Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2021/00142

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух, С.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 10000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.А нь Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг ХААН банк дахь өөрийн 00000000 дугаарын дансандаа 1212121212 регистрийн дугаараар бүртгүүлэн авсан байна. Хариуцагч нь уг 10 сая төгрөгийг би аваагүй, тухайн үед Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ба одоо нас барсан Х гэдэг хүн миний дансыг ашиглан гаргуулж авсан гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Ийм учраас иргэн С.А-ээр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн 10 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн Өлгий сумын Засаг даргын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төр хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас төр, нийгмийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж тус аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтын тайлан, холбогдох судалгаа мэдээллийг аваад аймгийн Ерөнхий прокурор Т.Б иргэн С.Ат холбогдох нэхэмжлэл гаргасан байгаа. Иргэн С.А нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 10000000 төгрөгийн зээлийг ХААН банкин дахь өөрийн 00000000 дансанд 1212121212 дугаартай регистрийн дугаараа бүртгүүлэн шилжүүлээд авсан. Хариуцагч С.А нь хариу тайлбартаа, би Өлгий сумын хөгжүүлэх сангаас зээл аваагүй болно, Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан одоо нас барсан Х нь миний дансаар уг 10000000 төгрөгийг оруулж авсан гэдэг тайлбарыг өгсөн. Энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, ийм учраас С.А Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн 10000000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч С.А миний бие “С.Аээс 2014 оны 09-р сарын 25-ны өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан 10 сая төгрөгийг гаргуулах” тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэлийн үндэслэлд: Хариуцагч С.А нь Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 2014 оны 09-р сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг ХААН банк дахь өөрийн 1212121212 дугаарын дансандаа 515155151 регистрийн дугаараар бүртгүүлэн авсан байна. Хариуцагч уг 10 сая төгрөгийг тухайн үед Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч ажилтай Х дансаар дамжуулан авсан гэх боловч, нотлох баримт гаргаж өгөөгүй ба Өлгий сумын Засаг даргын хүсэлт үндэслэлтэй тул төр хохирсон гэж нэхэмжлэл гаргав гэжээ.

Хоёр. Хэргийн болсон нөхцөл байдал: Хариуцагч С.А миний бие 2007 оноос эхэлж одоо хүртэл Өлгий сумын 4-р цэцэрлэгт нярвын албан тушаал эрхэлдэг бөгөөд байгууллагын төсөв, санхүү, төлбөр тооцооны хувьд Өлгий сумын Төрийн сан, санхүүгийн албатай ажил төрлийн хувьд нягт холбоотой, харилцан хамааралтай ажилладаг билээ.

Миний бие 2014 оны 09-р сарын 25-ны өдөр ажил төрлийн шугамаар Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х гэдэг хүнд очиход, тэр хүн “Надад нэг газраас 10 сая төгрөг дансаар шилжиж ирэх ёстой. Би өөрийнхөө дансанд оруулж авбал миний цалингийн зээлд татагдах гэж байна С.А чиний дансаар дамжуулж авъя гэхээр би зөвшөөрч, өөрийн дансыг өгч, Хт дансыг түр ашиглуулан, түүний 10 сая төгрөгийг дансанд оруулаад, тэр өдөрт нь өөрөө ирж, миний данснаас 10 сая төгрөгийг гаргаж авсан л үйлдэл болсон. С.А би уг 10 сая төгрөг хаанаас, юуны учир шалтгаантай болохыг мэдэхгүй болно.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл: Прокурорын газрын нэхэмжлэлд хариуцагч С.А нь Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 09-р сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг ХААН банк дахь өөрийн 12121212 дугаарын дансандаа 0202020202 регистрийн дугаараар бүртгүүлэн авсан гэжээ.

Гэтэл Засгийн газрын 2014 оны 7-р сарын 27-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам” /тухайн үед мөрдөж байсан/-ын 3-р бүлгийн 3.3-д “Төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна”, дөрөвдүгээр бүлгийн 4.4-д “Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Засаг дарга зээл олгох тухай захирамж гаргана”, мөн журмын 4.5-д Шалгарсан төсөлд зээл олгох шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зээлийн гэрээний үлгэрчилсэн загварын дагуу зээл олгох гэрээ байгуулна гэж тус тус заасан байна.

Тэгвэл нэхэмжлэгч тал хариуцагч С.А намайг 2014 оны 09-р сарын 25-нд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөг зээл авсан гэж үзэж байгаа бол тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 07-р сарын 27-ны өдрийн 134-р тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах, хяналт тавих” журмын дөрөвдүгээр бүлгийн 4.4-д заасан зээл олгох тухай Засаг даргын захирамж, зээл олгох гэрээ, хариуцагч С.А миний зээл хүссэн өргөдөл, төслийн эх материал, төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэл, сонгон шалгаруулах комиссын шийдвэр зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч мэтгэлцэх шаардлагатай байна.

Сум хөгжүүлэх сангаас зээл олгох, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зээлийг буцаан төлүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07-р сарын 27-ны өдрийн 134-р тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, 2016 оны 03-р сарын 14-ний өдрийн Засгийн газрын 153-р тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих” журмыг тус тус баталж, энэ 2 журмаар Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг зохицуулж ирсэн юм.

2014 оны Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор баталсан журмын дөрөвдүгээр бүлгийн 4.5 дахь заалтад, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан журмын дөрөвдүгээр бүлгийн 4.6 дахь заалтад тус тус зааснаар “Сумын Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулна”,  мөн Засгийн газрын 2014 оны 134-р тогтоолын нэгдүгээр бүлгийн 1.6 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 153 дугаар баталсан журмын нэгдүгээр бүлгийн 1.6.2 дахь заалтад тус тус зааснаар “зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна” гэж зээлийн үндсэн хугацаа 3 жилээр тогтоосон байна.

Журмын энэхүү зохицуулалтаар “Сум хөгжүүлэх сангаас олгох зээл” нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээ” байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар С.А надаас нэхэмжилж буй 2014 оны 09-р сарын 25-нд олгогдсон гэх 10 сая төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихсөн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2020 оны 12-р сарын 15-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар татгалзах үндэслэл болох юм.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах хяналт тавих тухай 134-р тогтоолоор баталсан журмын гуравдугаар бүлгийн 3.2.2 дахь хэсэгт “Засаг дарга төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн зээл олгох шийдвэр гаргана”, мөн журмын дөрөвдүгээр бүлгийн 4.4 дэх хэсэгт ... Засаг дарга зээл олгох захирамж гаргана” гэж заасан байдаг.

            Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3-д зааснаар “тусгай зөвшөөрлөөр байгуулах” зохицуулалттай гэрээ байх тул нэхэмжлэлд хариуцагч С.А надад зээл олгох талаар Засаг даргын шийдвэр, зээлийн гэрээг үндэс болгож нэхэмжлэлийн шаардлагыг гаргах шаардлагатай байна.

Хариуцагч С.А би 2014 оны 09-р сарын 25-ны өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөг авсан талаар нотлох баримт байхгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасан “Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй” бол хэлцлийг хийгдээгүйд тооцно” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар С.Ат холбогдох Сум хөгжүүлэх сангаас авсан 10 сая төгрөгийн зээлийг төлүүлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.А 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлын шугамаар Өлгий сумын байранд очиход тэр үед Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х надад хандаж би нэг хүнээс 10000000 төгрөгийн зээл авах гээд байгаа, өөрийнхөө дансанд оруулбал цалингийн зээл татчих гээд байгаа учир чиний дансанд оруулж авъя гэснээр би өөрийнхөө дансанд хийлгүүлж байсан. Хыг би ажлын шугамаар таньдаг, танил хүн байсан болохоор тухайн үед зөвшөөрсөн. Тухайн үед хаанаас орж ирсэн мөнгө байсан талаар огт мэдэхгүй байсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр над руу Өлгий сумаас залгаад танд 10000000 төгрөгийн зээл авсан байна, та ирээд уулзаарай гэсний дагуу би очиж уулзаад би ийм зээл аваагүй, тухайн үед Х гэдэг хүн миний дансыг ашиглаад уг мөнгийг авсан. Тухайн үед Х нь өглөө миний дансанд хийгээд үдээс хойш надтай хамт очиж бэлнээр гаргуулж авсан. Ийм төрлийн зээлийг авахаар Өлгий суманд очиж хөөцөлдөж өргөдөл, хүсэлт гаргасан удаа байхгүй. Надад зээл авсан тухай ямар нэгэн гэрээ байхгүй. Иймд миний бие зээл аваагүй тул уг нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өггөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь хариуцагч С.Аээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 10000000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ.

Прокурор нь төрийн байгууллага болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцсон байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ хариуцагч С.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг авсан боловч төлөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл аваагүй, нөгөө талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч С.Аийн дансанд 10000000 төгрөг шилжүүлж олгосон болох нь тогтоогджээ. Мөн С.А нь тухайн 10000000 төгрөг нь миний дансанд орсон боловч уг мөнгийг миний дансаар дамжуулан тухайн үед Өлгий сумын төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Х авсан болно гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байх тул хариуцагч С.Аийн дансанд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10000000 төгрөгийг шилжүүлснээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сан болон С.А нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Сум хөгжүүлэх сангаас зээл олгох асуудлыг тусгай журмаар зохицуулсан бөгөөд энэ талаар Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоол, мөн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор тус тус “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан байх ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.

Зээлийн гэрээний хугацааг тодорхойлох шууд нотлох баримт байхгүй байгаа хэдий боловч “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна гэж заасан байх тул зээлийн гэрээг хугацаатай байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог. 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д зааснаас үзэхэд сумын Засаг дарга нь санд ирүүлсэн орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгод нийцсэн төсөлд зээл олгох шийдвэр гаргаж, төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж  ажиллах үүрэгтэй байна. Сумын Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангийн орлого зарлагын дүн болон зарцуулалтын тайланг улирал, жилээр гаргаж, улирлын эхний сарын 10-ны дотор аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэгтэй байсан, мөн журмын дагуу сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллахаар байгаагаас үзэхэд нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаас үзэхэд эрх бүхий этгээд буюу Өлгий сумын Засаг дарга нь эрхийн зөрчил гарсныг мэдэх ёстой байсан бөгөөд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой байх үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлогдоно гэж үзлээ. Харин эрх бүхий этгээд нь эрхийн зөрчил үүссэнийг хожим мэдсэн тохиолдол нь хайнга хариуцлагагүй байдлын улмаас бий болсон гэж үзэхээр байна. Хариуцагч талаас зээл олгох талаар хүсэлт гаргаагүй, ямар нэгэн төсөл зохиож байгаагүй, Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй, зээлийн гэрээ байгуулж байгаагүй талаар тайлбарласнаас үзэхэд Сум хөгжүүлэх сангаас зээл олгох эрх бүхий албан тушаалтнууд нь хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж зээл олгосон байна гэж дүгнэх боломжтой бөгөөд зээл олгох асуудал нь анхнаасаа зөрчилтэй байсан байна.

Хариуцагч С.Ат  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг олгосон байх ба шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх нь эрх зүйн харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхээ алдаж байгаа явдал бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хариуцагч С.Аээс Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хариуцагч С.Аээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 10000000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М