Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00005

 

 

 

                                                        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

 

Н.Ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар захирамжтай Н.Ад холбогдох 2038000600043 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ч.Батзоригын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Н-ийн А, ..... оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./.

Шүүгдэгч Н.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 23 дугаар гудамжны 02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Н-г 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ толгой руу нь хоолны төмөр халбагаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Н-ийн А-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Б эсэргүүцэлдээ: ... шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

1.Шүүгчийн захирамжид “... Яллах дүгнэлтийн хавсралтын 7 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн нь хэргийн нөхцөл байдалтай таарахгүй буюу “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэгт ял шийтгэх санал гаргасан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан “Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэх хуулийн шаардлага хангаагүй байна” гэжээ.

Яллах дүгнэлтийн хавсралтын 7 дахь заалтад тусгагдсан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5...” гэсэн нь бичиг техникийн шинжтэй алдаа байх бөгөөд прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх баримт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх яллагдагчийн хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, хүлээн зөвшөөрсөн яллагдагчийн гарын үсэг зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Агийн улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.А нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримт авагдаагүй, яллагдагч хүлээн зөвшөөрөөгүй байгаа талаар ямар нэг маргаан гараагүй байна. Хэдийгээр прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэж дурдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтийн хавсралтад тусгах зүйлд хамаарахгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.

2. Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...”, “...хүндрүүлэх бүрэлдэхүүн болох...” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжээс өөр хүндрүүлэх нөхцөл байдал тусгагдаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэсэн нь ойлгомжгүй, мөн хүндрүүлэх бүрэлдэхүүн /хүндрүүлэх нөхцөл байдал/ гэх хуульд тусгагдаагүй нэр томъёо ашигласан нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Шүүгчийн захирамжид “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй” байхаар хуульчилсан. Хохирогч Н.Н, шүүгдэгч Н.А нар нь 2007 оны 9 дүгээр сарын 28-нд албан ёсоор гэр бүл болсон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа болохыг дурджээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ байнгын шинжтэй үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй буюу хууль тогтоогчийн хуульчилсан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг байнга хийсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байсан гэх агуулгаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай юм. Шүүгдэгч Н.А нь урьд өмнө нь эхнэртэйгээ маргалдаж, муудалцаж байгаагүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу эхнэр Н.Нансалмаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн шөнийн 01 цагт гэртээ ирсэн асуудлаас болж маргалдан улмаар толгой хэсэгт хоолны төмөр халбагаар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэх боломжгүй юм. Шүүгчийн захирамжид дурдагдсан яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Эрүүгийн хуульд заасан ямар, зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх” талаар эргэлзээтэй болохыг дурджээ. Н.Ад холбогдох 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсэгт: “... яллагдагч Н.А нь өөрийн эхнэр Н.Н руу хоол аягалдаг төмөр халбага шидсэний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай...” гэж бүрэн ойлгомжтой бичсэн байна.

Иймд шүүгч хэрэгт цугларсан нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн, гүйцэт хийлгэх, хэн нэгэн этгээдэд гэм бурууг хүлээлгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай бус гэж эрх зүйн болоод хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар тодорхой ажиллагаа хийж гүйцэтгүүлэх нь ойлгомжгүй, тодорхойгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар журмыг зөрчсөний улмаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй болсон талаар огт дурдаагүй байгаа нь шүүгчийн захирамж /шүүхийн шийдвэр/ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 23 дугаар гудамжны 02 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н.Нансалмаагийн толгой руу хоолны төмөр халбагаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Н.Ад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаасан нь үндэслэл бүхий байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Шүүхээр шийдвэр гаргуулахаар ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, агуулгын хувьд зөрчилгүй, хууль ёсны, үндэслэлтэй, хуульд заасан  журмын дагуу үйлдэгдсэн байх учиртай.

Гэтэл прокурор яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт яллагдагчийн холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-ийн  1  дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож, яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл /Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/-ийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргаж, шүүхэд шилжүүлжээ.

Прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргах үүрэгтэй бөгөөд яллах дүгнэлтэд шүүгдэгчийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр, өөр зүйлд зааснаар яллах, ял оногдуулах санал гаргасныг бичиг техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлгүй.

Яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй, тогтоох хэсэг, хавсралтад тусгасан зүйл зөрчилтэй тохиолдолд шүүх аль нэг хэсгийг нь зөв гэж үзэх, түүнийг үндэслэн шийдвэр гаргах боломжгүй юм.

Түүнчлэн “яллагдагч сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар маргаан гаргаагүй, оногдуулах ялын талаарх санал нь яллах дүгнэлтийн хавсралтад тусгах зүйлд хамаарахгүй” гэх үндэслэл нь яллах дүгнэлт зөрчилтэй, хуульд заасан шаардлага хангаагүй үйлдсэнийг зөвтгөх үндэслэл болохгүй.

2.Прокуророос шүүгдэгч Н.Ад холбогдох гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ хохирогчийн “ ...Амарбаясгалан согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, уухаараа байнга агсам тавьж хүүхдүүдээ айлгадаг” гэж мэдүүлсэн байдал, гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй ирүүлжээ.

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан журмаар хэргийн бодит байдлыг тогтоох, хуульд заасан бүх арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэх, хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдал байгаа эсэхийг нэг мөр шалгасны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                         Б.СОСОРБАРАМ