Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 89

 

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Э.Энхбат, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД:0-362/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Энхтайваны Энхбатад холбогдох эрүүгийн 201701000005 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 12 дугаар гудамжны 227 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Энхтайваны Энхбат /РД:УЗ88071753/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Энхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рапид Харш хорооллын 17-10 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 4,3 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ц.Наранбатаас “вагоны радиатор худалдаж авч өгнө” гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 12.000.000 төгрөгийг өөрийн 5057248939 дугаартай дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Энхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рапид Харш хорооллын 17-10 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 4,3 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ц.Наранбатаас “вагоны радиатор худалдаж авч өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 12.000.000 төгрөгийг өөрийн 5057248939 дугаартай дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

            1. Шүүгдэгч Э.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар “Мөс” гэх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн, олж авснаа  хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн хувьд би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Наранбат руу утсаар залгаж вагоны радиатор авч өгнө гэж дансаар мөнгө авсан. Тухайн үед оны эцэс болж тайлан гаргах хугацаа болсон учраас төмөр замтай гэрээ хийхэд тохиромжгүй, чадаагүй байсан. Тэгээд он гараад болъё гэж бодож байтал би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хоригдсон. Ц.Наранбатын хохирлыг аав төлж барагдуулсан. Радиаторыг он гараад төмөр замтай гэрээ хийгдээд авчих байсан. Энэ талаар байцаагчид хэлэхэд шалгаж үзье гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ц.Наранбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр надруу Энхбат залгаж Дарханаас орой вагоноор радиатор 60-70 ширхэгийг аваад өгье, эхлээд надад 12 сая төгрөг хэрэг болоод байна, вагоны хүнд мөнгө өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 5450461519 дугаарын данснаас 12 сая төгрөг 5057248939 дугаарын дансруу шилжүүлсэн...Асуулт: Та Энхбаттай өмнө наймаа хийж байна уу, Хариулт: Үгүй хийж байгаагүй...Надад хэлэхдээ 2016.10.01-ний өдөр өгнө гэж хэлээд сураггүй алга болсон...түүхий эд авдаг Жаргал, Уянга...хоёртой уулзахад нийт 65 сая төгрөгийн вагоны радиатор байна гэнэ мөнгөө бэлэн өгөөд авна гэж байна чи авах уу гэхээр нь би авна гэж хэлээд...дансруу нь шилжүүлсэн...Жаргалын төрсөн дүү Э.Энхбат над руу залгаад...та 12 сая төгрөгөөр 70-80 ширхэгийг авах уу гэхээр нь би өмнө нь Жаргалаас авч байсан болохоор авъя гэж хэлээд...12 сая төгрөг шилжүүлээд, вагоны радиатораа хэзээ явуулах юм бэ гэсэн чинь орой ирэхээр нь тань руу яръя гэж хэлсэн боловч тэр өдрөөс хойш ахиж надтай холбогдоогүй...Энхбаттай Жаргал, Уянга хоёроор дамжуулан танилцсан, Жаргалын төрсөн дүү нь байгаа юм, Жаргалын ажилд туслаад хажууд нь байдаг юм...Би Э.Энхбаттай бие дааж наймаа хийж байгаагүй,...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 32, 33-35/

            3. Гэрч Э.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Төмөр замд ажилдаг Сайнбаяр гэх хүнийг танихгүй, Э.Энхбатад тийм хүн танилцуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 121-122/

            4. “Хаан” банк, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...Харилцагчийн нэр: Цэндоо Наранбат,...Гүйлгээний огноо: 09/30/2016,...Цаг: 11:39,...Хуулгын агуулга: наранбат-с ражиртын мөнгө,...Зарлага: 12.000.000...Харилцагчийн нэр: Энхтайван Энхбат,...Гүйлгээний огноо: 09/30/2016,...Цаг: 11:39,...Хуулгын агуулга: наранбат-с ражиртын мөнгө,...Орлого: 12.000.000...” /2хх-ийн 13-14/

                        5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапит Харш хорооллын 17 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт урагш харсан бор хүрэн өнгийн төмөр хаалган дээр 10 гэсэн номертой байна...үзлэгийг цагийн зүүний дагуу явуулав...Тагтан дээр үзлэг хийхэд...баруун хойд хэсэгт цагаан өнгийн шилэн гаанс, цагаан өнгийн хуванцар соруултай холбосон байсныг...хураан авлаа...унтлагын өрөө рүү ороход...баруун талд бор өнгийн модон ор...байна. Орон дээр Toffifee гэсэн бичигтэй хайрцагтай шоколадны хажууд толгой нь хагарсан, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, сери дугаар харах боломжгүй 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 талын үзүүр нь харлаж шатсан шинжтэй богино, цагаан өнгийн гуурс, урт цагаан өнгийн гуурс, бөөрөнхий толгойтой шилэн гаанс, 2 тал нь шатаж наалдсан шинжтэй улаан өнгийн зиплок түгжээ бүхий уут, уутан дотор дахин зиплок түгжээ бүхий ууттай дотроо цагаан өнгийн, талстлаг, мөс мэт зүйлээр бохирлогдсон байсныг...эд мөрийн баримтаар хураан авав...” /1хх-ийн 5-25/

                        6. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг Trunarc багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл: “...Сэжигтэн Э.Энхбатын оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид Харш хорооллын 17 дугаар байрны 10 тоотод үзлэг хийж хураан авсан гялгар уутны хамт 4.3 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг TRUNARC багажаар шалгахад Метамфетамины агууламж илэрснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн...” /1хх-ийн 26-27/

            7. Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл: “...Тестэр ашиглах ажиллагааг эхлэн Энхтайваны Энхбатыг... “CE Multi Drug Screen Test Cup” гэдэг 5 төрлийн /Heroin-MET-COC-AMP-THC/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж...зориулалтын тест бүхий саванд шээлгэж үр дүнг хүлээв. 5 минутын дараа тестний...AMP хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/...гэсэн зааж байгаа нь метамфетамин, амфетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” /1хх-ийн 29-34/

            8. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “....метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 4.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, 2 гэж дугаарласан хуйлж соруул мэт болгосон 21.5 см урттай, цагаан өнгийн хуванцар гуурс, 3 гэж дугаарласан нэг үзүүртэй дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлтэй, 22.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, 4 гэж дугаарласан 8.7 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, 5 гэж дугаарласан нэг үзүүрийг нь нугалж хайлуулж наасан байдалтай 5 см урттай, цагаан өнгийн хуванцар гуурс, 6 гэж дугаарласан гаанс мэт зүйл, 7 гэж дугаарласан 3.5 см өндөртэй дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил байж болох шил, 9 гэж дугаарласан Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөг, Э.Энхбатын биед үзлэг хийж хураан авсан Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг зэргийг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов...” /1хх-ийн 100-101/

            9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 870 тоот дүгнэлт:

                                    -Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна.

                                    -“Баттулга Цэрэнбат РД:ШУ95032818 2017.01.05” гэсэн хаягтай шээс, “Э.Энхбат 2017.01.05 1900” гэсэн хаягтай шээс зэргээс метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна.

                                    -Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. /1хх-ийн 140-141/

            10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 871 тоот дүгнэлт:

                                    -Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

                                    -“11” гэсэн хаягтай цагаан өнгийн талстлаг зүйлээс 0,069 граммыг авч шинжилгээний дээж бэлтгэсэн. Ирүүлсэн “11” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай 21,5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, “4” гэсэн хаягтай 8,7 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, “3” гэсэн хаягтай нэг талд нь шилэн гаанс мэт зүйл бэхэлсэн 22,5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, “5” гэсэн хаягтай нэг үзүүрийг нь нугалж хайлуулж наасан байдалтай 5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, “7” гэсэн хаягтай 3,5 см өндөртэй хагархай тарианы шил мэт зүйл, “8” гэсэн хаягтай хуйлсан AU3375558 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. “6” гэсэн хаягтай шилэн гаанс мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна. /1хх-ийн 145-149/

            11. Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №30:

                                    -Э.Энхбат нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

                                    -Э.Энхбат нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

                                    -Э.Энхбат нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

                                    -Э.Энхбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

                                    -Э.Энхбат нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.

                                    -Э.Энхбатад сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

                                    -Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой гэх хоёр ойлголт нь ижил утгатай болно. Иймд ялгааг шинжилгээгээр тодруулан тогтоох шаардлагагүй. /1хх-ийн 153-154/

            12. Шүүгдэгч Э.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байхад хуурай дүү болох Б.Цэрэнбат 14 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн юм. Тэгээд бид хоёр манайд мансууруулах сэтгэцэд нөлөөт мөс гэх бодисыг Б.Цэрэнбаттай хамт хэрэглэчихээд хаалганы цоожийг солих гээд байж байхад цагдаа нар орж ирээд Б.Цэрэнбат бид хоёрыг баривчилсан....Би 4.3 грамм мөс гэх нэртэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон хуванцар гуурс, шилэн гаанс зэрэг эд зүйлсийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Богд ар хорооллын автомат тоглоомын газрын ойролцоо зүс таних Тэмүүлэн гэдэг залуугаас 1 сая төгрөгөөр худалдаж авсан юм...Эхлээд ганцаараа хэрэглэсэн, дараа нь хуурай дүү Б.Цэрэнбатын хамт хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан...Би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын талаар интернетээс уншиж байсан. Тэгээд сониуч зандаа хөтлөгдөн анх 2016 онд БНХАУ-ын Бээжин хотод явж байгаад мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан юм. Тухайн үед мөс гэх бодисыг хэрэглэсний дараа хүний сэтгэн бодох чадвар нэмэгдээд сэргэх шиг мэдрэмж төрж байсан...Би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулж байгаагүй...Би Жаргал ахтай хамт ажиллаж байхдаа ахынхаа найзаас 12 сая төгрөг зээлж аваад ахдаа хэлэлгүй үрчихсэн юм...Төмөр замын зүтгүүрийн депогоос актлагдсан вагоны хөргүүрийн секц авах зорилгоор Наранбат ахаас 12 сая төгрөг зээлсэн юм. Би Наранбат ахаас авсан 12 сая төгрөгийг өөртөө хувцас авсан, мөн шоудаад дуусгачихсан. Үлдсэн 1.500.000 төгрөгөөс 1 сая төгрөгөөр нь Тэмүүлэнгээс мөс аваад, үлдсэн 500.000 төгрөгийг нь ойр зуурын хэрэглээнд хэрэглэж байгаад 400.000 орчим төгрөг нь түрийвчинд үлдсэн байгаа...би үнэхээр Bold Temuulen гэсэн фэйсбүүк хаягтай Тэмүүлэн гэх залуугаас 1 сая төгрөгөөр 4 грамм мөсийг өөрөө хэрэглэх гэж худалдаж авсан...Сайнбаяр гэдэг хүнтэй уулзаж вагоны радиатор худалдан авах гэж байсан юм. Ямар ч байсан Улаанбаатар төмөр замд ажилладаг, юу хийдгийг нь мэдэхгүй байна...Урьд нь хоёр гурван удаа баг багаар худалдан авч байсан...Ер нь Б.Наранбат ахаас авсан мөнгийг дэмий үрээд дуусгасан. Үлдсэн 400.000 орчим төгрөгийг нь...хураалгасан байгаа....Тэр өдөр Б.Цэрэнбат над дээр ирээд сонирхоод байхаар нь би өөрийнхөө хэрэглэж байсан мөснөөс бага зэргийг хэрэглүүлсэн юм. Энэ хэрэгт Б.Цэрэнбат ямар ч хамааралгүй...хүнээс вагоны радиатор авдаг байсан юм тэр үед боломж гараагүй өдөр хоног нь хойшилсоор байсан...би мөнгийг нь аваад чимээгүй алга болсон...Өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5057248939 тоот...дансруу 12 сая төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 176-180, 184-186, 2хх-ийн 39-40, 68/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч Э.Энхбат нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /1хх-ийн 208, 2хх-ийн 41/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №870, №871 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №30 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбат, түүний өмгөөлөгч Э.Ганбат нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдъя.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбат нь “...Төмөр замтай гэрээ хийж актлагдсан барааг нь авдаг байсан...Ц.Наранбат намайг танихгүй байж мөнгө шилжүүл гэхэд шууд шилжүүлэхгүй, өмнө нь авч өгч байсан болоод л над руу мөнгө шилжүүлсэн...Ц.Наранбат радиатораа авъя гэж шаардсан. Тэгэхээр нь би оны дараа болъё, он гараад гэрээ хийгдэнэ, одоо ажил ихтэй байна гэнэ ээ гэхэд “за за хурдан гаргаж өгөөрэй” гэсэн...Би өмнө нь радиатор авч өгч байсан. Мөн 2014 оны бил үү, 2015 оны үед 100.000.000 гаруй төгрөг зээлж аваад 3,4 сарын дараа буцаагаад өгч байсан...1 сар гараад өгчих байсан. Би цагдан хоригдсон учраас чадаагүй...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат нь “...Энэ гэмт хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байгаа. Хохирогч Ц.Наранбат нь Энхбатаас бүтээгдэхүүнээ шаардах гэхэд цагдан хоригдсон гэсэн мэдээлэл авч мөнгөө авахын тулд залилан мэхлүүлсэн гэсэн өргөдөл гомдол өгч хандсан...Хохирогч Ц.Наранбат нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөө шилжүүлснээс хойш 2016 оны 12 дугаар сар хүртэл мөнгөө байнга шаардаж, итгэл эвдчихлээ эсхүл өөрт нь захиалсан бүтээгдэхүүн нь олдохгүй байна, худлаа байсан гэдэг байр суурьнаас хандаагүй байсан...Мөнгө авсан өгснөөрөө залилангийн гэмт хэрэг гэж үзэхгүй...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан нь:

шүүгдэгч Э.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би Жаргал ахтай хамт ажиллаж байхдаа ахынхаа найзаас 12 сая төгрөг зээлж аваад ахдаа хэлэлгүй үрчихсэн юм...Төмөр замын зүтгүүрийн депогоос актлагдсан вагоны хөргүүрийн секц авах зорилгоор Наранбат ахаас 12 сая төгрөг зээлсэн юм...Ер нь Б.Наранбат ахаас авсан мөнгийг дэмий үрээд дуусгасан...хүнээс вагоны радиатор авдаг байсан юм тэр үед боломж гараагүй өдөр хоног нь хойшилсоор байсан...би мөнгийг нь аваад чимээгүй алга болсон...Өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5057248939 тоот...дансруу 12 сая төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 176-180, 184-186, 2хх-ийн 39-40, 68/,

            хохирогч Ц.Наранбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр надруу Энхбат залгаж Дарханаас орой вагоноор радиатор 60-70 ширхэгийг аваад өгье, эхлээд надад 12 сая төгрөг хэрэг болоод байна, вагоны хүнд мөнгө өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 5450461519 дугаарын данснаас 12 сая төгрөг 5057248939 дугаарын дансруу шилжүүлсэн...Надад хэлэхдээ 2016.10.01-ний өдөр өгнө гэж хэлээд сураггүй алга болсон...Э.Энхбат над руу залгаад...та 12 сая төгрөгөөр 70-80 ширхэгийг авах уу гэхээр нь би өмнө нь Жаргалаас авч байсан болохоор авъя гэж хэлээд...12 сая төгрөг шилжүүлээд, вагоны радиатораа хэзээ явуулах юм бэ гэсэн чинь орой ирэхээр нь тань руу яръя гэж хэлсэн боловч тэр өдрөөс хойш ахиж надтай холбогдоогүй...Би Э.Энхбаттай бие дааж наймаа хийж байгаагүй,...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 32, 33-35/,

            гэрч Э.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Төмөр замд ажилладаг Сайнбаяр гэх хүнийг танихгүй, Э.Энхбатад тийм хүн танилцуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 121-122/, “Хаан” банк, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 13-14/ зэргээр хангалттай няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Энхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зүс таних Тэмүүлэн гэх залуугаас 1.000.000 төгрөгөөр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис /мөс буюу метамфетамины агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл биедээ хадгалсан буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рапид Харш хорооллын 17-10 тоотод баригдаж үзлэг хийхэд илэрсэн, мөн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ахын найз Ц.Наранбатаас “вагоны радиатор худалдаж авч өгнө” гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 12.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, уг мөнгийг зориулалтын бусаар өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан, хохирогч шүүгдэгчтэй өмнө нь худалдаа хийж байгаагүй, тухайн вагоны радиаторыг авах талаар шүүгдэгчийн зүгээс ямар нэг идэвхитэй үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй зэрэгт дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан, мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж  авсан, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Энхбатыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан, мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж  авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Хавтаст хэрэгт цугларсан дээрх баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 

Ял гэдэг нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд нь хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох замаар шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулж буй төрийн албадлагын арга хэмжээ бөгөөд ялын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог ба засарч хүмүүжүүлэхэд чиглэгддэг болно.

Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгахыг хорих ял гэнэ” гэж тодорхойлсон, мөн хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг тодорхой шаардлагуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, хуульд заасан хугацаагаар хянан харгалзах боломжийг хуульчилсан бөгөөд энэ нь шүүхээс тогтоосон тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй буюу ялгүй болох, харин тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг хууль зүйн үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Э.Энхбатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогч Ц.Наранбатад 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас ямар нэг хор уршиг учраагүй, түүний хувийн байдал /29 настай/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 4 хоногийн баривчлах ял, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 4 хоногийн баривчлах ялыг /хөнгөн ялыг хүндэд/ багтааж, Э.Энхбатын нийт биечлэн эдлэх ялыг  1 жил 6 сарын хорих ялын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй...ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгчийн эдлэх 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 4.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, хуйлж соруул мэт болгосон 21.5 см урттай, цагаан өнгийн хуванцар гуурс, нэг үзүүртэй дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлтэй, 22.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, 8.7 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, нэг үзүүрийг нь нугалж хайлуулж наасан байдалтай 5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, гаанс мэт зүйл, 3.5 см өндөртэй дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы байж болох шил, шар өнгийн асаагуур 1 ширхэг, тарианы ус 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бор өнгийн түрийвч 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч Э.Энхбатад буцаан олгохоор шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Э.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Наранбат ахаас авсан 12 сая төгрөгийг өөртөө хувцас авсан,...үлдсэн 500.000 төгрөгийг нь ойр зуурын хэрэглээнд хэрэглэж байгаад 400.000 орчим төгрөг нь түрийвчинд үлдсэн байгаа...Үлдсэн 400.000 орчим төгрөгийг нь...хураалгасан байгаа...” гэсэн мэдүүлэг, “...Э.Энхбатын биед үзлэг хийж хураан авсан Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг зэргийг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов...” гэсэн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 100-101/ зэргээр эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 380.320 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж зааснаар 380.320 төгрөгийг хурааж улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Цэрэнбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан шалгаад түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар /гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүх Э.Энхбатад холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэе.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 94 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Бэсүд овогт Энхтайваны Энхбатыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Бэсүд овогт Энхтайваны Энхбатыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар баривчлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ сар 4 /дөрөв/ хоногийн баривчлах ялыг /хөнгөн ялыг хүндэд/ багтааж, Э.Энхбатын нийт биечлэн эдлэх ялыг  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Энхбатын эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбатын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, нийт 380.320 /гурван зуун наян мянга гурван зуун хорь/ төгрөгийг хурааж улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Э.Энхбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 4.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, хуйлж соруул мэт болгосон 21.5 см урттай, цагаан өнгийн хуванцар гуурс, нэг үзүүртэй дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлтэй, 22.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, 8.7 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, нэг үзүүрийг нь нугалж хайлуулж наасан байдалтай 5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, гаанс мэт зүйл, 3.5 см өндөртэй дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы байж болох шил, шар өнгийн асаагуур 1 ширхэг, тарианы ус 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бор өнгийн түрийвч 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч Э.Энхбатад буцаан олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Энхбатад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

10. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Энхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Энхбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР