| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2020/01315/И |
| Дугаар | 130/ШШ2021/00188 |
| Огноо | 2021-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2021/00188
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Л.Ө/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Х.Е-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ201843760179 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26719 төгрөг, нийт 22183513 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Л.Өнөржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Б, Х.Е нар нь ХААН банкны төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдөр ЗГ00000000000 тоот зээлийн гэрээ байгуулан 20,815,678.46 (Хорин сая найман зуун арван таван мянга зургаан зуун далан найман төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан.
Зээлдэгч Т.Б, Х.Е нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь (492 хоног) хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хүртэл хүргүүлсэн боловч
өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ201843760179 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах
2.3ээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг гаргуулах.
Үүнд: 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ000000000 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26719 төгрөг, нийт 22183513 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч Х.Е ХААН банкны төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,815,617 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатайгаар авсан. Уг зээл өнөөдрийн байдлаар 492 хоног хугацаа хэтэрч байгаа. Банкны зүгээс зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үндэслэлээр “зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээг авна” гэдгийг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн. Зээл төлөх тухай мэдэгдлээ 2020 оны 6 дугаар сарын 18-ний өдөр хүртэл зээлдэгчид хүргэсэн боловч өнөөдөр хүртэл төлөгдөөгүй байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 22183513 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг Х.Е миний бие ХААН банкны нэхэмжлэлтэй хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Талийгаач нөхөр маань ХААН банкнаас өөрийнхөө цалингаа барьцаалан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 21 сая төгрөгийн зээл авч байсан байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр 500000 төгрөгийг нэмж зээлдэж авсан байна. Би зөвхөн 500000 төгрөгийн хувьд хамтран зээлдэж авсан болохоос 2018 оны 01 дүгээр сард авсан 21 сая төгрөгийн зээлд хамтран хариуцагч биш болно. Би ХААН банкны 500000 төгрөгийн зээлийг буцаан төлүүлэх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ зөвшөөрч байна. Харин талийгаач Т.Бы авсан 21 сая төгрөгийн үлдэгдэлтэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зээлийн хувьд би хамтран хариуцагч биш юм.
Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болох учиртай. Талийгаач Т.Бы хөдөлмөрийн ажил олгогчоос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгосон байх тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар гэрээ цуцлагдах юм. Зээлдэгч болох талийгаач Т.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан, 30-ны өдөр түүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2020 оны 4 дүгээр сарын 30-нд зээлийн гэрээний үйлчлэл дуусгавар болсон гэж үзэж байна. Гэтэл банкнаас зээлийн гэрээ цуцлагдсан дуусгавар болсон байхад зээлийн гэрээний дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа явдал нь хууль бус байна.
Иймд ХААН банкны нэхэмжлэлийн шаардлагын 500000 төгрөгтэй холбоотой хэсгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ ЗГ000000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 төгрөгийг гаргуулж өгөхийг шаарджээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч Х.Ед холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь зээлдэгч Т.Б, Х.Е нартай харилцан тохиролцож урьдах зээлийн үлдэгдэл 20315678 төгрөг дээр 500000 төгрөгийн зээлийг нэмж нийт 20815678 төгрөгийн зээлийг өргөн хэрэглээний зориулалтаар, жилийн 16.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай олгосон байх ба зээлдэгч нар нь зээлдэгчийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаа, журмын дагуу хүүгийн хамт буцааж төлөх үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Талийгаач нөхөр маань ХААН банкнаас өөрийнхөө цалингаа барьцаалан 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр 21 сая төгрөгийн зээл авч байсан байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр 500000 төгрөгийг нэмж авсан байна. Би зөвхөн 500000 төгрөгийн хувьд зээлдэж авсан болохоос 21 сая төгрөгийн зээлд хамтран хариуцагч биш болно. ... Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болно. ... Иймд ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагын 500000 төгрөгтэй холбоотой хэсгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 201843760179 дугаартай Зээлийн гэрээнүүдээс үзэхэд зээлийн гэрээг нэг талаас ХААН банк нөгөө талаас Х овгийн Т.Б /цаашид “зээлдэгч” гэх/, Х овгийн Х.Е /цаашид “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх/ нар нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, энэхүү гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр байгуулсан байх ба уг гэрээнүүдийн зээлийн гэрээг зөвшөөрч, байгуулсан гэх хэсэгт зээлдэгч Т.Б, Х.Е нар гарын үсэг зуржээ.
Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
Зээлдэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан болох нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын улсын бүртгэгчээс олгосон № 000000000 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогджээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн гүйцэтгэлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 201843760179 дугаартай Зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч Х.Е нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээ байгуулж хүсэл зоригоо илэрхийлсэн ба тус гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж харилцан тохиролцжээ. Энэхүү байдлаас үзэхэд хариуцагч Х.Еийн хамтран хүлээх үүрэг нь ХААН банктай байгуулсан гэрээний үндсэн дээр үүссэн байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх тул ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Еээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 201843760179 дугаартай Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу 2020 оны 6 дугаар сараас хойш зээлийг төлөөгүй болох нь тогтоогдож байгаа тул зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлээр зээлдүүлэгч ХААН банк нь гэрээгээ цуцлах эрхтэй байна.
Мөн зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний зургаадугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах тохиолдлуудыг тусгасан ба 6.1, 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж зохицуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар гэрээг цуцалж болохгүй үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.
Банкнаас зээл авсан зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг буцааж төлөхдөө гэрээнд заасан бол хүү төлнө. Түүнчлэн, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 2.4.4-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч ХААН банкны зээлдэгч Х.Еийн үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 төгрөг гэж тодорхойлж, нотлох баримтаар зээлийн бүртгэлийн картыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагч талаас уг байдлыг няцаах нотлох баримтаа гаргаж өгөөгүй, тооцооны хувьд зөрүүтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т.Б, Х.Е нартай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ЗГ201843760179 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Х.Еээс үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 төгрөгийг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. Хариуцагч Х.Ед шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг тус тус баримтлан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т.Б, Х.Е нартай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ЗГ201843760179 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Х.Еээс үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 /хорин хоёр сая нэг зуун наян гурван мянга таван зуун арван гурван/ төгрөгийг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268868 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Еээс 268868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М