Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 143/ШШ2021/00122

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Т

Гуравдагч этгээд: Х.Д

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 онд Сумаа овогтой Эрдэнэбатаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-дугаар баг 14-р байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингээд өөрийн төрсөн ах болох Х.Дэлгэрбаярт хадгалуулахаар шилжүүлэн өгч өнөөдрийг хүртэл миний бие Хан-Уул зочид буудлын агуулах хийж ашиглаж байгаа юм. Х.Дэлгэрбаяраас тухайн газрыг эргүүлэн шилжүүлэх талаар шаардсан боловч шилжүүлэлгүй одоог хүрч байна. Ах Х.Дэлгэрбаярт хадгалуулсан газрыг хууль бус эзэмшлээс гаргаж миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2009 онд зочид буудал барих зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт 200 м.кв А.Жаргалсайханы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр худалдан авч Хан-Уул говь дисковери ХХК-ийн нэр дээр зочид буудал барин одоог хүртэл өмчилж байна. Тухайн үед газар худалдан аваад өөрийн төрсөн ах болох Х.Дэлгэрбаярт хадаглуулхаар эзэмшилд нь шилжүүлэн өгсөн. Х.Дэлгэрбаяраас тухайн газрыг 2015 онд эргүүлэн шилжүүлж авсан боловч Хан-Уул зочид буудал байрлах тухайн 200 м.кв газрын эзэмшигч нь хэн болох талаар маргаан үүсээд байна. 2009 онд А.Жаргалсайханаас худалдан авсан 200 м.кв газар буюу Хан-Уул зочид буудал байрлах тухайн 200 м.кв газрыг Х.Түмэнбаяр миний эзэмшлийн газар болохыг тодорхойлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр урьд гаргасан нэхэмжлэлдээ 2009 онд Сумаа овогтой Эрдэнэбатаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-дугаар баг 14-р байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингээд өөрийн төрсөн ах болох Х.Дэлгэрбаярт түр шилжүүлсэн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, миний өмчлөлд шилжүүлж өгнө үү. Мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт 200 м.кв А.Жаргалсайханы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр худалдан авч Х.Дэлгэрбаярт түр шилжүүлсэн байсан. Х.Дэлгэрбаяраас тухайн газрыг 2015 онд буцаан авсан боловч маргаан үүссэн тул тухайн газрыг Х.Түмэнбаяр миний эзэмшлийн газар болохыг тодорхойлж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал тус тус зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Х.Түмэнбаяр нь 2009 онд Сумаа овогтой Эрдэнэбатаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт 200 м.кв А.Жаргалсайханы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож өгнө үү. Энэхүү эрх зүйн ач холбогдол бүхий эдийн баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болсон үйл явдал тогтоогдсоноор тухайн газрын эзэмшигчээр тогтоогдвол зохих этгээд тодорхой болох чухал ач холбогдолтой юм. Энэ талаар газрын анхны эзэмшигчид шүүхэд тодорхойлолт болон бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн гэжээ.

Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх энэ газрыг ямар үндэслэлээр хэзээ, хэнээс яах гэж худалдаж авч байсан бэ гэдгээ би хүсэлтдээ тодорхой дурдсан. Одоо шаардлага хэвээрээ байгаа. Нэг нь газар нь буудал барихаар, нөгөө газрыг нь буудлын склад хийхээр энэ газруудыг тодорхой үнэ өртөгтэйгөөр, тодорхой хугацаанд би тэр хүмүүсээс худалдаж авч байсан. Тиймээс энэ эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ ач холбогдолтой үйл явдлыг тогтоосноор ямар нэгэн үр дагавар үүсэхгүй байгаа. Ач холбогдолтой үйл явдлыг тогтоосноор өмчлөгч хэн нэгэн нь болдог ч юм уу, эсвэл бүртгэл дээр өөрчлөлт оруулах асуудал огт яригдахгүй. Тиймээс энэ нь тухайн цаг үед хэзээ, хаана, хэнээс ямар газрыг хэдэн төгрөг өгч байж өмчлөлийг нь өөрчилсөн бэ гэдгийг л тогтоох энэ үйл явдал бол ямар нэгэн өмчлөлийн, бүртгэлийн маргаан биш ээ. Тийм үр дагавар үүсэхгүй байдлаар илэрч байгаа. Харин дараа нь үр дагавар үүсэх эсэх асуудал нь талууд өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргадаг ч юм уу, бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлага гаргасан тохиолдолд тухайн асуудлаасаа шалтгаалаад нөхцөл байдал өөрчлөгдөх байх. Ач холбогдолтой үйл явдлыг тогтоолгох асуудал бол шууд өөрөө өмчлөл өөрчлөх, бүртгэл өөрчлөх ийм үр дагаваргүй учраас энэ бол зайлшгүй тогтоолгох буюу шүүхээр тогтоолгохоос өөр аргагүй ийм үр дагавар ач холбогдолтой ажиллагаа байхаар байна. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлээд хүсэлтийг өөрчилсөн. Үүнийхээ зорилгыг ч гэсэн зааж өгсөн. Үнэхээр энэ ач холбогдолтой үйл явдлыг тогтоолгохгүй бол хэн нэгэн этгээд хууль бусаар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих ийм нөхцөл байдал үүсч болзошгүй нөхцөл байдалтай байгаа учраас эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох нь зайлшгүй байна. Ийм нөхцөл байдал үүсээгүй байсан бол бид нар энэ асуудлыг тогтоолгох шаардлага байхгүй. Яагаад өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаар хөндөхгүй байгаа вэ гэхээр зарим газрууд нь угаасаа Х.Түмэнбаярын өөрийнх нь нэр дээр байгаа. Тэр нөхцөл байдлуудад гуравдагч этгээдийн зүгээс өөр захиргааны хэрэг дээр байгаа маргааныг яриад байгаа шүү. Захиргаан дээр өмчлөл хэн яаж авсан асуудал биш бүртгэлтэй холбоотой асуудал маргаан явж байгаа. Энэ асуудлыг энэ хэрэг дээр хөндөж ярихгүй байгаа. Тиймээс гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Гуравдагч этгээдийн талаас тодорхой ач холбогдолтой тайлбар хийх юм бол хариу тайлбарлаад явахад бэлэн байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэглсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэгчээс гаргаад байгаа хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагыг хангаад шийдвэрлэх юм бол эрүү, иргэн, захиргаа гэсэн гурван процессын хэргийн ажиллагаанд урьд өмнө шүүхээр хүчин төгөлдөр шийдвэрлэгдсэн, шүүхийн шийдвэрт тусгагдсан дүгнэлтийн талаар шүүх дахин дүгнэлт гаргахгүй гэсэн ийм зохицуулалт аль алинд нь байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс энэ зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх дээр яригдаж байгаа, хянагдаж байгаа асуудлыг тодорхойлох боломжгүй болоод нөгөө талаас нь маргаад ирэхээрээ өөрсдөө өөдөөс маргах боломжгүй нэг талын хүсэл зоригоор давамгайлдаг эрх зүйн ач холбогдол бүхий явдал гэсэн иргэний хэргийг оруулж ирээд хүсэлт, нэхэмжлэлээ гаргаад шийдвэрлүүлээд шийдвэрээ хүчин төгөлдөр болгож аваад захиргааны хэргийн шүүхэд өгөх ийм л агуулгатай байна. Нэхэмжлэгч талаас хоёр өөр тайлбарыг хэлээд байдаг. Энэ тогтоолгох гээд байгаа нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж хэлнэ гээд тодорхой заагаад өгчихсөн. Нэхэмжлэгч талаас ямар нэгэн эрх зүйн үр дагавар гарахгүй юм аа гэсэн байдлаар тайлбарладаг. Гэтэл сая А.Зүмбэрэл өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүйгээр хэн нэгэн хөрөнгөжих гээд байгаа эрх зүйн үр дагавар үүсэх гээд байгаа гэсэн байдлаар тайлбарлаад байна. Нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтээ эрх зүйн үр дагавар үүсэх гээд байгаа юм уу, үүсэхгүй юм уу, үүсэх гээд байгаа бол ямар эрх зүйн үр дагавар, ямар эрх нь зөрчигдөөд байгаа, ямар эрхээ хамгаалуулах гээд энэ шаардлага, хүсэлтийг гаргаад байна вэ гэдэг талаар тайлбарлаж хэлэхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Энэ нэхэмжлэл, хүсэлтэд дурдагдаад байгаа хоёр газар хэн аль алиных нь өмчлөл, эзэмшил дээр байгаа талаар нотлох баримтаа ч гаргаж өгөхгүй байна. Тиймээс энэ нэхэмжлэл, хүсэлтийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан Х.Түмэнбаярын нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.Эрдэнэбатын тодорхойлолт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрч Ж.Энхчимэгийн мэдүүлэг 2 хуудас, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 5514169 регистрийн дугаартай улсын бүртгэлий гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай Хан-Уул говь дисковери ХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар 5 хуудас, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын хариу тайлбар, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШЗ20208/0123 дугаартай Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батмандахын шүүхэд гаргасан гомдол, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батмандахын шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батмандахын шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эмнэлэгийн магадлагаа, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батмандахын шүүхэд гаргасан гомдол, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэл зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр нь Х.Дэлгэрбаярт холбогдуулан эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр нь хариуцагч Х.Дэлгэрбаярт холбогдуулан газрын өмчлөгч эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2009 онд Сумаа овогтой Эрдэнэбатаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30.000.000 төгрөгөөр, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт 200 м.кв А.Жаргалсайханы эзэмшлийн газрыг 100.000. 000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тогтоолгохыг хүсчээ.

Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул говь дисковери ХХК-г хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан ба дээрх хүсэлтээсээ мөн сонгосон хариуцагч Х.Дэлгэрбаярыг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотой хариуцагчаар оролцуулах шаардлагагүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгч Х.Түмэнбаяр нь 2009 онд Сумаа овогтой Эрдэнэбатаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30.000.000 төгрөгөөр, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт 200 м.кв А.Жаргалсайханы эзэмшлийн газрыг 100.000. 000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан болох нь Хан-Уул говь дисковери ХХК-н төлөөлөгч Х.Алтанцэцэгийн тайлбар /хх-174/, С.Эрдэнбатын тодорхойлолт /хх-4/, Ж.Энхчимэгийн мэдүүлэг /хх-14/ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-13/ нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрч Х.Цэцэгмаа /хх-163-164/, Х.Ургамалцэцэг /хх-167-168/, Х.Отгонбаяр /хх-169-170/ нарын мэдүүлэг нь Үндсэн хуульд заасан садан төрлийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэхэмжлэгч Х.Түмэнбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Дэлгэрбаяраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Түмэнбаярт олгох нь зүйтэй.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Түмэнбаяр нь 2009 онд Сумаа овогтой Эрдэнэбатаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30.000.000 төгрөгөөр, 2009 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах 200 м.кв А.Жаргалсайханы эзэмшлийн газрыг 100.000.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Түмэнбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР