Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2021/00113

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, Боржигин овогт Мөнхбаярын *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: *оршин суух, 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, Шарнууд овогт Ганболдын *******т /РД:*******/ холбогдох

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Г.******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.*******тай 2005 онд танилцаад дотно харилцаатай болж нэг гэрт оролгүй тусдаа амьдарч явж байгаад охин Г.*******ыг 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрүүлсэн. Охин Г.*******ыг төрснөөс хойш буюу 2005 оноос эхлэн нэг гэрт хамт амьдрах болсон. 2015 он хүртэл хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарсан. 2015 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд нэг ч удаа уулзаж байгаагүй. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул охин Г.*******д хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож эцэг Г.*******аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь М.*******тай 2004 оны 10 дугаар сард танилцаад 2005 оны 01 дүгээр сараас эхлэн дотно харилцаатай болж 2005 оны 07 дугаар сараас эхлэн нэг гэрт хамт амьдарсан. 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Г.******* бидний дундаас төрсөн. М.******* нь анх надтай танилцахдаа Б.Анхбаяр гэдэг дагавар хүүхэдтэй байсан. Би хүү Б.Анхбаярыг өөрийн юм шиг бодож хамт 10 жил амьдарсан. 2015 онд бид хоёр хоорондоо үл ойлголцох байдлаас болж маргалддаг болсон. Тэгээд тухайн оныхоо 6 дугаар сард бид хоёр тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш 2016 оны намар хүртэл охин хүү хоёртойгоо байнга харилцаатай байдаг байсан. 2016 оны намар охиноо өөр дээрээ авчирч 2020 он хүртэл охин маань надтай амьдарч сургуульд суралцаж байсан. 2020 оны 08 дугаар сард охин маань Түнхэл рүү шилжиж ээж дээрээ очно гэхээр нь би зөвшөөрсөн. Ээж нь жирэмсэн болсон байсан учир би зөвшөөрсөн юм. Миний охин мөн учраас би тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Тэтгэлгийг охины нэр дээр хадгаламж нээгээд төлөх саналтай байна гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө, маргах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгч М.******* хариуцагч Г.******* нар нь 2004 оны 10 дугаар сард танилцаад 2005 оны 07 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл нэг гэрт хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Шарнууд овогт *******ийн ******* төрсөн, одоо эх М.*******ын асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн № 9128/000072 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Г.******* 16 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Г.******* нар нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан боловч охин Г.*******ын төрсний гэрчилгээг авахдаа эцэг Г.******* нь өөрөөрөө овоглохыг хүлээн зөвшөөрсний улмаас хүүхдийн төрсний гэрчилгээний эцгийн нэр дээр Г.*******ийн нэр бичигдсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэл болж байх тул охин Г.*******ын эцэг Г.******* мөн болохыг шүүхээр давхар тогтоох шаардлагагүй байна.

Мөн хариуцагч Г.******* нь охин Г.*******ын эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч М.*******ын хариуцагч Г.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Г.*******ыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Г.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 48665 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Шарнууд овогт *******ийн *******ыг 11-16 нас /суралцаж буй бол 18 насанд/ хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 48665 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөө хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.