| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0049/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
2024 04 30 ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,
улсын яллагч Д.З,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Б-ийн У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын...-ний өдөр ... суманд төрсөн, яс үндэс ..., ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... эрхэлдэг, ам бүл ... хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Б-ийн У /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... ХХК-ний эзэмшлийн Хово шланз маркийн автомашиныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот хашаанд хариуцуулан үлдээсэн байхад 16 ширхэг дугуй, автомашины аккумлятор 2 ширхгийг сольж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 14,700,000 төгрөгийн хохирол учруулж завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Б.У мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...би 2023 оны 01 дүгээр сард ... ХХК-ний эзэмшлийн автомашиныг манай хашаанд М.Г үлдээгээд явсан юм. Тухайн автомашины дугуйг сольж аваад оронд нь хуучин дугуйнууд тавьсан, мөн 2 ширхэг аккумляторыг нь сольж өөр аккумлятор өгч явуулсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108х/,
- Иргэний нэхэмжлэгч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...БНХАУ-аас импортоор оруулж ирсэн Хово шаланз маркийн автомашины 16 ширхэг дугуйг бүгдийг нь сольж оронд нь хуучин ажил хийх ямар ч боломжгүй дугуйнуудаар сольсон байсан, мөн 2 ширхэг аккумлятор нь нэг ширхэг нь 600,000 төгрөг, нийлээд 1,200,000 төгрөгийн үнэтэй байдаг эдгээр зүйлс нь хүргэгдсэн газраа очоод ажиллах ямар ч боломжгүй байсан, шинэ дугуй бол 800,000-900,000 төгрөгийн үнэтэй байдаг гэхдээ яах вэ 500,000 төгрөгөөр бодоод У-аас нэхэмжлээд би өөрөө хэлсэн чинь У нь “үнэтэй байна аа найз нь төлж чадахгүй, чи миний амьдралыг мэдэж байгаа биз дээ, найз нь хүний машин барьж хоолоо олж иддэг, айлын хашаанд амьдардаг” гэж хэлж байсан, тэгэхлээр нь би “за тэгвэл чи надад 8,000,000 төгрөг өгчих, тэгээд чамайг харж үзээд амьдралыг чинь мэдэх болохоор чи Дорнод аймаг руу хүний машин бариад Замын-Үүдээс хоосон яваад Дорнод аймгаас өвс ачаад Замын-Үүдээс хоосон явж байгаа юм чинь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд эвдрээд орхисон машин байгаа түүнийг Дорнод аймаг руу ачиж, чирээд ямар нэгэн байдлаар хүргээд өгчих гэсэн чинь “за” гэж тохирсон боловч хүргэж өгөөгүй байгаа, “хэрвээ хүргээд өгвөл 2,000,000 төгрөгийг нь хасаад өгье” гэсэн чинь “за” гэсэн боловч хүргэж өгөхгүй байгаа...Б.У-аас хохирол болох 15 сая төгрөгийн нэхэмжлэлээ татаж авч байна. Б.У тус хохирлын төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Иймд Б.У-аас дахин хохирол нэхэмжлэхгүй, хохирлоо бүрэн төлсөн тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 19-20, 114х/,
- Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 01 дүгээр сарын дундуур хятадаас 13 метрийн урттай шланз маркийн машиныг гааль дээрээс У унаад хашаандаа авчирч гэрийнхээ хажууд тавьсан. 2023 оны 05 дугаар сарын сүүлээр үлдээсэн машинаа авах гээд У-ынд очиход машиныг хашааныхаа гадаа тавьчихсан машинд байдаг 2 ширхэг аккумлятор нь бас солигдож хуучин аккумлятораар сольсон байсан мөн 22 ширхэг дугуйнаас 16 ширхэг дугуйг нь хуучин дугуйгаар сольчихсон дугуйны боолт суларчихсан байхаар нь У-т хэлсэн чинь би яаж мэддэг юм бэ? Наадхаа аваад яв гэхээр нь хамт ирсэн хоёр жолоочоор дугуйны боолтоо чангалуулаад Дорнод аймгийн Матад суманд байрлах "..." ХХК-ний 19 дүгээр талбай хүргэж өгсөн. Яг үнэлгээгээр явах бол 13, 14 сая төгрөг болно, яг ор мөргүй байхгүй биш оронд нь муухан аккумлятор байгаа болохоор мөн У-хаа ахуй амьдралыг мэдэж байгаа болохоор 6,000,000 төгрөг өгвөл хохирол нэхэмжлэлгүй болох гээд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
- Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би энэ талаар огт мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед У-аас дугуйны талаар асуусан тэгсэн “...9-н ширхэг дугуйг нь би зарчихсан...” хэнд зарсан талаар асуухад “... Чойрт байдаг хүнд зарчихсан мөнгийг нь аваагүй...” гэж хэлж байсан. Сүүлд үлдсэн машиныг хэн ирж авсан талаар мэдэхгүй байна... Аккумляторын талаар У надад хэлэхдээ машинаа манай хашаанд тавихдаа мөнгө төлнө гэж байгаад мөнгө өгөөгүй болохоор нь аваад найзындаа үлдээчихсэн гэж хэлж байсан. У над руу залгаад “...аккумлятор хүн аваачиж өгнө шүү...” гээд ярьсан удалгүй ахиж залгаад ... аккумлятор ирсэн үү...” гэж асуухад нь гараад харсан чинь хоёр ширхэг аккумлятор хашаанд байсан. Чойрт хүнд зарчихсан өөрөө очиж мөнгөө олж авъя гэж ярьж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35х/,
- ... ХХК-ний М.Г-г иргэний нэхэмжлэгчээр томилох тухай хүсэлт /хх-ийн 16х/,
- Б.У-ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 44-45 х/,
-“...” ХХК-ний 2023 оны 08 дугаар сарны 31-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98х/,
- Шүүгдэгч Б.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... ХХК-ний эзэмшлийн Хово шланз маркийн автомашиныг М.Г нь БНХАУ-аас оруулж ирээд шүүгдэгч Б.У-ын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот хашаанд хариуцуулан үлдээсэн. Гэтэл шүүгдэгч Б.У нь тухайн автомашины 16 ширхэг дугуйг бусдад зарж, 2 ширхэг аккумляторыг нь сольж, 14,700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн У /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн У-ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь 2,700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н