Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 00017

 

 

 

                                                        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Р.Тд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Нарийн бичгийн дарга: З.Энэбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолтой Р.Тд холбогдох 2038000000256 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ж овогт Р-ийн Т, ... оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ял шийтгэлгүй, регистрийн дугаар...........................

Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Эсэм” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.6 куб.метр мод бэлтгэж ойн санд 587,520 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж овогт Р-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р-ийн Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Р.Тд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Тгийн хууль бусаар бэлтгэсэн 1.6 м.куб хэмжээтэй, 587,520 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний шинэс мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Мөнхжаргал эсэргүүцэлдээ: ... Дээрхи шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. 

1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Р.Тгийн хууль бусаар бэлтгэсэн 1,6 куб.метр хэмжээтэй шинэс модыг улсын орлого болгохдоо зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалтыг баримталсан нь буруу байна. Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж  гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “.... Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх тул хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Тгийн хууль бусаар бэлтгэсэн 1,6 куб.метр хэмжээтэй шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлд хамаарах тул уг модыг улсын орлогод оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалттай хамт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлах ёстой байсан байна.

2.Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж заасан боловч торгох ялын хорих ялаар солих хэмжээний талаар дурьдаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 3 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Эсэм” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.6 куб.метр мод бэлтгэж ойн санд 587,520 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай  нийцсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.Тгийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн модыг  шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалт буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Мөн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солихыг анхааруулахдаа шийтгэх тогтоолд торгох болон хорих ялын хэмжээний талаар тусгаагүй орхигдуулжээ. 

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг  хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх заалт нь “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд” зарцуулах, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь “...хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл ...шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж болно: 1.1.хэрэгцээний дагуу зохих байгууллагад”  шилжүүлэх асуудлыг зохицуулсан байна. Иймд  дээрх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 буюу хөрөнгө орлого албадан гаргуулах заалттай  давхар баримтлах нь хуулийг  буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл  болох  тул эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “биелүүлээгүй бол” гэсний дараа “шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож” гэсэн нэмэлт оруулж,  6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1” гэснийг “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Б.СОСОРБАРАМ