Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2021/00106

 

 

 

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 36 дугаар байр 12 тоотод оршин суух, Боржигон овогт Цээпилдоржийн ******* /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 1-501 тоотод оршин суух Боржигон овогт Баасанжавын ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох

 

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40863000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Б.*******ын хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Иргэд хоорондын орон сууц худалдах-худалдан авах буюу /зээлээр худалдах худалдан авах/ гэрээг хийж Баянгол суманд байрлах 5-н давхар орон сууцны 1 давхрын 501 тоот буюу 51,3 м2 өрөөг гэрээнд заасны дагуу 85742000 төгрөгөөр худалдсан. Б.******* нь гэрээнд заасны дагуу эхний үед төлөлтийг хийж байсан боловч сүүлийн жилүүдэд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг зөрчин гэрээнд заасны дагуу төлөлтөө хийхгүй байгаа ба мөнгийг төлөх талаар удаа дараа уулзан ярилцаж, мэдэгдэл өгч байсан боловч гэрээний заалтыг зөрчиж өнөөдрийг хүрч байна. 2020 оны 8 дугаар сард гэрээний дагуу тооцоо хийхэд байрны мөнгөнөөс төлөгдөөгүй 27242000 төгрөг, алданги 89669240 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232-р зүйлийн 4-д заасны дагуу үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцоход 27242000 төгрөгийн 50 хувь нь 13621000 төгрөг ба бүгд 40863000 төгрөг болж байна. Иймд Б.*******аас 40863000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа... Миний бие анх танай шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдлөө гаргаж, хүү нэхэмжлэхгүйгээр үндсэн мөнгөө нэхэмжилсэн. Б ******* нь эвлэрье гэж өөрөө ярьж тохирсон атлаа яг тохирох болохоор шүүхэд ирэхгүйгээр хугацаа алдаж биднийг тохироож байна. Иймд би арга буюу гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл одоо Б.******* нь байрыг буцааж өгье гэж тайлбар гаргасан байна. Үүнийг бид зөвшөөрч байна. Гэхдээ бидний байгуулсан гэрээнд заасны дагуу худалдагч манай тал Б.*******ын төлсөн мөнгийг буцааж өгөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд миний бие анхны шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Б.******* тайлбартаа байр шаардлага хангахгүй байгаа талаар бичсэн байна. Үүний дагуу бид зохих ажиллагааг хийж мэргэжлийн хяналтад хандаж хүлээлгэн өгсөн. Тухайн үед хүлээн авахад Б.*******ын эхнэр Хишигжаргал нь гарын үсэг зураад авсан болно...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нь нэхэмжлэгч Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь 2017 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд орон сууц барьж, Б.******* нь худалдах-худалдан авах гэрээ хийж өөрийн хүсэлтээр зээлээр 2 өрөө байр худалдан авсан. Эхний удаа зохих ёсоор төлөлт хийж байсан ч 3 жилийн төлөлт хийгээгүй. 85742000 төгрөгийн төлөлтөөс 2020 оны 08 дугаар сард энэ үнийн дүнгээр тооцоо хийхэд 57242000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэвч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тооцоход 40863000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнө эвлэрүүлэн зуучлалд 2 удаа өгсөн байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нар ярилцаад 40 сая төгрөгөө өгье гэж байсан боловч хариуцагч нь ирээгүй. Цар тахал ч гарсан байсан. Ярилцсан ёсоор бол 40 сая төгрөгийг гаргуулах боломжтой байна. Хариуцагч нь байр шаардлага хангахгүй болсон учраас 5 сая төгрөг хасуулъя гээд байгаа. Удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж байсан боловч өөрөө төлнө гэдэг байсан. Эвлэрүүлэн зуучлалын гэрээнд заасны дагуу төлөлтөө хийнэ гэсэн шаардлага байгаа. Тухайн үед цонх хаалга нь ийм байна гэж хүсэлт гаргасан байна лээ. Мэргэжлийн хяналтаас очоод засвар үйлчилгээ хий гэхэд үүрэг гүйцэтгээд дахин хүлээлгэж өгсөн байдаг. Хэрэгт Хишигжаргал гэдэг хүнд засвар үйлчилгээ хийгээд хүлээлгэж өгсөн баримт нь байгаа. Тиймээс энэ 5 сая төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Гэрээний заалтыг ******* мэдэж байсан. Алданги төлнө гэдгээ мэдэж байсан. Байраа буцаана гэхэд өөрөө өгөх боломжгүй гэж ярьж байсан. Иймд 40863000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа... Миний бие Баасанжав овогтой ******* нь 2017 оны 12 дугаар сарын 30-нд иргэн Ц.*******оос 2 өрөө байрыг гэрээний дагуу худалдан авахаар тохиролцож байранд орсон. Гэвч тус байр шаардлага хангахгүй олон зүйл байна. Өвөлдөө хүйтэн, дулаан алдалт ихтэй, Цонхнууд маш муу, Шалан доор зөөлөвч дэвсээгүй, Паркетэн шал зай гарсан, завсраар нь тоос босно, 00-ын өрөө агааржуулагч, халаагч байхгүй гэх зэрэг олон асуудал байна. Иймд тус байрыг буцаах хүсэлтэй байна...гэжээ.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ц.*******той гэрээ хийж 51,1 м2 байранд орсон. Анх ороход Ц.******* хэлэхдээ өөрөө халаалтаа шийднэ халуун устай. Тухтай тохитой, хангалттай бүрдсэн гэж хэлж байсан. Яг амьдрахад тийм зүйл байгаагүй. Хамгийн дулаан нь 15 градус. Тог цахилгааны мөнгө доод тал 150000 төгрөг гарна. Тэр нь халаалтдаа л тэр. Бойлуураар халдаг байсан. Би больё гэхэд Ц.******* ахаа наадах чинь засвар хийгээд асуудалгүй та гүрийчих гэсэн. Тэгэхэд 2017 оноос 2018 онд шилжих өвөл байсан. 2018 оны өвөл засвар хийсэн. Одоо хална гэхэд халаагүй. Тэгээд төвийн шугамд холбоё гээд бас халаагүй. Өөрсдөө 240000 төгрөг тог цахилгааны төлбөр гарчхаад 50000 төгрөгийг төлье үлдэгдлийг та төлчих гээд явж байсан. Тэгээд Мэргэжлийн хяналт дуудаад гарын үсэг зурсан гэдэг нь зөвхөн цонхны резин сольсон гэдэг дээр гарын үсэг зурсан шүү. Мэргэжлийн хяналт ирээд агааржуулалт байхгүй. Нойлд халаагч байхгүй гэж байсан. Анх янзлаад өгнө л гэж байсан. Агааржуулагчийн хүмүүс ирээд янзлаад явахдаа манайхыг янзлаагүй. Би өөрөө янзалсан. Өвөл хүйтэн. Манайд орохоор чангахан гишгэхээр цагаан тоос пургиж байдаг. Зөөлөвч дэвсээгүй, бүр шалнууд нь салаад байгаа. Өдөр нэг арчаад л орой гэхэд тоостой болсон байдаг. Цонхыг би резин солиулъя гэж яриагүй. Би аргалаагүй биш аргалсан. Би цонхонд бүтэн хаалт хийгээд ямар ч порчек онгойхооргүй хаасан байгаа. Тэгэхгүй бол шуураад байдаг. Резин нь сольсон болоод ямар ч үр дүн байхгүй. Зун солиод өвөл яг хэвээрээ байдаг. Дээвэр нь ус гоождог. Тэр газраасаа хөгцрөөд байгаа. Тэгээд хүйтэн, халаалтгүй. Тийм юм байхгүй. Шалны асуудал бол хүнд. Дулааныг тенээр л болгоод байдаг. Шал бол пур пур гээд тоос гардаг. Тиймээс би алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байраа буцаая гэхээр анх би гэрээгээ сайн хараагүй нь миний буруу. Би эхнэртэйгээ 2 нялх хүүхэдтэйгээ байдаг. Байрнаас гарна гэхээр хүндрэлтэй байна. Хэрвээ засварын мөнгө хасаад тохиръё гэвэл би хамаагүй мөнгөө төлье гэж байгаа. Үндсэн мөнгөнөөс 5 сая төгрөгийг хасуулаад үлдэгдэл 22242000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа...гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан Иргэд хоорондын орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах 5-н давхар орон сууцны 1 давхрын 501 тоот буюу 51.08 м2 хоёр өрөө байрны үнэ болох нийт 58742000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 27242000 төгрөг, алданги 13621000 төгрөг, нийт 40863000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь ...уг байр нь өвөлдөө хүйтэн, дулаан алдалт ихтэй, цонхнууд маш муу, шалан доор зөөлөвч дэвсээгүй, паркетэн шал зай гарсан, завсраар нь тоос босно, 00-ын өрөө агааржуулагч, халаагч байхгүй,...би цонхонд бүтэн хаалт хийгээд ямар ч порчек онгойхооргүй хаасан. Тэгэхгүй бол шуураад байдаг юм. Цонхны резин нь сольсон болоод ямар ч үр дүн байхгүй. Зун резин солиод өвөл яг хэвээрээ байдаг. Дээвэр нь ус гоождог. Тэр газраасаа хөгцрөөд байгаа... би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Иргэд хоорондын орон сууц худалдан худалдаж авах гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг Хараа 3 дугаар хэсгийн гудамжинд байрлах 5-н давхар орон сууцны зориулалттай баригдсан барилгын 1 давхарт 501 тоот 51,08 м2 талбай бүхий хоёр өрөө байр буюу үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.******* нь 58742000 төгрөгөөр үнэлэн худалдаж, Б.*******ын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Б.******* нь уг үл хөдлөх эд хөрөнгө буюу хоёр өрөө байрыг хүлээн авч үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь үл хөдлөх эд хөрөнгө буюу хоёр өрөө орон сууцыг Б.*******ын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн бөгөөд хариуцагч Б.*******аас нэхэмжлэгч Ц.*******ид үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан үнэнд 31500000 төгрөг төлсөн байх ба энэ үйл баримтад зохигч маргаагүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч Ц.******* нь уг гэрээний дагуу хариуцагч Б.*******аас өөрийн үл хөдлөх эд хөрөнгө буюу хоёр өрөө орон сууцаа 58742000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдан борлуулсны үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 27242000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...2020 оны 8 дугаар сард гэрээний дагуу тооцоо хийхэд байрны мөнгөнөөс төлөгдөөгүй 27242000 төгрөг, алданги 89669240 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232-р зүйлийн 4-д заасны дагуу үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцоход 27242000 төгрөгийн 50 хувь нь 13621000 төгрөг ба бүгд 40863000 төгрөг болж байна. Иймд Б.*******аас 40863000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэсэн нэхэмжлэл гаргаснаас 13621000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахад учир дутагдалтай буюу Монгол Улсад цар тахал гарсантай холбоотой эдийн засгийн байдал хүндэрч иргэдийн орлого олох боломж хумигдсан болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг баримтлан багасгаж 6810000 төгрөгийн алданги хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Харин хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ц.*******оос хоёр өрөө орон сууц буюу тухайн эд хөрөнгийг хүлээн авсан ба эд хөрөнгө хүлээж авах үедээ тухайн эд хөрөнгийн доголдлын талаар мэдсээр байж түүнийг хүлээн авсан эсэхээс шалтгаалж хариуцагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй эсэх нь тодорхойлогддог бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан ...уг байр нь өвөлдөө хүйтэн, дулаан алдалт ихтэй, цонхнууд маш муу, шалан доор зөөлөвч дэвсээгүй, паркетэн шал зай гарсан, завсраар нь тоос босно, 00-ын өрөө агааржуулагч, халаагч байхгүй..., эдгээрийг засаж сайжруулахад нийт 5000000 төгрөг болно үүнийг байрны үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрөөс хасуулах саналтай байна... гэх тайлбар нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Б.*******аас Иргэд хоорондын орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах 5-н давхар орон сууцны 1 давхрын 501 тоот буюу 51.08 м2 хоёр өрөө байрны үнэ 58742000 төгрөгөөс төлөгдөөгүй 27242000 төгрөг, алданги 6810000 төгрөг, нийт 34052500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6810000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 34052500 /гучин дөрвөн сая тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6810000 /зургаан сая найман зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332265 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 328212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ