Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/407

 

2024           4     17                                         2024/ШЦТ/407

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөбат,

Хохирогч Б.Б,

Иргэний нэхэмжлэгч Ж.О,

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Эт холбогдох эрүүгийн 2309022832818 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 2000 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д аймгийн Г суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Системийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Т аймгийн .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Э, ................. регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.Бт "Аудио маркийн машин зарна гэсэн авах хүн нь бэлэн байгаа би машины ченж найзаасаа хямдхан аваад цааш нь зарах гээд байгаа юм чи мөнгө зээлэх боломжтой юу машин, гар утсаа ломбардад тавиад зээлчих найдвартай ямар ч эрсдэл байхгүй" гэх мэтээр худал хэлж хохирогчийн богино хугацаанд их хэмжээний ашиг олох гэсэн хүсэл зоригт нь тулгуурлан 7 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 21 минутаас 7 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 22 минут хүртэл нийт 7 удаагийн гүйлгээгээр Х банкин дахь 505752........ тоот дансанд 12 290 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 21 минутаас 7 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 41 минутын хооронд 29 110 000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Агийн эзэмшлийн ...-....УАТ улсын дугаартай 14 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий приус 30 маркийн тээврийн хэрэгслийг түүний дүү болох Б.Баас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Т аймгаас  хүн ирж байгаа машиныг чинь унаж яваад ирье.” гэж худал хэлж авч явж улмаар Ж.От худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2309022832818 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Бын өгсөн: "Ц.Э гэх хүн Үндэсний Батлан их сургуульд манай дээд курст сурдаг байсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сард одоо Этай хамт амьдардаг Дах дуудаад гэрт нь очход Э байж байсан тэгээд танилцсан. Тэрнээс хойш дотно танилууд биш мэндтэй явдаг байсан. 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр авто машин байна, Аудио маркийн машин зарна, авах хүн нь бэлэн байгаа, би машины ченж найзаасаа хямдхан аваад цааш нь зарах гээд байна, чи мөнгө зээлэх боломжтой юу, машин, гар утсаа ломбардад тавиад зээлчих, найдвартай ямар ч эрсдэл байхгүй гэсэн. Тэгэхлээр нь миний бие хамт ажилладаг. А фейсбүүк мессенжер чатаар холбогдож, Эын ярьсан зүйлийг нь хэлэхэд найдвартай гэхдээ өөрөө сайн шалгаарай гэж хэлсэн. Тэгээд миний бие итгээд тухайн өдрийн 14 цаг 43 минутад өөрийн эзэмшлийн Х банкны 58632........ тоот данснаас Эын Х банкны 505752........ тоот данс руу 3 800 000 төгрөгийг шилжүүлсэн мөнгө шилжүүлснээс 30 минут орчмын дараа Э нь 9941...... дугаарын утаснаас миний 99431..... дугаарын утас руу залгаад мөнгө дутачлаа дахиад 2 700 000 төгрөг шилжүүлчих гэж гуйсны дагуу 16 цаг 04 минутад Хбанкны 499....... тоот данснаас Эын Х банкны 505752........ тоот 2 700 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгө 01 цаг орчмын дараа Этай холбогдож Хавдар судлалын эмнэлгийн ойролцоо уулзаж, Э өөрийн Х банкны 505752........ тоот данснаас миний өөрийн ХБанкны 499....... тоот данс руу 8 200 000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. Тэгээд 7 дугаар сарын 10-ний өдөр Э нь над руу фейсбүүк мессенжер чатаар холбогдоод 20 000 000 төгрөгт нэг Crown маркийн машин хүнд зарах хэрэгтэй байна авах хүн нь тодорхой боллоо, энэ машиныг зармаар байна гэсэн. Тэгж хэлсний дагуу миний бие 16 цаг 48 минутаас 17 цаг 04 минутын хооронд өөрийн эзэмшлийн Хбанкны 499....... тоот данснаас Эын Х банкны 505752........ тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрийн 23 цаг 23 минутад холбогдоод Э нь мөнгө бүтсэн гэхээр нь миний бие Эын гэр болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ....................хотхоны гадна очиж Этай уулзаад миний машин болох ...-....УАТ улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн машинд орж ирээд өөрийнхөө Х банкны 505752........ тоот данснаас миний өөрийн Хбанкны 499....... тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр 21 200 000 төгрөг болгож шилжүүлсэн. Э нь би аялалд явах гэж байсан явахаа болиод Аудио маркийг машин байна энийг зарчхаад хоёулаа араас яваад очъё гэж хэлээд одоо 20 000 000 төгрөг л байхад болох гээд байна энэ Аудио маркийн машиныг зарчхаад араас нь аялалд явъя гэсэн. Тэгээд 7 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 21 минутаас 7 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 22 минут хүртэл нийт 7 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хбанкны 499....... тоот данснаас Эын Х банкны 505752........ тоот данс руу 12 290 000 төгрөгийг шилжүүлсэн мөн Эын Х банкны 505752........ тоот данснаас миний өөрийн эзэмшлийн Хбанкны 499................. тоот 7 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 21 минутаас 7 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 41 минутын хооронд 29 110 000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгээд 7 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед манай ажил болох Хбанкны гаднаас ТЭЦ-3-аас машины ченж Б Т аймгаас ирж байгаа тосоод ирье гээд миний ...-....УАТ улсын дугаартай саарал өнгийн приус 30 машиныг унаад явсан. Тэгээд тухайн өдрийн 13 цагийн орчим Э фейсбүүк мессенжер чатаар залгаад RX маркийн машин байна, 13 000 000 төгрөг хэрэгтэй байна, чиний машиныг ломбардад тавьчих уу, RX маркийн машинаа 75 000 000 төгрөгөөр зараад чамаас авсан мөнгөө бүгдийг нь өгчих юм байна, чи мөнгө хүлээх шаардлагагүй юм байна гэж хэлэхээр нь би наадах машин чинь ах болох Агийн нэр дээр байдаг болохоор болохгүй байхаа гэж хэлэхэд Э ах нь болгоно, надад итгэ гээд утсаа тасалсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа залгаад ах Агийнхаа иргэний үнэмлэхийн зургийг явуулчих гэж хэлсэн. Тэгж хэлсний дагуу би ах Агаас иргэний үнэмлэхийн зургийг нь авч Эт өгсөн. Үүнээс мөн 10 орчим минутын дараа Э одоо би чамайг нэг хүнтэй яриулна чи ах шигээ ярина шүү, чи Оюу толгойд байгаа шүү гэж хэлээд эрэгтэй хүнтэй яриулсан. Тэгсэн тухайн хүн нь сайн байна уу ...-....УАТ улсын дугаартай машины эзэн нь мөн үү, миний дүү хэзээ нэрээ шилжүүлэх вэ гэж хэлсний дагуу миний бие 1 дэх өдөр буюу 7 дугаар сарын 23-ний өдөр шилжүүлнэ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд фейсбүүк мессенжер чатаар холбогдоход маргааш бүтээж өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн. Мөн 9941...... дугаарын утас руу нь залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгээд миний мөнгийг өгөхгүй болохоор Д гэх ах руу нь фейсбүүк мессенжер чатаар холбогдож та дугаараа өгч болох уу, ярих хэрэг байна гээд утасны дугаарыг авч яриад болсон зүйлийг хэлэхэд Д нь манай найзаас очоод гэрийн түлхүүр авчих, ах нь одоо Дарханаас Улаанбаатар хот руу гарлаа гээд найзынхаа дугаарыг өгөөд тэгж хэлсний дагуу найзаас гэрийн түлхүүрийг нь аваад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, .................. хотхоны 7 давхарт өөрийн найз А, Эгэх хоёрын хамт очоод түлхүүрээр нь онгойлгох гэсэн боловч дотроосоо цоожилсон байсан болохоор онгойгоогүй. Тэгээд 01 цаг гаруй хүлээлгэсний дараа хаалгаа нээгээд гэр рүү нь орж Этай уулзахад 1xbet rэх бооцоо тавьдаг тоглоом тоглож миний мөнгийг алдсан гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очоод Э, Эн.... бид гурав Д ахыг ирэхийг нь хүлээж байтал миний ...-....УАТ улсын дугаартай приус 30 маркыг машиныг авсан ченж залгаад дүү нэг уулзах хэрэг байна, эр хүн шиг уулзъя, Ха уулзах юм бэ гэж хэлээд миний ажил болох Хбанкны гадаа уулзаад чи машинаа мөнгөө төлөөд ав эсвэл би машиныг чинь задлаад зарлаа, маргааш 11 цаг хүртэл хүлээнэ гэхээр нь би Эт залилуулсан тухайгаа хэлтэл чи өөрөө надтай машины эзэмшигч байна гэж утсаар ярьсан би мөнгөеө төлөөд авсан гэж хэлсэн. Маргааш 14 500 000 төгрөг авчраад машинаа ав гэж хэлсэн. Тэгээд би буцааж Д ахын гэр рүү очсон Э гараад зугтаачлаа гэж Д ах Эн.... бид гурав гарч Эыг хайгаад олоогүй. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Хбанкны 499................. тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-41/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75-77/,

Иргэний нэхэмжлэгч М.Агийн өгсөн: “Миний бие ...-....УАТ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн машиныг 2023 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр хувь хүнээс 19 500 000 төгрөгөөр худалдан авч тээврийн хэрэгсэл эзэмшигчийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тэгсэн 2023 оны 6 дугаар сараас эхлэн миний төрсөн дүү Б нь тухайн тээврийн хэрэгслийг унаж эхэлсэн. Тэгээд 7 дугаар сард Ц овогтой Э гэх хүнд өгч явуулж тухайн хүн нь миний тээврийн хэрэгслийг цааш нь дамнуулж худалдсан байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 88-69/,

"Би Приус 30 загварын саарал өнгийн ...-....УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сард 3, 4 дүгээр хорооллоос хувь хүнээс авч байсан. Тэгээд тухай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч байсан. Тэгээд тухайн машинаа унаж байгаад 2023 оны 6 дугаар сард өөрийн төрсөн дүү болох Бт өөрийн хэрэгцээндээ унаж бай гэж хэлээд өөрийн Приус 30 загварын машиныг өгсөн. Тэгсэн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн орчим миний төрсөн дүү Б нь миний машиныг хүнд залилуулсан гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 68-69, /,

Иргэний нэхэмжлэгч Ж.Оын өгсөн: “Миний бие 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ажил дээр байж байтал Т аймагт техник хэрэгсэл зардаг А гэх хүнээр дамжуулж Э гэх залуу над руу 8622............ дугаараас миний өөрийн 91......... гэх дугаар руу залгаад 2010 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол улсад орж ирсэн Приус 30 маркийн саарал өнгийн машин байна худалдаж авах уу гэж А хэлсэн. Тэгэхээр нь тэгье гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ....................хотхоны байран дунд Э, А, өөр нэг үл таних залуу нартай уулзсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь ...-....УАТ улсын дугаартай саарал өнгийн авто тээврийн хэрэгслийг 12 000 000 төгрөгөөр авахаар тохирч өөрийн эзэмшлийн Х банкны .590028..... данснаас Э гэх залуугийн Х банкны ямар данс гэдгийг нь санахгүй байна. Худалдаж авах үед Э нь тухайн машины эзэн нь гэх А гэх хүнтэй яриулъя гэж хэлээд Б гэх залуутай утсаар яриулсан. Тухайн үед Б нь өөрийгөө би М овогтой А гэж хэлсэн миний машин байгаа юм, би Таван толгойд явж байна хоёр дахь өдөр очно гэж хэлээд Э гэх залуу руу фейсбүүк мессенжер чатаар А гэсэн иргэний үнэмлэхийн лавлагаа явуулж надад та болно гэвэл наад машинаа шилжүүлээд ав гэж хэлсэн. Тэр үед миний бие тухайн машины эзэн гэж утсаар ярьсан залууд чамайг Улаанбаатар хотод ирэхээр шилжүүлж авъя гэж хэлсэн. Тэгээд машинаа зарснаас хойш утсаар нь залгахад утсаа авахгүй байж байгаад 7 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Б гэх залуугийн ажилладаг Хбанк дээр очиж уулзахад Б нь ахаа би найзаараа зээл авхуулах гээд байна гэж хэлсэн. Зээл бүтэхгүй бол 7 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг гэхэд тухайн приус 30 маркийн машиныг таны нэр дээр шилжүүлж өгье гэж надад хэлсэн. Тухайн үед Б гэх залууг миний худалдаж авсан приус 30 маркийн машины эзэн болох А гэж бодож байсан. Тэгээд чи одоо иргэний үнэмлэхээ гаргаад ир гэж хэлсэн чинь Б нь иргэний үнэмлэх байхгүй хаячихсан гэж хэлэхээр нь би тэгвэл ахдаа лавлагаа гаргуулаад өгчих гэж хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын дэргэд 00 цаг хүртэл ажилладаг түц машинаас дагаж яваад иргэний үнэмлэхийн лавлагаа гаргуултал надад өөрийгөө А гэж хэлээд байсан залуу нь Б болохыг нь мэдээд Б гэх залуугаас Э гэх залуу та хоёр нийлээд намайг залилсан байна гэж хэлтэл Б нь юм ярихгүй доошоо хараад байж байснаа гэнэт Б нь манай ээж, аав, ах болон манай гэр бүлийнхэнд битгий хэлээрэй Дархан хотоос нэг ах ирж байгаа мөнгө зээлүүлнэ гэсэн. Та надад нэг хоногийн боломж өгчих гэж хэлээд 7 дугаар сарын 27-ны өдөр мөнгө өгөхгүй бол шилжүүлж өгнө боломж өгчих гэж хэлээд 7 дугаар сарын 27-ны өдөр мөнгө өгөхгүй бол шилжүүлж өгнө гэсэн. Тэгээд 7 дугаар сарын 27-ны өдөр 11 цагт Бын 99431..... дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан болохоор хэд хэдэн удаа залгатал утсаа аваад Б банкин дээр мөнгө авах гээд хүлээж байна, та надад 30 минутын боломж олгочих, манай гэр бүлийнхэнд битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах нь чам руу 1 цагийн дараа яръя гэж хэлээд 13 цагт 99431..... дугаарын утас руу залгахад утсаа аваад түр байж байгаарай гэж хэлээд тэрнээс хойш холбоо бариагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 44,  73-74/,

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 24/019 дугаартай “Toyota Prius 30 автомашины зах зээлийн үнийг 14 000 000 төгрөг." Үнэлсэн  шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ц.Э нь машины наймаа эрхэлдэггүй атлаа хохирогч Б.Бт хямдхан машин худалдаж аваад цааш үнэ өсгөж зарна гэж худал хэлж хохирогчоос 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 24-ний хооронд  банкаар 41 400 000 төгрөг шилжүүлэн авсан, 

мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Б-ын төрсөн ах М.Агийн эзэмшлийн ...-....УАТ улсын дугаартай 14 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий приус 30 маркийн тээврийн хэрэгслийг Б.Баас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “..Т аймгаас машины ченж тосоод ирье.” гэж худал хэлж авч яван улмаар Ж.От худалдан борлуулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Эдийн засгийн гэмт хэрэг нь эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах аж ахуй бизнесийн ажиллагаа эрхлэх, хөтлөн явуулах иргэдийн эрхэд халдсан, нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан, гэм буруутай үйлдэл, эс үлдэхүйн цогц бүрдэл.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд "Хүн бүр эд хөрөнгийг хувьдаа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, хэний ч эд хөрөнгийг дураар хураан авч болохгүй." гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарна.

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн болон бусдын эрхшээлд авах замаар өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд дээрх залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч хохирогч Б.Быг хуурч үргэлжилсэн үйлдлээр 41 400 000 төгрөг авч, улмаар хохирогч Б.Бын төрсөн ах М.Агийн унаж байсан 14 000 000 төгрөгийн үнэ бүхий Т.Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг  хуурч аван машины ченж Ж.От 13 200 000 төгрөгөөр зарсан  тус тус хохирол учруулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Бт 5 900 000 төгрөгийг дансаар, иргэний нэхэмжлэгч Ж.От 500 000 төгрөгийг дансаар, иргэний нэхэмжлэгч М.А ...-....УАТ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас нийт 48 200 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бт 35 500 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.От 12 700 000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 106 хоногийг нэг хоногийг 15 нэгж буюу 15 000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж тооцох санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирогч иргэний нэхэмжлэгчтэй хохирол төлбөрийн тухайд тохиролцсон. Иймд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үүрэг хүлээлгэж өгнө үү гэх санал тус тус гаргав. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Дээд боловсролтой, 24 настай, эрэгтэй, системийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Т аймгийн .......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 57-62/ зэрэг авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ц.Эын гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЦХШЗ/17-я дугаартай захирамжаар шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Түүний 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон 106 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 1 590 000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж тооцож шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2309022832818 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Эыг 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 1 590 000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж, торгох ялын хэмжээг 8 410 000 /найман сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт энэ тогтоолоор оногдуулсан 8 410 000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас нийт 48 200 000 /дөчин найман сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн .......................... тоотод оршин суух хохирогч Мгийн Б /РД:.........................../-д 35 500 000 /гучин таван сая таван зуун мянга/ төгрөг, Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ж.О /РД:....................../-т 12 700 000 /арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

            7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  8.Шүүгдэгч Ц.Эт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлсүгэй.  

 

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ