| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/418 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/418
2024 4 19 2024/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаа,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Э,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Г.Гнарт холбогдох эрүүгийн 2309000001580 дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .........................................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Б, РД:..................... регистрын дугаартай,
2.Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ................................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,
2.Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Г.Г, РД:................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” хийдийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Т” нэртэй бурхан 2 ширхэг, мөнгөн суварга 1 ширхэг, алтан бурхан 1 ширхэг, мөнгөн бумба 1 ширхэг, 2 ширхэг судар, хананд өлгөдөг хэвлэмэл бурхны үзүүрт хийж хэрэглэдэг “дог” нэртэй мөнгөн эдлэл 12 ширхэг, гипсээр хийсэн “Цэнд-Аюуш” бурхан 1 ширхэг, 7 ширхэг боодолтой судар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2 715 500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2309000001580 дугаартай хэрэгт авагдсан:
2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-29/,
2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 31-34/,
2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-39/,
Хохирогч Г.Бын өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн ....-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Д хийдэд унзад лам ажилтай, манай хийдээс 2023 оны 6-р сарын 04-ний өдрөөс 2023 оны 6-р сарын 14-ний өдрийн хооронд зуны “Л” нэртэй дуган хийдэд хулгай орж хоёр ширхэг даавуун “Тн” нэртэй бурхан, мөнгөн суварга нэг ширхэг, мөнгөн бумба нэг ширхэг, хоёр ширхэг судар, хананд өлгөдөг хэвлэмэл бурхны 4-үзүүрт хийж байрлуулдаг “Дог” гэж нэрлэдэг мөнгөн эдлэл 12 ширхэг, гипсээр хийсэн “Цэнд-Аюуш” бурхан нэг ширхэг алдагдсан. Даавуун 2 ширхэг бурхан нь 4 буландаа “Дог” гэж нэрлэдэг мөнгөн эдлэлтэй улаан өнгийн бурхан байгаа, харин мөнгөн бумба нь 20 см өндөртэй 15 см өргөнтэй, мөнгөн суварга нь 25 см орчим өндөртэй өргөний хэмжээг мэдэхгүй байна. Тэгээд хананд өлгөдөг даавуун бурхны 4-үзүүрт байдаг мөнгөн “Дог” 12 ширхэг, гипсээр хийсэн “Цэнд-Аюуш” бурхан нэг ширхэг алдагдсан ба дээрх эд зүйл нь ямар нэгэн содон шинж тэмдэггүй юм. Гэхдээ алдагдсан эд зүйлээ одоо харвал танина...Алдагдсан эртний ховор эд зүйл байхгүй. Алдагдсан хэвлэмэл бурхныг 2000 онд Утай Гүмбэнээс залж авч ирж байсан ба нэг бүрийн үнэ нь 2,500,000 төгрөгийн үнэтэй ба нийт 5 сая төгрөг, мөнгөн “Дог” нь нэг бүрийн үнэ 500,000 төгрөг нийт 6 сая төгрөг, мөнгөн суварга нь орчин цагийн хийцтэй байсан ба 1,000,000 төгрөг, мөнгөн бумба нь 1990 онд Энэтхэг улсаас ГүрД Ринбүүч нь тухайн үеийн ханшаар 250,000 төгрөгөөр авч ирж байсан түүхтэй эд зүйл юм. Харин гипсэн бурхан нь 200,000 төгрөг, 2 ширхэг судар нь 15,000-20,000 төгрөгийн үнэ ханштай байгаа юм. Мөнгөн дог 7-ширхэг, хэвлэмэл “Тн” нэртэй бурхан 2 ширхэг, гипсэн бурхан боодолтой сударыг буцаан авсан ба үлдсэн буюу эргэж олдоогүй эд зүйлийн үнэлгээ хийгдэж гарч ирсэн байсан гарсан мөнгөн үнийн дүнгээр хохирлоо барагдуулан авсан одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнгөн бумба, мөнгөн суварга эргэж олдоогүй ба мөнгөн суварга дотроос жижиг хөөмөл алтан бурхан гарч ирсэн байсныг эргүүлэн авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-46/,
Гэрч Б.Эы өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хийдийн гэр дуган дотор сууж байтал намайг цорж лам А намайг гар утсаар дуудсан ба очиход цагдаагаас хүмүүс ирчихсэн байна, дуганы түлхүүр аваад ир гэж хэлэхээр нь түлхүүр аваад очсон ба би хийдийн хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд манай хойд талын хийд рүү 3-4 цагдаа нар ороод танай хийд юмаа хулгайд алдсан уу, энэ танай хийдийн эд зүйл мөн үү гээд гар утаснаасаа зураг харуулсан. Тэр зургийг харахад манай хийдийн Дог, болон номын баринтаг байсан ба хийдэд байсан эд зүйл мөн байсан. Тэгээд хийдэд байсан эд зүйл мөн байсан. ...цагдаа ирэхээс өмнө эд зүйл алдагдсаныг мэдээгүй байсан, цагдаа нарыг ирээд зураг харуулахад эд зүйл хулгайд алдсанаа мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69/,
Гэрч Х.Хын өгсөн: “...би урт цагааны гудамж, 1-р хороо, “М Х С” үнэт эдлэлийн дэлгүүрт жижиг лангуу түрээслэн хуучны эдлэл зардаг мөн сэргээн засварладаг ажил хийдэг ба миний эртний танил 2000 оноос хойш таньдаг Д гэгчийн хүү Б нь одоогоос 10 гаран хоногийн өмнө миний 9901..... дугаар руу одоо санахгүй байна юнителийн дугаараас залгаад надад хандан “сайн байна уу ахаа миний нэг найз урт цагааны гудамжаар эд зүйл зарах гээд явж байгаа юмаа, өөр газар үзүүлсэн чинь сайн үнэ хүрэхгүй байна та үзээд хараад авчих” гэж гуйсан, тэгэхээр нь за над руу явуулчих гэж хэлсэн чинь надад найзын дугаар гээд одоо санахгүй байна тоот дугаар өгсөн тэгээд тэр дугаар руу залгаад “Б над руу ярьсан чи манай дэлгүүрт ойрхон байгаа бол ороод ир” гэсэн чинь зүс үл таних урд өмнө харж байгаагүй өндөр биетэй залуу ганцаараа орж ирсэн ба надад хандан хэлэхдээ “би эдгээр зүйлийг олсон юмаа” гээд халааснаасаа дэлгэмэл бурхны дээд доод хөндлөн шургуулсан модны үзүүрт хосоороо хийгддэг мөнгөөр хийгдсэн 4 ширхэг "ДОГ" гэж нэрлэдэг зүйлийг гаргаад ирсэн тэгээд “энэ зүйлийг авч туслаач” гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах вэ гэсэн чинь 500 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн тэгэхээр нь би граммлаж үзтэл 400 000 төгрөг үнэ хүрэх буюу 1 ланг нь 110 000 төгрөгөөр бодож 400 000 гаран мянга болохоор нь би энэ “болох уу” гэсэн чинь тэр залуу ахаа надад 500 000 төгрөг хэрэгтэй байна гээд байсан. Тэгэхээр нь би “за за” гэж хэлээд бэлэн байсан 700,000 төгрөг байснаас 500,000 төгрөгийг түүнд өгсөн тэгээд тэр залуу явсан удалгүй Б миний дугаар руу залгаад “юу болсон ахаа” гэхээр нь “500 000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлтэл “баярлалаа” гэж хэлээд утсаа салгасан. Надад бурхны "Дог" гэх зүйл худалдсан залууг би танихгүй урд өмнө нь ямар нэгэн эд авч байгаагүй харин Б нь бөөгийн эд зүйл хийж зардаг учраас манай дэлгүүрт бөөгийн эд зүйл асууж ирсэн хүний сонирхсон зүйлийг Баас асууж үзээд байвал холбож өгдөг. ...Б нь туслаач гээд байсан болохоор тусалсан.”Дог” нь Одоогийн зах зээлд 4 ширхэг нь 600 000 төгрөг гаруй төгрөгийн үнэ ханштай байгаа ба би худалдан авсан “Дог” дээр 100 000 төгрөг нэмж зарах гэж байсан. Миний бодлоор эртний эдлэл биш гэж бодож байна. Эртний эдлэл маш нарийн гараар хийсэн байдаг энэ “Дог”-ны хувьд хэвлэсэн байдалтай байна. Яагаад гэвэл энэ “Дог” нь найман эрдэнэ байх ёстой байтал 4 эрдэнийг 3 давтаж хийсэн хийцтэй юм. Би хулгайн эд зүйлийг мэдэлгүй авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/,
Гэрч П.Сын өгсөн: “...Би урт цагаанд байрлах “А Х” нэртэй эртний эдлэлийн дэлгүү эмээл хазаар авдар зардаг засдаг ажил хийдэг ба 2023 оны 6-р сарын 15-ны ажил дээрээ байж байхад үл таних эрэгтэй хүн манай ажил дээр өдрийн 12:00 цагийн орчим орж ирээд гартаа барьсан жижиг шармал металл бурхан зарна гэж байсан тэгээд би “хэд вэ” гэсэн чинь тэр хүн 3,5 сая төгрөг гэсэн тэгэхээр нь би Б гэж хамт ажилладаг хүндээ үзүүлтэл дээд үнэ нь 2 сая төгрөгөөр авна гэхээр нь тэр хүнд буцааж өгөөд явуулах гэсэн чинь тэр хүн надаас миний утасны дугаарыг аваад гарсан тэгээд түүнээс хойш өдрийн 17:00 цагийн орчим нөгөө эд зүйл зарах гээд байсан хүн одоо санахгүй байна утсаар залгаад “өдөр үзүүлсэн бурхныг авах уу” гэхээр нь “авъя” гэж дуудсан тэгтэл тэр хүн эргэж ирсэн ирэхдээ өөр нэг танихгүй эрэгтэй хүнтэй хөх өнгийн суудлын маркийг нь мэдэхгүй тээврийн хэрэгсэлтэй ирээд зарах гэж байсан бурхнаа өгөөд жолоо барьж байсан буюу хамт явж байсан хүнийхээ арилжааны банкны дансыг хэлээд Б тэр данс руу нь 2 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед тэр зарсан эд зүйлийг хулгай эд зүйл гэдгийг нь бид мэдээгүй юм. Б бид нэг дэлгүүрт хамтдаа лангуу түрээслэн ажиллаад 6 жил гаруй болж байгаа...би тэр жижиг шар бурхныг зарсан хүнийг одоо харвал танина, миний бодлоор алт гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74/,
Гэрч Н.Цын өгсөн: “...Би Б гэгчийг таних ба харин Г.Г гэгчийг сайн танихгүй, Бын тээврийн хэрэгсэлд сууж яваад надтай хэдэн удаа тааралдаж байсан...Б нь надад хандан 2023 оны 5 дугаар сараас эхлэн 2 удаа “үнэтэй бурхан аваад ирвэл та зарж өгч чадах уу” гэж асууж байсан. Тэгэхээр нь би түүнд хандан хулгайн буруу гарын юм байвал би оролцохгүй, баталгаатай эд зүйл байвал зарж өгөөд мөнгө унагааж авч болно гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/,
Гэрч Б.Болдтулгын өгсөн: “...би урт цагаанд “А Х” нэртэй эртний эдлэлийн лангуу түрээсэлдэг ба 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг О гэх хочтой эрэгтэй хүн жижиг алтан бурхан бариад хүмүүст үзүүлээд зарна гээд байсан тэгээд хэд хоногийн дараа О зарах гээд байсан хүмүүст нь эргүүлээд өгсөн гэж сонсогдсон. Тухайн үедээ би тоогоогүй юм. Тэгээд байж байтал яг миний хажуу талын лангууны С нь надад хандан “тэр жижиг бурхныг аваад өөрийн суваргадаа хийвэл зүгээр юм байна даа” гэж надад санал болгосон. Тэгэхээр нь би тэр жижиг алтаар хийсэн бурхныг үзээд 2 сая төгрөгөөр авъя гэсэн чинь С ах цаашаа зарах гээд байгаа хүнд нь дамжуулсан чинь “ав ав” гэсэн надад 50144............. гэсэн дугаартай “Х” банкны данс өгсөн тэгэхээр нь би тухайн данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн уг дансны эзэмшигч Ггэсэн нэртэй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80/,
2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 132-134/,
2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 135-136/,
2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 137-139/,
2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 133-136/,
Дгийн Б /.................../-ын эзэмшлийн “Тоёота Рактис” маркийн ..-...УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 159-161/,
Дгийн Б /.............../-ын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн .....................................байрлах орон байранд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 148-150/,
Г.Гын /..................../-ын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн .............................. тоотод байрлах орон байранд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 153-156/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн 1-2/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 4-15/,
“Д” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №СБ2-23-775 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 164-172/,
“Д” ХХК-ний 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №СБ2-23-689 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 192-196/,
Баярсайхан Б эзэмшигчтэй “Х” банкны 5084.........дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 3/,
Д Б эзэмшигчтэй “Х” банкны 5065............ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 72/,
Гансүх Гэзэмшигчтэй “Х” банкны 50144............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 73/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Д.Б, Г.Г нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан нь хууль бус үйлдэл бөгөөд тэднийг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Монголын бурхан шашны “Д” хийд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б, Г.Г нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б, Г.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Монголын бурхан шашны “Д” хийдэд 2 275 500 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б “Т” нэртэй бурхан 2 ширхэг, мөнгөн суварга 1 ширхэг, алтан бурхан 1 ширхэг, мөнгөн бумба 1 ширхэг, 2 ширхэг судар, хананд өлгөдөг хэвлэмэл бурхны үзүүрт хийж хэрэглэдэг “дог” нэртэй мөнгөн эдлэл 12 ширхэг, гипсээр хийсэн “Цэнд-Аюуш” бурхан 1 ширхэг, 7 ширхэг боодолтой сударыг буцаан авч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Х.Хт 500 000 төгрөг, Б.Бд 2 000 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн шатанд шүүгдэгч Г.Г нь иргэний нэхэмжлэгч Х.Хт 500 000 төгрөг, Б.Бд 1 000 000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б нь иргэний нэхэмжлэгч Б.Бд 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Д.Б, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч И.Э “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал харагдаж байна. Эхийгээ асардаг, эхнэр нь нуруу муутай, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, Нарантуул захад лангуу түрээслэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан гэм буруутайд тооцсон зүйл ангийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү.",
Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ш.Б“...Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч ар гэрийн хувьд бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хоёр хүүхдээ орхиод салж явсан, үйлдсэн хэргэтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэсний дагуу ял эдлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Д.Б нь бүрэн бус дунд боловсролтой, 37 настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ............................... тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 30, 52-58/,
Шүүгдэгч Г.Г нь бүрэн бус дунд боловсролтой, 35 настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ..................................тоотод оршин суух, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй, сүүлд:
Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 29, 32-41/ зэрэг авагджээ. Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан талаархи тэмдэглэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах, оногдуулах ялыг багасгах зэрэг саналуудыг аль алиныг нь хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь: Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2-8 жил хорих ялтай тул хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээрээ маргаж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв. Мөн шүүгдэгчид оногдуулах ялыг хойшлуулах асуудал нь зөвхөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хамаарах болохыг дурдав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б, Г.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрд 2 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б, Г.Г нарт оногдуулсан 2 жил хорих ялыг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г, Д.Б нарыг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЦХШЗ/566 дугаартай захирамжаар /1-р хх-ийн 97-98/-аар шүүгдэгч Д.Быг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЦХШЗ/565 дугаартай захирамжаар /1-р хх-ийн 105-107/-аар шүүгдэгч Г.Гыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд шүүгдэгч нарын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2309000001580 дугаартай хэрэгт хавсарган ирүүлсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ажиллагааг бэхжүүлсэн 4 ширхэг сиди, 1 ширхэг флаш диск зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь бага насны хүүхэд болох 2017 онд төрсөн 7 настай Г.Е /РД:.................../ /хх 204/, 2022 онд төрсөн 2 настай Г.Э /РД:.................../ /хх 204/ нарын хамт амьдардаг талаар тодорхойлолт ирүүлсэн байх тул түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,
Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Г нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Г нарын тус бүр цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ажиллагааг бэхжүүлсэн 4 ширхэг сиди, 1 ширхэг флаш диск зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ган-Одын насанд хүрээгүй хүүхэд болох Г.Е, Г.Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ