| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0075/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганзориг,
хохирогч Ц.*******,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригоос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407 00000 0093 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******г ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, энхэр, 2 хүүхдийн хамт, *******,*******а тоотод оршин суух,
урьд:Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00 цагийн үед *******,*******а тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.*******ийн баруун бугалгад нь сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00 цагийн үед *******,*******а тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.*******ийн баруун бугалгад нь сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Г.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Тэр өдөр тасарсан байсан болохоор сайн санахгүй байна. Прокурорын санал болгосон 800.000 төгрөгөөр торгох шийтгэлийг зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч Ц.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Бид хоёр уг нь 17 жил амьдарсан юм. Тэгээд архи согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс болоод ахиж архи уухгүй гэсэн, надад ямар ч гомдол санал ийм тийм юм байхгүй. Архиндаа л байх шиг санагдсан” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 03-06, 53-57/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дахь тал/, “Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоол /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Ц.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Г.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгчид ойлгон хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД