Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0539

 

 

 

                                      

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ю***********” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*********** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ж***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц*********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “Ю***********” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/7* дүгээр тушаалын “Ю***********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Хоёр: Хэргийн нөхцөл байдал болон процессын түүхийн талаар:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/26* дүгээр тушаал[1]-аар “Ю***********” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт оршин * уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор орших Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газрыг ашиглах 2015/172 дугаар гэрчилгээ олгожээ.[2]

2.2. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/598* тоот албан бичгээр ирүүлсэн Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдэл[3], * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал[4]-ыг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна.

Улмаар  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаалаар[5] “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.

2.3. Хариуцагч маргаан бүхий актаа гаргахдаа “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг...” үндэслэсэн байна.

2.4.Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гэрээнд тохиролцсоны дагуу гэрээний төлбөрт 49 сая 600 мянган төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 5 жилийн хугацаатай гэрээг байгуулсан. 2019 оны газрын төлбөрийг төлсөн боловч 2019 оны газрын төлбөрийг төл гэсэн нэхэмжлэх ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тогтоолтой холбоотойгоор 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрын төлбөрийг шинэчлэн тогтоосон тул зөрүү төлбөрийг төл гэсэн нэхэмжлэхийг ирүүлсэн. 2019 оны газрын төлбөрийн төлбөрт маргаан үүссэн. Газрын төлбөрийн асуудлыг шинэчилж тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол үндэслэлгүй гэж нэхэмжлэгчээс маргасан тул 2019 онд нэхэмжилсэн зөрүү төлбөр, 2020 оны төлбөрийг төлөөгүй байсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудсаар Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр мэдэгдэх хуудас ирүүлсэн. Үүнийг хүлээж аваад нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энэ үндэслэлүүдэд зөрчилгүй гэсэн хариуг хүргүүлсэн. Хариуцагч байгууллагаас шинэ шийдвэр гаргалгүй 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу төлбөрийг үл маргах журмаар төлсөөр ирсэн. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу дутуу төлөлттэй явсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасны дагуу төлөх гэсэн боловч Баянзүрх дүүргийн Татварын алба, Газрын алба илүү төлөлтийг “Ю***********” ХХК-ийн данснаас суутгал хийж авсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар буюу 2021 оны 1 дүгээр улирлыг дуусах хүртэлх хугацааны төлбөрийг Баянзүрх дүүргийн Газрын алба, Татварын алба тооцоод авсан. Үүнээс үзвэл газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны акт гарах үед төлөөгүй боловч дараа нь төлсөн. Газрын төлбөрт нийт 702 сая төгрөгийг төлчихсөн байгаа. Жил болгон 39 сая 600 мянган төгрөг төлж байгаа нь тухайн газраа эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр гэж ойлгож байгаа.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу сонсох ажиллагааны хариуг хүргүүлсэн. Нэхэмжлэгч компани “Б***********” эко соёл амралтын газрын цогцолбор барихаар төслийг яам руу хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 2020 оныг хүртэл газраа ашиглаж чадаагүй. 2020, 2021 онуудад ковидтой холбоотойгоор газраа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Газар дээр аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй нь бичиг баримтаар нотлогдож байгаа бөгөөд "Б***********" эко соёл амралтын газрын цогцолбор барихаар төлөвлөөд явж байгаа. Бичиг баримт хэрэгт авагдаад явж байгаа учраас газраа ашиглаагүй гэх үндэслэлгүй юм.” гэв.

3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болгосон. * уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот санал, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчийн 11и-3/5988 тоот мэдэгдлийн дагуу ажлын хэсэг гарч Эрүүгийн цагдаагийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Авлигатай тэмцэх газар гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулж 660 аж ахуйн нэгжид судалгаа явуулсан. Ирсэн судалгааны нэрс дунд нэхэмжлэгч компанийн нэр орсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан  зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж заасан. Үүнтэй холбоотойгоор шүүхээс газрын үзлэг хийсэн.

Гэрээнд зааснаар улирал болгоны эхний сард газрын төлбөрийг төлж, дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гэрээг дүгнэж актыг үйлдэхээр заасан. Нэхэмжлэгч компани гэрээг дүгнүүлж байгаагүй. Гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тоотод 2015 оны гэрээгээр 19 сая 800 мянган төгрөг төлөх ёстой байсан ч тухайн жил төлөөгүй, 2016 онд 19 сая 800 мянган төгрөгийг төлөх байсан ч төлөлгүй дараа нь 36 сая төгрөгийг нөхөж төлсөн. 2020 оны 3,4 дүгээр улиралд 144 сая төгрөгийг, 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр 267 сая 300 мянган төгрөгийг төлөх ёстой байсан ч төлөөгүй. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой маргасан гэдэг ч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх захирамжийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол хүчингүй болсны дараа маргаад явж байсан буюу тухайн үед нь маргаж байгаагүй. Акттай маргах нь газрын төлбөрийг төлөхөөс зайлсхийх үндэслэл болохгүй. Газрын төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраар аж ахуйн нэгжид тодорхой, нөхцөл болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулжээ.

4.3.Харин Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ 3 дахь хэсэгт Газрын төлбөр төлөгч нь ...гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус зохицуулсан, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг тодорхой заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ю***********” ХХК нь * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/196 тоот гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээг тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталж, баталгаажуулсан[6].

Уг гэрээ нь 2015 оны  09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэхээр байх ба  гэрээний 4 дүгээр зүйл “Газар ашиглагчийн эрх, үүрэг”, 1-т “Г***********"  ХХК нь тухайн газар дээр зориулалтын дагуу ... тогтоосон хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглана”, 2-д “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 5 дугаар зүйл. “Бусад зүйл”, 4-т “Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцална” гэж тус тус заажээ.

Гэрээний дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газар ашиглагч “Ю***********” ХХК-д  газраа зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг бий болсон байх бол хариуцагч Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн тохиолдолд түүний газар ашиглах эрхийг цуцлах зохицуулахаар байна.

Хэрэгт авагдсан ********* дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[7] зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 2015-2018 он хүртэл газрын төлбөрийг бүрэн төлсөн, харин 2019-2021 оны газрын төлбөрөөс 227,126,070 төгрөгийн үлдэгдэлтэй гэж харагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор “...2020 онд “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын төлбөрийн хэмжээ тогтоосон тогтоолтой холбоотойгоор шүүхийн журмаар маргаантай байсан учир төлөөгүй” гэж тайлбарлах боловч бодит байдал дээр нэхэмжлэгч уг үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.

Шүүхээс тайлбарт дурдсан маргааны үйл баримтыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***/*******/****  дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[8], тус шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна[9].

Харин бодит байдалд нэхэмжлэгч маргаан бүхий актыг гаргаснаас хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын байдлаар төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг төлсөн байх бөгөөд  үүнийг шүүхээс дээрх гэрээнд заасан “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх...” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн болно. 

Иймд хариуцагчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” гэж нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан.

Шүүхээс маргаан бүхий газарт газрын үзлэг хийхэд нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээ байгуулсан цагаас хойш 2 жил дараалан газраа зориулалтаар ашиглаагүй байсан болох нь үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдсон.[10]

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс эрх бүхий газраа 2 жил дараалан ашиглаагүйтэй холбоотойгоор “...нэхэмжлэгч компани “Б***********” соёл амралтын газрын цогцолбор барихаар төслийг яам руу хүргүүлсэн. 2020, 2021 онуудад ковидтой холбоотойгоор газраа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэж тайлбарыг өгөх боловч Б***********” соёл амралтын газрын цогцолбор барих төсөл нь 2015 онд үйлдэгдсэн, түүнээс хойш 2019 он хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй, энэ талаар нэхэмжлэгч талаас үндэслэл бүхий тайлбарыг огт өгч байгаагүй ... “, төрийн байгууллагад хандаж зөвшөөрөл хүссэн, холбогдох баримт бичиг гаргуулсан зэрэг аливаа баримт материал хэрэгт авагдаагүй болно.

Шүүхээс энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасныг сануулсан тул “...нотлох баримт гаргаагүй ... мэдэгдээгүй баримтын эх сурвалжийг заагаагүй ... нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн нийтэд илэрхий үйл баримтаар Коронавирусын цар тахал Монгол Улсад бүртгэгдэж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анх хөл хорио тавьсан, нэхэмжлэгч 2015 оноос хойш  даруй 5 жилийн өнгөрсөн байхад газрыг зориулалтын дагуу ашиглах, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан атал 2015 онд олгосон Тусгай хамгаалалтай газар нутаг газар ашиглах эрхийн 2015/172 дугаар гэрчилгээний хугацаа дуусах хүртэл огт уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчид хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах  нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн уг хуульд заасан үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эцэст нь хариуцагчаас дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө  2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 10/7519 дүгээр албан бичгээр[11] нэхэмжлэгч “Ю***********” ХХК-д оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдсэн гэх боловч уг албан бичгийг хэрхэн хүргүүлсэн талаар баримтыг гаргаж өгөөгүй болно.

Гэвч энэ тохиолдолд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр актыг гаргасан гэж буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн “...сонсох ажиллагаа хэрхэн явагдсан нь тодорхойгүй байна...”  гэх тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэвэл нэхэмжлэгч “Ю***********” ХХК нь 2015 онд * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг даргатай байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/196 тоот гэрээний холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэхээр байна.

 Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/7* дүгээр тушаалын “Ю***********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Ю***********” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/7* дүгээр тушаалын “Ю***********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 63 хуудас

[2] Хавтас хэргийн 48 хуудас

[3] Хавтас хэргийн 39-41 хуудас

[4] Хавтас хэргийн 81 хуудас

[5] Хавтас хэргийн 37 хуудас

[6] Хавтас хэргийн 101 хуудас

[7] Хавтаст хэргийн 168 хуудас

[8] Хавтас хэргийн 135-142 хуудас

[9] Хавтас хэргийн 143-147 хуудас

[10] Хавтаст хэргийн 117-128 хуудас

[11] Хавтас хэргийн 150 хуудас