Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч А.Лхагваа,

хохирогч М.*******,

шүүгдэгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Баян-Өлгий аймгийн *******анд төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овгийн *******гийн /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г. нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.*******гийн биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн талын хоёр хавирганы хугарал, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г. нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.*******гийн биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн талын хоёр хавирганы хугарал, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...12 дугаар сарын 21-нд манай зуны байшингийн зууханд ус алдаад тэгээд тэрийг гагнуулахаар очоод тэгээд гагнуулчхаад найзтайгаа Шилийн богд явах талаар яриад эхнэрт хэлсэн. Тэгээд тэрнээс болж хэрэлдсэн. Тэгээд г хойшоо ингэж түлхээд түлээний юун дээр унасан тэгээд цохисон. Би нэлээн согтчихсон байсан. Тэгээд тэндээсээ гараад байрандаа очоод 2 хүүхдийн хаалга цоожилчхоод унтаад өгсөн. Бараг 3-4 цаг тэгээд хэрүүл хийхгүй гээд эгч манай хадам эгч нөхөртэйгөө цуг тай гурвуулаа орж ирсэн. Тэгээд хэрэлдээд байхаар нь тэнд бас муудалцаад тэр хүргэнтэй муудалцаад тэр хоёрыг гэрээс түлхэж гаргаад хаалгаа хаачихсан. Тэгээд ер нь хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тэгээд орой цагдаа ирээд шууд эрүүлжүүлэхэд очиж хоносон” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  07-15 дахь тал/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16-22 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан яллагдагч Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал болгож, шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүхээс торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан,   битүүмжлэгдсэн  зүйлгүй,  бусдад  төлөх  төлбөргүй  болохыг  тус  тус

дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  Г.ыг 3.000 /гурван мянга/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4..Шүүгдэгч Г.д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   7.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                     

                                     

                                    ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД