Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 146/ШШ2021/00100

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, ********-ийн байранд байрлах ******** ХК-ийн /********/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, ******** багт оршин суух ********д /********/ холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 110 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч ********, түүний өмгөөлөгч Г.Гандөш, иргэдийн төлөөлөгч ********, нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

********ын олон тооны адуу олон удаагийн давтамжтайгаар тариалангийн /уринш/ талбайд орж их хэмжээний хохирол учруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө тус компанийн тариалангийн талбайд 38 тооны адууг оруулж уринш сүйтгэж байгаад тухайн өдрийн талбайн эргүүлд баригдаж 2 220 000 төгрөгийн акт тавиулсан. Тэгээд тохиролцсон ёсоор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1 110 000 төгрөгийг төлөх ёстой боловч дурдсан хугацаанд төлөөгүй учир 1 110 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэн ******** нь 2021 оны 01 дүгээр сараас эхлэн 3 сар хүртэл ******** уринш хийсэн 1 000 га хашсан талбайд энэ өвөл малаа онд оруулсан. Анх 2021 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө тариан талбайд хулгайгаар 35 толгой адуугаа оруулж шөнийн эргүүлд баригдсан. 1 адууг 40 000 төгрөгөөр бодоод нийт 1 400 000 төгрөгийн акт тавьсан. Өөрөө ирээд буруугаа ойлгоод гуйвал манай байгууллагын зүгээс төлбөрийг багасгах уян хатан асуудал байдаг. ******** нь тухайн үед Хархорин сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, багийн дарга нартай хамт ирсэн. Багийн дарга нь баталгаа гаргаж өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахиад адуугаа талбай руу оруулсан. Тухайн үед тайлбар авах гэсэн чинь би бичиг үсэг мэдэхгүй гэхээр нь би нэг хүнээр бичүүлээд уншиж өгөөд гарын үсэг зуруулсан үүнээс өөр арга байхгүй байсан. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ би бичиг үсэг мэдэхгүй учир надаар гарын үсэг зуруулсан гэсэн тайлбар өгсөн байсан. Би 2 200 000 төгрөгийн 50 хувиар акт тавьсан. Шүүхэд өгөөгүй баримтууд байгаа. ******** нь манай тариан талбайд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус 4 удаа адуугаа оруулсан. Нийт 3 190 000 төгрөгийн акт тавьснаас 1 110 000 төгрөгийг гаргуулахаар л шүүхэд хандсан. Нөгөө талаасаа энэ үйлдэл нь шөнийн цагаар хулгайгаар адуугаа оруулж байгаа нь газар тариалангийн хууль зөрчиж байгаа юм. Газар тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглосон байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж тус тус заасан байдаг. Энэ заалтын ******** нь зөрчиж өвөлжингөө хашаанд малаа оруулсан. Эхнэрт нь удаа дараа хэлэхэд бид хоёр салсан гэдэг хариу өгдөг. Манай компани 3 400 га талбайтай үүнээс уринш хийсэн 2 000 га талбай, мод, жимс тарьсан 600 га талбай байгаа. Иймл ********-ийн хохиролыг барагдуулан хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******** нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хархорины доод тал нутгаар нутагладаггүй. Зүүн тийшээ нэг азарга адуугаа алдчихаад нөгөө адуугаа отрын нутаг руугаа гүйлгэсэн нь үнэн. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл адуугаа тариан талбайд оруулсан гэж энэ хүн худлаа ярьж байна. Манай мал эзэнгүй явж байгаад орсон нь үнэн. Ургасан тариа, хашааг сүйтгээгүй учир би торгууль шийтгэл өгөхгүй гэж бодож байна. ******** нь тариалангийн талбайдаа мөнгөөр мал оруулдаг. Нэг бодыг 40 000 төгрөгөөр, нэг богийг 5 000 төгрөгөөр оруулдаг. Энэ бол Хархорин компаниас тогтоосон үнэ юм. Би эдний талбайд мөнгөөр мал оруулж байгаагүй. Би тариалангийн талбайтай ойр хавьд нутагладаггүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр 42 тооны адуугаа алдсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын эхээр олж авсан. Энэ цаг хугацаанд байнга малын эрэлд явж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ********-ийн манаач ******** гэдэг хүн манай хашаанд адуу байна гэж хэлсэн. Тэгээд очоод үзсэн манай адуу мөн байсан ба эднийх хашчихсан байсан. ********-ийн хүмүүс дээр очиж гуйсан би отор нүүдэлд явж байгаад адуугаа эргүүлээд алдчихлаа гэсэн чинь ******** гэдэг хүн чи отор нүүдэлд яваагүй, манай тариан талбай руу байнга адуугаа оруулж байгаа гэж хэлсэн. Тухайн үед адуугаа хашаанаас орой гаргаж тууж явж байгаад адуугаа алдчихлаа гэж ******** гэдэг хүнд хэлсэн чинь одоо яана хаагуур хамаагүй тайлбай руу орчиж магадгүй гэж хэлсэн. Манай адууг машин техникээр хөөж тууснаас болж манай адуунд хохирол учирсан. Гүү хээл хаясан, үхэж үрэгдсэн учир би нэхээд байгаа хохирол төлөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч Г.Гандөш миний бие хариуцагч ********тай хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан түүний өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн материалтай бүрэн танилцсан. Нэхэмжлэгчээс гэрээний бус харилцаанаас үүсэлтэй гэм хорын хохирол нэхэмжилж байгаа болов уу гэж үзэж байна. Тайлбарын явцад эргэлзээтэй зүйлүүд байна. Адуу хашиж идүүлсний төлбөр юм уу эсхүл тухайн газар учруулсан хохирлыг нэхээд байгаа юм уу энэ талаар тайлбар дээрээ тодорхой ярьсангүй. Мөн энэ талаараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Гэм хор гэдэг нь хохирол хор уршиг гэсэн ойлголтуудын хүрээнд байдаг. Хохирол гэдэг бол хэмжиж болохуйц тооцоо, дүгнэлт гарах, мөнгөн дүнгээр илэрхийлж болохуйц зүйлийг хэлдэг. Гэтэл ийм баримтыг хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж өгөөгүй. Хариуцагч бичиг үсэггүй. ********-д тайлбар өгсөн. Хэн дуртай нь дуудаж гарын үсэг зуруулж авч үлдчихээд шүүхэд нэхэмжлэл гаргадаг хууль байхгүй аль аль талаа нотлох нь зүйтэй юм. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Нотлох баримтгүй, шүүхийн шийдвэр үндэслэл болгож бичих зүйл байхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд нь тухайн талбайд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргаагүй. Хариуцагчийн адуу мал оруулдаг талбайд орсон юм уу эсхүл уринш хийсэн талбайд орсон юм уу энэ талаар нотолсон баримт байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********д холбогдуулан гэм хорын хохиролд 1 110 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжсэн ба шаардлагын үндэслэлээ хариуцагч ********ын адуу манай байгууллагын уринш хийсэн талбайд нийт 4 удаа орж талбай сүйтгэгдсэний улмаас 2 220 000 төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ үүний тал болох 1 110 000 төгрөгийг хариуцагч ********аас гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй манай адуу ********-ийн талбайд нийт 4 удаа орсон нь үнэн боловч манай адууг хоол ундгүй хашиж, техникээр хөөсний улмаас 2 гүү үхэж, 2 гүү хээл хаясан тул тухайн мөнгийг төлөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

 

Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 4 удаа хариуцагч ********ын адуунууд нэхэмжлэгч ********-ийн уринш хийсэн тариалангийн талбайд орсон болох нь тогтоогдсон ба зохигч үүнд маргаагүй.

Нэхэмжлэгч ******** нь уринш хийгдээгүй тариалангийн талбайдаа өөрийн зөвшөөрлийн дагуу малчдын малыг тодорхой ханш тогтоон, өөрөөр хэлбэл бог малын 1 тоо толгойг нэг өдрийн 5 000 төгрөгөөр, бод малын 1 тоо толгойг 60 000 төгрөгөөр тус тус тооцож оруулдаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч ********ын нийт 38 тооны адуу 4 удаагийн давтамжтайгаар ********-ийн уринш хийсэн тариалангийн талбайд орсноос нэг удаагийн тохиолдол болох 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр талбайд орсон адууны 1 тоо толгойг 40 000 төгрөгөөр тооцож 2 220 000 төгрөгийн хохирол учирсны тал болох 1 110 000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилж байгаа гэж тайлбарласан ба энэ тайлбар нь хэрэгт авагдсан хариуцагч ********ын ********-ийн захиргаанд гаргасан хүсэлт баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх хүсэлт баримт нь хуулийн шаардлага хангахгүй, бичиг үсэг мэдэхгүй хүнээр гарын үсэг зуруулсан гэж хариуцагч талаас маргасан боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй, ийм хэмжээний хохирол учруулж мөнгийг төлнө гэж байсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Түүнчлэн хариуцагч нь төлбөрийн акт тогтоох эрх бүхий байгууллага биш гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлан маргаж байгаа хэдий ч талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн төлбөр төлөхөөр болж гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн нотлох баримтыг шүүх үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар, хариуцагч ********ын шүүх хуралдаанд гаргасан хэсэг адуугаа алдаад хайж явах хооронд хариулгагүй байсан адуунууд маань нэхэмжлэгчийн тариалангийн талбай руу орсон байсан нь үнэн гэх мэдүүлэг зэргээр хариуцагч ******** нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглоно, мөн хуулийн 24.2-т тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно. гэж заасныг тус тус зөрчиж ********-ийн уринш хийсэн тариалангийн талбайд адуугаа оруулсны улмаас нэхэмжлэгчийн талбайд гэм хор учирсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******** нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлын шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч ******** нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлсэн өөрөөр хэлбэл ********-ийн тариалангийн талбай хашаатай байдаг талаар талууд маргаагүй.

Хариуцагч ******** нь нэхэмжлэгч ********-ийн буруутай үйл ажиллагааны улмаас 2 гүү үхэж, 2 гүү хээл хаясан гэж тайлбарлан маргаж хэрэгт өөрийн үхсэн адууны гэх 2 ширхэг фото зургийг гаргаж өгсөн боловч энэ нь яг хариуцагчийн үхсэн адуу гэдэг нь тодорхойгүй бөгөөд дээрх баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангаж шүүх хариуцагч ********аас гэм хорын хохирол 1 110 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэв.

 

Тус шүүхийн Тамгын газраас иргэдийн төлөөлөгчөөр ******** сонгогдон оролцож, нэхэмжлэлийн шаардлагын гаргуулах нь үндэслэлгүй байгаа талаар дүгнэлтийг гаргалаа.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас 31 190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар ********аас гэм хорын хохиролд 1 110 000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас 31 190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА

ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

Г.ЭНХ-АМГАЛАН