Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 

                        

  2020             6             23                                         2020/ДШМ/815

 

 

З /Z/-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч З /Z/, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбат,

орчуулагч Б.Батцэцэг

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 749 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З /Z/, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Зд холбогдох 1902008660374 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З /Z/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Си Чуан мужийн Нан Цун хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... байрны .. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /ПД:...............

 

Шүүгдэгч З /Z/ нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 30-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн түр оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а дугаар байрны 3 тоот орон сууцанд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаартай тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт, аюултай бодис болох “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай мөнгөн усыг алт угаах зорилгоор хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: З /Z/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З /Z/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З /Z/-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З /Z/-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч З /Z/ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой Байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадад түр хадгалагдаж байгаа “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай 703 грамм хэмжээтэй химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэх, мөн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гар хийцийн алт ялган авах зориулалттай хэрэгсэл, мөнгөлөг өнгийн нунтаг зүйл, бор өнгийн металл таваг зэрэг эд зүйлсийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус үүрэг болгож, З /Z/-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З /Z/-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З /Z/ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн буруутай үйлдлийн улмаас Монгол Улсын хуулийг зөрчсөндөө туйлын их гэмшиж байгаа бөгөөд химийн бодисын талаар мэдлэггүй байдлын улмаас маш буруу зүйл хийсэндээ харамсаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Хятад улсад миний аав хорт хавдартай эрүүл мэндийн хувьд ихээхэн хүнд байгаа бөгөөд түүнийг асран сувилахыг хүсэж байгааг минь анхаарч, миний гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч байгаа боловч биеэр эдлэх ялыг хамгийн дээд хугацаагаар оногдуулсан нь миний хувьд ихээхэн хүндээр тусч байна. Аавыгаа амьд байхад нь уулзах боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Цаашид ийм буруу зүйл хийж, хууль зөрчихгүй байж чадах ба шүүхээс намайг өршөөн хэлтрүүлбэл надад оногдуулсан торгуулийн ялыг хамгийн боломжит богино хугацаанд барагдуулж, нэн даруй эх орон руугаа буцаж аавтайгаа уулзана.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Ар гэрийн зүгээс торгуулийн төлбөрт төлөх зориулалтаар өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын харилцах дансанд мөнгийг байршуулсан байгаа” гэв.

 

Шүүгдэгч З /Z/-ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчээр болон яллагдагчаар авсан тайлбар, мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба энэ нь Зий хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзах боломжтой байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан боловч тодорхой үндэслэл заахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татгалзсан нь Зий эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд тус тус заасан зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн, 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн тус тус заалтыг хэрэглэх талаар мэтгэлцсэнийг хангаагүй шалтгаанаа шүүх “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэсэн үндэслэлээр няцаасан нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч нарын мэтгэлцээнд дурдсан хууль нь Эрүүгийн хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хууль бөгөөд дээрх хуулийг анхан шатны шүүх хэрэглэхээс татгалзсан үндэслэлээ хэт ерөнхий байдлаар тайлбарласан нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Зий хувийн байдлын хувьд, хийсэн гэмт үйлдэлдээ чинь санаанаасаа гэмшсэн байдалд анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох санкцтай байхад тус хэсэгт заасан хамгийн хүнд ялыг оногдуулсан нь хор уршиг учраагүй, хохирол учраагүй байгаа гэмт хэргийн хувьд нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг анхан шатны шүүх бодитой үнэлсэн гэхэд эргэлзээтэй, хэт яллах талыг баримталсан байна. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 2.6 жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан боловч шүүхээс эрх зүйн байдлыг дордуулан 4 жилийн хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг хэрэглэхээс татгалзаж байгаа нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс зориуд татгалзсан гэж үзэхээр байна. Шүүгдэгчийн хувьд ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулахыг шүүхээс хүссэн бөгөөд хуульд заасан торгуулийн ялыг төлөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой талаараа нотолсон нотлох баримтыг гаргасан боловч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудыг үнэлээгүй, хэт яллах байр суурийг баримталсанд гомдолтой байна. Иймд Зий хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой байдлаа илэрхийлсэн нотлох баримтууд зэргийг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийн “4 жилийн хугацаагаар хорих” ял оногдуулж гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох” ялаар өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх бүрэн боломжтой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ авах хууль зүйн боломж байгааг тал бүрээс нь хянаж, бодитойгоор шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч З /Z/-ийн өмгөөлөгч У.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч З нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс эхлээд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Иймд Зий эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

 

 Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн З нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нийтийн орон сууцанд авч ирж ашигласан, хадгалсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Нийслэлийн прокурорын газраас Зий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан. Шийтгэх тогтоолд, ямар эрүүгийн хариуцлагыг яагаад оногдуулах болсон талаар маш дэлгэрэнгүй, ойлгомжтой дурдсан байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан үндэслэлийг шийтгэх тогтоолдоо дурдаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Зд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З /Z/ нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 30-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн түр оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а дугаар байрны 3 тоот орон сууцанд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт, аюултай бодис болох “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай мөнгөн усыг алт угаах зорилгоор хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Зо Ванбиао /Zhao Wanbiao/-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би 14-15 цагийн үед гэрээсээ гараад Д.Энххишигийн гэрт очиж байж байгаад орой ирэхэд 5 хятад иргэн манай гэрт байсан. Тэдгээр хүмүүс хийсэн зүйлгүй сууцгааж байсан ба Ли Хуа нь хоол хийж, З нь төмөр таваг дотор алт болон мөнгөн усыг холиод барьцалдуулчихсан байдалтай байсныг бусад хүмүүст харуулаад байж байсан. Тэгэхээр нь би хориотой зүйл гэдгийг нь мэдээд Зд хандаж “чи яагаад ийм хориотой зүйл манай гэрт авч ирж байгаа юм бэ” гэж хэлсэн юм. Гэтэл З нь “би ч гэсэн мэдэхгүй байна, алтны уурхайн замын хажууд нэг монгол хүн зарна” гэхээр нь би худалдаад авч ирсэн гэж хариулсан . Гэтэл гаднаас цагдаа нар орж ирсэн. ...” /1хх 24-25/,

 

гэрч Шү Шаобин /Xu Хiаоbin/-ийн “...би 2019 оны 8 дугаар сард “Шудрага андууд” нэртэй алтны компанийн ажилчин Д.Энххишигтэй холбоо барьж, алт хайх зорилгоор Монгол Улсад ирсэн. 9 дүгээр сарын 30-ны орой 19-20 цагийн үед Зо Ванбиао дарга намайг дуудсан учир би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а дугаар байрны 3 тоотод очсон юм. Намайг тэнд очиход Зо Ванбиао даргын гэрээс баригдсан хятад иргэд болон цагдаа нар ирчихсэн байсан. Цагдаа нар Зо Ванбиао даргын гэрт үзлэг хийгээд мөнгөн ус болон өөр нэг шингэн бодис, алт, хятад иргэдийн гар утас, гадаад паспорт зэрэг эд зүйлсийг хураан авсан. Тэндээс хураагдсан алт болон мөнгөн ус, шингэн бодисыг хэн, хэзээ, ханаас авчирсан талаар мэдэхгүй. Учир нь, би бүр сүүлд цагдаа оччихсон байх үед очиж баригдсан. ...” /1хх-30-31/,

 

гэрч Пан Зэн Жиан /Pan Zhenjiang/-ийн “...алтыг бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уурхайгаас авчирсан. Би хэр их алт авчирсаныг мэдэхгүй байна. Тухайн гэрт байгаа сейфэн дотор л алтаа хийгээд байдаг байсан. Би хэн алт авчирсан, мөн хэн мөнгөн ус авчирсан талаар юу ч мэдэхгүй байна.” /1хх 43-44/,

 

гэрч Д.Энххишигийн “...Миний бие “Шудрага андууд" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. “Шудрага андууд” ХХК гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Илжигтэйн ам гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. 2018 онд туршилтын журмаар 10 гаран хоног ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулаад 1 грамм ч алт авч чадаагүй юм. Зао Ванбиао-д “энэ уурхайд хамтарч ажиллах юм уу, худалдаж авах хүн олоод өгөөч” гэхэд Шиү Шиаобин-тэй танилцуулсан. Ингээд би Шиү Шиаобин-тай хамтарч ажиллахаар тохирсон. Шиү Шиаобин үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт хөөцөлдөх, явах ажлыг нь хариуцаад ашгийнхаа 70 хувийг Шиү Шиаобин, үлдсэн 30 хувийг нь би авахаар тохироод хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Шиү Шиаобин алт угаах тоног төхөөрөмж ажиллуулахаар БНХАУ-аас Пан Зэнжианг, Занг Бигуй, Жианг Зонгцай нарыг авчирсан. Харин би Зийг алт угаах үйл ажиллагаанд хяналт тавиулахаар ажиллуулсан. З бол Зао Ванбиогийн найз нь байгаа юм. Компанийн уурхайн үйл ажиллагаа 9 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн өглөө Баянзүрхийн цагдаагаас над руу яриад “ирж уулз” гэсний дагуу би очоод гэрчийн мэдүүлэг өгч, уг хятадуудыг мөнгөн усаар алт угаасан талаар мэдсэн. Хэрэг гарсан өдөр З уурхайгаас ирэх гэж байгаа талаараа яриад байсан. Ямар ч байсан уурхайгаас угаасан юм аа аваад очно гээд байгаа бололтой байсан. Надтай хятад хэлээр ярьсан болохоор би сайн ойлгоогүй “тэг тэг” гэж хэлсэн. Би хятад хэл сайн мэдэхгүй, ярьсан юмыг бага сага бол ойлгоно.” /1хх 114-115/,

 

гэрч Ц.Батжаргалын “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356, 396 хамтарсан тушаалаар химийн хорт болон аюултай бодисын ангиллын жагсаалтад мөнгөн усыг оруулсан байдаг юм. Энэ хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор баталсан. Хэрэв мөнгөн усыг ашиглах тохиолдолд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлөөс хаана, яаж ашиглах тухай дүгнэлт гаргуулж авах ёстой. Энэ дүгнэлтийг үндэслээд тус яамнаас тусгай зөвшөөрөл олгодог юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2009 оны тушаалаар мөнгөн ус болон түүний нэгдлийг уул уурхайн салбарт ашигт малтмал олборлоход ашиглахыг хориглосон байдаг. Иймд мөнгөн ус болон мөнгөн усны нэгдлийг шинжилгээ судалгааны зориулалтаар лабораторийн нөхцөлд ашиглахыг зөвшөөрдөг. Мөнгөн ус нь шингэн металл хэлбэрээр хор аюул багатай. Харин мөнгөн усны уур нь маш их хортой. Хэрэв хүний бие махбодид хуримтлагдаж хордуулсан тохиолдолд хүний ой ухаан муудах, зүг чиг, баримжаа алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.” /1хх 110-111/,

 

гэрч Б.Борчулууны: “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим манай лабораторийн эрхлэгч Бадамцэцэг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот орон сууцанд мөнгөн ус алдагдсан талаар шуурхай мэдээлэл ирсэн байна гэсний дагуу би очиж ажилласан. Намайг тэнд очиход Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 3 ажилтан, тагнуул, онцгой, цагдаагийн байгууллагын ажилтнууд очсон байсан ба том өрөөнд нь хятад иргэд байсан. Тэгээд уг байрны өрөөнүүдийн агаараас “Люмекс” багажаар хэмжихэд том өрөө 0.000079 мг/мЗ, угаалын өрөө 0.000067 мг/мЗ, унтлагын өрөө 0.000052 мг/мЗ, гал тогооны хэсэг 0.00011 мг/мЗ, гал тогооны угаалтуурын хэсэг 0.000258 мг/мЗ хэмжээний мөнгөн ус ууршилттай байсан. Монгол Улсын стандартчилал хэмжил зүйн газраас ажлын байрны агаарын мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.01/0.005 мг/мЗ байхаар баталсан байдаг. Гэтэл уг орон сууцны байр нь ажлын байр биш учраас сурах бичигт тодорхойлогдсоноор орон сууцны байрны агаарын зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.0003 мг/мЗ байхаар шинжилгээний дүнд тусгасан юм. ...” /1хх 112-113/,

 

З /Zhao Yunjun/-ийн яллагдагчаар өгсөн “...миний хувьд “Шударга андууд” ХХК-ийн урилгаар 2019 оны 8 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирсэн. Түүнээс хойш тус компанийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд хяналтын инженерээр ажиллах болсон. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын алтны уурхайн хажууд замаар явж байсан мотоцикльтэй эрэгтэй хүн шилтэй шингэн зүйл өврөөсөө гаргаж харуулаад үйл хөдлөлөөрөө алт угааж болдог зүйл гэдгийг надад хэлж ойлгуулсан. Би 2019 оны 9 дүгээр сарын 24-нд билүү 25-нд Улаанбаатар хот руу явахдаа туршиж үзэхээр уурхайгаас жоохон шороо, нөгөө шилтэй шингэн бодисын хамт авч явсан. Тэгээд тэр авч ирсэн шороогоо Улаанбаатар хотод түрээслэж байсан байрандаа угааж үзэхэд ямар ч алт гарахгүй болохоор нь угаасан шороогоо байрныхаа гадаа байдаг хогийн цэг дээр аваачиж хаясан. Ингээд маргааш нь би уурхай руу яваад 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр уурхайгаас буцаж Улаанбаатар хотод ирэхдээ угааж үзэх зорилгоор уурхайгаас шороо дахиж авчраад өөрийнхөө түрээслэж байсан байрандаа угааж дуусаад байж байхад гаднаас шалгалтын хүн орж ирээд үзлэг хийж “угаасан алт болон мөнгөн ус хаана байна” гээд асуугаад байсан. Би уурхайгаас алттай шороо авч явахдаа компанийн захирал Д.Энххишигт хэлж мэдэгдсэн. Түүнд би уурхайгаас алттай шороог яах гэж авч явж байгаа талаараа хэлээгүй.” /1хх 173-174/ гэх мэдүүлгүүд,

 

"...Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс ирүүлсэн ХФ19/2137 захиалгын дугаартай гялгар уутанд хийж лац тавьсан, “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савлагаатай шингэн зүйл нь шинжилгээ хийх шаардлагад нийцсэн. Уг шингэн зүйлд металл зэстэй амальгам үүсэх чанарын урвал хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо.” гэсэн Геологийн төв лабораторийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /1хх 57-60/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-9, 11-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-16/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх 18/, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших “Илжигтэй ам” нэртэй алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын хуулбар /1хх 232-234/, Байгаль орчин, аялал жуучлалын яамны албан бичиг, ерөнхий үнэлгээний тайлан /1хх 235-238/, Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг /1хх 239-241/, Тагнуулын ерөнхий газрын “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг /2хх 15/, Зий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 35-38/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З /Z/-ийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Юүнжүн /Z/-ийн нийтийн байранд мөнгөн ус ашиглан алт угаасан, мөн шилэн саванд мөнгөн ус хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Юүнжүн /Z/ “...оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, У.Хандсүрэн нар “...оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ авах хууль зүйн боломж байгааг тал бүрээс нь хянаж, бодитойгоор шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тус тус давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Мөнгөн ус болон мөнгөн усны нэгдлийг зөвхөн шинжилгээ судалгааны зориулалтаар лабораторийн нөхцөлд ашиглахыг зөвшөөрдөг байх бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2009 оны тушаалаар мөнгөн ус болон түүний нэгдлийг уул уурхайн салбарт ашигт малтмал олборлоход ашиглахыг хориглосон байхад шүүгдэгч Юүнжүн /Z/ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, хүн байнга амьдардаг орон сууцанд химийн хорт, аюултай бодис мөнгөн ус хадгалж, алт угааж ашиглан иргэдийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэсэн байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З /Z/, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 749 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З /Z/, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ