Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0532

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г************* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******

Хариуцагч: Э-Т ХК-ийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, Э.У********, Ц.С**********

Гуравдагч этгээд: М*********** ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*********** нарын хоорондын “Э-Т ХК-ийн ЭЭТ/****** дугаартай MV-****, MV-**** хоёр тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт М********** ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, Э.У********, Ц.С**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г************* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Э****************** ХХК-ийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Э-Т ХК-ийн ЭЭТ/****** дугаартай MV-****, MV-**** хоёр тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт М********** ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч  нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 03/2497 тоот албан бичгээр гомдлыг хангах боломжгүй тухай хариуг авсан учир 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

    Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “техникийн саналыг энэ хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “энэ хуулийн 13.3-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана” гэснийг зөрчсөн гэж,

2/ Тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.4.4-ийн “зөвшөөрөл” гэсэн хэсэгт цацрагийн үүсгүүр ашиглах эрхийн хугацаа 2 жил хүчинтэй байх” гэж заасан байхад техникийн саналд өндөр оноо авсан М********** ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас харахад 2020/02-33 дугаартай ионжуулсан цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрөл ирүүлсэн байх бөгөөд хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй гэж,

3/ Уг актын улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зарласан МV-*****, МV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ******* дугаартай тендерт оролцсон бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 22570 дугаартай албан бичгээр манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.16 дахь хэсгийг хангахгүй байна гэсэн хариу ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Техникийн саналыг энэ хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ.”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Энэ хуулийн 14.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл хуульд тендерт ирүүлэх баримт бичгийг тусгайлан заана гэж заажээ.

Тендерийн баримт бичгийн 4.4-т зөвшөөрөл гэсэн хэсэгт цацрагийн үүсгэвэр ашиглах эрхийн хугацаа 2 жил байна гэж заасан. Гэтэл техникийн саналд өндөр оноо авсан гуравдагч этгээд компанийн ирүүлсэн тендерийн материалыг харахад ***/***** дугаартай ионжуулагч цацрагийн үүсгэвэр ашиглах хадгалах тусгай зөвшөөрөл ирүүлсэн. Энэ тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байсан /хоёрдугаар хавтаст хэргийн 132 дугаар хуудаст ирүүлсэн материал дунд энэ материал нь байгаа/. 1 дүгээр сард сунгасан гэдэг агуулгатай зүйл гуравдагч этгээд ярьдаг хэдий ч энэ талаарх баримт нь үнэлгээний хороонд ирээгүй, нөхөж өгөх боломжгүй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” Гэж тус тус заасан. Нэхэмжлэгч компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан техникийн шаардлагыг хангахгүй байгаа учир гуравдагч этгээд компанийн тендерээс татгалзах ёстой байсан гэж үзэж байгаа. Татгалзалгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад нь үнэлж тендер шалгаруулсан нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч компани нь Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамаар батлуулсан олборлолтын төлөвлөгөө болон экспортын төлөвлөгөөг хангаж ажиллах ёстой. Энэ ажлын хүрээнд өрөмдлөг, геофизик, дээжийн ажлуудыг жил бүр хийдэг. Энэ ажлыг хийлгэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулсан. Дэлгэрэнгүй жагсаалт үйлдэх зорилгоор 12 дугаар сарын 17-ны өдөр бид Төрийн худалдан авах ажиллагааны систем буюу Tender.gov болон компанийн сайтад зарлал байрлуулсан. Ингээд 12 дугаар сарын 28-ны өдөр тендерт оролцогчдын дэлгэрэнгүй жагсаалтыг хүлээн авсан. 3 компани хураангуй жагсаалтаар шалгарсан. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт зааснаар техникийн санал, зөвлөхийн мэргэжлийн ур чадвар, хуулийн этгээдийн хувьд голлох мэргэжилтэн үйл ажиллагааны арга баримтлаа холбоотой мэдээллийг тусгана гэж заасны дагуу бид шалгаруулалтад тусгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан 3 болон түүнээс дээш оролцогчдод хураангуй жагсаалтыг үүсгэдэг.

 Ингээд 01 дүгээр сарын 14-ний өдөр хураангуй жагсаалтад орсон компаниуддаа мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тендерийн баримт бичгийн 4.4.4 нь компанид тавьж байгаа шаардлага биш юм. Тендерийн баримт бичгийн 4.4.4 нь зөвлөхийн санал болгох ажилд нь шаардагдах туршлагын доод түвшинг заасан байдаг. Үүн дээр ерөнхий геофизикч 1, геофизикч 6 байхаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь сертификатын тухай ярьсан. Бид 4.4.4 дээр ажилтан буюу мэргэжилтэнд Цөмийн энергийн газар болон цацрагийн хяналтын газраас олгогдсон сертификат авснаас хойш 5-аас дээш жил ажилласан байх ёстой, цацрагийн үүсгэвэр ашиглах эрхийн гэрчилгээтэй байх ёстой, энэ гэрчилгээ хоёр жилийн хугацаатай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Тухайн тендерт шалгарсан М********** ХХК нь ерөнхий геофизикч, геофизикч гэж н.Б, н.Б, н.Б, н.М, н.Б, н.Г, н.П нарын гэрчилгээг ирүүлсэн. Энэ 7 ажилтны гэрчилгээ нь хоёр жилийн шаардлага хангасан байсан. Энэ материалыг үнэлж М********** ХХК-ийг шаардлага хангасан гэж үзсэн. Энэ асуудалтай холбогдуулан нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам худалдан авах ажиллагааны шийдвэр гомдлыг хянадаг эрх бүхий төрийн захиргааны байгууллага юм. Сангийн яам гомдлыг хянаж 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Иймд үнэлгээний хорооны шийдвэр дүгнэлт хуульд нийцэж гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Компанитай холбоотой тээвэрлэлтийн гэрчилгээг нэг жилээр олгодог бөгөөд ажилтанд хоёр жилээр олгодог гэв.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендер явагдаж байх хугацаанд буюу 12 дугаар сарын 31-ний өдөр хадгалах тээвэрлэх тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичгээр өгсөн байсан. Сунгуулах зөвшөөрөл нь нэг сарын өмнө хүсэлтээ өгсөн. Тендерийн процесст шинэ тусгай зөвшөөрөл нь хэвлэгдэж гараагүй байсан учир шинэ тусгай зөвшөөрлөө тендерийн материалд хавсаргаагүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Э-Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/404, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/27 дугаар тушаалаар ЭЭТ/****** дугаартай MV-****, MV-**** тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулж, тус хорооны хуралдаанаар батлуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох зарыг өдөр тутмын болон Худалдан авах ажиллагааны цахим сайтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зарыг байршуулж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тендерт оролцогчдын  дэлгэрэнгүй жагсаалтад ирүүлсэн материалыг хүлээн авч Үнэлгээний хороо хянан үзээд М********** ХХК, Г************* ХХК, Г************* ХХК-иудын тусгай зөвшөөрөл нь шаардлагад нийцсэн гэж үзэж, хураангуй жагсаалтад шалгарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Г************* ХХК-иас “М***********” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалтай танилцахад ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байсан тул Тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.4.4-ийн зөвшөөрөл гэсэн хэсэгт цацрагийн үүсгүүр ашиглах эрхийн хугацаа 2 жил хүчинтэй байх” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад тус компанийг шалгаруулсан...” гэж тайлбарлан маргаж байгаа болно.

4. Хавтаст хэрэгт авагдсан Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ-ийн 4.4.4-т Зөвлөхийн санал болгох ажилтанд шаардагдах туршлагын доод төвшин нь: “Цөмийн энергийн газар болон цацрагийн хяналтын газраас олгогдсон сертификатын цацрагийн үүсгүүр ашиглах эрхийн хугацаа 2 жил хүчинтэй байх”-аар  заасан байна.

5. Гуравдагч этгээд М********** ХХК-ийн тендерт санал болгосон ажилтнуудын материалуудыг үзвэл эрүүл ахуй цацрагийн аюулгүй байдлын нийгэмлэгийн гэрчилгээнүүдийн хүчинтэй байх хугацаа дээрх шаардлагад нийцсэн болох нь тогтоогдож байна.

6. Өөрөөр хэлбэл захиалагчаас зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12-д “техникийн саналд зөвлөхийн мэргэжлийн чадвар, туршлага, хуулийн этгээдийн хувьд голлох мэргэжилтэн, үйл ажиллагааны арга барилтай холбоотой мэдээллийг тусгана” гэж зааснаар шалгуур үзүүлэлтийг тусгаж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч компаниас ТӨЗ-ийн 4.4.4-т Зөвлөхийн санал болгох ажилтанд шаардагдах туршлагын доод төвшин нь: “Цөмийн энергийн газар болон цацрагийн хяналтын газраас олгогдсон сертификатын цацрагийн үүсгүүр ашиглах эрхийн хугацаа 2 жил хүчинтэй байх” гэж заасныг тухайн оролцогч компанид хамаарахаас бус компанийн ажилтанд тавигдах шаардлага хамаарахгүй гэж үзсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно” гэж зааснаар гомдол гаргах эрхтэй байсан хэдий ч эрх бүхий байгууллагад хуулийн хугацаанд гомдол гаргаагүй байна.

7. Гуравдагч этгээд М********** ХХК-ийн “Ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тендер шалгаруулалтын хугацаатай харьцуулан үзвэл тендерийн хураангуй жагсаалт үүсэх хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гуравдагч этгээдийн “Ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрөл”-ийн хугацаа дуусаагүй, харин техникийн санал үнэлэх хугацаа буюу 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мөн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр буюу захиалагчаас тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулагдах үед тус компанийн “Ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрөл”- ийн хугацаа сунгагдсан байсан болох нь тогтоогдож байна.

8. Түүнчлэн Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн  дүгнэлтээр М********** ХХК нь Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлагад 48.5 оноо, Зөвлөхийн санал болгож ажлын хөтөлбөр болон аргачлал, техник тоног төхөөрөмж нь ажлын даалгаварт заасан шаардлагад нийцэж буй байдалд 30 оноо, Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар болон туршлагад 20 оноо авч, нийт 98.5  оноо авч санхүүгийн саналыг нээх мэдэгдлийг хүргүүлсэн, “Г” ХХК нь Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлагад 36.4 оноо, Зөвлөхийн санал болгож байгаа ажлын хөтөлбөр болон аргачлал, техник тоног төхөөрөмж нь ажлын даалгаварт заасан шаардлагад нийцэж буй байдалд 21 оноо, Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар болон туршлагад 15.1 оноо, нийт 72.5 оноо авсан тул санхүүгийн саналыг нээх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

9. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт нээсэн санхүүгийн саналаар: Г************* ХХК 279,000,000 төгрөгийн саналаар 30 оноо авч нийт дүнгээр 80.75 оноо, М********** ХХК нь 292,500,000 төгрөгийн саналаар 26.6 оноо, нийт 97.55 оноо авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-д “Захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ” гэж зааснаар техникийн болон санхүүгийн саналын нийлбэрээр хамгийн өндөр  оноо авсан “М” ХХК-тай хэлэлцээ хийж, ажилттай болсон тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3- д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

10. Мөн Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ-ийн 4.4.4 дэх заалт болон бусад заалтад тендерт оролцогч нь “Ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байх талаар шалгуур үзүүлэлт тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

11. Түүнчлэн Э************ ХК-иас 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12/571 дугаартай албан бичгээр “...гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн” тухай М********** ХХК-д хүргүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулагдсан байх тул Э************ ХК-д MV-****, MV-**** тоот тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын цооногийн геофизикийн ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зохин байгуулах үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхээргүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан Г************* ХХК-иас Э************ ХК-ийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Э-Т******* ХК-ийн ЭЭТ/****** дугаартай MV-****, MV-**** хоёр тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт М********** ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн дүгээр 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ