Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00094

 

 

    

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Т.Зоригтбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Түдэвдагвын Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 201722000167 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шарнууд Түдэвдагвын Зоригтбаатар, 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, Далай ээж телевизийн зураглаач ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10-12 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РГ90062016 дугаартай,

Шүүгдэгч Т.Зоригтбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10-13 тоотод оршин суух иргэн С.Анхбаяртай маргалдсаны улмаас өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Зоригтбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 27-28-нд шилших шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10-13 тоотод оршин суух иргэн С.Анхбаярыг хувийн маргааны улмаас зодож түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Зоригтбаатарын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Битүүний өдөр хөрш айл С.Анхбаяр гуайнд орж битүүрээд архи хувааж уугаад сууж байтал Анхбаяр гуай намайг эхнэртэйгээ хардаад бид хоёр муудалцсан. Тэгээд Анхбаяр гуайг орон дээр сууж байхаар нь очоод хөл рүү өшиглөөд нэг цохичихсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёр хоорондоо тохирч эвлэрсэн..." гэх мэдүүлэг,

Хохирогч С.Анхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Битүүний өдөр манайд хөрш залуу Зоригтбаатар дүүтэйгээ орж ирсэн. Бид нар битүүлэг гээд архи, пиво уусан. Манай эхнэр Зоригтбаатарыг ёстой сайн залуу, сайн хүү байгаа юм гээд байн, байн үнсээд байхаар нь миний дургүй хүрээд Зоригтбаатарын хамарлуу цохисон. Тэгээд Зоригоо босож ирээд миний нүүррүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 217 тоот дүгнэлтэд:

1. С.Анхбаярын биед гэмтэл тогтоогдлоо

2.С.Анхбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл учирсан байна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/,

Хохирогч С.Анхбаяр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Т.Зоригтбаатар нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 2 дугаар сарын 4-ний өдөр тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Т.Зоригтбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Т.Зоригтбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч С.Анхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Эрүүгийн 201722000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Шарнууд Түдэвдагвын Зоригтбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Т.Зоригтбаатарт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Зоригтбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000167 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Зоригтбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР