| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2021/00121/И |
| Дугаар | 156/шш2021/00133 |
| Огноо | 2021-03-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 156/шш2021/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00121/И
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын******* баг... тоот хаягт оршин суух,******* овогт О. З. /РД:С/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ..... тоот хаягт оршин суух,******* овогт А. Э. /РД:.-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч О.З.,
хариуцагч А.Э.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.З. нь А.Э.тай 2011 оны 09 дүгээр сард танилцаж, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Үүнээс хойш таарч тохирохгүй улмаас салсан 8 жил тус тусдаа амьдарч байгаа бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Ч. нь 2006 онд төрсөн бөгөөд А.Э.ын хүүхэд биш хэдий ч би Э.тай гэрлэлтээ батлуулснаас хойш түүний нэрээр овоглосон юм. Иймд хүү Э.Ч.г эх О.З. миний асрамжид үлдээж өгнө үү. А.Э.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хүү маань Э.ын танихгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэв.
Хариуцагч А.Э. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ эхийнх нь асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байна... гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.З. нь хариуцагч А.Э.ад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Ч.г өөрийнхөө асрамж үлдээх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана гэж захиргааны журмаар гэрлэлт цуцлуулахыг зохицуулсан бөгөөд гэрлэгчид дундаасаа хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй хэдий ч хүү Ч. нь Э.аар овоглодог тул мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ гэж заасны дагуу хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүх нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Октябрын З., А. Э. нар нь 2011 оны 09 дүгээр сард танилцан улмаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тэднийг танилцаж гэрлэлт бүргүүлэхээс өмнө буюу 2006 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Ч. төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохиогчид Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хууль ёсны эхнэр, нөхөр хэдий ч тэдний гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь тэд хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдраад 7 жил болсон, одоо гэр бүлийн харилцаагүй, хамт амьдарч байгаагүй, нэхэмжлэгч О.З. нь одоо өөр хүнтэй сууж гэр бүлтэй болсон зэргээс үүдэлтэй байна.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00036 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчдын хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, цаашид эвлэрэх боломжгүйгээ илэрхийлэн эвлэрүүлэх арга хэмжээ дуусгавар болсон байна.
Нөгөөтэйгүүр шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч О.З. нь тусдаа гэр бүлтэй болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн бөгөөд хүү Э.Ч.г эхийнх нь асрамжид үлдээхийг хариуцагч А.Э. хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан хэдий ч нэхэмжлэгч О.З. нь ..миний хүү Ч. нь Э.ын төрсөн хүүхэд биш, би хүүхдээ өөрийн хүсэлтээр Э.ын нэрээр овоглосон,
Э.ыг сайн танихгүй тул хүүхдийн санал асуулгүй шийдвэрлэж өгнө үү гэсний харгалзан шүүх хүүхдийн саналыг асуухгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Зохигч нь хүүхдийн тэтгэлэг, асрамж болон дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд 3 ам бүлтэйгээр хамрагдаж 359,91 оноо буюу харьцангуй бага хэрэглээтэй түвшинд багтсан, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан тул шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 00412 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан******* овогт О. З., Боржигин овогт А. Э. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Ч.г эх О.З.гийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг, асрамж болон дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай 21 дүгээр зүйлийн 21.3, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Д.д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА