| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
2024 05 08 ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х,
улсын яллагч О.А,
шүүгдэгч Г.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Г-ын Р-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын...ны өдөр ... суманд төрсөн, яс үндэс халх, ... настай, ..., .... боловсролтой, .... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... хамтаар ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г-ын Р /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Р нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Т-ийн үйлдлийг зогсоохоор маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж духны хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Г.Р мэдүүлсэн: “...Найз А.Т-ийн биед гэмтэл учруулсан нь үнэн. Хашхираад байхаар нь болиулах гээд 3 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан, найзаасаа уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Г.Р мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...03 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд манай гэрт унтаж амрахаар А.Т, Б.Б бид гурав О-ийн машинд суугаад гэрийн гадаа хүргүүлсэн. Замд явж байхад А.Т машинд суугаад хашхираад, машинаас бууж явна, амиа хорлоно, би үхнэ гээд сонин сонин авир гаргасаар байгаад гэрийн гадна ирсэн. Бид нар машины хойд талын суудал дээр суугаад би машины зүүн талд голд Баттөр, баруун талд А.Т суугаад би А.Т-т хандаж юу яриад байгаа юм бэ гэсэн боловч миний үгэнд орохгүй байхаар нь зүүн гараа атгаж байгаад А.Т-ийн нүүр болон толгой хэсэг рүү 3 удаа цохисон. Энэ үед Б.Б бид хоёрыг салгаад бид нар тайвшраад машинаас буусан. Тэгээд машинаас буугаад ирэхэд А.Т-ийн хамраас цус гарсан, уйлаад байсан, мөн гар утсаа нэхээд байхаар нь би жолоочийн хамт машинаар 24 айл руу А.Т-ийн гар утсыг авах гээд ирэхэд А.Т байхгүй байсан... Би зүүн талын гараа атгаж байгаад Т-ийн нүүр болон толгой хэсэг рүү 3 удаа цохисон. А.Т намайг цохиж зодсон зүйл байхгүй... Би найздаа учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-46х/,
- Хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.Р-ын гэр рүү явж байхад машин дотор Г.Р зүүн талын гараа атгаж байгаад миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Дараа нь миний зүүн талын шанаа болон дух хэсэг рүү чи хэн болсон юм бэ гээд хараал хэлээд цохиод байсан. Тэгж явж байхад Г.Р-ын гэрийн гадна ирээд миний зүгээс хамраас цус гараад байна шүү дээ гэж хэлээд Г.Р-ыг түлхээд хамгийн түрүүнд буусан. Миний араас Г.Р бууж ирээд чи яасан бааштай болсон юм бэ гээд малгайтай цамцны малгайнаас хойш нь татаад боогоод, гэрт орж унт гээд гэр лүүгээ аваад орсон. Энэ үед би хамраас цус гараад байна шүү дээ эмнэлэг явна гэж хэлэхэд намайг тоохгүй чи яасан бааштай болсон юм бэ гэж хэлсэн. Тэгээд гэрт нь орсон чинь хамар, дух хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь би бие засчхаад ирье гэж хэлээд гарч яваад эмнэлэг орсон... одоо миний биеийн байдал гайгүй, хааяа нэг толгой дүүрээд өвдөөд зовуурьтай байгаа, эмчилгээний эмч нар эм бичиж өгсөн, өвчин намдаах болон биеийн эсэргүүцэл сайжруулах эм байнга ууж хэрэглэж байгаа... Надад одоогийн 912,155 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07, 10х/,
- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.Р А.Т-ийг зүүн талын гараараа нүүр болон толгой хэсэгт нь 3 удаа цохиж би дунд нь сууж байсан тул тэр хоёрыг салгасан. Хэсэг хугацаанд машинд сууж байгаад машинаас бууж ирэхэд А.Т-ийн хамраас цус гарсан, уйлаад байсан... Г.Р А.Т-ийг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн А.Т нь ...Эрүүл мэндийн сангаас 31,500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний мөнгийг Г-ын Р-аас гаргуулан төрийн сангийн банк дахь ... тоот данс руу шилжүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
- Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “1.А.Т-ийн биед дух ясны духны хөндий рүү цөмөрсөн хугарал, духны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Учирсан дух ясны хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
4. Учирсан духны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29х/,
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30х/,
-Дорноговь аймгийн Эрдэнэ сумын эмнэлгийн эмчийн эрүүл мэндийн үзлэгийн талаарх дүгнэлт бүхий бичиг /хх-ийн 32х/,
-Хохирогч А.Т-ийн зүгээс гаргаж өгсөн хохирлын талаарх баримт, хохирлын тооцоо /хх-ийн 58-59х/,
- Шүүгдэгч Г.Р-т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 50, 77-78х/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Р, хохирогч А.Т нар нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд А.Т хашхираад байхаар нь Г.Р болиулах гэж түүний нүүрэн тус газар нь гараараа удаа цохиж улмаар А.Т-ийн биед дух ясны духны хөндий рүү цөмөрсөн хугарал, духны шарх гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Г.Р нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгийн торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Р-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Р-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Р /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Р-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р нь 800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Р-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н