Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2021/00021/И |
Дугаар | 149/ШШ2021/00123 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 149/ШШ2021/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг, Хараа №26 тоотод оршин суух Харчин овогт Дашдондогийн Мягмарсүрэн /РД:МИ70101103, утас:99931137/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Баян-Арцат №58 тоотод оршин суух Боржигон овогт Галайн Даваасүрэн /РД:МИ69040811, утас:99231471/-т холбогдох
Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч Г.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Г.Даваасүрэнтэй 1990 онд үерхэж улмаар 1991 онд гэр бүл болсон.1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүү Мөнх-Эрдэнийг төрүүлсэн. 1993 онд 2 дахь хүүгээ, 1997 оны 02 дугаар сарын 06-нд 3 дахь хүүгээ төрүүлсэн. 4 дэх охин Амин-Эрдэнийг тээж байхад Г.Даваасүрэн нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж улмаар архи уух, хэрүүл зодоон үүсгэснээр ирэн очин байсаар байгаад охиныг 8 сартай байхад тэр айлдаа очиж ирэхээ больсон. Энэ нь хүүхдийн цаашдын хүмүүжил, эрүүл бойжиход хүндрэлтэй, ажиллахад хүртэл саадтай байсан тул бид тус тусдаа амьдрах болсон. Миний охиныг төрөхөд согтуу ирж сэтгэл санааны гүн хямралд оруулж байсан. Ухамсраараа хүүхдүүд дээрээ ирэхийг нь харсаар өдий хүрсэн одоо маш их гомдолтой байна. Одоо охин Амин-Эрдэнэ миний асрамжид үлдээсэн тул тэтгэлгийг хуулийн дагуу эцэг болох Г.Даваасүрэнгээс гаргуулж өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би энэ хань Г.Даваасүрэнтэй 1990 онд танилцаад хамтран амьдарч байгаад бидний дундаас 1991 онд анхны хүү Мөнх-Эрдэнэ төрсөн юм. 1993 онд нэг хүү гараад нас барсан. 1997 онд 3 дах хүү төрсөн. 2009 онд охин Амин-Эрдэнэ төрсөн. Би энэ хүнд итгэж байсан. Өдий хүртэл хүүхдээ гэх болов уу гэж бодсон. Хэн хэнд нь алдаа байгаа байх. Суусан хүн нь хэл амтай. Намайг хохь чинь тавилан чинь гэж тэр хэлсэн. Хүний хань юм чинь өөрийнхөө алдааг засаад хүрээд ирэх болов уу гэтэл өнгөрсөн жил 8 сард ирж 2 хоноод буцаад нөгөө авгай руугаа яваад өгсөн. Би сэтгэл санаагаар унасан байсан. Би өнөөдөр хэнээс болоод орон гаран гэж энэ хүнд хэлүүлж байгаадаа гомдолтой байна. Би 10 жил дуугүй явсан. Намайг голоод явсан биз. Эцэст нь үр хүүхдээ бодоосой гэж бодож байна. Би өнөөдөр их гомдолтой байна. Би настай ээжийгээ асраад амьдардаг. Энэ хангалттай хөрөнгө үлдээгээд явсан байсан бол би хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй. Охин маань аав надад байдаг юм уу гэж асуухад нь надад хэцүү байсан. Ингэж хүний сэтгэлээр тоглож болдог юм уу. Би ханилсан хань үр хүүхдийн эх шүү дээ. Би шөнө ч унтаж чаддаггүй. Хүүхдүүдийнхээ төлөө л явдаг байсан. Одоо Амин-Эрдэнэ охиндоо төрсөн эцэг Г.Даваасүрэнгээс тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна...гэжээ.
Хариуцагч Г.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие Г.Даваасүрэн нь 1969 онд төрсөн. Тус сумын 7-р багын Баян-Арцат 58 тоотод оршин суудаг. Миний өмнөх амьдрал болох Д.Мягмарсүрэнгийн надад өргөдөл гаргасны дагуу хүсэлтээ бичиж байна. Д.Мягмарсүрэнтэй ханилж байгаад бид хоёр салж би өөр амьдралтай болсон нь үнэн. Гэвч би салаад явахдаа бүх эд хөрөнгөө үлдээгээд явсан. Хашаа байшин 2 ногооны талбай /Хэрхэд 1 ногооны талбай/ машин, үхэр мал гэх мэт бүх зүйлсийг үлдээсэн. Учир нь би ажил эрхэлдэггүй учир хүүхдийн тэтгэмж төлөх чадваргүй учраас энэ бүх эд хөрөнгөө үлдээсэн юм. Тэр цагаас хойш хүүхдүүддээ байнга биш ч зохих хэмжээгээр тус дэмтэй одоог хүртэл явж байгаа. Д.Мягмарсүрэн нь надаас салснаас хойш нэг биш хүнтэй ханилж, амьдрал зохиож амьдарч байсан. Одоо надаас хүүхдийн тэтгэлэг нэхэж байгаа нь надад таалагдахгүй байна. Одоо хөгширч байгаа надад ажил олдохгүй, хуваариа зундаа ногоо тарьж амьдардаг иймээс хүүхдийн тэтгэлэг өгөхөд хэцүү байна. Би салсан ч гэсэн ямар ч хөрөнгө мөнгөгүй гэрээсээ явсан бүгдийг хүүхдүүддээ үлдээсэн...гэжээ.
Хариуцагч Г.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бодлоор би энэ хүнд сангийн аж ахуйд газар хашаа байшин гэх мэт бүх юмаа өгсөн. Би эргээд очиход ажил хийх багаж байхгүй болсон учраас юм хийх аргагүй болсон. Би хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг. Том хүүтэйгээ ногоо тарих гээд яриад байж л байна. Бага хүүтэйгээ таарамж муутай. Надаас 5 сая төгрөг нэхсэн юм. Гэтэл зун мөндөр цохиод байцаа ямар ч ургах нөхцөлгүй болоод хохирол үүсээд 500000 төгрөг л өгөхөд надад уураа гаргасан. Том хүүтэйгээ ярихад цуг ногоо тарья гэж ярьж л байгаа. Энэ хүнтэй яг иймээ тиймээ гэж ярьсан юм байхгүй. Бага хүүхдэдээ тэтгэлэг төлнө гэсэн бодолтой л явж байгаа. Өөрийнхөө боломжоор л тэтгэлэг тогтоолгоё гэж бодож байгаа. Яваандаа хүүхдүүдтэйгээ холбоотой байна гэж бодож байгаа. Хөндийрөх бодол байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, хариуцагч Г.Даваасүрэнд холбогдуулан бага охин Амин-Эрдэнэд хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, хариуцагч Г.Даваасүрэн нар нь 1990 онд танилцан, гэр бүлийн дотно харьцаатай болж хамтран амьдарсан ба тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Амин-Эрдэнэ төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Амин-Эрдэнийн эцэг нь Г.Даваасүрэн мөн болохыг тогтоож, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Г.Даваасүрэнгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Амин-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 23-ний өдөр төрсөн охин Амин-Эрдэнийн эцгээр Харчин овогт Галаагийн Даваасүрэн мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Амин-Эрдэнийг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Г.Даваасүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Даваасүрэнгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Даваасүрэнгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.