр архиа би уугаагүй тул ганцаараа уучихаад байж байтал миний утас дугараад охинтойгоо утсаар ярьсан. Гэтэл А “чи хэнд хов зөөгөөд байгаа юм бэ” гээд баруун гараараа миний баруун шанаа руу 1 удаа цохисон, би газарт унаад эргээд босоод иртэл багалзуурдаад миний баруун гарт байсан гар утсыг булааж аваад гарахад нь манай эхнэр Д гаднаас орж ирж таарахад нь эхнэрийг зодсон гэсэн, яаж зодсоныг нь би хараагүй. Эхнэр буцаад А-оос миний утсыг авъя гэхэд өгөлгүй яваад өгсөн. Манай хадам ээж цагаан сараар бэлэглэж байсан 25,000 төгрөгийн үнэтэй Нокиа-3330 маркийн шинэ утас байсан. Миний хохирлыг төлж барагдуулаагүй. Гар утасныхаа хохирлыг барагдуулмаар байна гэжээ. /хх-ийн 17-18 /

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн ... сумын "..." гэх газарт байх, гэрээсээ ганцаараа хониндоо явчхаад гэртээ ирсэн чинь А миний өөдөөс гэрээс сөрч гарах үед А нь нөхөр болох М-ын гар утсыг авч гарах үед нь би “наадах чинь манай нөхрийн гар утас байна” гэж хэлээд А-оос гар утас авах гэсэн чинь намайг А нь миний уруул хэсэгт нэг удаа цохин, гэрийн урд талд байсан мотоциклоо унан манай гэрээс А ганцаараа явсан. Гэрт ороход гэрлээ асаагаагүй байхаар нь би гэрлээ асаасан чинь нөхөр М нь гэр дотор гэрийн баруун талд дээш харсан ухаан алдсан байдалтай шалан дээр хэвтсэн байсан. Би нөхрийгөө нүүрэнд нь 2-3 удаа алгадаж сэрээсэн /нөхрийн амнаас цагаан хөөс гарсан байсан/. Нөхрөөс юу болсон талаар асуухад “А нь архи уух уу гээд архи авчрахаар нь би уухгүй гэсэн, А-ын хажууд охин М-тай гар утсаар ярьсан чинь охиндоо хов зөөлөө гэж хэлээд А миний нүүрэн хэсэгт 2-3 удаа цохин, "Nokio" маркийн гар утсыг нь булааж авсан” гэж байсан. Миний "Samsung" маркийн гар утсыг А сарын өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бас булаан авч байсан. Гар утсаа А-оос нэхэхээр “би согтуу байсан хаана тавьсан талаараа мэдэхгүй байна” гэж хариулдаг, би гар утасны мөнгө гэж аваагүй. Намайг малдаа явахын өмнө нь А манай гэрт ирээгүй байсан. Нөхөр бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. А нь архи уусан байдалтай байсан. Би А гэх хүнтэй муудаж байгаагүй. М-ыг А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж дарамтлан, манай хүнийг цохиж зоддог гэжээ. /хх-ийн 22/

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аав М-тай утсаар ярьж байтал “хэнд хов зөөгөөд байгаа юм пизда” гэх мэтээр харааж байгаад гар утас нь салчихсан. Тэгээд буцаагаад олон удаа залгасан боловч гар утас нь дуудаад ер авахгүй байсан. Тэгээд удалгүй ээж Д надруу залгаад “аавын чинь гар утасыг нэг хүн авчихаад өгөхгүй аваад явсан” гэж хэлсэн. Ер нь жоохон уучихсан юм шиг сонсогдож байсан. Ямар ч байсан нокиа маркийн гар утас байсан. Би үнэ ханшийг нь мэдэхгүй байна гэжээ. /хх-йн 24-25/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 05/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10/

2023 оны 11 сарын 17-ны өдрийн ... дугаартай ... ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 30-31/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 08 сарын 23-ний өдрийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт: 1.Ц.Д-ын биед дээд уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Учирсан гэмтэл нь 1-2 хоногын өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. /хх-ийн 34/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай ... дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 41-44/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 87-88/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ц.М-ын баруун шанаан тус газарт гараараа цохиж, газарт унасан байхад нь хоолойг нь боож баруун гарт нь байсан түүний эзэмшлийн nokia-3330 маркийн 40.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэм буруутай болох нь хохирогч Ц.М-ын /хх-ийн 17-18/, гэрч Ц.Д-ын /хх-ийн 22/, гэрч М.М-ны /хх-ийн 24-25/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10/, 2023 оны 11 сарын 17-ны өдрийн ... дугаартай.. . ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 30-31/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.А-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байх ба “хүч хэрэглэж” гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, хоолойг боох зэрэг хэлбэртэй байж болно.

                “Хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох” гэдэг нь гэмт этгээд эд хөрөнгөө өгөхгүй бол түүнийг ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана гэх зэргээр айлган сүрдүүлж довтолсон байхыг ойлгох ба дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нь хохирогч Ц.М-ын баруун шанаан тус газарт гараараа цохиж, газарт унасан байхад нь хоолойг нь боож хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл хийх явцдаа хохирогчийн гар утсыг авсан нь дээрэмдэх гэмт хэрэг төгссөн үйл баримт тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 40,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-т олгохоор шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч, өмгөөлөгчийн хамт завсарлага авч хохирогчид 40,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Хаан банкны орлогын мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.А-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх байдал болгон үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдулах” буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е овгийн Ц-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-оос 40,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-т олгож шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нь төлж барагдуулсаныг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.Б