Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2021/00141

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух, М.Т-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 5000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурор Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Т нь Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5 сая төгрөгийг ХААН банк дахь өөрийн 1212121212 дугаарын дансандаа 0000000000 регистрийн дугаараар бүртгүүлэн авсан байна. Хариуцагч нь уг 5 сая төгрөгийг би аваагүй, тухайн үед Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ба одоо нас барсан Х гэдэг хүн миний дансыг ашиглан гаргуулж авсан гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Ийм учраас иргэн М.Таар Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн 5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн Өлгий сумын Засаг даргын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төр хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас төрийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж тус аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтын тайлан, холбогдох судалгаа мэдээллийг аваад аймгийн Ерөнхий прокурор Б иргэн М.Тд холбогдох нэхэмжлэл гаргасан байгаа. Иргэн М.Т нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийн зээл авч өөрийнхөө дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. ХААН банкин дахь өөрийн 1212121212 дугаартай дансанд 0000000000 регистрийн дугаараар бүртгүүлэн авсан байна. Хариуцагч нь уг 5000000 төгрөгийг би аваагүй тухайн үеийн Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан одоо нас барсан Х гэдэг хүн миний дансаар уг 5000000 төгрөгийг оруулж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна. Ийм учраас М.Т 2015 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээлээр авсан 5000000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ талаар ирүүлсэн Өлгий сумын Засаг даргын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төрийн эрх ашиг зөрчигдсөн учраас нэхэмжлэл гаргасан. Иймд тус аймгийн Прокурорын газар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн өөрийн санаачилгаар иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гарган оролцож байгаа. Нэхэмжлэлд хавсаргаж  хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 162 дугаартай тогтоол, Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансны дэлгэрэнгүй хуулга, Өлгий сумын Засаг даргын албан бичиг,  хариуцагч М.Ты хариу тайлбар, гэрч О, гэрч Ж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг ирүүлсэн байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Т би тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан “М.Т нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан 5 сая төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, өндөр настан М.Т би Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 5000000 төгрөгийн зээл авч байгаагүй юм. Үүний учрыг тайлбарлавал, Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байсан талийгаач Х нь манай нөхөр М-ийн таньдаг хүний хувьд нэг өдөр түүн рүү утасдаж “Танай эхнэр Торгыны дансанд 5000000 төгрөгийг шилжүүлнэ, дансанд мөнгө орсны дараа уг 5000000 төгрөгийг надад авч ирж өгөөрэй, уг мөнгийг би өөрийн дансанд шилжүүлье гэхэд би цалингийн зээлтэй учраас болохгүй байна” гэж учирлан хэлсэн байна. Энэ асуудлыг миний нөхөр Д.Маралхан надад ойлгуулан хэлсний дагуу М.Т би нөхөр Маралханыг дагуулан очиж миний ХААН банк дахь дансанд орсон 5000000 төгрөгийг банкнаас бэлнээр гарган авч Өлгий сумын Засаг даргын тамгын газарт очиж төрийн сангийн төлөөлөгч Хт хүлээлгэн өгсөн. Х гуай баярлалаа, уг мөнгөний учрыг би өөрөө олно, та нар битгий санаа зовоорой гэж хэлсэн. Энэ бол 2015 оны 02 дугаар сарын үед болсон асуудал.

Иймд М.Т би бодит байдалд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөг хүсэн зээл аваагүй юм. Дараа нь Х гуай нас барсан юм. Бид тухайн үед тэр хүн нас барна гэж бодоогүй, ийм асуудал 5 жилийн дараа үүснэ гэж төсөөлж байгаагүй, Х гуай тухайн үед Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тул бид итгээд ийм асуудал гаргасан. Үнэн байдалд М.Т би сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол авсан зээлээ төлнө шүү дээ. Үүнийг бүр маргахгүй шүүх хүртэл зарга явуулахгүй төлж өгөх надад хүмүүжил, ёс зүй бий. Өнөөдөр М.Т би нас барсан хүнд буруугаа чихэж өөрснөө цайлгах гэсэн өчүүхэн ч бодол байхгүй байгааг хууль шүүхийнхэн зөвөөр тунган ойлгохыг туйлын их хүсэж байна. Болсон асуудалд харамсаж байна. Гэтэл 2015 оны 02 дугаар сараас хойш 5 жил өнгөрсөн байхад Өлгий сумын сум хөгжүүлэх албанаас надад уг зээлийн талаар хэн ч ярьж байгаагүй. Харин саяхан буюу оны өмнөхөн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Прокурорын газраас уг асуудлаар намайг дуудсан ба би болсон асуудлын талаар Прокурорын газарт тайлбар бичиж өгсөн. М.Т би Өлгий сумын эрх бүхий байгууллагад Сум хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т 2021 оны 01 сарын 11-ний өдөр шүүхэд хариу тайлбар хүргүүлсэн байгаа. Энэ тайлбар дээр нэмэлт тайлбар өгье. Энэ хүн Сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн өргөдөл гаргаж байгаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй, Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл авч байгаагүй гэж мэдүүлж байгаа.

Хоёрдугаарт, М.Ты дансанд орсон 5000000 төгрөгийн хувьд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан 2018 онд нас барсан Х гэдэг хүн нөхөр Маралхантай танилын хувьд М.Тд утасдаад таны дансанд 5000000 төгрөг байна, надад авч өгөөрэй гэж хэлсний дагуу очиж шалгахад М.Ты дансанд 5000000 төгрөг байсныг Хт бэлнээр гаргаж өгсөн үйл баримтад талууд маргахгүй байгаа. Өнөөдөр тэр хүн нас барсан. Нас барсан хүн босож үг хэлэхгүй учраас ийм байдалтай байгаа гэдгээ хэлье.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь өөрөө Сум хөгжүүлэх сангаас авсан 5000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл байгаа. Гэвч М.Т нь Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийг ямар журмаар авсан, хэзээ авсан, гэрээ хэлцэл хийгдсэн эсэхийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг зохицуулсан Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоол байгаа. Энд зөвхөн зээл авч байгаа хүн 12 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг юм байна, тэгээд зөвлөлийн хурлаар ороод, төслийг шалгаад, хүү тооцоод, барьцааны гэрээ бичгээр байгуулаад гэх мэтийн ажиллагаанууд явсны дараа зээл олгох тухай асуудал яригдах ёстой гэдгээ хэлье. Ийм учраас үнэхээр тэр 5000000 төгрөг дансанд ороод Х гуайд өгсөн гэж байгаа. Энэ асуудал өөрөө бас өөр эрх зүйн харилцаагаар зохицуулагддаг гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаах эсвэл үндэслэлгүй хөрөнгөжих шинжтэй асуудал байхыг үгүйсгэхгүй тул үүнийг иргэний хэргийн шүүх тогтоох боломж байхгүй гэдгийг хэлье.

Гуравдугаарт, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 6 жил болж байна. Сая 2020 оны 12 дугаар сард энэ асуудал хөндөгдөж эхэлж, аймгийн Прокурорын газраас М.Тыг дуудсан. М.Т болсон үйл явдлын талаар тайлбарлаж, гарын баримтаа гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, би ямар нэгэн зээл авч байгаагүй, болсон нөхцөл байдлыг тайлбарласан. Асуудлыг энэ өнцгөөс авч үзвэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар 3 жил байгаа. Анх зээл авсан гэж үзсэнээс хойш 6 жил болж байна. Мөн журамтай танилцахад зээл авснаас хойш 3 сарын дараа сар бүр төлж байх тухай журмаараа зохицуулсан байна. Тэгээд зээлээр авсан мөнгийг төлөх график 2016, 2017, 2018, 2019 онуудад яагаад шаардаагүй юм вэ, иймд хөөн хэлэлцэх хугацааны асуудал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл байна. 

Зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 281 дугаар зүйлээр зохицуулсан байгаа. Уг заалт нь “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байгаа. Тэгэхээр М.Т ба Өлгий сумын Засаг дарга хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан нь бас тодорхой бус байна. Мөн тухайн 5000000 төгрөгийг Өлгий сумын ямар албан тушаалтан, хэн гэдэг хүн, ямар төлбөрийн даалгавраар шилжүүлснийг нэхэмжлэгч тал бас нотолж чадахгүй байна. Хавтаст хэрэгт зүгээр 5, 6 хүний дансны хуулга өгч байгаа. Тийм учраас М.Т гэдэг хүнийг үнэхээр Орон нутгийн сум хөгжүүлэх сангаас  зээл аваад, зээлээ хугацаанд төлөөгүй байна, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна гэдэг үндэслэлээр М.Тоос 5000000 төгрөгийг гаргуулж Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгох нь эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь хариуцагч М.Т-оос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 5000000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ.

Прокурор нь төрийн байгууллага болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцсон байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ хариуцагч М.Т нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5 сая төгрөгийг авсан боловч төлөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл аваагүй, нөгөө талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч М.Ты дансанд 5000000 төгрөг шилжүүлж олгосон болох нь тогтоогджээ. Мөн М.Т нь тухайн 5000000 төгрөг нь миний дансанд орсон боловч уг мөнгийг миний дансаар дамжуулан тухайн үед Өлгий сумын төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Х авсан болно гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байх тул хариуцагч М.Ты дансанд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5000000 төгрөгийг шилжүүлснээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сан болон М.Т нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Сум хөгжүүлэх сангаас зээл олгох асуудлыг тусгай журмаар зохицуулсан бөгөөд энэ талаар Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоол, мөн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор тус тус “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан байх ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.

Зээлийн гэрээний хугацааг тодорхойлох шууд нотлох баримт байхгүй байгаа хэдий боловч “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна гэж заасан байх тул зээлийн гэрээг хугацаатай байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог. 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д зааснаас үзэхэд сумын Засаг дарга нь санд ирүүлсэн орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгод нийцсэн төсөлд зээл олгох шийдвэр гаргаж, төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж  ажиллах үүрэгтэй байна. Сумын Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангийн орлого зарлагын дүн болон зарцуулалтын тайланг улирал, жилээр гаргаж, улирлын эхний сарын 10-ны дотор аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэгтэй байсан, мөн журмын дагуу сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллахаар байгаагаас үзэхэд нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаас үзэхэд эрх бүхий этгээд буюу Өлгий сумын Засаг дарга нь эрхийн зөрчил гарсныг мэдэх ёстой байсан бөгөөд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой байх үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлогдоно гэж үзлээ. Харин эрх бүхий этгээд нь эрхийн зөрчил үүссэнийг хожим мэдсэн тохиолдол нь хайнга хариуцлагагүй байдлын улмаас бий болсон гэж үзэхээр байна. Хариуцагч талаас зээл олгох талаар хүсэлт гаргаагүй, ямар нэгэн төсөл зохиож байгаагүй, Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй, зээлийн гэрээ байгуулж байгаагүй талаар тайлбарласнаас үзэхэд Сум хөгжүүлэх сангаас зээл олгох эрх бүхий албан тушаалтнууд нь хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж зээл олгосон байна гэж дүгнэх боломжтой бөгөөд зээл олгох асуудал нь анхнаасаа зөрчилтэй байсан байна.

Хариуцагч М.Тд  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5 сая төгрөгийг олгосон байх ба шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх нь эрх зүйн харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхээ алдаж байгаа явдал бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хариуцагч М.Тоос Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хариуцагч М.Тоос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 5000000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М