| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2021/00134/И |
| Дугаар | 156/шш2021/00192 |
| Огноо | 2021-04-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 156/шш2021/00192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С*******, ................ тоот М.Айн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг, ... тоот Х-Э-д холбогдох
2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг гаргуулах, Хүлээж авсан хугацаанаас хойш ашигласан элэгдэл хорогдлыг зардал 625.000 төгрөг, гэрээ цуцалсантай холбогдуулан Хэнтий аймгаас Улаанбаатар хотруу тоног төхөөрөмж тээвэрлэж авчрах зардал 1.000.000 төгрөг, гэрээний маргаантай холбогдуулан өмгөөлөгч авч ажиллуулсан зардал 600.000 төгрөг, Хэнтий аймагт шүүх хуралдаанд ирж буцах зардал 192.000 төгрөг, олох ёстой байсан орлого 1.442.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 382.245 төгрөг нийт 4.241.245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: М.Айн захирал Э.Ч.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Д./
Харицагч: Хушинйн захирал К.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А, гүйцэтгэх захирал Э.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Х-Э-тай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах №01 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу манай компаниас Арболит модон блок үйлдвэрлэх бага оврын тоног төхөөрөмж түүний бүрдэл болох 80 ширхэг блокны хэв, дагалдах эд зүйлсийг хариуцагч Х-Э-д нийлүүлсэн ба 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор урьдчилгаа төлбөр 60% буюу 24,000,000 төгрөгийг төлж, барааг хүлээн авсны дараа 2021 оны 02 дугаар сарын дотор үлдэгдэл 16,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэрээнд заасны дагуу манайхаас хариуцагч талд бутлагч төхөөрөмж, хэвлэгч машин, 0,14м куб зуурагч төхөөрөмж, зуурмагийг хэвлэгч рүү өргөх механизм, блокны хэв 80 ширхэг, төхөөрөмжүүдийн тэжээлийн кабел утас, 1м куб усны сав, усны жижиг гоном, химийн бодис 25кг, холбогдох баримт бичиг, 1 ширхэг блокны дээж зэрэг иж бүрдлийн шалгаж хүлээлгэж өгсөн ба хүлээн авсан өдрөө хариуцагч Хэнтий аймаг руу ачуулж авч явсан.
Гэтэл хариуцагчаас гэрээнд заасан хугацаанд төлбөрийг огт төлөөгүй бөгөөд эхний төлөх төлбөр 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өнгөрснөөс хойш 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн 86083603 дугаарын утсаар холбогдож асуухад тоног төхөөрөмжийг буцаамаар байна. Зээл тусламж бүтээгүй тул ажиллуулж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд миний зүгээс гэрээ цуцлахаар бол энэ сардаа багтаагаад даруй буцааж ачуулж явуулахыг хэлсэн. Нөгөө талаас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу ирэх долоо хоногт багтааж төхөөрөмжийг чинь хүргээд өгье гэж бид аман байдлаар тохиролцсон.
Түүнээс хойш нэг бол ашиглана эсвэл буцаая гэж шийдвэртэй хариу хэлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн ба надаас өөр хүн худалдаж авахаар сонирхоод, яаралтай буцааж авчирж өгөөчээ гэж ярьсаар одоог хүртэл тоног төхөөрөмжийг буцааж өгөөгүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тул Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах №01 дугаартай гэрээг цуцлах тухай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/04 дугаартай албан тоотоор хариу мэдэгдсэн.
Хариуцагч өнөөдрийг хүртэл машин эвдэрсэн, гол ус ихтэй байна, ажилчид самар жимс гээд хүн олдохгүй байна, манай өөр нэг машин хот явах гэж байгаа зэргээр худал шалтаг тоочиж, цаг хугацаа хожсоор байсан ба сүүлдээ өөрөө ирж ав унаагаа олоод ир би 200,000 төгрөг бинзен хийж өгнө гэж гэрээнээсээ буцаж намайг хохироож байна.
Миний зүгээс сүүлдээ аргаа бараад 2 ч удаа унаа олоод явуулсан ч эндээс машин явж байгаа ачаад явуулчихъя гээд өгч явуулаагүй, хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчтай яриад ачаа ачуулахаар тохирч явуулсан унааг маань утсаа авахгүй, холбогдохгүй байсаар хоосон буцаасан байдаг. Мөн тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш ашигласан хугацаанд элэгдэл хорогдлын зардлыг тооцож олгох ёстой байна. Мөн Хэнтий аймагт шүүх хуралд очих, буцах зардал 192,000 төгрөг нэхэмжилсэн, Хэнтий аймаг яваагүй учир тус шаардлагаас татгалзаж байна.
Иймд хариуцагч Х-Эас тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 1. Бутлагч төхөөрөмж, 2. хэвлэгч машин, 3. 0,14м куб зуурагч төхөөрөмж, 4. Зуурмагийг хэвлэгч рүү өргөх механизм, 5. Блокны хэв 80 ширхэг, 6. Төхөөрөмжүүдийн тэжээлийн кабел утас, 7. 1м куб усны сав, 8. Усны жижиг гоном, 9. Химийн бодис 25кг, холбогдох баримт бичиг, 1 ширхэг блокны дээж зэргийг гаргуулах, хүлээж авснаас хойш ашигласан хугацааны элэгдэл, хорогдлыг зардал 625,000 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотой тээврийн зардал 1,000,000 төгрөг, гэрээний маргаантай холбоотой өмгөөлөгч авч ажиллуулсан зардал 600,000 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамжийн зардал болон шуудангийн зардал 382,245 төгрөг, олох ёстой байсан орлого 1,442,000 төгрөг, нийт 4,241,245 төгрөгийг гаргуулан өгч, тоног
төхөөрөмжийг бүрэн бүтэн байдлаар буцаан хүлээлгүүлж өгнө үү, Хэнтий аймагт шүүх хуралдаанд очиж оролцох зардал 192,000 төгрөг нэхэмжилсэн боловч онлайнаар шүүх хуралдаанд оролцсон тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн дүгнэлтдээ: 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 01 дугаартай тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнийхээ дагуу дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 40,000,000 төгрөг авахаар тохиролцсон.
2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын дотор 40,000,000 төгрөгийг тал төлөхөөр харилцан тохиролцсон байгаа. Нэхэмжлэгч талаас тоног төхөөрөмжийг худалдан авагч талд хүлээлгэн өгч, ачиж явуулсан. Гэтэл төлбөр төлөх хугацаанд худалдан авагч тал төлбөрийг төлөөгүй. Төлбөрөө төлөөч гэж шаардлага тавихад ашиглаж чадахгүй юм байна эргэн гэрээгээ цуцалъя гэх асуудлыг хэлсэн.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тоног төхөөрөмжид учирсан хохирлыг талууд харилцан хүлээнэ гэсэн Гэрээний 2.2 дахь заалтын дагуу худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байна.
Хариуцагч тал олох ёстой байсан орлого, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын зардал зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ талаар нэхэмжлэлийн зүгээс холбогдох журмыг гарган хэрэгт өгсөн бөгөөд уг журам нь нийтэд илэрхий, бүх аж ахуй нэгж мөрддөг журам юм. Тухайн тоног төхөөрөмж хугацаа өнгөрөх тусам хуучирч, элэгдэж үнэлгээ буурч байдаг зарчимтай. Үүний дагуу бүх төрийн байгууллага, хувийн аж ахуй нэгж байгууллага элэгдэл хорогдол тооцох арга хэмжээг нягтлан бодох бүртгэлийн журамдаа мөрддөг. 2020 оны 8 дугаар сар буюу гэрээ байгуулсан үеэс хойш нэхэмжлэл өгөх хүртэлх үеэр тооцон элэгдэл хорогдлыг тооцсон байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс тооцсон элэгдэл хорогдлын зардлыг нэхэмжлэх үндэслэлтэй юм. Иргэний хуулийн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол банкны хадгаламжийн дундаж хүүг гаргаж өгсөн 2020 оны 8 дугаар сард 10.4 хувь, 2020 оны 09 дүгээр сард 10 хувь, 2020 оны 10 дугаар сард 10.4 хувь, 2020 оны 11 дүгээр сард 10.2 хувь, 2020 оны 12 дугаар сард 8.4 хувь, 2021 оны 1 дүгээр сард 11.4 хувь, 2021 оны 02 дугаар сард 11.3 хувь хавтаст хэрэгт авагдсан байгаа харгалзах хуваарийн дагуу үнийн дүнг тооцоход нийт 1,442,000 төгрөг гэсэн тооцоолол гарч байгаа. Хэрэгт тооцоолол гаргаагүй ч гэсэн л нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргаж байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нотлох баримтад зохигчийн тайлбар хамаарна гэж заасны дагуу тус хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 225.2-д зааснаар үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж, удаа дараа шаардсан ба 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж цуцалсан ба мөн хуулийн 205.1-т зааснаар хариуцагч Х-Э тоног төхөөрөмжийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй. Түүнчлэн иргэний хуулийн 243.1, 261.1-т зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа
учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заасны дагуу мөн хуулийн 228.1, 229.1 дэх заалт, талуудын байгуулсан гэрээний 3.2.3, 4.4 дэх заалтуудыг баримтлан манай компанид учруулсан хохирол, гарсан зардал, олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш ашигласан хугацаанд элэгдэл хорогдлын зардлыг тооцож олгох ёстой. Иймд хариуцагч Х-Э-аас тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн тоног төхөөрөмж түүний 9 төрлийн иж бүрдэл тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийг хүлээж авсан хугацаанаас хойш ашигласан хугацааны элэгдэл, хорогдлын зардал 625,000 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотой Хэнтий аймгаас Улаанбаатар хотруу тоног төхөөрөмжийг тээвэрлэж авчрах зардал 1,000,000 төгрөг, гэрээний маргаантай холбогдуулан өмгөөлөгч авч ажиллуулсан зардал 600,000 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамж 382,245 төгрөг, хэрэв хариуцагч хугацаандаа мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого 1,442,000 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
\Хариуцагч Х-Э, захирал К.Б шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие М А-тай гэрээ байгуулж тоног төхөөрөмж авсан нь үнэн. Тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотоос авчирсан цагаас эхлэн огт ажиллаагүй, одоог хүртэл хадгалагдаж байна. Уг тоног төхөөрөмжийг анх худалдан авах гэрээ байгуулахдаа маш ашигтай мэтээр ойлгуулж байсан боловч тооцоо судалгааны үндсэн дээр ашиггүй болох нь тогтоогдсон юм. Мөн тоног төхөөрөмж нь гадаа ажиллах боломжгүй байсан. Сэндвичэн байшин дотор ажиллах зориулалттай байсан. Ингээд надад ажлын байр үйлдвэрийн барилга байхгүй тул худалдан авах боломжгүй байна гэж хэлсэн. Үүний дараа 11 дүгээр сард буцаан өгөх гэтэл 11 дүгээр сард хатуу хөл хорио тогтоосон учир өгөх боломж байгаагүй. Худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон 9 төрлийн тоног төхөөрөмжөө буцааж өгнө. Айлын хашаанд байсан зүйлийг складад хадгалсан. Элэгдэл, хорогдол гэх зүйл байхгүй. Тоног төхөөрөмж тээвэрлэж авчрах 1,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600,000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг зөвшөөрч байна, бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Х-Эас:
1. 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг гаргуулах, /Гэрээний 1.7-д заасан 9 нэр төрлийн дагалдах эд зүйлс/
2. Хүлээж авсан хугацаанаас хойш ашигласан элэгдэл хорогдлыг зардал 625.000 төгрөг,
3. Гэрээ цуцалсантай холбогдуулан Хэнтий аймгаас Улаанбаатар хотруу тоног төхөөрөмж тээвэрлэж авчрах зардал 1.000.000 төгрөг,
4. Гэрээний маргаантай холбогдуулан өмгөөлөгч авч ажиллуулсан зардал 600.000 төгрөг,
5. Хэнтий аймагт шүүх хуралдаанд ирж буцах зардал 192.000 төгрөг,
6. Олох ёстой байсан орлого 1.442.000 төгрөг,
7. Улсын тэмдэгтийн хураамж 382.245 төгрөг, нийт 4.241.245 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр №01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй Арболит модон блок үйлдвэрлэх бага оврын тоног төхөөрөмжийг бэлдэж Худалдан авагчид хүлээлгэн өгөх, Худалдан авагч нь барааг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх үүргийг хүлээн, гэрээний үнэ 40.000.000 төгрөг байхаар тохирч, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 24.000.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16.000.000 төгрөгийг худалдан авагч тал төлөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Талууд гэрээг байгуулахдаа гэрээний гол нөхцөл, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг төлж барагдуулах, хүлээх үүрэг хариуцлагын талаар заасан, талууд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулснаар уг гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжийг дагалдах эд зүйлсийн хамт хүлээлгэн өгөх, хариуцагч тал гэрээний дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ. Гэрээний дагуу төлбөр төлөх хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/04 дүгээр албан бичгээр гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д Талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзсанаа илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Х-Э ХХКйг гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжийн төлбөрийг төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр тоног төхөөрөмжөө буцаан авахаар, гэрээ цуцалсантай холбогдуулан гарах зардал болон олох ёстой байсан орлого-1.442.000 төгрөг, элэгдэл хорогдол-625.000 төгрөг, өмгөөлөгч ажиллуулсан зардал-600.000 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотой тоног төхөөрөмжийг тээвэрлэх зардал-1.000.000 төгрөг, замын зардал-192.000 төгрөгийг тус тус нэхэмжилж, хариуцагч тоног төхөөрөмж худалдан аваад ашиггүй байсан гэх үндэслэлээр тоног төхөөрөмжийг гэрээнд заасан дагалдах эд эд зүйлсийн хамт буцаан өгөхийг, тээвэрлэлтийн
зардал-1.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс-600.000 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, харин үлдэх шаардлага болох олох ёстой байсан орлого 1.442.000 төгрөг, элэгдэл хорогдлын зардал 625.000 төлөхөөс татгалзаж, татгалзалдаа ..анх тоног төхөөрөмжийг авчирсан хойш огт ашиглаагүй, одоо хүртэл агуулахад хадгалж байгаа, гэрээ байгуулахдаа маш ашигтай мэтээр ойлгуулж байсан боловч тооцоо судалгааны явцад ашиггүй болох нь тогтоогдсон, тоног төхөөрөмжийг буцааж хүргэж өгөх гэсэн боловч цар тахлын улмаас хүргэж өгч чадаагүй, элэгдэл хорогдол үүсээгүй.. гэх үндэслэлээр эс зөвшөөрч марган мэтгэлцэж байна.
Зохигчдын хооронд байгуулсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-ний 4.4-т Худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчсөн, хугацаандаа биелүүлээгүйн улмаас Худалдан авагчид учирсан аливаа хохирол /шууд болон шууд бус/, гарсан зардал, (шүүхийн болон өмгөөллийн зардал олох ёстой байсан орлого, хадгаламжийн дундаж хүүгээр тооцож, ) бүрэн хариуцаж нөхөн төлнө гэж заасан, мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй талаар зохицуулсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохицуулсан байдаг.
Нэхэмжлэгч тал дээрх гэрээ болон хуулийн холбогдох заалтаар хариуцагч тал бидэнд учирсан хохирол болох элэгдэл хорогдлын зардал, олох ёстой байсан орлого зэргийг гарган өгөх ёстой гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс олох ёстой орлого нь 1.442.000 төгрөг, элэгдэл хорогдлын зардал 625,000 төгрөгийг ямар тооцооллоор уг зардлуудыг нэхэмжилж байгаа талаарх нарийвчилсан тооцооллыг нотлох баримтаар нотлон ирүүлээгүй, нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудсанд авагдсан баримт нь ...нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй, Монгол банкны хадгаламжийн дундаж хүү, мөн Засгийн газрын 2005 оны Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам-ын 233-р тогтоолын 2 дугаар хавсралтын 12-д зааснаар элэгдэл хорогдлын тооцож 625.000 төгрөг, олох ёстой байсан орлого-1.442.000 төгрөг хадгаламжийн хүүгээр бодсон, хадгаламжийн дундаж хүүг бодохдоо 2020 оны 08 сард 10.4 хувь, 09 дүгээр сард 10, 10 сард 10.4 гэх мэтчилэн тооцоолсон гэж тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой нарийвчилсан тооцоолол болох нотлох баримтыг ирүүлээгүй, ямар тооцооллоор олох ёстой байсан орлого, элэгдэл хорогдлын зардлыг тооцоолсон нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хавтаст хэргийн 16-19 хуудсанд авагдсан баримтуудыг үндэслэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 1.442.000 төгрөг, элэгдэл хорогдол-625.000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хариуцагч талаас нэхэмжлэгч талтай 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай байгуулсан тоног төхөөрөмж худалдах худалдан авах
гэрээ-гээр шилжүүлсэн тоног төхөөрөмж, дагалдах иж бүрдэл, эд зүйлсийг буцаан өгөх, буцаан өгөхтэй холбоотой замын зардал-1.000.000 төгрөг, өмгөөлөгч авч ажиллуулсан хөлс-600.000 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал ..онлайнаар шүүх хуралдаанд оролцсон тул замын зардал 192.000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна.. гэж тайлбарласан тул нэхэмжлэгч 192.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлах нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид гэрээний үнэ-40.000.00 төгрөг, бусад 4.241.245 төгрөг, нийт 44.241.245 төгрөгт ногдох 382,245 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 382.245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрээний үнэ 40.000.000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 1.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, нийт 41.600.000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 365.950 төгрөгийг, нэхэмжлэгч тал улсын төсвийн орлогод илүү төлсөн 3089 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч М.А-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх зааснаар хариуцагч Х-Эас 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг, тоног төхөөрөмжийг тээвэрлэх зардал 1.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх элэгдэл хорогдлын зардал 625.000 төгрөг, олох ёстой байсан орлого 1.442.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад замын зардал 192.000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.245 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 365.950 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 3089 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.А-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр
дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА