Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0055

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, түүний өмгөөлөгч П.Цолмонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээд Л.Энхтайван, гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, гуравдагч этгээд Ч.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, гуравдагч этгээд Л.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун давж заалдах гомдолдоо: “М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.Эрхэмбаяр болон С.Санжмятав нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь "Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Энхтайванд газар эзэмшүүлсэн хэсэг, 2013 оны A/1050 дугаар захирамжийн иргэн Ч.Мөнхбатад газар эзэмшүүлсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай" болно. Тодруулбал, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь "Одон консальтинг" ХХК-аас иргэн Л.Энхтайванд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг болон иргэн Л.Энхтайванаас иргэн Ч.Мөнхбатад газар эзэмших эрхийг шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай юм.

Нэг. Үйл явдлын талаар тойм

Иргэн Ч.Мөнхбат нь иргэн Л.Энхтайвантай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Сонгинохайран дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд орших зуслангийн зориулалттай 2837 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан. 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу холбогдох материалаа бүрдүүлэн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлтээ гаргасан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр №000479961 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулан өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэн, газрын төлбөрөө хугацаанд нь төлж хууль ёсоор эзэмшиж байгаа билээ. Тодруулбал иргэн Ч.Мөнхбат нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан бөгөөд эзэмших эрх олгогдоогүй газарт шинээр газар эзэмших эрхийг аваагүй болно.

Хоёр. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тухайд:

Нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд тус тус 0.04 м.кв газар эзэмших эрхтэй болсон байдаг.

Нэхэмжлэгч нарын маргаад байгаа уг газарт анх нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар "Одон консальтинг" ХХК-д 2.0 га газарт эзэмших эрхийг олгосон байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байдаг. Уг "Одон консальтинг" ХХК-ийн эзэмших эрх бүхий 2.0 га газраас 2837 м.кв газрыг иргэн Л.Энхтайванд шилжүүлж, иргэн Л.Энхтайванаас Ч.Мөнхбат нь шилжүүлэн авсан юм.

"Одон консальтинг" ХХК нь Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу хүсэлт болон холбогдох баримтыг бүрдүүлэн газар эзэмших эрх олж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд эзэмших эрх бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд оршин ертөнцийн зүгээр төв замын баруун тал оршдог болох нь хэрэгт авагдсан тойм зураг болон кадастрын зураглалаас тодорхой харагддаг.

Гэтэл нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай хүсэлт болон түүнд хавсаргасан тойм зургаар нэхэмжлэгч нар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд ертөнцийн зүгээр төв замын зүүн тал буюу "Одон консальтинг" ХХК-ийн эзэмшил газрын эсрэг талд газар эзэмших хүсэлттэй байсан болох нь тодорхой харагддаг.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмших тухай хүсэлт гаргасны дараа уг хүсэлтийг судалсны үндсэн дээр газар эзэмшүүлэх шийдвэр буюу Засаг даргын захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулагддаг.

Нэхэмжлэгч М.Эрхэмбаяр нь шүүх хурал дээр газар эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч нар нь хамтдаа гаргасан гэдэг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.Санжмятав нь газар эзэмших хүсэлт[1]-ийг 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан, М.Эрхэмбаярын хүсэлт[2] нь он, cap тодорхойгүй, бүртгэл хяналтын карт байдаггүй. Харин газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж нь 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр буюу хүсэлт гаргаснаас өмнө газар эзэмших эрх олгосон байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн болох нотлогдож байтал шүүхээс "... Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2004 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай" 163 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарт газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байна" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "газар, өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчмыг төрөөс газрын талаар баримтлахаар хуульчилсан, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ: 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх", гэж заасан бөгөөд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д "Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дараалал", 2.1.2-т "Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх", 2.1.3-д "Хээрийн судалгаа хийх", 2.1.6-д "эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах" гэж заасны дагуу хариуцагч нийслэлийн Засаг даргаас шаардлагатай ажиллагааг явуулсан бол тухайн газрын давхцлын маргаан үүсэхгүй байх боломжтой байж" гэж дүгнэсэн.

Гэтэл уг зохицуулалт нь нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгохдоо хийх ёстой бус харин ч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарыг маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргах үед дээр дурдсан ажиллагааг зохих журмын дагуу хийсэн бол нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд уг маргаан бий болж, аль алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх боломжтой байсан. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь замын зүүн талд байрлалтай байгаа ба хүсэлтийн дагуу судалж үзээгүйгээс бусдын эзэмшил газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт "Захирамжуудад газрын байршлыг "Баянголын ам", "Ёлын ам" гэж хоёр өөр нэрээр тусгайлан заасныг мөн дурдах нь зүйтэй байна" гэжээ. Шүүхээс ийнхүү уг байдлыг эргэлзээтэй байдлаар дүгнэсэн нь угтаа хэрэгт ач холбогдолгүй боловч ийнхүү дүгнэсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул тайлбарлах зайлшгүй шаардлага бий болж байна.

Маргаан бүхий захирамжуудад хамаарал бүхий газрыг бүхэлд нь буюу төв замын баруун, зүүн хэсгийг "Баянголын ам" гэж нэрлэдэг бөгөөд "Ёлын ам" нь төв замын баруун талын хэсгийг нэрлэдэг. Тодруулбал, "Ёлын ам" нь "Баянголын ам"-нд хамаардаг юм.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу тус хэрэгт Л.Энхтайван, Ч.Мөнхбат нар гуравдагч этгээдээр татагдан оролцсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.Энхтайван нь огт оролцдоггүй бөгөөд шүүхээс ч шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байдаг.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шударгаар газар эзэмших эрхийг олж авсан гуравдагч этгээд Ч.Мөнхбатын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа болно.

Үүн дээр нэмээд нэхэмжлэгч нарын маргаж буй газрын хэмжээ нийлээд 800 м.кв болох бөгөөд харин Ч.Мөнхбат нь 2837 м.кв газар эзэмшдэг гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байтал давхцаагүй хэсэг болох 2037 м.кв газрын талаар шүүхээс ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөөгүй буюу энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага тодруулах талаар ажиллагааг огт хийгээгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах үе үйлчилж байсан/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг" гэж заасан.

Үүнээс үзвэл иргэн, хуулийн этгээд нь өөрийн зөрчигдсөн эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргах ёстой байтал давхцаагүй хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй байна.

Дөрөв. Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэт нэг талыг баримталж, нэхэмжлэгч нарт ашигтай байдлаар тайлбарлан шүүхийн шийдвэртээ дүгнэжээ.

Тухайлбал, шүүхийн шийдвэрт "...Улаанбаатар хотын ерөнхий архитектор ...М.Цэлмэгийн баталсан схем зурагт дүрслэгдсэнээр "Одон консальтинг" ХХК-ийн хүсэлт гаргасан зуслангийн сууц барих газар нь тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд тус компанийн 2009 оны кадастрын зурагт, 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр "Одон консальтинг" ХХК-аас Нийслэлийн газрын албанд гаргасан “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлтэд хавсаргасан зурагт дээрх газрын хэлбэр, байршил өөрчлөгджээ" гэжээ. Хавтаст хэрэгт Нийслэлийн архивын газраас нотлох баримтаар ирүүлсэн кадастрын зургууд[3] хавсаргагдсан билээ.

Эдгээр кадастрын зургууд нь ямар нэгэн байдлаар батлагдсан зургууд биш юм.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг;" 3.1.14-д "газрын улсын бүртгэл" гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг;" гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхээс нотлох баримтаар үнэлээд буй кадастрын зураглалууд нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан зураглал үйлдсэн үйл ажиллагаа бөгөөд харин дээр дурдсанчлан ямар нэгэн байдлаар баталгаажиж улсын бүртгэлд бүртгэгдсэн кадастрын зураг биш юм.

Түүнчлэн шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ёстой байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй буюу гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаас өмнөх оны асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч нотлох баримтыг үнэн бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцэхгүй байна.

Шүүхээс шийдвэртээ гэрчийн мэдүүлгүүдийг дурдсан байх бөгөөд ингэхдээ зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай мэдүүлгүүдийг түүвэрлэн шийдвэртээ тусгасан гэж үзэхээр байна.

Тухайлбал, "Toп сүрвэй" ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатараас авсан гэрчийн мэдүүлгийг дурдахдаа нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс шийдвэрт тусгасан байна.

Б.Эрдэнэбаатар нь гэрчийн мэдүүлгээрээ "Манайхтай адил тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлж, эргэлтийн цэгүүдийн координатуудыг тодорхойлуулаад, кадастрын зураг хийлгүүлдэг. Энэхүү кадастрын зургийг газрын албаны мэргэжилтэнд хянуулах ажиллагааг хийлгээд, газрын албаны мэргэжилтэн бусдын эзэмшил, ашиглалт байгаа газар, ойн бүс, нийтийн эзэмшлийн зам талбай зэрэгтэй давхцаагүй бол цааш нь захирамж гаргуулах, захирамжийг үндэслээд мэдээллийн санд оруулах ажиллагааг хийдэг. Мэдээллийн санд оруулахаас өмнө тухайн газрыг хариуцсан газар зохион байгуулагч хянаад, кадастрын мэргэжилтэндээ цохолт хийгээд кадастрын мэргэжилтэн мэдээллийн санд нэмж оруулахдаа кадастрын мэдээллийн санд ямар нэг давхцаж байгаа эсэхийг хянадаг. Энэхүү 20000 м.кв газрыг мэдээллийн санд оруулахад хэн нэгний газартай давхцалтай байсан бол кадастрын зураг буцаагдах ёстой. Өөрөөр хэлбэл, давхцалгүйгээр 20000 м.кв газрын кадастрын зургийг дахин гаргаж, мэдээллийн санд оруулах ажлыг хийх ёстой" гэж тайлбарласан. Үүнээс үзвэл тус компанийн хийгдсэн зургаар газрын мэдээллийн санд бүртгэгддэггүй бөгөөд газрын мэргэжилтэн хянах ёстой байна.

Түүнчлэн тухайн үед Газрын албаны мэргэжилтнүүдийг гэрчээр асуусан бөгөөд тэдний өгсөн гэрчийн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч нарын кадастрын зураглалыг устгах талаар ямар нэгэн шийдвэр гарсан зүйлгүй гэдгийг тодорхой мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс "Гэтэл 2009 онд нэхэмжлэгч нарын нэгж талбарын мэдээллийн сангаас устгаж, "Одон консальтинг" ХХК-ийн нэгж талбарыг бүртгэсэн байна" гэж дүгнэсэн.

Хавтас хэрэгт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/740 дүгээр албан тоот[4]-оор маргаан бүхий газартай холбоотой нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд хайлт хийсний үндсэн дээр хийгдэж байсан өөрчлөлтүүдийг дурдан, хавсралтын хамт ирүүлсэн бөгөөд уг баримтад ямар нэгэн байдлаар мэдээллийн сангаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрын кадастрын бүртгэлийг устган, өөрчлөлт оруулсан талаар дурдаагүй юм. Анхан шатны шүүхээс уг баримтыг огт үнэлээгүй.

Нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргээр нэхэмжлэгч нарт 400 м.кв газрыг эзэмших эрхийг олгосон байдаг. Харин нэхэмжлэгч нар нь өөрт олгогдсон газрын хэмжээг хэтрүүлэн 565 м.кв газар гэж газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байдаг. Энэхүү байдал нь хууль тогтоомжийг зөрчсөн байтал шүүхээс уг нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүй.

Тав. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгтээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" гэж заасныг үндэслэжээ. Гуравдагч этгээд Ч.Мөнхбат нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан явдал нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхэд халдсан зүйлгүй бөгөөд ямар нэгэн байдлаар шударга ёс, тэгш байдлыг алдагдуулаагүй юм.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримталсан байна. Уг заалт нь анх газар эзэмших эрх авахаар хүсэлт гаргаж буй харилцаанд хэрэглэх зохицуулалт буюу нэхэмжлэгч нарын анх 2005 онд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцаж буй эсэхийг шалгаагүйгээс үүссэн маргаан байтал уг зохицуулалтыг гуравдагч этгээдүүдэд хамааруулан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхээс Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2-д заасныг тус тус баримталжээ. Уг зохицуулалт нь агуулгын хувьд газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахыг хориглосон зохицуулалт байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр мэдээллийн санд өөрчлөлт оруулах асуудал нь нарийн зохицуулалттай бөгөөд дурын иргэн, аж ахуйн нэгж өөрчлөлт оруулах боломжгүй гэдэг нь тогтоогдсон билээ.

Мөн гуравдагч этгээд Ч.Мөнхбатын зүгээс уг мэдээллийн санд өөрчлөлт оруулж, устгал хийсэн баримт байхгүй байтал уг зохицуулалтыг хэрэглэж шударга эзэмшигч Ч.Мөнхбатын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, гуравдагч этгээд Ч.Мөнхбатын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт халдсан хууль бус шийдвэр байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Л.Энхтайван давж заалдах гомдолдоо: “М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн гуравдагч этгээдээс энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.Эрхэмбаяр болон С.Санжмятав нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь "Одон консальтинг" ХХК-аас иргэн Л.Энхтайванд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 438-р захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг болон иргэн Л.Энхтайванаас иргэн Ч.Мөнхбатад газар эзэмших эрхийг шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2013 оны A/1050 дугаар захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай юм.

Нэг. Үйл явдлын талаар

Иргэн Л.Энхтайван би "Одон консальтинг" ХХК-ийн эзэмшил газар /2.0 га/-аас 2837.03 м.кв газрыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжаар шилжүүлж авсан. "Одон консальтинг" ХХК нь дээрх газрыг нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны 159 дүгээр захирамжаар эзэмшиж, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар 15 жилээр сунгуулсан байсан .

Улмаар иргэн Ч.Мөнхбаттай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Сонгинохайран дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд орших зуслангийн зориулалттай 2837 м.кв газрыг эзэмших эрхээ нийслэлийн Засаг даргын 2013 оны A/1050 дугаар захирамжийн дагуу шилжүүлэн өгсөн.

Миний бие "Одон консальтинг" ХХК-иас газар шилжүүлж авсан болон иргэн Ч.Мөнхбатад эрхээ шилжүүлсэн бүхий л үйл ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдсан бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн болно.

Хоёр. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тухайд:

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн талаар:

Нэхэмжлэгч М.Эрхэмбаяр болон С.Санжмятав нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд тус тус 400 м.кв газар эзэмших эрхтэй болсон байдаг. Нийслэл болон дүүргийн Засаг дарга иргэн болон байгууллагад газар олгох аливаа захирамж гаргахдаа тухайн иргэн болон байгууллагаас бичгээр бичсэн хүсэлт, өргөдөлд тулгуурлан гаргах ёстой билээ. Гэтэл М.Эрхэмбаяр болон С.Санжмятав нарт газар олгох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамж нь дээрх иргэдийн өргөдөл, хүсэлтийг авалгүйгээр гаргаж хууль журам зөрсөн байна. Өргөдлийг хагас жилийн дараа авсан, он cap байхгүй өргөдөл хавсаргасан байна. Тэрчлэн он, cap, өдөргүй, зохих ёсоор баталгаажаагүй тойм зургийг хавсаргажээ. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн М.Эрхэмбаяр болон С.Санжмятав нарт холбогдох хэсэг нь шаардлагатай материалуудыг бүрэн бүрдүүлээгүй тул хүчингүй гэж үзэж байна.

2. Газрын давхцалын талаар:

Нэхэмжлэгч нарын маргаад байгаа уг газарт анх нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаар захирамжаар "Одон консальтинг" ХХК-д 2.0 га газарт эзэмших эрхийг олгосон байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байдаг.

"Одон консальтинг" ХХК нь газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу хүсэлт болон холбогдох баримтыг ёсоор нь бүрдүүлэн газар эзэмших эрх олж авсан. Эзэмших эрх бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд оршин ертөнцийн зүгээр төв замын баруун тал \замынхаа дээд тал\ оршдог болох нь хэрэгт авагдсан албан ёсны тойм зураг болон кадастрын зураглалаас тодорхой харагддаг. Газрын нэрийн тухайд Баянголын ам гэдэг нь ерөнхий нэр бөгөөд уг газрыг Ёлын уулын хэсэг гэж тодотгож өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай хүсэлт болон түүнд хавсаргасан тойм зургаар нэхэмжлэгч нар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд ертөнцийн зүгээр төв замын зүүн талд буюу замынхаа доод хэсэгт, маргаж буй газраас ихээхэн хол, өөр байршилтай газар хүсэлт гаргасан нь тодорхой харагддаг. Ямар шийдвэрээр хүний газартай давхцуулан байршил болон талбайг өөрчилж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулсныг тодруулахгүйгээр шүүхийн шийдвэр нэхэмжлэгч талд гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Цаг хугацааны хувьд нийслэлийн Засаг даргын захирамж нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаас жилийн өмнө гарчээ. Тэрчлэн Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас 2006 онд зохих судалгааг хийлгүйгээр анх газар олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаа зөрчин нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газартай давхцуулан зураг хийсэн нь хууль бус гэж үзэж байна.

3. 2009 болон түүнээс хойшхи хугацааны асуудлын тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн М.Эрхэмбаяр болон С.Санжмятав нарт холбогдох хэсэг нь хүчингүй, тодорхой судалгаагүй, зохих шийдвэр байхгүйгээр дур мэдэн газрын байршил, хэмжээг өөрчилсөн нь хууль бус тул түүнээс дараах асуудлууд нь зохих журмынхаа дагуу зөв шийдэгдсэн гэж үзэж байна. Нийслэлийн Газрын алба ч хууль дүрмийнхээ дагуу ажиллаж шийдвэрээ гаргажээ гэж ойлгож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ”М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Энхтайванд холбогдох хэсэг, 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэлт гаргаагүй, нотлох баримтыг судалж үзэлгүй хэт нэг талыг баримталж, нэхэмжлэгч нарт ашигтай байдлаар шүүхийн шийдвэртээ дүгнэсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн архивын газраас нотлох баримтаар ирүүлсэн кадастрын зургууд нь батлагдсан, баталгаажуулсан зургууд биш байхад үндэслэх хэсэгт дурдсан нь учир дутагдалтай байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.14-д заасан заалтанд тодорхой дурдсан байхад шүүх энэ байдлыг судалж үзэлгүй дүгнэсэн байна.

Дээрх нийслэлийн Засаг даргын захирамжууд нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган өгсний үндсэн дээр шийдвэрлэсэн захирамж юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд тус бүр 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлжээ. Гэтэл нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхацсан нийт 2837 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар гуравдагч этгээд Л.Энхтайванд, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ч.Мөнхбат нарт тус тус эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчжээ.

Хариуцагч болон гуравдагч этгээдүүдээс “Анх “Одон консальтинг” ХХК нь Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн газар эзэмших хүсэлт гаргаж, нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 2 га газрыг эзэмших эрхтэй болж, 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгасан. Улмаар гуравдагч этгээд Л.Энхтайван, Ч.Мөнхбат нар “Одон консальтинг” ХХК-ийн эзэмшлийн 2 га газраас 2837 м.кв газрыг хууль ёсны дагуу шилжүүлж авсан” гэж маргах боловч анх 2004 онд нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарт эзэмшүүлсэн 800 м.кв газар нь “Одон консальтинг” ХХК-ийн эзэмшлийн 2 га газартай давхцаагүй, тусдаа нэгж талбар бүхий газар байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана: 32.3.2. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заажээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Одон консальтинг” ХХК-ийн газар олголтын хувийн хэргээс үзэхэд тус компани нь зуслангийн сууц барих зорилгоор газар эзэмших тухай хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргаас 2003 онд хүсэлтэд хавсаргасан тойм зурагт заасан байршлаар, тэгш өнцөгт хэлбэртэй газар олгосон болох нь Нийслэлийн Архивын газрын хуулбар үнэн тэмдэг бүхий Улаанбаатар хотын ерөнхий архитектор, хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цэлмэгийн баталсан зурагаар[5] нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Одон консальтинг” ХХК нь анх газар эзэмших тухай хүсэлтэд хавсаргасан тойм зургаа өөрчлөх хүсэлт гаргасны дагуу газрын байршлыг өөрчилж олгосон” гэж тайлбарлах боловч тус хуулийн этгээд нь тойм зурагт заасан газрынхаа хэлбэр, байршлыг өөрчилж газар эзэмших талаар дахин хүсэлт гаргасан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул өөрчилж газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Гэтэл 2009 онд нэхэмжлэгч нарын нийслэлийн кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байсан газар эзэмших эрх бүхий 800 м.кв газрын нэгж талбарыг мэдээллийн сангаас устгаж, “Одон консальтинг” ХХК-ийн эзэмшил 2 га газрын хэлбэр, байршлыг өөрчилж тухайн газрыг “Одон консальтинг” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн болох нь тус компанийн 2009 оны газрын кадастрын зураг[6], Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/420[7] тоот, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/740[8] тоот “...өргөдөлд дурдсан иргэдийн газрууд нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд анх 2006 онд бүртгэгдсэн байна. 2009 онд дээрх 3 нэгж талбар устгагдсан байна” гэх албан бичгүүдээр тогтоогдож байна.

Ийнхүү захиргааны байгууллага, албан тушаалтны үндэслэлгүйгээр М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын эзэмших эрх бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж, тухайн газартай давхцуулан “Одон консальтинг” ХХК-ийн газрын кадастрын зургийн хэлбэр, байршлыг өөрчилж бүртгэн, улмаар гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.Энхтайван огт оролцдоггүй бөгөөд шүүхээс ч шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-д заасны дагуу хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээд Л.Энхтайванд шүүх мөн хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарласан байх төдийгүй 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутад Л.Энхтайваны 95958855 дугаарын утас руу залгаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Харин нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар тус бүр 400 м.кв газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байхад шүүх нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсэг буюу 2837 м.кв газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул маргаан бүхий актын нэхэмжлэгч нарын газартай давхацсан 800 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.1.1-д /Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх/ заасныг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийн баримталсан хуулийн зүйл заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтаас “...19.1.1” гэснийг хасч, “нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэснийг “нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийн М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын эзэмшил 800 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, гуравдагч этгээд Л.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээд Л.Энхтайван, Ч.Мөнхбат нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 


[1] Хавтаст хэрэг 1 184-185 дахь тал

[2] Хавтаст хэрэг 1 32 дахь тал

[3] Хавтаст хэрэг 1 228-233 дахь тал

[4] Хавтаст хэрэг 1 204 дэх тал

[5] Хх1-48

[6] Хх1-145

[7] Хх1-204

[8] Хх1-218