Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 150/ШШ2021/00061

 

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай 20-16 тоотод оршин суух хаягтай, Авга овогт Д-н Н-г, РД:ТГ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай 20-34 тоотод оршин суух хаягтай, Их мянган овогт Б-н М-р РД:МХ0000000/-д холбогдох,

 26,690,895 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н-г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагч Б.М-р, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, гэрч Ч.Будмаа /цахим сүлжээгээр / нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н-г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 2014 оны 07 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн 20 дугаар байрны 16 тоот 37,78 мкв талбайтай 3 өрөө байрыг 58,000,000 төгрөгөөр Б.Мягмараас авахаар хоорондоо ярилцаж тохиролцсон. Өөрийн 22 дугаар байрны 35 тоот 28 кв 2 өрөө байрыг 45,000,000 төгрөгөөр үнэлээд хариу зөрүүндээ 13,000,000 төгрөг өгөлцөхөөр тохиролцсон. Надад 13,000,000 төгрөг бэлэн байхгүй байсан учраас би банкнаас зээл авахаар би өрх толгойлсон эмэгтэй учраас  надад батлан даагч байхгүй байсан учраас их хэмжээний зээл өгөхгүй байсан. Тэгэхээр нь би ипотекийн зээлд хамрагдахаар зээлийн хүсэлт өгөөд надад урьдчилгаанд өгөх бэлэн мөнгө байхгүй байсан учраас би Мягмарт хандсан. Мягмар тухайн үед  надад ийм их хэмжээний мөнгө алга гээд бүх мөнгөө гадагш нь зарлагадаад юм авчихсан учраас байхгүй гэсэн. Тэгэхээр нь би надад олж өгөхгүй бол гадуур хүнээс мөнгө хайгаад надад 16,400,000 төгрөг олдохгүй байна гэж хэлсэн чинь олоод өгье гээд тэр мөнгийг миний дансанд  хийсэн. Мягмараа авсан туслалцаа бол энэ. Тэгээд энэ мөнгийг хийсэн л гэж хэлсэн болохоос хэзээ хийснийг би мэдээгүй. Мөнгө нь эргээд Мягмарынхаа данс руу орсон гэдгийг ч би мэдээгүй. Ингээд бидний хоорондын наймаа явагдчихсан юм. Би бол авч байгаа байрыг банк үнэлэхдээ 48,000,000 гэж үнэлээд зээлийнхээ бүртгэлийг надад 50,000,000 төгрөг гэж гаргаж өгсөн юм. 33,600,000 төгрөгийн зээл надад олгож болох юм байна гэхэд нь би ерөнхийдөө 16,400,000 төгрөгөө 13,000,000 төгрөгийнхөө зөрүү мөнгөтэйгөө ус сувгийн жижиг сажиг өрнүүд байсан тэрийгээ төлөөд би цаана нь нэг буйдан ширээ сандал авчих юм байна гэж тооцоолсон байгаа. Урьдчилгаанд өгсөн 13,000,000 төгрөгөө өгсөн, урьдчилгаанд байршуулсан 16,400,000 төгрөгөө суутгуулж өгсөн, 1,384,145 төгрөгийг тооцоолж ард нь надад гар дээр 2,500,000 төгрөг үлдсэн байгаа юм. 26,000,000 төгрөг болгож байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр урьдчилгаанд байршуулсан мөнгийг Мягмарын данс руу буцаж орсон гэдгийг мэдэхгүйгээр 33,600,000 төгрөгийг би Мягмарт зээлсэн мөнгөө гэж бодоод өгсөн учраас би тэр мөнгийг нэхэмжилж байгаа юм. Би одоо тэр мөнгийг банканд хүүтэй нь төлж байгаа учраас бодоод үзэхээр хүүтэй нь төлсөн мөнгө нь 48,8 хувь болж байгаа. Б  хувилуулаад банкны ажилтнаар бодуулж байгаад гаргасан банкныхаа тооцооллын дагуу би нэхэмжлэлээ гаргасан байгаа. 16,400,000 төгрөг нь нийтдээ 75 сарын хугацаанд хүү нь 10,290,895 төгрөг бүгд нийлээд 26,990,895 төгрөг болж байгаа. Би Мягмараар цалингийн зээл хаалгасан гэдэг бол худлаа. Он сар өдрийн хувьд ч тэр би Мягмараас авч байгаагүй. Мөн Мягмар энэ байрыг зарсан учраас Мягмараас өөрөөс нь сая төгрөг гарах ёстой гэж үзэж байгаа. Ломбардын тухайд бол хүн ломбардад юмаа тавиад сунгах тохиолдолд зөндөө л байдаг. Тэрний нэгэн адил би юмаа тавиад буцаагаад авсан. Наймаа болохоос өмнө авсан асуудал. Би үйлдвэрт 14 жил ажиллаж байгаа сар бүрийн цалин орлоготой. Хүүхдийн мөнгө авдаг, нас барсны тэтгэвэр тэтгэмжийн мөнгөтэй. Намайг ямар ч мөнгөгүй байсан гэж яриад байна. ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүн байсан юм шиг та бүхэнд ойлгуулаад байна. нотариатын мөнгө бол байр худалдаж авсан хүн 40 гаруй мянган төгрөг, 50 мянган төгрөг өөрөө төлсөн. Юу гэж л Мягмар миний өмнөөс мөнгө төлөх вэ? дээ. Гэр орныг минь иргэн хүний тухайд хэтэрхий их доромжилж байна. Мягмар надад гал тогооны тавилгаа үлдээсэн байсан. Тэр ч надад таалагдсан учраас би өөрөө цэвэрхэн тавилгатай байсан учраас дүүгийндээ өгсөн. Манайд эвдэрхий шкаф байгаагүй. Манай 22-р байр бол сангийн тухайд жаахан асуудалтай байр байсан. Би ч бас хэн бил ээ дээ нэрээ хичээгээд сайхан амьдрахыг хүсдэг байсан. Тэгээд ч надад тухайн үед тийм олон нялх нойтон хүүхэд байгаагүй. Тухайн үед байр солилцох үед хүүхэд маань байгаагүй. Амралтаар хөдөө аваад явсан байсан. Манайх компьютертой байсан юм тэгээд зурагтаа компьютероо булаацалдахгүйн тулд дахиад нэг зурагт авъя гээд Мягмараас ломбардаас хямдхан тавиад зарагдах гэж байгаа зурагт авсан юм. Тэрийг яриад байна. Надад зурагт байсан би зурагт нэмж авсан. Хүүхэд маань нэг зурагтыг нь дараа нь бөмбөгөөр тоглож байгаад хагалчихсан юм. Би эдний ломбардаар үйлчлүүлэхдээ дандаа мөнгө цаастай очиж үйлчлүүлдэг. Мягмар надад зүгээр мөнгө өгөх хүн биш. Энийг хаана ч хэн ч гэрчилнэ. Тэгээд миний цалингийн зээлийг хаахад тусалсан гээд байгаа ахыг маань хэтэрхий их доромжилж байна. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед ах маань ажил хөдөлмөр эрхэлж байсан. Төрийн албан хаагч болоод 5 жилийн мөнгө авч байсан юм. Мөнгө төгрөггүй байсан гэж ахыг маань тэгж ярьж болохгүй байх. Дархан руу Мягмар, Будмаа, Отгонбаяр нартай явсан.  Мөнгө төгрөг тоолоод дуустал бүгд миний хажуугаас холдоогүй. Бид хэд хамт байж байгаад л салсан. Дараа нь би дэлгүүрт явж байгаад энэ хэдтэй таарсан. Би энэ хүнээс 2,500,000 төгрөг л авсан. Би тэрэндээ итгэлтэй байна. Болсон процессыг бол үнэн зөвөөр нь хэлж байна. Өмгөөлөгчийг маань давхар янз бүрээр хэлээд байгаа нь хэцүү байна...” гэв.

Хариуцагч Б.Мягмар нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед ийм наймаа бол хийгдсэн. Энэ нэхэмжлэгч 16,400,000 төгрөгийг ямар данс руу яаж хийсэн гэдгийг мэдэхгүй байна гэж хэлж байна. Би энэ хүний өмнөөс банктай уулзаад яах уу гэхгүй би мэдэхгүй шүү дээ. Энэ хүн над руу ийм данс руу мөнгө байршуулах юм байна гэж данс өгсөн. Тэр дансанд би ямар азаар ахаараа хийлгүүлсэн юм. Хэрвээ би энэ хүнд өөрт нь өгөөд байршуулчихсан байсан бол энэ хүн өнөөдөр надад өөрт мөнгө байсан юм гэж яриад зогсож байх ийм л хүн байгаад байна. Өнөөдөр би Отгонбаяр гээд ахаараа хийлгэсэн болохоор энэ нотлох баримт болж байгаа юм. Дээрээс нь би 16,400,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж байршуулсан. Үлдэгдэл 33,600,000 төгрөгөөсөө 13,000,000 төгрөгийн зөрүү, миний авах авлагууд ус сувгийн өр, сөх, хүүгийн зөрүү, татварын 740,000 төгрөг, бэлэн өгсөн, зээл хаасан зэрэг суутгагдаад бэлэн 10 гаруй сая төгрөг өгсөн байдаг юм. Одоо болохоор 16,400,000 төгрөгийг би чамаас аваагүй гээд яриад байна. 33,600,000 төгрөгөөс тал мөнгөө аваад тал мөнгөө авдаггүй тийм тэнэг хүн өнөөдөр байхгүй. Энэ хүнд өөрт нь шаардлагатай байсан болоод нэмүү хэлж банкнаас зээл авсан. Магадгүй энэ хүн тэгж их тооцоолол хийж байгаа юм чинь 20,000,000 төгрөгийн зээл аваад жижиг сажиг зээлүүдээ тооцоолоод авч болох л байсан шүү дээ. Яагаад гучин хэдэн сая төгрөгийн зөрүү мөнгө илүү хэлж авсан юм. Энэ хүнд шаардлагатай л байсан байгаа. Гучин  хэдэн сая төгрөгөөсөө дээрд дурдсан зүйлүүдийг хасахаар ийм дүн гарч байгаа гэхээр яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Тухайн үед байрны зээл авахад бүх санхүүгийн туслалцааг би зуун хувь үзүүлсэн. Анх надад байраа зарах сонирхол байгаагүй. Хотоос шилжиж ирсэн ах эгч хоёр хүүхдүүдтэй нь байлгая гэхэд би Нандиа танайх байраа зарах гэж байгаа юм уу гэхэд яах вэ би үнэ тохирвол би зарна гэж ярьж байсан чинь байрыг чинь орж үзье гэсэн. Байр орж үзэнгүүтээ үнэхээр таалагдаж байна, үнэхээр сайхан засвартай гурван өрөө байр байна гэхээр нь би үнэхээр чамайг авна гэвэл гал тогооны өрөөний ком, зочны өрөөний стенк, хоёр болор авжур гэх мэт зүйлүүдээ би дагалдуулаад өгчихнө гэж хэлсэн. Тэгсэн чинь Нандиа тэгвэл найз нь зээл хөөцөлдөөд үзье хоёр байраа хооронд нь солино гэсэн асуудал гарсан. Хоёр байраа хоорондоо зөвшилцөөд 45 сая 58 сая гэж тохиролцоод Нандиагийн зээл бол хурдан шуурхай гарсан. Санхүүгийн туслалцааг би дор дор нь хангаад явж байсан болохоор ажлын таван өдөрт гараад л наймаа хийгдсэн байхгүй юу. Тэгээд цалингийн зээл нь 5 дахь өдрийн орой ажил тарсны дараа шийдвэр нь гарсан юм байна лээ. Тэрийг бол би мэдэхгүй. Нандиа над руу утасдаад зээл шийдвэрлэгдлээ гэж хэлсэн. Би нэг дэх өдөр тооцоогоо хийгээд дуусгая гэсэн чинь хагас сайн өдөр Дарханы банк ажилладаг юм байна яваад тооцоогоо хийе гэхээр нь явсан. Тэгээд Дарханд очсон. Худалдаа хөгжлийн банкны миний дансанд мөнгө нь орсон байсан. Одоогийнх шиг дансаа ажил дээрээсээ хараад сууж байдаг байсан үе биш л дээ. 2014 гэдэг бол. Тэгээд тэндээсээ мөнгө аваад Нандинцэцэгт мөнгийг нь өгсөн. Ойролцоогоор 12,3 сая төгрөг өгсөн байдаг юм байна лээ. Нандиа баярлалаа өгсөн авсандаа өлзийтэй байг гээд Нандиа бирж рүүгээ явсан. Би тухайн үедээ хэлж байсан. Чи хоёр өрөө засваргүй байраа гурван өрөө засвартай байраар солиод цалингийн зээлээ хаалгаад ипотекийн зээл болгоод гар дээрээ арав гаруй сая төгрөг авчихлаа чи ч бүр болчихлоо доо гэсэн чинь харин тийм ээ найз нь ёстой баярлаж байна гээд салж байсан. Тэр битгий хэл надад мөнгө хэрэгтэй байна. Би нэг өрөөг чинь цааш нь цөмлөөд үсчин болгоод үсчний дамжаанд сууна гэж хүртэл ярьж байсан.  Дараачийн асуудал бол наймаа хийсний дараагаар Нандиа гар дээр байгаа бэлэн мөнгөө тав арван цаасаар арвижуулж зээлээ хаамаар байна гэж ярьж байсан. Тэгээд Энхжаргал гэдэг хүнийг явуулж байсан. Бас нэг хүнийг би явуулж байсан. Тэр хүнийхээ нэрийг санахгүй байна. Дараа нь нотариатын Нандинцэцэг энэ Нандиад 1 бил үү 4 сая төгрөг зээлчихсэн гээд явж байсан. 10 хувийн хүүтэй гэж ярьж байсан. Нандинцэцэг хүний мөнгийг аваад өгдөггүй хүн шүү дээ гэсэн чинь нэг ангийн хүүхдүүд гайгүй биз гэж байсан. Дараа нь хэдэн сарын дараа таарахад Нандинцэцэг чиний хэлсэн үнэн юм байна лээ. Миний мөнгийг өгөөгүй гэж ярьж байсан. Би өөрийнх нь ярьсан юмыг ярьж байгаа шүү надад дэвэргэж худлаа ярих шаардлага байхгүй. Энэ хүн өнөөдөр бүх тооцооллоо хийчихсэн байсан. Хүнээс мөнгө дутуу авна гэж байхгүй. Ломбардад юмаа тавиад өдрийн хүү тооцоход 2,3 мянган төгрөг яагаад нэмэгдчихэв ээ гэж асууж шалгаадаг байсан. Ийм хүн хүнд 16 сая төгрөг луйвардуулаад зогсох хүн мөн үү? надад өнөөдөр хүн луйвардаад байх шаардлага байхгүй. Надад боломж бололцоо байхгүй. Би өөрөө эрүүл мэндийн шалтгаантай. Би өөрөө санхүүгийн сахилга баттай татвар мөнгөө цаг хугацаанд нь төлөөд явдаг хүн. Хөтөл бол жижиг газар өнөөдөр хэн хэн нь хэн бэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр би мөнгө аваагүй гээд мэлзээд зогсож байдаг. Мөн зуун хувь буруугүй хүнийг буруутай мэтээр харагдуулах гээд байгаа өмгөөлөгч яагаад нотлох баримт нь гараад ирчихсэн байхад хүнийг буруутгах гээд үгсэн хуйвалдаад хуурамч бичиг баримт бүрдүүлээд явж байдаг юм бэ? Тэгэхээр би энэ хүнийг гайхаж байна. Энэ хүн өнөөдөр ганцхан намайг биш өөр олон хүнийг хохироох юм байна гэж би бодож байна. 22-35 тоотод би зөндөө олон удаа орж байсан. Манай ах эгч нар ч гэсэн хамт орж л байсан. Юу ч байгаагүй. Үзэх зурагт ч байгаагүй. Зурагтаа яасан юм бэ гэхэд олон нялх нойтон хүүхэдтэй хүн хэцүү шүү дээ дэлгэц рүү нь юм шидээд хагалчихсан гэж хэлж байсан. Өнөөдөр манай гурван өрөө байранд ороод өдөр шөнө шиг ялгаатай байгаа. Хэдэн хагархай тумбочка байсан гаргаад хаячихсан байсныг машин ирээд ачаад явж байсан. Одоо би эднийд авсан эд хогшлыг үнэлэхэд 6,400,000 төгрөгийн юм авсан байдаг. Гал тогооны ширээ сандал, том өрөөний буйдан гурван өрөөний хөшиг тюль зурагт угаалгын машин, нэг өрөөгөө паркетласан хувцасны өлгүүр плитка зэргийг авсан байдаг. Би ойн санамж ой тогтоолт сайтай хүн. 33,600,000 төгрөгөөс 280,000 төгрөг төлдөг юм байна лээ. 210,000 төгрөг хүүд нь төлөгдөөд 70,000 төгрөг үндсэн төлөлтөөсөө хасагдаж явдаг юм байна лээ. Банк бол эхний арван жилдээ хамаг хүүгээ авчихдаг. Тэгээд хэлэхээр өнөөдөр миний гучин хэдэн сая төгрөгөөс 6 жилийн хугацаанд 5 сая төгрөг л хасагдсан байна шүү дээ ийм байх учиргүй гэж надад ярьж байгаа юм. Би аль болох тайлбарлах гэж хичээсэн. Тийм байх ёсгүй арван хэдэн сая төгрөг байх ёстой гэж ярьж байсан. Тэгээд над дээр анх удаа уулзах гээж очихдоо бичлэг хийсэн байна лээ. Бичлэг хийснийг би мэдээгүй яагаад анх удаа уулзахдаа бичлэг хийдэг юм энэ бол анхнаасаа төлөвлөсөн асуудал байгаа. Үг унагааж сул үгэн дээр дөрөөлөх гэсэн асуудал энэ бол харваас тодорхой байгаа. Манайхаар байнга үйлчлүүлдэг Болд гэж хүн байгаа одоо ч гэсэн манай ломбардаар байнга үйлчлүүлдэг. Тэгээд 2014 онд өөрийн төрсөн хүүхдэдээ өөрийн байраа өгөөд өөрсдөө хашаа байшин худалдаж авсан байдаг юм байна лээ. Би ойр тойрных нь хүнээс асуусан. Бэр эгч Будмаа миний хажууд байж ажилладаг байсан. Тухайн үед надаас Нандинцэцэг мөнгө авч цалингийнхаа зээлийг хаалгаж байсан. Будмаа өнөөдөр тэрийг гэрчилнэ. Би нотариатаар ороод зургаан жил гаруйн өмнөх юмыг батлуулах гэвэл болохгүй гэж хэлдэг. Санхүүгийн туслалцааг би зуун хувь хангасан гэж би хэлж байсан. Тухайн үед Нандинцэцэгт ямар ч мөнгө байгаагүй. Тэр байтугай ломбардад тавьсан юмаа хүртэл аваагүй байсан. Наймаа хийснийхээ дараа надаас суутгаж авсан. Надад мөнгө байхгүй байна гэхэд найз нь санхүүгийн тусалцаагаа чамаас авъя гадуур мөнгө төгрөг олдохгүй юм чинь нэг хүнтэйгээ өглөг авлагаа хийгээд дуусгая. Тэр нь амар гэж хэлэхээр нь би цалингийн зээл бас бус юмыг нь хаагаад мөнгө дутахаар нь би ахыгаа явуулж машинаа хүртэл ломбардад тавиулж байсан. Тэгж би энэ хүний 16 сая төгрөгийг би байршуулсан. Хоёр байрыг солиход аль аль асуудлаа биеэ даагаад шийдье. Хоёр байрныхаа худалдах худалдан авах гэрээний мөнгийг өөрсдөө төлье гэж тохирсон. Тийм учраас гэрээний зардлыг аль аль тал нь зуун хувь хариуцаад явсан. Тэр гарсан зардлыг надаас бас авсан. Дээрээс нь үл хөдлөх хөрөнгө худалдсаны татвар гэж байдаг. Тэр нэг сая төгрөгийг би төлөх үндэслэлгүй. Яагаад гэвэл би тэр мөнгийг бэлнээр аваагүй. 50 сая төгрөгийг би бэлнээр байраа зараад авчихсан бол хуулийнхаа дагуу би хоёр хувийг би төлөх үүрэгтэй. Зөрүү мөнгөө Нандинцэцэг өөрөө авсан болохоор хэн хэнээ хохироохгүйн тулд 13 сая төгрөгийнхөө зөрүүг 260,000 төгрөгийг татварт би төлөөд 740,000 төгрөгийг чи төл гэхэд болж байна хөгшөөн тэгье гээд тэгж төлсөн. Үнэхээр миний данс руу 50 сая төгрөг орж ирсэн бол би зуун хувь төлөх үүрэгтэй байдаг. Нотариатын мөнгийг худалдаж авч байгаа тал төлдөг. Тийм л зарчмаар явагддаг. Дарханд очоод худалдаа хөгжлийн банк дээр гарсан миний дансны хуулгаар бүх зүйл гарч ирнэ. 10 сая, 7 сая, 8 сая гээд би нийт 25 сая төгрөг авсан байдаг. Авсан мөнгөнийхөө 10 саяар би машинаа аваад 2 саяар эгчийнхээ үнэт эдлэлийг ломбардаас авсан. Ийм л процесс явагдсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг зуун хувь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зурагтын талаар ярилаа л даа. Би таг сохор болоогүй айлд юу байгааг хараад мэдэж байгаа шүү дээ. Би саяны байдлыг үгүйсгэж байна. Би Нандинцэцэгийг л бодож байраа зарсан. Гэтэл тусалсан хүнээ ус мэтээр хандаж байгаа нь сонирхолтой гомдмоор зэвүү хүрмээр л байна л даа. Өнөөдөр хүнд мөнгө хэрэг болж болно. Гэтэл яагаад тус болсон хүнээ шүүхэд очтол нь ингээд гүжирдээд явж байгаа юм бэ? Санаанд багтамгүй зүйл. Энэ хүн өнөөдөр гурвуулаа байсан гэж ярьж байна. Би эхнийхээ мөнгийг авч тоолоод би ахыгаа гаргаад явуулсан. Торонд хийгээд аваад гарсан өөрөө ч тэрийгээ ярьдаг юм байна лээ. Тэгээд тэнд Будмаа эгч бид гурав үлдээд мөнгийг нь тоололцоод банкны урд гар барилцаад Нандинцэцэг бирж рүү явсан байдаг юм. 2,500,000 төгрөг л авсан би өөр энэ хүнээс юу ч аваагүй гэж ярьж байна. Та нар сонссон байх. 18-нд нэг дэх өдөр энэ хүний хаан банкны данс руу зөрүү мөнгийг нь 5,000,000 төгрөгийг нь манай бэр эгч хийсэн байдаг юм байна лээ. Энэ хүн өнөөдөр ингэж дансны хаа хуулгыг нууж хааж чадаж байгаа юм чинь өнөөдөр өөр юу ч хийж болно. Удаа дараагийн шүүх хуралдаанаар миний нотлох баримттай танилцаж эсрэгээр нь хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа нь үнэн шүү дээ. 5 сая төгрөгөө авчхаад өнөөдөр аваагүй гээд сууж байна. Энэ хүнд ямар ямар хүн тусалсныг мэдэж байна. Би энэ хүмүүсийг бүгдэд нь дараа нь асуудал тавина...” гэв.

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.          

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Д.Н-г нь хариуцагч Б.М-с 20,690,895 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа 16,400,000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Б.Мягмарт буцаан шилжүүлсэн байхад дахин 16,400,000 төгрөгийг суутган авсан гэж маргах бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргана.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Н-г нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг Гавшгай 22-р байрны 35 тоот 28,95 м2 талбайтай 2 өрөө орон сууцаа хариуцагч Б.Мягмарын Сэлэнгэ аймгийг Сайхан сум 2-р баг Гавшгай 20-р байрны 16 тоот 37,78 м2 талбайтай 3 өрөө орон сууцаар сольж, хариуцагч Б.Мягмарт орон сууцны үнийн зөрүү 13,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдний хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заагдсан арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.  

 Мөн нэхэмжлэгч Д.Н-г нь орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах зорилгоор орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 16,400,000 төгрөгийг хариуцагч Б.Мягмараас 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр зээлж, тухайн өдрөө буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-12/

Улмаар 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Худалдаа хөгжлийн банк болон Д.Н-г нарын хооронд Орон сууцны зээлийн ЗГВСС201408138-1 тоот гэрээ байгуулагдаж, 33,600,000 төгрөгийг, нэг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатайгаар зээлж, 33,600,000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.На-г хариуцагч Б.М-н дансанд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй болно.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Н-, хариуцагч Б.М-р нарын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул Д.Нандинцэцэг нь хариуцагчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардлага гаргах эрхтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан.  

 

 Хариуцагчид нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардуулсан бөгөөд хариуцагч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариу тайлбар ирүүлжээ. /хх-35/

 

Хариуцагч хариу тайлбартаа “...Нандинцэцэг нь бэлэн мөнгө байгаагүй учир ХХБ-иас байрны зээл авахаар болж Хаан банкин дахь цалингийн зээлээ хаалгуулсан бөгөөд мөн байрны зээлийн урьдчилгаа мөнгө болох 16,400,000 төгрөгийг надаас хүүтэй зээлж байршуулсан. 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр урьдчилгаа төлбөр 16,400,000 төгрөг нь миний ХХБ-ны 456074941 тоот дансанд орж ирсэн бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 18:21 минутад Нандинцэцэгийн байрны зээл 33,600,000 төгрөг орж ирсэн. Ингээд маргааш нь амралтын өдөр байсан тул Хөтөл дахь ХХБанкны салбар ажиллахгүй таарч миний төрсөн ах Б.Отгонбаяр түүний эхнэр Будмаа мөн миний бие, Нандинцэцэг бид 4 таксигаар Дархан хот руу явж Шинэ Дарханд байрлах ХХБ-ны салбарт очин бэлэн мөнгө авч байрны урьдчилгаанд байршуулсан мөнгийг хүүтэй нь, цалингийн зээл хаасан мөнгийг хүүтэй нь, байр худалдсаны татварын мөнгө 20 хувийн тал мөнгийг, 22-35 тоот Нандинцэцэгийн байрны Ус сувгийн төлбөр, СӨХ-ийн төлбөр зэргийг суутган зээлийн үлдэгдэл мөнгийг бэлнээр өгч бид 2-ын дундах тооцоо дууссан болно...” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг...” зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.  

Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр урьдчилгаа төлбөр 16,400,000 төгрөг нь миний ХХБ-ны 456074941 тоот дансанд орж ирсэн. Маргааш нь орон сууцны урьдчилгаа 16,400,000  төгрөгийг хүүтэй нь  33,600,000 төгрөгөөс суутган авч, тооцоо нийлсэн талаар тайлбарыг тус тус  гаргажээ.

Хариуцагч урьд гаргасан тайлбараа өөрчлөн мэтгэлцэх эрхтэй боловч өөрчлөн гаргасан тайлбараа нотлоогүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгч Д.Нандинцэцэгийн цалингийн зээлийг хаах зорилгоор мөнгө зээлдүүлсэн гэх тайлбараа мөн тооцоо нийлээд хэдэн төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Ч.Будмааг оролцуулсан боловч тэрээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хэдэн төгрөг өгч авалцсан талаар тодорхой мэдүүлээгүй болно. /хх-49-50, шүүх хуралдааны тэмдэглэл/

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй гэж үзэж хариуцагчаас 16,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.  

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан.

Харин нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс 10,290,895 төгрөгийн орлого олсон гэдгийг нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дуу-дүрс бичлэг бүхий СD-ийг хуулийн дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй тул шүүх үнэлээгүй болно.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д 75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-с 16,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,290,895 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-с улсын тэмдэгтийн хураамжид 239,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА