Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 122

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч З.Энхжаргал, шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Гэндэнсүрэн овогт Наранбатын Мөнх-Эрдэнэд холбогдох 201725030128 дугаартай, 186/2017/0142/э индекстэй  хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцээд

            Биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам суудлын вагон депод вагон захирагч ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 3-45 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Гэндэнсүрэн овогт Наранбатын Мөнх-Эрдэнэ /РД: УП92032892/,

Холбогдсон хэргийн талаар:                                                                                             

Н.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон такт” ресторанд болсон шинэ жилийн арга хэмжээний үеэр согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч О.Батбаатарт хүч хэрэглэж зодож, түүний биед эрүү ясны далд хугарал, ооч, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би мөрдөн байцаалт, прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж  байна гэв. 

Хоёр:Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Батбаатарын:..2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлын газрын буюу Улаанбаатар төмөр замын Зэхэлт бэлтгэлийн конторын шинэ жил болсон юм. Манай байгууллага шинэ жилийн арга хэмжээгээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 8 шарга захын хажууд байрлах “Ногоон тагт” ресторанд тэмдэглэж өнгөрүүлсэн. Би шинэ жилийн арга хэмжээнд оролцоод тарсан, ингээд намайг гарахад манай ажлын газрын нүүрсээр зэхэгч ажилтай Мөнх-Эрдэнэ нь агсам согтуу тавиад байхаар нь би Мөнх-Эрдэнийн ахын найз Төрсайхан бид хоёр түүнийг тайвшруулах гэсэн боловч үгэнд орохгүй агсам тавиад байсан. Төрсайхан бид хоёр түүнийг агсам тавиад байхыг болиулах гэж дарж аваад байсан юм. Тэгээд хэсэг зуур газар Мөнх-Эрдэнийг дарж байгаад болиод босцгоосон юм,  босож ирээд үүдний шатны хажууд зогсож байхад Мөнх-Эрдэнэ хүрч ирээд агсам тавиад байхаар нь "одоо зүгээр бай" гээд тайвшруулах гээд зогсож байхад Мөнх-Эрдэнэ шууд миний эрүүний зүүн талруу гараараа 1 удаа цохиод авсан. Би цохиулаад эрүүгээ дараад хэсэг манарсан. Энэ үед манай ажлын газрынхан Мөнх-Эрдэнийг салгаж авсан. Тэгээд түүнээс хойш Мөнх-Эрдэнэ үргэлжлүүлээд агсам тавиад байсан, ойролцоогоор бараг 10 гаруй минут агсам тавьсан байх. Нэг мэдсэн чинь хаанаас ч юм ус гоожоод тэр усан дээр нь          Мөнх-Эрдэнэ бид хоёр зууралдаад хэвтсэн байсан тэгээд салцгаасан. Энэ үйл явдал удаан болсон. Сүүлдээ манай ажлын газрынхан Мөнх-Эрдэнэ бид хоёрыг салгаад гарцгаасан. Надад юунаас болж яагаад агсам тавиад байсныг мэдэхгүй байна...бид хоёрын дунд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй Мөнх-Эрдэнэ надад 1.500.0000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн байгаа. Харин би 1 400.000 орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Одоо надад Мөнх-Эрдэнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол хүсэлт байхгүй гэх мэдүүлэг  /хх 10-11/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Эрдэнэбаатарын:...тэр өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ орой  19 цагийн үед эхлээд орой 23 цагийн үед дууссан. Тэр өдөр манай зэхэлт бэлтгэлийн конторын ажилтан болон Мөнх-Эрдэнэ нь арга хэмжээний үеэр болсон сугалаа сугалаад супер шагналыг нь хожсон. Супер шагналд нь тоос сорогч өгсөн. Тэгсэн чинь л Мөнх-Эрдэнэ жаахан хөөрөөд архи уусан, бусад албадын ширээн дээр очиход нөгөөдүүл нь баяр хүргэж архи өгөөд, өгснийг Мөнх-Эрдэнэ уусаар байгаад нилээн муудсан байх...тэгээд нэг мэдсэн чинь л агсам тавиад эхэлсэн, хэнд юу гэж агсам тавиад байгаа нь мэдэгдэхгүй, одоо болтол яг юунаас болж тэгэж агсам тавьж маргалдаж эхэлсэн гэдгийг манай ажлынхан ойлгохгүй байгаа, Мөнх-Эрдэнийг аваад лифтээр буугаад ирэхэд манай ажилтан болох Батбаатар түрүүлээд буугаад ирчихсэн үүдэнд зогсож байсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан юм мэдэхгүй, хоёулаа согтуу нэгэнтэйгээ зууралдаад ноцолдоод байсан, тэгэж байгаад Мөнх-Эрдэнэ дээгүүрх хувцсаа тайлаад цээж нүцгэн болсон байсан. Би цамцыг нь өмсүүлэх санаатай хажууд нь бариад зогсож байсан. Харин Батбаатар бас хажууд нь зогсчихсон "одоо боль миний дүү" гээд шаардлага тавиад зогсож байхад Мөнх-Эрдэнэ гэнэт нэг удаа гараараа Батбаатарын эрүү хэсэг рүү цохьсон. Тэгсэн чинь Батбаатар эрүүгээ дараад тонгойгоод суусан. Харин Мөнх-Эрдэнийг манай ажлын газрынхан салгаад холдуулсан. Тэрнээс хойш тэр хоёрын дунд дахин зодоон гараагүй гэх мэдүүлэг. /хх-13/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Батболдын:..тарах үед манай ажлын газрын зарим нэг хүмүүс согтсон байхаар нь гэр гэрт нь хүргэж эхэлсэн. Би Шаравжамц гээд нягтлангаа хүргэж өгчихөөд буцаад ирэх үед Мөнх-Эрдэнэ гээд манай конторын нүүрс зэхэгч ажилтай залуу согтчихсон агсам тавьсан шинжтэй байсан. Тэгэхээр нь тэд нарыг лифтэнд суулгаад гарах үед Мөнх-Эрдэнэ агсам тавиад л хүмүүсийн үгэнд орохгүй, дээгүүрх хувцсаа тайлаад байсан, тэнд байсан хүмүүс шаардлага тавиад болиулах гэсэн боловч үгэнд орохгүй, бараг тасарчихсан, хийж байгаа үйлдлээ мэдэхгүй байсан. Манай ажлын Батбаатар ах Мөнх-Эрдэнийг агсам тавиад байхаар нь шаардлага тавьсан шинжтэй хажууд нь зогсож байхад Мөнх-Эрдэнэ Батбаатарын зүүн талын хацар хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгсэн чинь Батбаатар эрүүгээ дараад тонгойсон харин Мөнх-Эрдэнэ арагшаа хөдлөхөөр нь би очоод түүнийг дарж байгаад одоо боль гэх мэт шаардлага тавиад хэдэн үг хэлсэн гэх мэдүүлэг. /хх 14-15/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Ариунболдын:…шинэ жилийн арга хэмжээ тараад гарах үед манай хамт ажилладаг Мөнх-Эрдэнэ нилээн согтоод агсам тавиад байсан. Би ч гэсэн тэр үед архи их уусан байсан болохоор бас ухаан санаа орж гараад байсан. Нэг харсан чинь 1 давхарт үүдний хэсэгт байсан. Би Мөнх-Эрдэнэ Батбаатар ахыг тэгэж цохиж гэмтээсэн гэдгийг маргааш өглөө нь хүмүүсээс мэдсэн. Сураг сонсоход би тэр үед хажууд нь байсан гэсэн, тэгсэн мөртлөө би тэгэж цохиж гэмтээсэн талаар огт мэдэхгүй байна гэх  мэдүүлэг. /хх 16-17/,

2.5.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 810 тоот актын:

1. О.Батбаатарын биед эрүү ясны далд хугарал, ооч эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1–т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн  дүгнэлт. /хх-27/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7/, хохирогчийн мэдүүлэг /хх-10/, Ө.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-13/, гэрч Г.Батболд мэдүүлэг /хх-15/, гэрч Т.Ариунболдын мэдүүлэг /хх-16/, Д.Төрсайханы мэдүүлэг /хх-22/, шинжээчийн дүгнэлт /хх-27/, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын үнэмлэх /хх-45/, хүүхдийн гэрчилгээний хуулбар /хх-46/, шинээр гаргаж өгсөн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлуулсан  болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Н.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон такт” ресторанд болсон шинэ жилийн арга хэмжээний үеэр согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч О.Батбаатарт хүч хэрэглэж зодож, түүний биед эрүү ясны далд хугарал, ооч, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч О.Батбаатарын... тэгээд хэсэг зуур газар Мөнх-Эрдэнийг дарж байгаад болиод босцгоосон юм,  босож ирээд үүдний шатны хажууд зогсож байхад Мөнх-Эрдэнэ хүрч ирээд агсам тавиад байхаар нь "одоо зүгээр бай" гээд тайвшруулах гээд зогсож байхад Мөнх-Эрдэнэ шууд миний эрүүний зүүн талруу гараараа 1 удаа цохиод авсан. Би цохиулаад эрүүгээ дараад хэсэг манарсан. Энэ үед манай ажлын газрынхан Мөнх-Эрдэнийг салгаж авсан. гэх мэдүүлэг, гэрч Ө.Эрдэнэбаатарын:... Мөнх-Эрдэнийг аваад лифтээр буугаад ирэхэд манай ажилтан болох Батбаатар түрүүлээд буугаад ирчихсэн үүдэнд зогсож байсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан юм мэдэхгүй, хоёулаа согтуу нэгэнтэйгээ зууралдаад ноцолдоод байсан, тэгэж байгаад Мөнх-Эрдэнэ дээгүүрх хувцсаа тайлаад цээж нүцгэн болсон байсан. Би цамцыг нь өмсүүлэх санаатай хажууд нь бариад зогсож байсан. Харин Батбаатар бас хажууд нь зогсчихсон "одоо боль миний дүү" гээд шаардлага тавиад зогсож байхад Мөнх-Эрдэнэ гэнэт нэг удаа гараараа Батбаатарын эрүү хэсэг рүү цохьсон. Тэгсэн чинь Батбаатар эрүүгээ дараад тонгойгоод суусан гэх мэдүүлэг, гэрч Г.Батболдын:...манай ажлын Батбаатар ах Мөнх-Эрдэнийг агсам тавиад байхаар нь шаардлага тавьсан шинжтэй хажууд нь зогсож байхад Мөнх-Эрдэнэ Батбаатарын зүүн талын хацар хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгсэн чинь Батбаатар эрүүгээ дараад тонгойсон харин Мөнх-Эрдэнэ арагшаа хөдлөхөөр нь би очоод түүнийг дарж байгаад одоо боль гэх мэт шаардлага тавиад хэдэн үг хэлсэн гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 810 тоот дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн,  нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Хохирогч О.Батбаатар нь  мөрдөн байцаалт болон 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “О.Батбаатар би хохирол төлбөрөө  бүрэн барагдуулж авсан учир Н.Мөнх-Эрдэнэд цаашид ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд  шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг бусдад учруулсан хохирлыг төлж  барагдуулсан, гэм хорыг арилгасан гэж  дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна тэдгээрийн хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэж шийдвэрлэв.

Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэг  хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Гэндэнсүрэн овогт Наранбатын Мөнх-Эрдэнийг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн,  нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг  3 /гурван/  жил, 1 /нэг/ сарын  хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар сарын 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих  ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан  харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  камерийн  бичлэг бүхий  1 /нэг/ ширхэг CD-ийг  уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь  үлдээсүгэй.

     7. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,  өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТЖАРГАЛ