Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2021/00174

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *тоотод оршин суух, 1965 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, Боржигон овогт Найдангийн *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: * тоотод түр оршин суух, * тоотод оршин суух, 1965 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Бүгжинхамниган овогт Доржсүрэнгийн *******д /РД:*******/ / холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох, нөхөн төлбөр 30000000 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.*******тай 10 жилийн дунд сургуульд байхаас үерхэж эхлээд 1987 онд гэр бүл болсон. Тэгээд 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр том хүү Б.*******, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бага хүү Б.******* нарыг төрүүлсэн. 2005 оноос эхэлж Д.******* гэр орондоо байхаа больж өөр хүнтэй холбогдсоноос хэрүүл маргаан тасрахаа больсон. Тэгээд 2007 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Том хүү Б.******* маань тархины 2 талдаа уйланхайтай учраас тархины хөгжил нь зогсонги, хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой хүүхэд юм. Ийм учир өөрөө бие даан халбагаа барьж хоол унд идэж чадахгүй, бие засч чадахгүй хэвтрийн байдалд байдаг. Уул нь 05 нас хүртлээ өөрөө бие дааж явдаг байсан боловч үүнээс хойш явж чадахгүй байнга хэвтэрт асаргаа шаардагдаж амьдарч байна. Өөрөө бие дааж хүндэрч чаддаггүй учир пампарсыг нь солих, ялгадас болсон хувцсыг нь угаах зэргээр өдөр бүр арчилж байдаг. Том болсон хүн учир пампарсыг нь солих хувцсыг нь угаахад үнэр танар нь үнэхээр хэцүү байдаг. Одоо хүү маань 32 нас хүрсэн боловч ярьж хэлж чадахгүй тархи нь өвдөж байнга уйлж орилж хашгирч байдаг. Д.******* надтай хамт амьдарч байхдаа хүү *******т хоол халбагадаж өгч хувцсыг нь угааж өгч байгаагүй учир энэ байдлыг ойлгохгүй байгаа юм байлгүй дээ гэж бодож байна. Хааяа хүү Б.*******ыг хүнээр харуулахад хөлс өгч харуулдаг байсан. Иймд 14 жилийн хугацааны хүүгийн арчилгаа сувилгааны нөхөн төлбөрт 30 сая төгрөгийг нэхэмжилж байна. Д.******* нь надаас салж явснаас хойш тусалж дэмждэг байсан бол би өдийд ийм юм яриад зогсож байхгүй байсан. Бага хүү Б.*******т Д.******* нь тусалж дэмжиж сургуулийн төлбөрийнх нь хагасыг төлдөг байсан нь үнэн. Том хүү Б.*******т тусалж дэмжиж байгаагүй учир би ийм зардлыг нэхэмжилж байгаа юм. Д.******* нь өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хөдөлмөрийн чадваргүй хүү Б.*******т тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1987 онд Н.******* бид хоёр гэр бүл болоод 1988 онд гэрлэлтээ батлуулсан. 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.*******, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.******* нар төрсөн. Том хүү Б.******* маань төрөхдөө тархины хүнд гэмтэлтэй төрсөн учир би 1 настай байхад нь эмнэлэгт авч хэвтэж нэг жил гаран эмнэлгээр явсан боловч эмчилгээгүй гээд эмнэлгээс гарч ирсэн. 2007 оноос эхлэн Н.******* бид хоёр тусдаа амьдарсан. Энэ хугацаанд би тэр чигт нь хаяж яваагүй. Баяр ёслолоор 2 хүүхэддээ чихэр боов авч өгөх, мөн пампарс авч өгдөг байсан. Хааяа ганц хоёр удаа мөнгө төгрөг өгч тусалж байсан. Усанд хаясан чулуу шиг тэр чигтээ алга болоогүй. Бага хүү Б.*******т бол байнга тусалж дэмжиж байсан. Гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг тогтоохыг бол би зөвшөөрнө. Нөхөн төлбөрийн 30 сая төгрөгийг бол зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй. Харин 5 сая төгрөг дотор бол өөрийн чадлынхаа хирээр сар бүр зуун мянгаар ч юм уу төлж дуусгая гэж бодож байна. Том болсон хүүхдэд асаргаа маш их шаардагдаж байгаа гэдгийг ойлгож байна. Хүү Б.*******ыг гэрийн нөхцөлд асарснаас улсын асаргаанд өгвөл арай дээр юм болов уу гэж бодож байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******аас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүү хүү Б.*******ыг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох, сэтгэл санаа эд материалын хохирол эдэлсэний нөхөн төлбөр 30 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, нөхөн төлбөр 30 сая төгрөгийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.******* нар нь 10 жилийн дунд сургуульд байхаасаа эхлэн үерхэж байгаад 1987 онд гэр бүл болж 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарч байсан ба тэдний дундаас 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Бүгжин хамниган овогт *******ын *******, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү Бүгжин хамниган овогт *******ын ******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүү Б.*******ын МЗ89022294 регистртэй Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар, хүү Б.******* 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, өвчний учир өрхийн эмчийн хяналтанд байдаг гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян баг өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч Ч.Отгонзаяагийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2007 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба Д.******* энэ хугацаанд өөр хүнтэй гэр бүлийн хамтын амьдралтай болж үр хүүхэдтэй болсон, мөн Н.*******, Д.******* нарын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, тусдаа амьдраад олон жил өнгөрсөн зэргийг харгалзан Н.*******, Д.******* нарт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүйгээр гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй цуцлах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.******* нь насанд хүрсэн буюу 32 настай боловч төрөлхийн хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой, хэлж ярьж чадахгүй, бие дааж явж, хооллож чадахгүй хэвтрийн байдалд байнгын асаргаанд байдаг болох нь зохигчдийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан 2 ширхэг гэрэл зураг зэргээр тогтоогдож байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Б.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар хугацаагүйгээр тогтоосон учир эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүү Б.*******ыг төрсөн эх Н.*******гийн асрамжинд үлдээж, эцэг Д.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Харин нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлээс хүнд өвчтэй хүү Б.*******ыг асарсны болон сэтгэл санаа эд материалын хохирол эдэлсний нөхөн төлбөр 30 сая төгрөг гаргуулах тухай нэхмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжгүй байна.

Учир нь хүү Б.*******ыг 2007 оноос хойш одоог хүртэл 14 жилийн хугацаанд асарч бойжуулахад гарсан зардлын талаар гаргасан нотлох баримтгүй, өөрөөр хэлбэл ядаж сүүлийн нэг жилийн хугацаанд асарч бойжуулахад гарсан зардлын баримтыг хавсаргаагүй байх ба зарим үед хүнээр харуулж асруулж асарч харсан хүнд хөлс мөнгийг өгдөг байсан талаар гэрч Н.Сувдмаа, Н.Даваадорж, Н.Болд нар мэдүүлсэн, мөн хариуцагч Д.******* нь өөрийн чадлын хирээр нөхөн төлбөрт 5 сая төгрөгийг төлөх боломжтой гэснийг тус тус харгалзан үзэж нөхөн төлбөр гэж нэхэмжилсэн 30 сая төгрөгнөөс нотлох баримт шаардахгүйгээр хариуцагчийн гаргасан саналын хүрээнд 5 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс 25 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Н.*******гийн хариуцагч Д.*******аас гэрлэлтээ цуцлуулах, хүү Б.*******ыг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Д.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 54770 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бүгжинхамниган овогт Доржсүрэнгийн *******, Боржигон овогт Найдангийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Бүгжин хамниган овогт *******ын *******ыг төрсөн эх Н.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүү Б.*******т амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс 25000000 /хорин таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.