Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/422

 

 

 

 

 

 

    2024        04         19                                 2024/ШЦТ/422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

 улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

 хохирогч Ш.Э , түүний өмгөөлөгч Г.Нямхүү,

 шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00671 2622 дугаартай 2 хавтас бүхий хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

          Холбогдсон хэргийн талаар:

Г.Г  нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн хяналтын үзлэг оношлогооны байранд хохирогч Ш.Э ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг эксковатор механизм худалдан авах төлбөрт тооцож өгнө, уг эксковатор механизмыг зарж борлуулсан орлогоос тээврийн хэрэгслийн төлбөрийг дараа төлнө гэж итгүүлэн Toyota land cruiser 200 загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон эзэмших эрхийг шилжүүлэн авч 70,300,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Ш.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2021 онд Г ад ланд 200 маркийн авто машин өгсөн. Түүний дараа хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад надад 26.000.000 төгрөг болон 2 авто машин шилжүүлэн өгсөн. Надад одоо гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 22 дахь тал/,

Хохирогч Ш.Э ын “2020 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшлийн Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг зүс таних Г а гэх залууд 70,000,000 төгрөгөөр зарсан. Би тухайн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах авто тээвэр дээр ирж шилжүүлж өгсөн. Надаас машин авахдаа Г а нь мөнгөө нэг сарын дараа өгнө, өөрийн эзэмшлийн экскаватороо зараад мөнгийг нь өгнө гэсэн ба экскаваторыг худалдаж авах хүн нь бэлэн байгаа гэхээр нь би итгээд машинаа өгч явуулсан. Экскаватороо бусдад зарсан мөртлөө миний мөнгийг өгөөгүй. Би машиныхаа мөнгийг нэхэхэд Г а надад хандан удахгүй мөнгө орж ирнэ тэгэхээр нь өгнө гэж хуурсаар байгаад өдийг хүрсэн. 2021 оны 06 дугаар сард 25,000,000 төгрөгийг цагдаад мэдэгдэнэ гэсэн чинь өгсөн ... 2022 оны 01 дүгээр сард Г а руу залгахад утасны цаанаас явдаг газраараа яваад мөнгөө олж аваарай гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30, 33-34 дэх тал/,

Гэрч С.Э ы “Би 2021 онд ажлын шугамаар Г.Г  гэх хүнтэй танилцаж байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сард надад техник хэрэг болоод байхаар нь Базгаа гэх найзаараа дамжуулан Г.Г  гэх хүнээс 2 ширхэг техникийг нь түрээслэхээр болсон. Г.Г  надад 20,000,000 төгрөг шилжүүлээд техникүүдээ аваад явж болно гэсэн, мөнгөө шилжүүлсэн боловч Г.Г  бүтэхээ больчихлоо гэсэн. Тэгээд би түүнээс мөнгөө нэхсээр байгаад 15,000,000 төгрөгөө буцаан авсан ба үлдэгдэл 5,000,000 төгрөгийг надад өгөхгүй байсан. Үүнээс хойш сар орчмын дараа Базгаа дизель, тос нь холилдчихсон мотор аваад явж байхаар нь хэнээс авсан бэ гэхэд Г.Г ынх гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Г ас авах ёстой мөнгөндөө энэ моторыг нь авчихсан. Үүнээс хойш Г.Г ас ахиж мөнгөө нэхээгүй, Г.Г  ч надаас мотороо нэхэхгүй байгаа. Г.Г  бид хоёрын энэ харилцаанд Ш.Э  ямар ч хамаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 47 дахь тал/,

Гэрч Д.Г-ын “2019 онд өөрийн бизнес хамт эрхэлдэг байсан танил дүү Ш.Э ад Ланд машинаа 70,000,000 төгрөгөөр бодож өвс, ногоон тэжээлээр сольсон. Би нотариат дээр очиж итгэмжлэл хийж өгч байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 49 дэх тал/,

Гэрч Ш.Б-гийн “Би Ш.Э  ахтай 2018 оны үед ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Харин Г.Г тай сүүлд уул уурхайн техник хэрэгсэл түрээсэлдэг, том оврын ачааны автомашинаар тээвэрт явдаг гэж танилцаж байсан. Би Сэлэнгэ аймагт уул уурхайн ажил хийхээр С.Э  ахтай хамтарч түрээсийн техник хэрэгсэл хайж байгаад Г.Г тай холбогдож дизель мотор, 2 экскаватор түрээслэхээр ярьж тохирч байгаад эхний ээлжид дизель моторыг нь түрээсэлж авахаар болсон. Уг дизель мотор нь угаасаа эвдэрхий байсан тул Г.Г  надад та өөрөө засуулаад ажилд гарч болохоор бол ав, түрээсийн мөнгөө өгчих гэхээр нь тухайн үед С.Э  ах дизель моторын түрээсийн мөнгийг Г.Г д өгсөн. Тухайн дизель мотор нь өчнөөн сэлбэг хэрэгсэл тавьж засвар хийсэн боловч ажиллаагүй. Тэгээд тэр Г.Г ын дизель моторыг С.Э  ах Г.Г ас буцаж авах ёстой түрээсийн мөнгөнийхөө үлдэгдэлд авсан. Энэ асуудлаас өмнө Ш.Э  ах Г.Г д өөрийнхөө ланд 200 загварын тээврийн хэрэгслийг заруулахаар өгсөн боловч машиныхаа мөнгийг Г аас авч чадаагүй байсан ... С.Э  ахтай хамтарч Г.Г ас түрээсэлж авсан дизель моторт Ш.Э  ах ямар ч хамааралгүй. Энэ Г.Г  гэх залуу Ш.Э  ахын машиныг авчхаад мөнгийг нь өгч чадахгүй одоог болтол явж байсан. Тэрнээсээ болоод надтай ярьж тохирсон зүйлээ Ш.Э  ахтай холбоод байгаа байх” гэх мэдүүлэг /1хх-ийн 246-247 дахь тал/,

Ш.Э , Г.Г  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-ийн 52-55 дахь тал/,

Авто тээврийн үндэсний албан тоот, тээврийн хэргслийн лавлагаа, холбогдох баримтууд /1хх-ийн 129-161 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн БЗД3-23-326 дугаартай “2008 онд Япон Улсад үйлдвэрлэгдсэн Toyota land 200 загварын тээврийн хэрэгсэл зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 70,300,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 58-61 дэх тал/,

Яллагдагч Г.Г ын “Би Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүйн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2206 00671 2622 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой уншиж танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72 дахь тал/, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн

Г.Г , М.Б нарын хүүхдүүд болох 2006 онд төрсөн хүү Б.Б, 2011 онд төрсөн хүү Б.И, 2013 онд төрсөн хүү Б.Т, 2018 төрсөн хүү Г.Г, 2020 онд төрсөн хүү Г.Г нарын төрсний бүртгэлийн лавлагаа 5 хуудас,

 Г.Г ын эхнэр М.Б-ийн “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн үндэсний төвд жирэмний хяналтад орсон амбулаторийн дэвтрийн хуулбар 1 хуудас,

Хохирогч Ш.Э , шүүгдэгч Г.Г  нарын шүүхэд гаргасан “Иргэн Г.Г  хохирогч Ш.Э  нарын харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах байдлаар нийт хохирол болох 70,300,000 төгрөгийг төлж барагдуулснаар тооцож тохиролцов. 1. Тээврийн хэрэгслийн төлбөрт 2021 оны 04 дүгээр сарын 12-нд 20,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 13-нд 3,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 12-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 19-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 12-нд 1,000,000 төгрөг, мөн 2024 оны 04 дүгээр сарын 11-нд 2,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 12-нд 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 36,000,000 төгрөгийг машин төлбөр хохиролд шилжүүлсэн. 2. Хохирлын үлдэгдэл болох 34,300,000 төгрөгийн хохирол эд хөрөнгө шилжүүлэх хохирол барагдуулахаар харилцан тохиролцож Г.Г ын бизнесийн зориулалтаар байгууллагуудаас ажлын хөлсөнд авсан 2024 оны гаалиас орж ирсэн дугаар аваагүй Mitsubishi Delica тээврийн хэрэгслийг шилжүүлж эзэмшилдээ шилжүүлэн авсан /хохирогчийн хүсэлтээр дугаар аваагүй болно/ мөн Д.С-ийн Г.Г ын ажлын хөлсөнд авсан ... улсын дугаартай Toyota Sai K-10 загварын тээврийн хэрэгслийг хохирогчийн төрсөн охинд шилжүүлж өгснөөр харилцан тохиролцож төлбөрийг барагдуулж дуусгавар болсон болно” гэсэн хүсэлт 1 хуудас, Mitsubishi Delica загварын тээврийн хэрэгслийн гэрэл зураг 1 хуудас, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1 хуудас, 25-05 УНҮ улсын дугаартай Toyota Sai K-10 загварын тээврийн хэрэгслийн гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 3 хуудас,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 98 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 101 дэх тал/,

Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 75 дахь тал/,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 78-88 дахь тал/ зэрэг болно.

Хохирогч, түүний өмгөөлөгч хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Г.Г  нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн хяналтын үзлэг оношлогооны байранд хохирогч Ш.Э ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг эксковатор механизм худалдан авах төлбөрт тооцож өгнө, уг эксковатор механизмыг зарж зарж борлуулсан орлогоос тээврийн хэрэгслийн төлбөрийг дараа төлнө гэж итгүүлэн Toyota land cruiser 200 загварын 59-95 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон эзэмших эрхийг шилжүүлэн авч 70,300,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

- Г.Г  нь хохирогч Ш.Э ын эзэмшлийн Toyota land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг 70 сая төгрөгөөр тооцон худалдан авна, уг тээврийн хэрэгслийг Hyundai 3700 загварын эксковатор механизм худалдан төлбөрт бартераар шилжүүлнэ, авч байгаа машин механизмыг бусдад худалдахаар тохирсон, авах хүн нь бэлэн байгаа, мөнгө нь орж ирэхээр тээврийн хэрэгслийн төлбөрийг 1 сарын дотор төлнө гэж хэлж итгүүлсэн,

- Хохирогч Ш.Э  нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Toyota land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг Г.Г ын хэлсний дагуу Т.Батдаваагийн нэр дээр шилжүүлэн өгсөн,

- Г.Г  нь 2021 оны хавар дээрх эксковатор механизмаа 200 сая төгрөгөөр бусдад худалдсан,

- Ш.Э  нь мөнгөө нэхэж цагдаад хандана гэж хэлсэн, үүний дараа Г.Г  нь 2021 оны 04-05 дугаар сард 26 сая төгрөгийг хэд хэд хуваан эхнэр М.Б-гийн данснаас Ш.Э  руу шилжүүлсэн,

- Ш.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан,

- Г.Г  нь С.Э  /Ш.Э ын танил/-д 20 сая төгрөгийн мотор /эвдэрхий/-ыг түрээслүүлэхээр өгсөн, уг моторыг Ш.Э  нь үлдэгдэл төлбөртөө тооцож авсан байх гэж мэдэн будилсан, тээврийн хэрэгслийн үнийг анх 50 сая эсхүл 60 сая төгрөгөөр тохирсон, бэлэн 26 сая төгрөг, мотор зэргийг өгсөн тул төлөх төлбөргүй гэдэг байдлаар тайлбар хийсэн гэх үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж залилах гэмт хэргийг үндсэн шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хууль бусаар халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч байгаа шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдэл байна.   

Г.Г ын үйлдэл нь Ш.Э ын тээврийн хэрэгсэл эзэмших эрхэд хуурах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах аргаар халдан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах бололцоог бүрдүүлсэн байх, бодитой хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн шинжийг хангажээ.

Г.Г ын нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Г ыг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Э ад 70,300,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон бөгөөд Г.Г ас дээрх хохирлыг нөхөн төлсөн баримт 1хх-ийн 163-172 дахь тал, 2хх-ийн 42-45 дахь тал, 2хх-ийн 49-54 дахь талд авагдсан, шүүхийн шатанд үлдсэн 44,300,000 төгрөг төлөгдсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, хохирогчийн өмгөөлөгчөөс торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хуульд заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж, төлөх хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоох санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Г ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Г.Г ын гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаж хохирогчоос уучлалт гуйсан, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, ам бүл 8, эх, жирэмсэн эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г ын бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г д оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ 6 /зургаа/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэх зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ