| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00411/И |
| Дугаар | 149/ШШ2021/00068 |
| Огноо | 2021-01-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 149/ШШ2021/00068
| 2021 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 149/ШШ2021/00068 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух Солоон овогт Мөнхболдын Цэвэлмаа /МК96122403, утас:89713343/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух Боржигон овогт Дэчинравжаагийн Занданбат /МИ96072319, утас:88998991/-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч Д.Занданбат, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Цэвэлмаа нь 2018 оны 12 сард Д.Занданбаттай танилцаж үерхэж байгаад 2019 оны 4 сараас дотно харьцаатай болсон. Ингээд би 2019 оны 05 сард жирэмсэн болсон. Энэ тухай Занданбатад хэлж Занданбат нь 2019 оны 07 дугаар сараас манайд ирж манай ээж аавтай танилцаж манайхаар ирж очдог болсон. Гэтэл 2019 оны 10 сараас ирэх нь цөөрч намайг төрөхөд манай ээж утсаар ярьж байж нэг удаа ирсэн. Үүнээс хойш холбоо бариагүй өнөөдрийг хүрч байна. Надаас гарсан хүү Ц.Мандах нь Д.Занданбатын хүүхэд мөн тул эцэг тогтоож, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Д.Занданбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цэвэлмаагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Анх 2008 оны 04 сард танилцаад дотно харьцаатай байсан. Нэхэмжлэгчийн ярьсан бүгд үнэн. Хуульд зааснаар эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахад татгалзах зүйлгүй..гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Цэвэлмаа, хариуцагч Д.Занданбатад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч М.Цэвэлмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Цэвэлмаа, хариуцагч Д.Занданбат нар нь 2018 онд танилцан, 2019 оны 4 дүгээр сараас дотно харьцаатай болж тэдний дундаас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Мандах төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Занданбат нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Д.Занданбат нь Ц.Мандахын биологийн эцэг байх магадлал 99.99% байна гэсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №5471 дугаартай шинжээчийн дүгнэлт ирсэн байна.
Иймд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Мандахын эцэг нь Д.Занданбат мөн болохыг тогтоож, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Д.Занданбатаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Мандахыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Мандахын эцгээр Боржигон овогт Дэчинравжаагийн Занданбат мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн хүү Мандахыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Мандахыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Д.Занданбатаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Занданбатаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цэвэлмаад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Занданбатаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.